Тансаг чамин хувцаслаж, танхил ялдам зан авираар урлагдсан хэсэг хүн гэх амьтдын дундуур өлсөж цангаж догширсон ноход ширүүн төрхөө үл нуун эргэлдэнэ. Өлссөн нохдоос айх ч, ажрах ч сөхөө үгүй өнөөх хүмүүс энд тэндгүй камер асаан өөрсдийгөө хальсанд буулгаж авна. Бал бурам дарс талхнаас зооглох хүмүүсээс тэрхүү ноход хоол горьдон эргэлдэж байсныг хожим нь л ухаарлаа. Энэхүү агшин аваас нэрт зохиолч Жорж Орвеллын тэртээх 1945 онд туурвиж байсан “Амьтны ферм” бүтээлийн эгэлгүй нэгэн драмын хувилбар энэ л цаг хугацаанд бидэнтэй учран золгосон агшны угталтын хэсэг байлаа. Эрх чөлөө, тэгш эрх, хувьсгал, эрх мэдэл, шунал, дарангуйллын тухай өгүүлэх энэхүү зохиолыг найруулагч Т.Цэнд-Аюуш метдрамын хэлээр тайзнаа мэндлүүлжээ.

Метадрам гэдэг танил ч юм шиг танихгүй ч юм шиг энэ томьёоллыг товчхон дурдах аваас театрын уламжлалт бүтцийг задалж, жүжиг ба бодит амьдралын заагийг бүдгэрүүлэх, үзэгчийн оролцоо, эргэцүүллийг идэвхжүүлэх шинжтэй драмын хэлбэр юм. Уг нэр томьёог Лайонел Абель (Lionel Abel) 1963 онд хэвлүүлсэн Metatheatre: A New View of Dramatic Form бүтээлдээ тодорхойлсон байдаг. Түүний үзлээр мета драм нь жүжиг өөрийгөө жүжиг гэдгээ ухамсарлаж, тайзан дээрх үйл явдал зохиомол шинжтэй болохыг ил тод харуулдаг онцлогтой. Өөрөөр хэлбэл, жүжиг зөвхөн тодорхой үйл явдлыг өгүүлэхээс гадна өөрийнхөө жүжиг болох мөн чанарыг эргэцүүлэн харуулдаг. Ингэснээр үзэгч үйл явдлыг зүгээр ажиглах бус, дүрүүдийн үйлдэл, тайзны нөхцөл байдал болон бодит амьдралтай холбогдох утгыг өөрийнхөөрөө тайлбарлах боломжтой болдог. Энэ ойлголтыг тайлбарлахдаа мета театрын үндсэн шинжүүд болох дүр өөрийн дүр гэдгээ ухамсарлах, жүжиг дотор жүжиг бүтээх, үзэгчтэй шууд харилцах, дөрөв дэх ханыг эвдэх зэрэг аргыг ашиглаж болно. Гэхдээ эдгээр нь мета театрын заавал бүгд байх ёстой нөхцөл биш юм (Hornby, 1986).
Метадрамын хэлээр бүтээсэн энэхүү уран бүтээл мета шинж чанараа, агуулгаа үзэгч бидэнд жүжгийн заал руу орохоос ч өмнө, жүжгийн тайзтай танилцахаас ч өмнө анч нохдоороо мэдрүүлсэн нь энэ ажээ. Хөшиг нээгдэхээс өмнө хүлээх танхимын үүд хэсэгт жүжигчидтэй таарна гэдэг тийм ч элбэг тохиолдол биш, тэр бүү хэл дүрдээ аль хэдийн орсон жүжигчидтэй зэрэгцэн зогсох ч түгээмэл бишийн хувьд гайхах мэдрэмж өөрийн эрхгүй төрж байлаа. Цаашлаад метадрамын хэл харагдах биш үнэртэж, бүр хоолойд тултал амтагдаж байсан нь жүжиг эхлэхээс өмнө ч дууссаны дараа ч дундуур ч маш тодорхой элементүүдээр дамжин бидэнд мэдрэгдэнэ. Жишээ нь жүжгийн дундуур жүжигчид дүрээсээ гарч энгийн өөрсдийн нэрээрээ бие биесээ дуудах, харилцан яриа өрнүүлэхдээ чиглүүлэх асуулт үзэгчдэд тавих, бидэнтэй зэрэгцээн сууж зэрэгцэн жүжгээ хамтдаа үзэж байснаас мета чанар тодхон илэрнэ. Харин яагаад мета гэж гэсэн хариултыг бичвэрийг төгсгөлд тунгаая.

