• Өнөөдөр 2024-04-19

Г.Энхтүвшин: Загас түрсээ шахдаг боргиог унаган төрхөөр нь үлдээхээр боллоо

2021-09-06,   1065

            Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга Г.Энхтүвшинтэй Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын талаар ярилцлаа.
 
- Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих Шижигтийн хавцал бол Монгол хадран загас түрсээ шахдаг гол цэг. Станц баригдсанаар загасанд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэдгийг загас судлаачид болон зарим судлаачид ярьж байна. Загас дамжин өнгөрүүлэх суваг хийх үү?  
 
-Ховд гол нь Монгол Алтайн нурууны Таван Богдын уулсын баруун өмнөд хэсгийн мөсөн голоос эх авах Цагаан-Ус гол, Мааньт уулын зүүн өмнөд хажуугаас усжих Хар салаа гол болон Их Түргэний уулсаас усжих олон гол горхиор тэжээх Хотон, Хурган нуураас эх авч урссаар Хар-Ус нуурт цутгадаг. Төвийн бүсэд гадаад шалтгааны улмаас томоохон чадлын УЦС-ыг барих төсөл хөтөлбөр зогсонги байдалтай болсон тул хилийн усны ямарваа нэгэн маргаан байхгүй, өөрийн нутагт шингэдэг эх оронч гол болох Ховд гол дээр УЦС барих зайлшгүй шаардлага үүсээд байна. 
 
Шижигтийн хавцалд орших боргио нь Хар-Ус нуур хүртэлх загас түрсээ шахдаг гол цэг юм. Байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг багасгахын тулд төслийн ТЭЗҮ-г хэд хэдэн хувилбараар боловсруулан боомтын байршлыг таван км дээш шилжүүлж, эрчим хүч үйлдвэрлэх станцын барилгыг Ховд голын зүүн эрэгт хавцлаас гарган байрлуулж, 7.5 м голчтой 4.8 км ус дамжуулах туннелийг байгуулах технологийн хувилбарыг сонгосноор боргиог унаган төрхөөр нь үлдээхээр боллоо. Иймд загасны амьдрах орчинд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй юм.
 
-Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгдсэн гэсэн. Онцлох үйл ажиллагаа байна уу. Ховд голоо түшиглэн цахилгаан станц байгуулах нь голын урсгалыг татраах эрсдэлтэй юү. Ховд гол Хар-Ус нуурыг тэжээдэг. Гэтэл энэ нуур маш гүехэн. Станц бариад голын усыг багасгахгүй байж чадах болов уу. Ер нь байгаль экологид учирч болзошгүй эрсдэлүүдийг та бүхний зүгээс урьдчилан тооцож байгаа юу?

Загасны амьдрах орчинд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй 

-“Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай” хуулийн хүрээнд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн “Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ”-ний тайланг хийж гүйцэтгэн БОАЖЯ-аар батлуулсан. Үүний үр дүнд тулгуурлан БОАЖЯ-ны Ерөнхий шинжээчийн 2019 оны аравдугаар сарын 23 өдрийн 13/7381 тоот  “Байгаль орчны Ерөнхий үнэлгээний дүгнэлт” гарсан.
Төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг эрх бүхий байгууллагаар боловсруулан БОАЖЯ-ны Мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлээд байна. Эдгээр тайлан судалгааны дүгнэлтээр байгаль орчинд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн үр дүн гарлаа. Эрдэнэбүрэнгийн УЦС нь шар усны үерээр хуримтлагдах усан санг ашиглан ус хүлээн авах хоолойгоор үүсгэсэн түрэлтийн хүчээр эрчим хүч үйлдвэрлэнэ. 
 
-Монголын тал байгаль орчны асуудлаа бүрэн мэдэж зохицуулах ажил хийх үү. Мэдээж Хятадууд өөрсдийнх нь санхүүжүүлсэн мөнгө байгаль орчинд сөргөөр нөлөөлсөн гэдэг шүүмжлэл сонсох дургүй байх нь ойлгомжтой. Эрсдэл үүсвэл хэн хариуцлага хүлээх вэ?
 
