• Өнөөдөр 2026-11-15

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны 2027 оны төсөв батлагджээ

    Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2027 оны урсгал зардал 450.9 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгө оруулалт 319.7 тэрбум төгрөг нийт 770.7 тэрбум төгрөгийн санхүүжилт төсөвт тусган батлагдлаа. Батлагдсан төсвийн хүрээнд Соёл, урлаг, биеийн тамир, спортын салбарын төрийн үйлчилгээний /ТҮСБ/, төрийн үйлчилгээний мэргэжлийн /ТҮМ/, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах /ТҮ/-н салбарын нийт 6624 албан хаагчдын цалин хөлс 50 хувиар нэмэгдэж, бусад салбарын жишигт хүрсэн байна. Салбарын нийт 485 байгууллагын 7180 албан хаагчдын цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл нь урсгал зардлын 75 хувь буюу 340.5 тэрбум төгрөг болжээ.

    Аялал жуулчлалын зургаан хувийн хүүтэй, зургаа хүртэл жилийн хугацаатай хөнгөлөлттэй олгосон зээлийн хүүгийн татаас, 2027 онд шинээр олгох зээлийн хүүгийн санхүүгийн дэмжлэгийг үргэлжлүүлэн олгож, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхээр 300 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн хөнгөлөлтөд 32.6 тэрбум төгрөг олгохоор болжээ. “Лос-Анжелес 2028” олимп, паралимпын наадмын өмнөх олимпын эрхийн цуврал тэмцээнүүдэд Монгол Улсын баг тамирчид оролцуулж эрх авах, оноо цуглуулах, олимпод оролцох эрхийн тоог нэмэгдүүлэх, нийтийн биеийн тамир, спортын хүртээмжийг нэмэгдүүлэхэд 37.8 тэрбум төгрөг батлагдсан байна.

    Салбарын бүтээн байгуулалт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1.211.1 тэрбум төгрөгийн төсөв өртөгтэй 2027 онд шинээр 34 төсөл арга хэмжээ, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх 60 төсөл арга хэмжээнд 319.7 тэрбум төгрөг батлагдсан. Монгол Улсын 2027 оны жилийн хөгжлийн төлөвлөгөө, салбарын урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигт туссан зорилго, зорилт, “Хүүхдийн төлөө за бол заавал хийе" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн хүрээнд Хүүхэлдэйн театрын барилгыг Улаанбаатар хотод, Хүүхэд, залуучуудын спортын хөгжлийн бүсийн цогцолборыг Ховд аймгийн Жаргалант суманд, Хөгжимт жүжгийн театрын барилгыг Булган, Булган суманд төсөл арга хэмжээг шинээр эхлүүлэхээр болов.

     Аялал жуулчлалын байгаль, түүх, соёлын өв бүхий газруудад ариун цэврийн байгууламж, авто зогсоол бүхий отоглох цэгийг Увс нуур, Хяргас нуур, Хөвсгөл, Хэнтий, Өмнөговь аймгуудад аялал жуулчлалын бүтээн байгуулалтыг хийж, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэлээ. Шилжин хэрэгжих 60 төсөл арга хэмжээнээс 2027 онд 44 төсөл арга хэмжээ бүрэн ашиглалтад орсноор соёл, урлаг, спортын үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ гэж үзжээ.


 

 


Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны 2027 оны төсөв батлагджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188