• Өнөөдөр 2026-11-16

ДЭЛХИЙН ШИЛДЭГ НИЙТЛЭЛ: “ХАМАС” ХАЛДСАН ӨДӨР

2024 онд Пулитцерийн шагнал хүртсэн “Нью-Йорк Таймс” сонины сэтгүүлч Натан Оденхаймерын “ХАМАС” халдсан өдөр” нэртэй сурвалжилгыг хөрвүүлэн хүргэж байна.

 

2023 оны аравдугаар сарын 7-ны өдөр Израилийн аль ч хотод Беэри гэх нэртэй жижиг тосгоныхоос илүү цус урссангүй. Нью-Йорк хотын захад байдаг Гринвич тосгоноос томгүй Газын зурваст хамгийн ойр оршдог энэ тосгон руу “ХАМАС”-ын алан хядагчид хамгийн түрүүнд халджээ. Олон улсын хүний эрхийн байгууллагууд, Израилийн төрийн албан мэдээллээр Палестины хэт даврагч “ХАМАС” бүлэглэл болон түүний холбоотнууд Израилд халдсаны улмаас 1200 гаруй хүн амиа алдсан байдаг. Харин нийт амиа алдсан хүний бараг 10 хувь буюу 100 гаруй нь зөвхөн дээр дурдсан Беэри тосгоны иргэд байсан юм. Үүнтэй холбогдуулан “Нью-Йорк Таймс” сонины сурвалжлах баг Израилийн баруун захын Беэри тосгонд 10 долоо хоног ажиллаж, амьд үлдсэн 80 гаруй хүнтэй уулзаж, ярилцлага хийн гэрчүүдийн утасны дуудлага, мессэж, утасны зураг, видео бичлэг, байшингийн хамгаалалтын системийн бичлэг, тосгоны хяналтын камерын бичлэгүүдэд судалгаа, шинжилгээ хийсний дүнд эл сурвалжилгыг бэлтгэсэн юм.

          “ХАМАС”-ын зэвсэгт этгээдүүдийн Беэри тосгонд хийсэн дайралт халдлага биш, хядлага байсан гэж болно. Бүрэн автомат буу, тэсрэх бөмбөгөөр зэвсэглэсэн алан хядагчид тосгоноор нэг тэнүүчилж, Беэри тосгоны дийлэнх барилга, байшинг галдан шатааж, оршин суугчдыг малын бой хийж байгаа мэт харгис, хэрцгийгээр хөнөөж, үлдсэнийг нь барьцаалан Газын зурвас руу авч явжээ. Жил бүр зохион байгуулдаг уламжлалт баяраа тэмдэглэх гэж байсан тосгоны оршин суугчдын баяр хөөр цуст хядлага, уй гашуугаар солигдсон аймшигт явдал 2023 аравдугаар сарын 7-ны өдрийн үүрээр эхэлжээ.

05:56 цаг: Халдлага эхлэв

Тосгоны хяналтын камерын бичлэгт бууж үлдсэнээр “ХАМАС”-ын эхний зэвсэгт этгээдүүд дөнгөж нар мандсаны дараахан Беэригийн хойд ойгоос гарч ирсэн байна. Нэг нь толгойдоо бандана зүүж, нөгөө нь саравчтай малгайгаар нүүрээ халхалж, ногоон эрээн хувцас, байлдааны хэрэгсэлт, автомат буугаар зэвсэглэжээ. Саравчтай малгайтай нь ойн захад нуугдаж үлдэн, нөгөөх нь тосгоны төв хаалга чигт явсан байна. Энэ үеэр нутгийн иргэд өнгөрсөн шөнө нь Газын зурвасаас Израил руу харвасан олон тооны пуужингийн цохилтын улмаас (пуужингуудын олонх нь Израилийн агаарын довтолгооноос хамгаалах системд оногдож, агаарт дэлбэрсэн) хэдийнэ сэрчихсэн байж. Хүмүүс урьдын адил ажил руугаа явахаар зэхэж, ахмад хөгшид нийтийн талбайд гарч, дасгал хөдөлгөөн хийж, зарим нь агаарт дэлбэрсэн зүйл юу байсан тухай гайхан тэнгэр харан зогсож байлаа.

