• Өнөөдөр 2026-11-16

Шатрын хаан Карлсен Будапештэд бүдэрлээ

2026-11-16,   180

Дэлхийн нэгдүгээр шатарчин Магнус Карлсен Унгарын Будапешт хотно болж буй Total Chess World Championship Tour Pilot 2026 тэмцээний хэсгийн шатанд нэг ч хожил авч чадсангүй. Тэрбээр 10 тоглолтоос 9-д нь тэнцэж, нэгд нь хожигдсон байна.

Карлсен зургаан тоглогчтой "C" хэсгийн аварга шалгаруулах тэмцээнд тавдугаар байр эзэлж, хожигдлоо Арменийн Айк Мартиросянд хүлээлгэсэн. Хэсгийг Нидерландын Аниш Гири тэргүүлсэн. Ингэснээр дэлхийн аварга асан шатарчин нокаут шатанд 17–20-р байрын төлөө тоглохоор боллоо.

Тэмцээний тоглолтууд FIDE-ийн сонгодог рейтингт тооцогддог. Таван хоногийн дотор Карлсен рейтингээсээ 21.8 оноо алдаж, 2801.2 болжээ. Тэрбээр 2009 онд 18 настайдаа анх 2800-аас дээш гарсан бөгөөд тэр цагаас хойш энэ түвшнээс доош орж байгаагүй.

Хикару Накамура (2792.0), Фабиано Каруана (2790.0) нар ардаас нь дөхөж байгаа тул Карлсений 2011 оноос хадгалж буй дэлхийн нэгдүгээр байр асуудалтай болж байна.

Карлсен тэмцээний нээлтийн блиц тэмцээнд 9-өөс 7 оноо авч тэргүүлсэн ч 45 минутын хурдан сонгодог тоглолтуудад тэр амжилтаа давтаж чадсангүй. Нокаут шат мягмар гарагаас эхэлнэ.


Шатрын хаан Карлсен Будапештэд бүдэрлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188