-Төслийг БНХАУ–ын Засгийн газраас манай улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлийн хүрээнд санхүүжүүлнэ. Санхүүжүүлэгч байгууллагын зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд зөвхөн Байгаль орчны төлөв байдлын болон нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний дүгнэлтээр байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн төслийг сонгон авч хэрэгжүүлдэг. Харин Монгол улсын тал дүгнэлтээр гарсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хүрээнд түүх, дурсгалын олдворыг авран хамгаалах, төслийн нөлөөлөлд өртөх айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, нөхөх олговор олгох зэрэг ажлуудыг хариуцан хэрэгжүүлэх үүрэгтэй. 
 
-Эрдэнэбүрэнгийн УЦС баригдсанаар иргэдэд ямар боломж бий болох вэ. Цахилгааны үнэ хямдрах уу, Ажиллах хүчний хувьд орон нутгаас хангах уу, эсвэл хөрөнгө оруулагч тал ажилчдаа оруулж ирж барих уу, Усан цахилгаан станц ашиглалтад орсноор хэчнээн хүнийг ажлын байраар хангах вэ?
 
-Одоогийн байдлаар Монгол улсын Баруун бүсийн эрчим хүчний системд ганц Дөргөний УЦС 12МВт-ын суурилагдсан хүчин чадалтайгаар жилд дунджаар 45 сая кВт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн ажиллаж байна. Бүс нутагт эрчим хүчний хомсдол үүсээд байгаа.

Баруун бүсийн эрчим хүчний хангамжийн 70 гаруй хувь нь импортоос хамаардаг. Засгийн газар импортын өндөр үнэтэй цахилгаан авч санхүүгийн дарамтад ордог. Баруун хязгаарын өнөөгийн аж үйлдвэрийн бүтэц, эдийн засгийн үндэс суурь, бусад нөөц харьцангуй дутмаг, хөгжлийн нөхцөл байдлаас шалтгаалан усан цахилгаан станцыг хамгийн давуу тал болгон хөгжүүлэх нь зайлшгүй сонголт болсон. Усан цахилгаан станцын барилга угсралтын ажил нь технологийн нарийн мэргэжил шаарддаг бөгөөд бүтээн байгуулалтын явцад нийт 600-800 ажиллах хүч шаардлагатай байгаагаас орон нутгаас 200-300 хүнийг авч ажиллуулах юм.

Станцын ашиглалтын явцад 60-80 байнгын ажлын байр бий болно. Цаашид станцын ашиглалтыг авч явах инженер техникийн ажилтнуудын амьдралын баталгааг хангах үүднээс ажилчдын орон сууцыг төслийн ажлын хүрээнд оруулан хэрэгжүүлэхээр болсон. Орон нутгийн байнгын ажлын байранд хүмүүсийг дадлагажуулж авахад бид онцгой анхаарч ажиллах болно.
 
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын суурилагдсан хүчин чадал нь 90МВт бөгөөд энэ нь Баруун бүсийн эрчим хүчний системд суурилагдсан нийт хүчин чадлаас 7.3 дахин их юм. Ашиглалтад орсноор жил бүр 360 гаруй сая кВт*ц цахилгаан эрчим хүчээр хангах боломжтой. Энэ нь эрчим хүчний хангамжийн дутагдлын асуудлыг шийдвэрлэж, баруун таван аймгийн эрчим хүчний системийн хэрэглээг бүрэн хангаж татаасыг бууруулна. Усан цахилгаан станцын үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг хэрэглэгчдэд харьцангуй хямд үнээр нийлүүлэх эх үүсвэр юм.
 
Усан цахилгаан станц нь усны нөөцийг бий болгож дэд бүтцийг хөгжүүлж, бүс нутгийн хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, илүү их хөрөнгө оруулалт татах, орон нутагт ашигт малтмал, биологийн нөөцийг хөгжүүлэхэд түлхэц болно. Үүний зэрэгцээ бүс нутагт ажиллах хүчнийг татах бөгөөд боловсон хүчний урсгалыг нэмэгдүүлж бүс нутгийн зах зээлийн эрэлт хэрэгцээг тэлж, орон нутгийн аж үйлдвэрийн хөгжил, эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх болно. 
 
 
 
 

Г.Энхтүвшин: Загас түрсээ шахдаг боргиог унаган төрхөөр нь үлдээхээр боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-06 09:45:00
    jagaa: saihan medee bn. Odoo Baigali orchinii yamniihan jaahan ajillad ogmoor bn. Tednii uureg mash ih shuu.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188