          Уг нь Беэри тосгон Израилийн бусад киббутзимийн (хамтын нийгэмлэг, суурин) адил өндөр хашаа, том төмөр хаалгаар хашсан, сайн хамгаалалттай. Гэсэн ч аравдугаар сарын 7-ны тэр өдөр еврей хуанлин ой буюу еврейчүүдийн уламжлалт баяр басхүү Беэри тосгоны 77 жилийн ой давхцан тохиож байсан учир (Беэри тосгон нь арабууд олноор суурьшсан бүс нутагт нэгэн зэрэг байгуулагдсан 11 заставын нэг бөгөөд еврейчүүд 1946 оны аравдугаар сарын 5-ны шөнө киббутцийг үүсгэн байгуулж, Беэри тосгоныг 7-ны өдөр байгуулсан байдаг)  тосгонд баяр наадмаас өөр зүйл бодох сөхөөтэй хүн байгаагүй гэхэд хилсдэхгүй. Харин энэ үед ногоон бандатай зэвсэгт этгээд тосгоны шар төмөр хаалганы дэргэдэх харуулын байшингийн цонхыг бууныхаа бөгсөөр цохиж, хагалаад дотор нь орж нуугдав.

          “ХАМАС”-ын халдагчдаас хамгийн эхэнд ирсэн хоёр зэвсэгт этгээдийн нэг нь харуулын байшинд, нөгөө нь модон дунд нуугдаж, байраа эзлэх үеэр тосгоны төв хаалгыг чиглэн хар саарал өнгийн “Седан” загварын автомашинтай хэсэг хүн тоос манаруулан давхиж байх нь тэр. Дотор нь Бенаяху Биттон хоёр найзын хамт байсан бөгөөд ердөө түүнээс хэдхэн хормын өмнө аялалд гарч явсан Б.Биттон болон түүний найзууд руу “ХАМАС”-ын бусад цэрэг гал нээсэн учир тэд ийн буцаж, халдагчид тосгонд ойртож байгааг анхааруулахаар ийн яаравчилж байлаа. Гэсэн ч модон дунд нуугдсан зэвсэгт этгээд тэднийг тосгоны төмөр хаалганд ойртох үед өмнөөс нь гал нээж, “Седан” загварын автомашин тосгоны хаалганаас 20 хүрэхгүй метрийн зайд зогсжээ. 20 гаруйхан настай Бенаяху Биттон болон түүний найзууд газар дээрээ амьсгал хураалаа. Удалгүй Беэри тосгоны гол хамгаалалт болсон шар төмөр хаалга дотроосоо онгойх нь тэр...

07:42 цаг: Израилийн арми хаачсан бэ

Харуулын байшин руу орсон зэвсэгт этгээд тосгоны төв хаалгыг дотроос нь онгойлгосны дараа “ХАМАС”-ын зэвсэгт этгээдүүд олон арваараа дотогш дайрч оржээ. Халдагчид Беэри тосгонд нэвтэрснийхээ дараа зохион байгуулалтад шилжиж, энэ мэт хямралын үед тосгоныг удирдаж, зохион байгуулахаар бэлтгэгдсэн Беэригийн яаралтай тусламжийн багийн ахлагчийг хамгийн түрүүнд хөнөөжээ. Энэ үед яаралтай тусламжийн багийн гишүүд галт зэвсэг хадгалж байсан агуулахыг онгойлгож, иргэдэд зэвсэг тарааж амжсан ч зарим агуулахын хаалгыг онгойлгож чадаагүй учир цөөнгүй нь “ХАМАС”-ын алан хядагчидтай зэвсэггүйгээр дайтаж эхэлсэн байна.