Бичээч миний хувьд эл бүтээлийг хоёр удаа тодорхой зайтай үзсэн туршлагадаа тулгуурлан шинжин дүгнэх аваас театр гэх урлагийн хэл мета ч бай үгүй ч бай үргэлж хувьсан өөрчлөгдөж сайжирч шинэчлэгдэж байдаг нь тодхон харагдана. Давтан үзэхэд өмнөх үзэлтээс ялгаатай шинэ өнцөг, элемент, ойлголтууд нэлээдгүй ажиглагдана. Жүжгийн ерөнхий тавилт, жүжигчдийн ур чадвар, өгүүлэмжийн хурд, гэрэл тайзны жижиг хэрэгслүүд ч хувьсан өөрдөгдсөн нь эхний үзэлтийн дараа эл бүтээлийг өөлөх сэтгэлийг минь нэгээр нэгээр нь хариулж байлаа. Энгийн нэгэн үзэгч биш метадрамын үзэгч тул энэхүү өсөлтөд нь илүү их урамшиж суув. Хамгийн энгийн жишээ дурдвал эхний үзэлт дээрх төгсгөл удаах үзэлтийн төгсгөл хоёр өөр утга агуулах агаад энэ жүжгийг бүхэлд нь шинээр мэдрэх шинээр шинжих ойлгох маш чухал түлхүүр болсныг онцолъё.
Юун түрүүнд энэ бүтээлээс сайшаал хүртэх зүйлсийг онцолбол хувцас, нүүр хувиргалт үс засалтыг сайшаахгүй байхын аргагүй. Хувцас нэг бүр тухайн дүрээ маш сайн илэрхийлж байсны сацуу өнгөний сонголтыг няхуур тооцоолсон нь ажиглагдана. Театр өөрөө цогц уран бүтээл тул нэг нь дангаараа сайхан байсан ч бусадтайгаа зохицохгүй бол сайхан чанараа алддаг жамтай. Хувцасны өнгөний шийдэл дүр нэг бүр дээр тухайн дүрээ илэрхийлэхээс гадна, үйл явдлын өгүүлэмжтэй, хамгийн чухал нь тайзны гэрэлтэй төгс зохицож гэрэл хувцас хоёр хамтдаа шинэ өгүүлэмжийн хэлийг хослон бүтээж байлаа. Жишээ нь жүжгийн хоёрдугаар үзэгдэлд дүрүүд нийтээрээ ярилцаж байх хэсэгт ард зогсож байгаа дүр (сноүболл) дээр өгсөн гэрэл наана зогсож байгаа (молли) гэрэл өөрөөр мэдрэгдэх нь хувцасны өнгөтэй шууд холбоотой. Гэрлийн зохиомж, өнгө хоорондоо хэрхэн уусаж үзэгдэхийг маш нарийн тооцоолсон нь нэг биш нэжгээд хэсэгт харагдана. Харин үс засалт нүүр хувиргалтын хувьд амьтдыг хүншүүлж тоглож байгаа бүтээлд хэн нь хоорондоо адилхан амьтан, хэн нь яг ямар амьтан бэ гэдгийг бодох ч шаардлагагүй ойлгуулна. Энд мэдээж жүжигчдийн тоглолт ч нөлөөлж байгаа байх.
.jpeg)
Сурталчилгааны үеэс л ямар дүрд хэн тоглохыг мэдсэн бид хэдийн авьяас чадвараараа танил болсон уран бүтээлчдээс өндөр хүлээлд тавьж тоглолтыг нь үзэхийг, дүрээ хэрхэн амилуулахыг тэсэн ядан хүлээж байснаа нуух юун. Гэхдээ энэ удаад хэдийн танил болсон ахмад уран бүтээлчдээс илүү залуу жүжигчдийг илүүтэй онцолмоор байна. Жүжгийн явцад залуу уран бүтээлчид илүү их өсөн дэвжсэн нь харагдана. Ахмад жүжигчдийн уран тоглолт дээр тулгуурлан залуу жүжигчид тодоор гялалзаж, тухайн дүр хэрхэн өөрчлөгдөж буйг ямар онцлогтой нь удаах үзэлт дээр илүү гүн мэдрэгдсэний дээр жүжигчин Э.Мөнхшүр, М.Бат-Эрдэнэ нарын тоглолт, өсөлт алмайруулж байлаа. Ахмадуудаас ч илүү мэдрэгдэх залуу үе, жүжгийн төгсгөлийн шийдэлтэй холбогдох мэт мэдрэмж төрж суусныг цохон тэмдэглэе.
