• Өнөөдөр 2026-11-16

“ТӨСВИЙН ХУЛГАЙН ШИНЭ БҮЛЭГЛЭЛ” БУЮУ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДЭРГЭДЭХ ХУУЛЬ БУС ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБАД

2026-11-16,   58

Чин үнэн, чигч шударга, харьцангуй чамбай боловсруулсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль тэртээ 1998 онд батлагдсан байдаг. Ердөө дөрөвхөн зүйлтэй, товч бөгөөд тодорхой тус хууль хэвлэл мэдээллийн салбарынхны хатгах жад, хамгаалах бамбай, амин сүнс болсоор өнөөг хүрсэн. Монголын сэтгүүлзүйн өнөөгийн хөгжил, төр, хэвлэлийн харилцан ойлголцол, олон талийн эх сурвалжтай, тэнцвэрт мэдээллээр иргэдийн мэдэх эрхийг хангах зэргийн хөшүүрэг болсон “өвгөн” хуулиа өнөөгийн эрх баригчид, төрийн байгууллагууд цөм “дэвслэх” болов. Монголын төр, төрийн байгууллагууд тус хуулийг уландаа гишгэж, хуулиас дээгүүр эрх ямба эдлэх болсон. Тэгвэл төрийн байгууллага дэргэдээ Хэвлэл мэдээллийн албатай болсон сүүлийн жилүүдэд сэтгүүлзүйн салбар хэрхэн хувьсаж буй талаар бид эргэн харах цаг нэгэнт иржээ.

БҮГДИЙГ НЬ ДАГУУЛААД БНМАУ-РУУ...

Өмнөх нийгэмд бүх хэвлэл, радио, телевизийг улс төрийн нам эзэмшиж, редакцууд ч шууд захирагддаг байв. Тухайн үед хэвлэлийн эрх чөлөө гэх ойлголт байсангүй. Өөрөөр хэлбэл, улсын гэх тодотголтой хэвлэл мэдээллийн байгууллага МАХН-ын хатуу хараа хяналт дор байж, намын бодлого, социалист үзэл суртлыг таниулах зорилгод үйлчилж, зөвхөн нэг талийг барьсан мэдээ, мэдээлэл бэлтгэн хүргэдэг байв. Харин Ардчилсан тогтолцоо руу шилжсэний дараа тухайн үеийн сэхээтэн залуус, дэвшилтэд үзэлтэн, цогтой улс төрчид хэвлэл мэдээллийг нам, улс төрөөс хараат бус байлгаж, сэтгүүл зүйг дөрөв дэх засаглал болгох нь зүйтэй юм хэмээн үзэж Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийг баталсан байдаг. Улмаар өдөр тутмын хэвлэлийн тоо нэмэгдэж, телевизийн эфирүүд шинээр нээгдэж, радио долгион ч сонголттой болж эхэлсэн. Төрийн байгууллагыг дэргэдээ хэвлэлийн албатай байхыг хориглосноос тэр үеэс өнөөгийн сэтгүүл зүйн эх үндэс бүрэлдэн бий болжээ. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд Төрийн байгууллага, тэр дундаа төрийн эрх барих дээд байгууллагууд хүртэл хэвлэл мэдээллийн албатай болсон. Тухайлбал, Ерөнхийлөгчийн тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба, Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба, Ерөнхий сайдын ажлын албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас эхлээд бүх л яам өөрсдийн гэсэн хэвлэл мэдээллийн албатай болсон. Үүнээс гадна Цагдаагийн Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газар, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Прокурорын Ерөнхий газрууд ч мөн бие даасан хэвлэлийн албатай байдаг. Төрийн байгууллага өөрийн мэдээ мэдээллийг дамжуулах сувагтай байна гэдэг нь өгөхийг хүссэн мэдээллээ л өгнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өөрийн үйл ажиллагааг сурталчилсан, онц чухал сэдвийг хязгаарлагдмал хүрээллээр оруулж ирсэн мэдээ мэдээлэл бэлтгэнэ. Үүнээс гадна өөрсдийн онцлогийг тусгасан нэвтрүүлэг, контентуудыг цахим орчинд болон хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан иргэдэд хүргэх болсон. Энэ нь дийлэнхдээ нэг талыг барьсан байдаг нь ч нууц биш. Анхнаасаа хууль зөрчиж байгуулагдсан төрийн байгууллагын дэргэдэх Хэвлэл мэдээллийн албад өнөөгийн нийгмийг БНМАУ-ын цаг үе рүү хөтөлж буй гэхэд хилсдэхгүй бололтой.