Гэсэн ч зэвсэгтэй, зэвсэггүй, олонх нь зэвсэг барьж үзээгүй энгийн иргэд “ХАМАС”-ын зэвсэгт этгээдүүдийн гэнэтийн дайралтад өртөж, ялагдсан бөгөөд амьд үлдсэн хэд нь тосгоны шүдний эмнэлэг рүү ухрав. Тосгоны олонх нь амиа алджээ. Халдагчид ч тосгоны гудамжаар тэнүүчилж, харагдсан болгон руугаа буудаж, томоохон барилга, байшинг галдан шатааж байв. Тосгоны оршин суугчид бүгд айж, мэгдэн халдагчдаас “аврах ёстой” Израилийн арми хаана байгааг нэгнээсээ асууж, найдлага тээн хүлээж байлаа.

          Үнэн хэрэгтээ “ХАМАС”-ын алан хядагчид Израилийн Беэри тосгонд халдахаас хэдхэн цагийн өмнө тосгонтой ойр оршдог цэргийн штабыг бөмбөгдөж, газартай тэгшилчихээд ирсэн байна. Тэр бөмбөгдөлтөөс амьд үлдсэн цэргийнхэн болон цагдаагийн алба хаагчид “Беэри тосгонд халдаж болзошгүй” гэж үзэн тосгон руу хөдөлсөн ч замдаа мөн л отолтод оржээ. Азаар цөөн цагдаа амьд үлдэж, шүүрэн шанага болтлоо шүршүүлсэн машинтайгаа давхисаар 07:37 цагт тосгоны хаалганд дөхөж очсон нь хяналтын камерын бичлэгт үлдсэн байдаг. Гэсэн ч тосгоны төв хаалгатай ойрхон зогссон машинд дөхөж очоод газраар хөглөрсөн хувцас, машины онгорхой хаалгаар унжсан цогцоснуудыг хараад тэд Беэри рүү оролгүй эргэн зугтжээ.

10:05 цагт: Хаалганд тулсан алан хядагчид

Израилийн армийн командлагчийн албан мэдэгдлээр тэр өдөр Беэри тосгон руу дор хаяж “ХАМАС”-ын 120 этгээд халдсан гэдэг. Харин тус тосгоны ахлагчид манай сонины сурвалжлах багт 200 гаруй зэвсэгт этгээд халдсан гэж мэдээлсэн юм. Хяналтын камерын бичлэгт алан хядагчид тосгоноор тэнүүчилж, энгийн иргэд рүү огтхон ч эргэлзэхгүй гал нээж байгаа дүрс олон камерын дуранд бичигдэж үлдсэн бөгөөд иргэд амьд үлдэхийн тулд хувцсаа ч бүрэн өмсөж амжилгүй зугтаж, дийлэнх нь хөл нүцгэн байсан аж.

Түүнчлэн халдлага эхлэх үеийн дүрс бичлэгээс үзэхэд алан хядагчид тосгоны хаалгаар орж ирэхдээ том оврын ачааны машин хөлөглөж, зарим нь модон дундаас морьтой гарч ирсэн байдаг. Зэвсэгт этгээдүүд гудамжуудаар тарж явах үеэр тосгоны төвөөс холгүйхэн орших хоёр давхар шаргал байшинд бүх насаараа Беэри тосгонд газар тариалан эрхэлж амьдарсан Авида Бачар болон түүний эхнэр, хүүхдүүд тосгоноор нэг нүргэлсэн буун дууг сонсож, гэрийн эзэн А.Бачар гал тогооны өрөөнөөсөө хутга авч, гэрийнхнээ дагуулан хоёр давхрын аюулгүйн өрөөнд орж нуугдав. Удалгүй байшингийн хаалга онгойх чимээ сонсогдож, доод давхарт нь хүмүүсийн хөлийн чимээ гарч эхэлжээ...

          Газын зурвастай ойрхон Израилийн тосгонуудын аюулгүйн өрөө гэж нэрийдэх энэхүү өрөө нь пуужингийн галаас хамгаалах зориулалттай бэхлэгдсэн ханатай ч ихэвчлэн цоожгүй байдаг гэнэ. Тиймээс А.Бачар гэр бүлээ хамгаалахын тулд аюулгүйн өрөөний хаалгыг дотроос тэгнэн зогсжээ. Алан хядагчид хоёр давхарт гарч ирээд аюулгүйн өрөөний хаалгыг хэд хэдэн удаа хүчтэй татаж, нэг этгээд хаалгыг цөмлөхөөр гаднаас нь хүчтэй өшиглөж гарчээ. Удалгүй зэвсэгт этгээдүүд хаалгаар нэвт буудаж эхэлсэн бөгөөд тэдний суманд гэрийн эзэн Авида Бачар, түүний ард зогсож байсан 15 настай хүү Кармел Бачар оногджээ. Хаалганы бариул хэсэгхэн сулрах зуурт алан хядагчид аюулгүйн өрөө рүү гар бөмбөг шидэв. Гэрийн эзэгтэй Дана Бачар, 13 настай Хадар охины хамт өрөөний цонхыг онгойлгож, үсрэхийг оролдсон боловч амжилгүй Бачарын гэр бүл аюулгүйн өрөөн дотроо дэлбэрчээ.

          ...хөлийн чимээ сонсогдохоо болиход Хадар Бачар охин нүдээ нээв. Аравдугаар сарын 7-ны өдрийг тосгоны баяр наадамд зориулж өнгөрөөхөөр хэрэндээ бэлдсэн 13 настай охин ээжийгээ хэдэн хэсэг болж, ахыгаа олон удаа буудуулж, амьсгал хураасан байхыг харжээ. Харин аав нь цээжиндээ буудуулж, хөл нь гар бөмбөгний хэлтэрхийд оногдож, их хэмжээний цус алдаж, ухаан алдсан ч амьсгалж байлаа. Улмаар охин түргэн тусламж руу залгаж, анхны тусламж хэрхэн үзүүлж, боолт хийхийг зааж өгөхийг гуйжээ. Гэсэн ч яаралтай тусламжийн диспетчер Авида Бачарын “Би чадахгүй нь. Босож чадахгүй байна” гэх үгийг сонсоод дуудлага тасарсан байна. Ийн яах учраа олохгүй зогсох Хадар охинд утаа үнэртэв. Аюулгүйн өрөөнөөс гараад хартал, алан хядагчид байшингийн гаднаас гал тавьчихаад явсан байжээ.

ЦУСТ ХЯДЛАГА

Бачарын байшин халдлагад өртөж, Хадар охин яаралтай тусламж руу дуудлага хийсний дараахан Израилийн тусгай хүчний нисдэг тэрэг Беэри тосгонд газардсан байдаг. Тусгай хүчний цэргүүд тосгоны захиргааны барилгыг гол төвөө болгон тулалдах гэж оролдсон ч гурван цэрэг амиа алдаж, нэг цэрэг цээжин тус газраа буудуулж, хүнд шархдан ухарчээ. Тусгай хүчний үлдсэн алба хаагчид тосгоны төв хаалга руу ухарч, халдагчдын шинэ давалгааг няцаахаар байрлалаа эзэлсэн бөгөөд цэргүүд “ХАМАС”-ын зэвсэгт этгээдүүдийн машин руу галлаж, хоёр алан хядагч машин дэлбэрэхээс урьтан зугтаж буй дүрс хяналтын камерт үлджээ. Харин Беэри тосгоныхны “эцсийн найдвар” болж ирсэн тусгай хүчний алба хаагчид алан хядагчдад бут ниргүүлж, тосгоны төвөөс ухарснаас хойш “ХАМАС”-ын халдлага улам ширүүссэн байна. Алан хядагчид барилга, байшингуудаас эд зүйл хулгайлж, дээрэмдэхээс гадна зарим оршин суугчийг буу тулган ачааны машинд ачиж эхлэв.

 

          “ХАМАС”-ын алан хядагчдын дайралтад өртөж, амиа алдсан иргэдийн цогцсоор Беэри тосгон дүүрчээ. Байшингуудын унтлагын өрөө, угаалгын өрөө, мод, бутан дунд гээд бүх газарт цогцос байсан гэдэг. Олон хүн байшинтайгаа хамт шатаж, цогцсыг нь танихын аргагүй болсон байсан талаар шүүх шинжилгээний багийнхан дурдаж байв. Алан хядагчдын дайралтад өртөж, амиа алдсан хохирогчдын хамгийн ахмад нь 88 настай байсан бол хамгийн балчир нь нэг ой ч хүрээгүй байж. Тосгон даяараа баяр наадмаа тэмдэглэх ёстой байсан тэр өдөр беэричүүд эхнэр, нөхөр, аав, ээж, хүүхдүүдээ хамгийн харгис, хэрцгийгээр алдсан юм.

12:05 цаг: Амьсгалах агаар алга

Алан хядагчдын хоморголон устгах харгислал улам ширүүсэж, хүнтэй байж болох бүх байшинг шатааж эхэлжээ. Үлдсэн оршин суугчдыг аюулгүйн өрөөнөөс нь гаргах санаатай “ХАМАС”-ын энэ үйлдэл беэричүүдэд “Гарч ирж буудуул” эсвэл “Байшинтайгаа шат” гэсэн хоёрхон сонголт өгч байв. Аюулгүйн өрөөнд нуугдаж, байшингаа гаднаас нь шатаалгасан хүмүүсийн нэг бол Беэри тосгоны нийгмийн ажилтан Ритан Эвенс гэх 44 настай эмэгтэй. Хоёр хүүтэйгээ хамт амьдардаг тэрбээр аюулгүйн өрөөнөөс гарч, алан хядагчдад буудуулснаас амьдаараа шатахыг илүүд үзжээ. Ингээд Р.Эвенс “Ингээд л дууслаа” гэж бодон найз нөхөд, хамаатан садан руугаа “Ямар ч арга байхгүй. Амьсгалах агааргүй боллоо. Би амьд гарахгүй бололтой” гэсэн мессэж илгээж, салах ёс хийсэн байдаг. Харин зурвас илгээснээс хойш удалгүй хөлийн чимээ алга болжээ. Эзэгтэй Ринат Эвенс хаалгаа онгойлгоход зэвсэгт этгээдүүд байгаагүй учир хүүхдүүдээ дуудаж, хоёр давхрын цонхоор доош үсэрцгээсэн байна. Байшингаас үсэрч, дор унахад нэг хүү нь хөлөө хугалсан ч тэд чимээ гаргахгүйг хичээн зугтаж, байшингийн ойролцоох модны дор очиж, нуугджээ.

          Мөн яг энэ үеэр тэтгэвэрт гарсан 80 настай Авлум Майлс гэх ахмадын охинтойгоо ярьсан бичлэг баримт болон үлдсэн байдаг. Ноён Авлум Майлс руу 13:00 цагийн үед Израилийн өөр хотод оршин суудаг охин нь залгажээ. Охин “Аав аа, та надтай хамт үлдэнэ биз дээ. Би таныг надтай хамт байгаасай гэж хүсэж байна” гэжээ. Харин Авлум Майлс “Надад юу ч сонсогдохгүй байна. Баяртай, миний охин” гээд л дуудлага тасарчээ. Тэр үеэр алан хядагчид хэдийнэ Авлум Майлсын гэрт хүрч очсон байв. Энэ дуудлагаар охин аавынхаа дуу хоолойг сүүлчийн удаа сонсжээ.

14:05 цаг: Эмнэлгийн бүслэлт нурсан нь

Аравдугаар сарын 7-ны өдрийн 14:00 цаг өнгөрөхөд “ХАМАС”-ын зэвсэгт этгээдүүд тосгоны шүдний эмнэлгийг төвөө болгосон яаралтай тусламжийн баг, сайн дурынхны хамгаалалтыг эвдэн оржээ. Яаралтай тусламжийн баг болон сайн дурын иргэд шүдний эмнэлэг рүү ухарч, алан хядагчидтай мөргөлдсөнөөс хойш долоо орчим цагийн хугацаанд бүслэгдсэн нь энэ аж. Тэд эцсийн сумаа дуустал халдагчдын давшилтыг удаашруулж, шүдний эмнэлгийн ойр орчмыг хамгаалж байсан ч “ХАМАС”-ын цэргүүд эмнэлгийн ханыг танк эсэргүүцэгчээр буудан дэлбэлж, нэвтэрчээ. Яг энэ үед сайн дурынханд анхны тусламж үзүүлж байсан 38 настай эрэгтэй сувилагч Хунвальд эмнэлгийн угаалгын өрөөнд орж нуугдав. Алан хядагчид шүдний эмнэлэгт хоргодож байсан иргэд, яаралтай тусламжийн багийнхан, сайн дурынхан, эмч нарыг эхнээс нь шүршиж эхэлжээ. Амьд үлдээхийг хүсэн өршөөл эрсэн эмч нарыг ч газар дээр нь буудан хөнөөж байсан учир Хунвальдтай хамт ажилладаг нэгэн эмч эмнэлгийн шалан дээр үхсэн мэт дүр үзүүлж хэвтжээ. Харин алан хядагчид Хунвальдын нуугдсан угаалгын өрөөг шалгалгүй гараад явжээ. Долоон цаг гаруй халдагчдын давшилтыг няцаан тэмцсэн шүдний эмнэлгээс угаалгын өрөөнд нуугдсан Хуньвалд, үхсэн мэт дүр үзүүлсэн эмч хоёр л амьд үлдэв. Харин нөгөө талд Хуньвалдын эхнэр, хүүхдүүд мөн л бусдын адил байшингийнхаа аюулгүйн өрөөнд бүгэж байсан бөгөөд “ХАМАС”-ын цэргүүд шүдний эмнэлгийг орхисны дараа Хунвальд гэрийн зүг хөдөлжээ.

          Алан хядагчид Беэри тосгоны оршин суугчдыг бараг тэр чигт нь хүйс тэмтэрснээс гадна үлдсэнийг нь барьцаалжээ.

15:25 цаг: Бүгдийг нь Газ руу авч явна

Беэри тосгонд амьдардаг хосууд болох 44 настай Ясмин Порат, 37 настай Тал Катц нар халдлага эхлэх үеэр гадуур явж байжээ. Гэнэт зэвсэгт этгээдүүд тосгонд нэвтэрч, галлаж эхэлснээс хойш хосууд гудамж тойрон зугтаж, өөрсдийг нь гэртээ аюулгүйн өрөөндөө оруулах айл байгаа гэсэн найдлага тээн замдаа таарсан болгоны хаалгыг тогшиж байсан аж. Тэдний найдвар тасрахын алдад нэгэн айл хаалгаа тайлж өгсөн нь тосгоны зүүн өмнөд хэсэгт амьдардаг 70 настай иогийн багш Хадас Даган болон түүний гэргий Ади нар. Тэднийг аюулгүйн өрөөнд нуугдаж байхад “ХАМАС”-ын цэргүүд байшинд орж ирж, цоожийг дэлбэлж, Я.Порат, Т.Катц, Х.Даган, Ади нарыг барьцаалж, Даганы гэрээс холгүйхэн байшинд аваачсан байна.

          “ХАМАС”-ын барьцааны хүмүүсээ цуглуулж байсан газарт Я.Порат, Т.Катц, Х.Даган, Ади нараас гадна өөр 10 хүн байсан гэнэ. Барьцааны хүмүүс дунд байшингийн эзэн 68 настай Песи Коэн мөн түүний гэрт баяр тохиолдуулан зочилж ирээд байсан хоёр зочин, ойролцоох байшингаас барьцаалагдсан тэтгэврийн насны дөрвөн ахмад, 12 настай ихэр хүүхдүүд байв. Алан хядагчид барьцааны хүмүүсийг зочны өрөөний том ширээг тойруулан суулгасан бөгөөд шалан дээр нь халдагчдыг эсэргүүцсэн өөр нэг зочны цогцос байжээ. Гэхдээ байшинд зэвсэгт этгээдүүд, барьцааны хүмүүсээс гадна Зүүн Иерусалимын микроны жолооч палестин иргэн байсан юм. “ХАМАС”-ын цэргүүд түүнийг орчуулагчаар ашиглахаас гадна микрогоор нь барьцааны хүмүүсийг зөөж авч явахаар амьд байлгаж байжээ.

          Энэ үед Израилийн армийн хүчин Беэри тосгонд дөхөж ирээд байсан бөгөөд “ХАМАС”-ын алан хядагчид тосгоны хяналтыг алдахаасаа өмнө иргэдийг барьцаалж, Газын зурвас руу хамт гарахаар шийдсэн байна. Гэрчийн бидэнд өгсөн мэдээллээр, Алан хядагчдыг удирдаж байсан өөрийгөө Кассам гэж танилцуулсан “ХАМАС”-ын командлагч Израилийн цагдаагийн шуурхай албаны араб хэлтэй цагдаад “Надад барьцааны хүмүүс байгаа. Бүгдийг нь Газ руу аваачмаар байна. Хэрэв та нар бидэн рүү буудах юм уу, замд саад болбол бид барьцааны хүмүүсийг нэг нэгээр нь алах болно” гэж утсаар мэдэгдсэн байна.

16:00 цаг: Генералын шийдвэр

Палестины хэт даврагч “ХАМАС” бүлэглэл болон түүний холбоотнууд Израилийн хотууд руу нэгэн зэрэг халдсаны улмаас цэргийнхэн дунд ч эмх замбараагүй байдал үүсээд байсан тэр үед улсынхаа баруун хилийг хамгаалах үүргийг Израилийн бригадын генерал Барак Хирам хүлээжээ. Б.Хирамын хувьд 2006 онд Израил Ливанд довтлох үеэр Газын дивизийг удирдаж байсан бөгөөд Беэри тосгоныг эргүүлэн авахаар цэргийн хүчин дагуулан 16:00 цагийн орчимд тосгоны ойролцоо очсон байна.

Тэднээс зургаан цагийн өмнө Беэри тосгонд очсон Тусгай хүчний алба хаагчид байрлалаа алдаж, тосгоны хоёр захад хуваагдан хүч тэнцвэргүй тулаанд орж байв. Тосгоны баруун жигүүр дэх Тусгай хүчний хэсэг төв рүү давшиж байсан бол зүүн жигүүрийнхэн ухарч байжээ. Энэ үеэр бригадын генерал Барак Хирамаар удирдуулсан Израилийн цэргийн хүчин ганц танктайгаар Беэри тосгон руу орсон бөгөөд хяналтын камерын баримтаар цэргүүд тосгоны соёл, урлагийн газрыг эргүүлэн авч, шархадсан иргэдийг шилжүүлж эхлэв.

 

Нар бууж, үдшийн бүрий дөхөх үеэр бригадын генерал Б.Хирам Тусгай хүчний командлагчтай маргалдаж эхэлжээ. Бригадын генералын хувьд барьцааны хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд “ХАМАС”-ын командлагчийн үгээр явахыг хүсжээ. Харин Тусгай хүчний командлагч энэ чигээр давшвал алан хядагчид бууж өгнө гэж үзэж байж. Яг энэ үед алан хядагчид барьцааны хүмүүсийг амьд бамбай болгон урдаа барьж, байшингийн арын хашаа руу гарчээ. Амьд бамбайтай алан хядагчдыг гарахыг тусгай хүчний албан хаагчид хүлээж байсан бөгөөд буудалцаан эхлэв. Үүнийг мэдсэн бригадын генерал Барак Хирам “Хэлэлцээр дууслаа” гэж хэлээд танкны жолоочид “Энгийн иргэдийн амь нас хохирсон ч хамаагүй нэвтэрч буулгаж ав” гэсэн тушаал буулгажээ. Генералын тушаал бууснаар цэргийн хүчний танк хөдөлж, Песи Коэний байшин руу хоёр удаа буудсан аж. Цэрэг, тусгай хүчнийхэн болон алан хядагчдын дундах буудалцаан цаг гаруй үргэлжилж, барьцаалагдсан 14 хүнээс Даганы эхнэр Ади, тэдний гэрт нөхрийн хамт бүгэж байсан Порат хоёр л амьд үлджээ.

20:00 цаг: Бидний таньдаг хүмүүсээс хэд нь амьд үлдсэн бол...