Өмнө нь дурдсанчлан театр бол цогц урлаг мөнөөс мөн, тиймээс жүжгийн өмнөх бэлтгэл шатны үзүүлэлтүүд ч уран бүтээлийн шандсыг тодхон харуулна. Энэ дунд дүрүүдийн танилцуулга бүхий зурагт хуудаснууд, жүжгийн ерөнхий зурагт хуудас бүхэлдээ чанар үнэртүүлж байлаа. Жүжгээс хамгийн энгийн мэт харагдах ч хамгийн ухаалаг шийдэл миний л хувьд жүжигчид хоорондоо харилцахдаа хиймэл мэт дугарч хиймэл мэт хөдөлж яг л цахим орчинд хоорондоо ярьж байгаа мэт дугарсан хөдөлсан агшин байлаа.Театр хүртэл хэлээ сольж постдрама, метадрама гэж хувьсаж байхад өнөөх алдарт пропаганда яаж дутах вэ? өнөөгийн нийгмийн мэдиум болсон цахим хэлээр харин ч амархан тархи угааж байгааг тоглолт үйлдэж байгааг өлхөн харуулав.

Цаашлаад метадрамын үзэгч бид илүү үүрэгтэй болсон нь тодорхой элементээр ажиглагдана. Биднийг танхим руу орох мөчөөс ч өмнө дүрүүд аль хэдийн тайз нь дээр гарсан байх агаад хонх цохихоос өмнө жүжгийн дүр бидэнтэй шууд яриа өрнүүлж уур амьсгалыг тэр чигт нь өөрчилж хамгийн урд талын эгнээгээс хоёрдугаар давхрын суудал хүртэл бүхий л үзэгчидтэй харьцаж, холбож байсан нь биднийг нэг гэдгийг үзэгчид бид хамтдаа тэдний одоо тоглож буй биш харин хонх цохисоны дараа тоглох жүжгийн нэг хэсэг гэдгийг тодотгож өгсөн нь бидэнд метадрамын үзэгч байх анхны хичээл боллоо. Нөгөө талаас надад мэдрэгдэж байсан хачирхалтай мэдрэмж нь театр гэх урлагтай дагаж мэдрэгддэг сонгодог элит, шинж мэдрэмжийг тэрхүү харилцан яриа баллуурдан театр хүн бүхэнд зохиулагдсаны дээр театрын тайз нь дээр тоглож буй уран бүтээл бүр энэ л амьдралыг өөр дүрсээр, өөр хүнээр амьтнаар, цаг үеэр үзүүлж буйг дахин санууллаа.

Зохиолч, найруулагч Бертольт Брехт театр бол амьдралын хуулбар биш, харин түүний тухай өгүүлэмж тул хуурах бус, бодож эргэцүүлэхэд хүргэх учиртай тиймээс жүжигчид дөрөв дахь ханыг хадгалах бус, эвдэж, үзэгчидтэй шууд харилцаж, тэднийг жүжиг үзэж буйгаа ухамсарлахад хүргэх ёстой. Ингэснээр үзэгч нь жүжигт уламжлалт байдлаар сэтгэл хөдлөлөөр автах бус шүүмжлэлтэй хандах боломжтой нээгддэг. (Батсайхан.Д, 2018). Амьтны ферм жүжиг үзэгчдийг нухацтай ажиглах сэжүүр түлхүүр элементүүдийг тун нарийн шигтгэж өгсөн нь жүжгийг бүрэн дүүрэн цогц болгохын сацуу өнөөх л метадрамын үзэгчийн байр суурийг тодотгоно.
Харин нөгөө талаас энэхүү сэжүүр болж байсан түлхүүр элементүүд хэрэгтэй хэмжээнээсээ хэтийдчих шиг. Уран бүтээл гэдэг яриа өрнүүлэх үзэгчийг тоо бодуулж шүүн тунгаах хэлэлцэх боломжийг нээлттэй үлдээж, үзэгчдэд бэлэн хоол халбагадаж өгөх бус тухайн хоолны орц найрлагыг тааруулж цэгцтэй хүргэж үзэгчдээр өөрсдөөр нь хоолыг нь идүүлэх нь илүү чухал болов уу? Амьтны ферм жүжгийн хувьд хэт их элемент, хэт их далд санаа, хэт их мета чанартаа тэмүүлсэн нь нэг талаас үзэгчдэд маш хүчтэй эмзэглэл дургүйцэл ухаарлыг үзвэрийн дараа мэдрүүлж байсан ч үзвэр дангаараа бие даасан байдал нь маш амттай хоолыг удаан мөрөөдөж явсны дараа хангалттай идэж чадаагүй мэт мэдрэмжийг төрүүлж байлаа.

Яагаад амьтны ферм юм бэ. Бүр яагаад метадрам юм бэ?