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХЭВЛЭЛИЙН АЛБАНЫ ТЕХНИК ХЭРЭГСЭЛ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЁ

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р зүйлд “Төрийн байгууллагын мэдээллийн хэрэгслийг хориглоно” хэмээн заажээ. Тодруулбал 1998 оны УИХ-аар хэлэлцэн, эцэслэн баталсан тус хуулиар Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглосон юм. Энэ нь үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг тунхагласан Үндсэн хуулийнхаа үзэл баримтлалд нийцүүлэн хэвлэл мэдээллийн салбар улс төр, нам эвслээс харуут бус эрүүл, хүчирхэг орших боломжийг бүрдүүлж өгсөн “түшиг” хууль юм. Харин төрийн байгууллагууд тус хуулийг зөрчиж, хэвлэл мэдээллийн салбарын оршин тогтнолд заналхийлж, шударга өрсөлдөөний талбарыг үгүй хийж байгаа нь тоогүй. Шат шатны төрийн байгууллага асар их хэмжээний төсөв санхүү гаргаж, өөрийн гэсэн хэвлэлийн албатай болсон. Шуудхан хэлэхэд, хууль зөрчиж байгуулсан тус хэвлэлийн албад Монголын сэтгүүлзүйг талцуулан бутаргаж, чөлөөт өрсөлдөөний зах зээлийг хумьж, хэвлэл мэдээлэлд итгэх иргэдийн итгэлийг унагаж байна. Тэр бүү хэл, тэгш, хүртээмжтэй, олон талт байр суурийг агуулсан тэнцвэрт мэдээ мэдээллийг үнэгүйдүүлж байна. Хэвлэл мэдээллийн салбарын хэдэн мянган ажилтны хөдөлмөрийг үгүйсгэж, өөрсдийгөө гоё харагдуулж, өөрийгөө сурталчилдаг “Магтаал зүй”-рүү явах нь дөрөв дэх засаглалыг нухчин дарах гэсэн оролдлого ч байж болох юм. Тэдний үйл ажиллагаа хууль зөрчсөн гэдэг нь тэд төсвөөс хулгайлсан мөнгөөр санхүүжиж байгааг илтгэнэ. Иймээс эрүүл сэтгүүл зүйн төлөө дээрх байгууллагуудыг татан буулгавал яасан юм бэ. Хамгийн сүүлийн үеийн, өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжийг нь хураан авч, улсын орлого болгоё. Мэргэжлийн сэтгүүлч, редакцад хэвлэл мэдээллийн орон зай, салбарынх нь хувь тавиланг үлдээе. Ард иргэд, үзэгч, сонсогчдод олон талт эх сурвалжаас, тэнцвэртэй мэдээлэл авах эрхийг нь олгоё.

Мөн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай “өвгөн” хуульд өөрчлөлт, шинэчлэлт оруулах цаг үе, техник технологи, хөгжил дэвшлийн зайлшгүй шаардлагатай бид тулгарсан байн. Тухайлбал хиймэл оюуны тухай ярихад л тус хуульд энэ тухай зохицуулалт, зүйчлэлийг зайлшгүй нэмэх шаардлагатай болно. Хэрэв дээрх хууль сонгодог хэлбэрээ алдалгүй улам чамбайрч, илүү нарийвчилсан болох юм бол дараа, дараачийн эрх зүйн орчны шинэчлэлтүүд биднийг хүлээж байна. Тухайлбал манай улсад одоогийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 900 гаруй хууль бий. Тэдгээрээс 100 гаруй хууль нь сэтгүүлч, редакц, хэвлэл мэдээллийн байгууллагатай зөрчилдсөн, сэтгүүл зүйн үйл ажиллагааг хориглосон, хязгаарласан зүйл заалт байгаа тухай цөөнгүй судлаач бүтээлдээ дурдсан байдаг. Энэ талаар дахин нийтлэх болно.


“ТӨСВИЙН ХУЛГАЙН ШИНЭ БҮЛЭГЛЭЛ” БУЮУ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДЭРГЭДЭХ ХУУЛЬ БУС ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБАД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188