Бригадын генерал Барак Хирамаар удирдуулсан Израилийн цэргийн хүчин “ХАМАС”-ын алан хядагчдыг дарж, Беэри тосгонд дахин хяналтаа тогтоосны дараа амиа алдагсдын тоог гаргаж, цогцос таниулах, сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагаа эхэлжээ. Аврах ажиллагаанд явж байсан цэргүүд гаднаасаа юу ч үгүй шатсан хэрнээ бүдэгхэн гэрэлтэй байшинг олж харсан байна. Цэргүүд байшинд нэвтэрч, аюулгүйн өрөөг нь шалгатал аавдаа тусламж үзүүлэхээр яаралтай тусламж руу залгаж байсан Хадар аавынхаа хамт байх нь тэр. Мөн үүнтэй зэрэгцэн сувилагч Хунвальд ч гэрийнхээ аюулгүйн өрөөнд эхнэр, хүүхдүүдтэйгээ эсэн мэнд уулзжээ. Энэ тухайгаа тэрбээр “Эхнэр, хүүхдүүдтэйгээ уулзаад бид шууд л тэврэлдээд уйлсан. “Бидний таньдаг, дотно хүмүүсээс хэн нь амьд, хэн нь үхсэн байх вэ” гэдэг бодол хамгийн аймшигтай байсан” хэмээсэн юм. Мөн Хунвальд гэр бүлийнхэнтэйгээ уулзаж, цэргийнхэн тусламжийн автобус руу нүүлгэн шилжүүлж байх үеийн тухай “Амьд үлдсэн хүмүүс бүгд уйлж байсан. Яг тэр үед тэнгэрт од харваж байгаа юм шиг үй олон пуужин (Ерөнхий сайд Б.Нетаньяхугийн шийдвэрээр Израилийн армийн Газрын зурвас руу өгсөн цохилт) нисэж байсан” гэсэн билээ.

          “ХАМАС”-ын халдлагын үеэр Беэри тосгоны гудамжууд хүмүүсийн цогцсоор дүүрсэн гэдэг. Халдлагын улмаас Беэри тосгонд 97 хүн амиа алдаж, алан хядагчид 25 хүнийг барьцаалан Газын зурвас руу явсан байдаг. Тосгон даяар 120 гаруй барилга, байшин шатаж, балгас болж, хэдэн арван автомашин дэлбэрсэн аж. Хайгуул хийж байсан цэргүүд модны хажууд хэвтсэн байдалтай, хагас нүцгэн хэдэн хүний цогцос олсон байна. Тэд шатаж буй байшингаасаа бууж, цэргүүдийг хүлээн модон доор нуугдсан Р.Эванс болон түүний хоёр хүүгийн цогцос байжээ. Тэд буудуулсан байв.

 

Палестины хэт даврагч “ХАМАС” бүлэглэл болон түүний холбоотнууд 2023 оны аравдугаар сарын 7-нд Израилийн хотууд руу ингэж халдсанаас хойш Израилийн арми, “ХАМАС” бүлэглэл 1.3 жилийн хугацаанд мөргөлдсөөр байгаа билээ. Хамгийн сүүлчийн албан мэдээллээр “ХАМАС”, Израилийн дайны улмаас Израилийн 982 энгийн иргэн, 987 цэрэг амиа алдаж, 13 мянга гаруй хүн шархдаад байгаа бол Газын зурваст 47 мянган (албан бус мэдээллээр 70 мянга) хүн амиа алдаж, 110 мянга гаруй хүн шархдаж, 16 мянган хүн Израилийн талд баривчлагдаж, 1.9 сая хүн Газын зурвасаас дүрвэжээ.

          Харин Беэри тосгоны хувьд “Нью-Йорк Таймс” сонинд дээрх сурвалжилга нийтлэгдсэнээс хойш амиа алдагсдын тоо 101, барьцаалагдсан хүний тоо 30-д хүрсэн. Израилийн арми Газын зурваст цохилт өгч эхэлснээс хойш Беэри тосгоныг сэргээн засварлах ажил эхэлсэн ч өнөөг хүртэл бүрэн сэргээж чадаагүй байгаа юм. Түүнчлэн Беэри тосгонд одоо ч байнгын хамгаалалт гаргаж байгаа гэнэ.

 


ДЭЛХИЙН ШИЛДЭГ НИЙТЛЭЛ: “ХАМАС” ХАЛДСАН ӨДӨР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188