Долма театр яагаад хамгийн анхны томоохон уран бүтээлээрээ Амьтны фермийг сонгох болсон юм бол гэсэн бодол анхны үзвэрээс хойш толгойд минь эргэлдэж нэлээд бодолд автуулав. Мэдээж эх зохиол нь маш сонгодог бүтээл гэхдээ сонгодог зохиол нэгээр тогтохгүй л олон тэр дундаас яагаад заавал амьтны ферм юм бэ. Бид жүжгээс өөрсдийнхөө толин тусгалыг тодхон олж харна. Нэг дүрээс нь өөрийгөө, нөгөө дүрээс нь аавыгаа, сонирхолтой шийдэл бүрээс нь амьдралынхаа мөчүүдийг мэдэрнэ. Гэхдээ үзвэрийн дараа хамгаас тодхон тольдогдсон зүйл бол бидний нийгэм байж.
Үзвэрийн дараах өлгүүр дээрх уртаас урт дараалал. Эгнэн зогсож буй хүн бүрийн эргэцүүлсэн яриа, элдвийн дуу шууг хуга цохиж өлгүүрийн ажилтныг загнах харуулын дуу сонстоно.

Энэ хэрүүлийг сонссон хүн бүр л тэрхэн мөчид мэдэрсэн байх үнэхээр л бид үргэлжлүүлээд жүжгээ тоглоод л байгаа юм байна. Өнөөдрийн жүжгийн гол дүр Наполеон, Сноубол, Сквиллер, Боксер, Молли, Бенжамин аль нь ч биш харин Пропаганда байж. Жүжиг тоглогдож байгаа газар өөрөө намын байр төгс байршил гэж ч хэлж болох юм. Бусдыг мэдэхгүй ч миний хувьд, би хувцсаа өлгүүлэх эрхтэй ч дарга нар бүр ч илүү өлгүүлэх эрхтэй ч мэдэрч байсан удаагүй. Магадгүй Долмагийн уран бүтээлчид мэдэрсэн байх. Тэр мэдрэмж тэр эмзэглэлээ хэлэхийг биш бүр Хашхирахыг мэдрүүлэхийг хүсэж тиймдээ ч метадрамын хэлийг сонгож намын байр нь дээрээс өөрсөдтэй нь адил гэхдээ арай өөр пропаганда? хийж байгаа юм байна. Хэрэв метадрам биш байсан сан бол тэдний хашгираан өнөөдрийнх шиг тод байх байсан болов уу? Тэр харуул Долмагын жүжигчин байсан эсэхийг ч би сайн мэдэхгүй юм гэхдээ тэр дараалалд зогсож байсан хүн бүр жинхэнэ харуул гэдэгт итгэж бухимдаж эргэцүүлж байсан. Хэрэв Долма харуулыг хөлсөлсөн бол үнэхээр мэдрүүлэх гэснээ мэдрүүлж чадлаа. Харин хөлслөөгүй бол тэдний зориг талаар болоогүй аж.
Амьтны ферм бол урлаг хэрхэн бодит амьдралын тухай үнэнийг харуулж чаддагийг, мөн театр зөвхөн тайзан дээр биш, үзэгчийн дотор яаж оршиж болдгийг мета хэлээр мэргэн үзүүлсэн бүтээл байлаа. Хүчтэй дугарсан бүтээлийн дараа чөдрөөсөө салах унага ч, гүү ч, илжиг ч, ГАХАЙ ч байгаа гэдэгт итгэлтэй байна.
Ном зүй:
Hornby, R. (1986). Drama, metadrama, and perception. Associated University Presses.
Батсайхан, Д. (2018). Брехтийн “Туульсын театр”. Утга зохиолын судлал шинжлэл
Урлаг судлаач Д.Номинзаяа
| АМЬТНЫ ФЕРМЭЭС АМЬТДЫН ФЕРМ РҮҮ |
|
Д.Батсүмбэрэл АНУ-н тамирчин Brandon Olson-ыг буулган авлаа
2026-11-15 17:07:14
Р.Омар үндэсний бөхийн залуучуудын улс аварга боллоо
2026-11-15 16:34:57
“Ulaanbaatar MMC Energy” баг 21:16-гаар “UB” багийг хожлоо
2026-11-15 16:01:27
ТУСГААР ТОГТНОСОН АМЬТНЫ ФЕРМ
2026-11-15 15:20:12
АМЬТНЫ ФЕРМЭЭС АМЬТДЫН ФЕРМ РҮҮ
2026-11-15 15:02:34
Б.Анужин Монголын ширээний теннисний түүхэнд хамгийн залуу аваргаар тодров
2026-11-15 14:05:36
Шатарчид 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, дэлхийн аварга баг боллоо
2026-11-15 12:02:16
С.Мөнхбат пауэрлифтингийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2026-11-15 10:25:25
М.Лхагвагэрэл гарди "CUMO ARENA"-ийн нээлтийн барилдаанд түрүүллээ
2026-11-15 07:20:00
Б.Пагамдулам, П.Идэрширээт нар бодибилдинг, фитнессийн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-11-15 07:10:00
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны 2027 оны төсөв батлагджээ
2026-11-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |