• Өнөөдөр 2026-11-16

ТУСГААР ТОГТНОСОН АМЬТНЫ ФЕРМ

2026-11-15,   213

Т.Цэнд-Аюушийн найруулсан мета драмын тухай шүүмж

         Жорж Оруэллийн  Амьтны ферм бол эрх чөлөө, тэгш эрх, шударга ёсны төлөөх тэмцэл хэрхэн эрх мэдлийн төлөөх тэмцэл болон хувирч болохыг харуулсан улс төр, нийгмийн ёгт зохиол юм. Энэхүү бүтээлийг Т.Цэнд-Аюуш мета драмын хэлбэрээр тайзнаа амилуулсан нь сонгодог зохиолын агуулгыг өнөөгийн нийгэмтэй холбон харах боломжийг үзэгчдэд олгожээ.

      Жүжгийн тухай хамгийн түрүүнд онцолмоор зүйл бол тоглолт эхлэхээс өмнөх орчны шийдэл юм. Тусгаар тогтнолын ордонд тоглогдож буй нь өөрөө бүтээлийн улс төр, нийгмийн агуулгатай сонирхолтойгоор холбогдож байлаа. Үзэгчид танхимд орохоос эхлээд л жүжгийн ертөнцөд татагдан орж байгаа мэт. Тэр дундаа үүдний харуул дунд эргэм насны эрэгтэй үзэгчдийн хувцсыг намын дарга нарын хувцастай хамт өлгөхөөс татгалзан маргаж буйг хараад жүжиг тайз нээгдэхээс өмнө аль хэдийн эхэлчихсэн юм шиг мэдрэмж төрсөн. Бодит орчин ба жүжгийн зохиомол ертөнцийн зааг бүдгэрч, үзэгч өөрөө ч тэр нийгмийн нэг хэсэг болж хувирч байгаа мэт санагдсан нь мета драмын онцлогийг орон зайгаар дамжуулан мэдрүүлсэн сонирхолтой шийдэл байв.

       Дүрүүдийн хувьд П.Эрдэнэзааны бүтээсэн Бенжамин илжиг, Ц.Ганзоригийн бүтээсэн Боксер адуу, Э.Намуухны бүтээсэн Молли гүүний дүрүүдийг онцолмоор санагдсан. Эрдэнэзааны Бенжамин бол аливааг ажиглаж, амьдралын үнэнийг ойлгодог ч тэр бүр ил гаргаж ярьдаггүй дүр. Боксерын дүрээр дамжуулан үнэнч хөдөлмөр, сохор итгэл үнэмшил эрх мэдэлтнүүдийн гарт хэрхэн ашиглагдаж болдгийг харуулдаг. Харин Моллигийн дүр хувийн тав тух, гоёл чимэглэл, өөрийн эрх ашгийг нийгмийн хамтын зорилгоос дээгүүр тавьдаг хүний мөн чанарыг төлөөлж байлаа. Эдгээр дүр тус бүрдээ өөр өөр нийгмийн төлөөлөл болж, зохиолын гол санааг баяжуулж байгаа нь сонирхолтой.

      Мөн олны хэсгийн хонинуудыг заавал онцолмоор байна. Тэдний хөдөлгөөн, дүрийн зохион байгуулалт, тайзны нийтлэг уур амьсгалд оруулж буй хувь нэмэр нь жүжгийн үзүүштэй, хөөрхөн хэсгүүдийн нэг байв. Гэхдээ хонинуудын дүрийг зөвхөн хөгжилтэй, өхөөрдөм байдлаар хүлээн авах боломжгүй. Оруэллийн зохиолд хонь бол бусдын хэлсэн үгийг давтан хашхирч, бие даан сэтгэх чадвараа алдсан олон нийтийн бэлгэдэл юм. Тэдний хөөрхөн төрхний цаана нийгмийн ухамсар, сохор дагалдалтын тухай хурц шүүмжлэл нуугдаж байгаа нь дүрийн сонирхолтой давхар утга болж байлаа.

    Харин жүжгийн хамгийн их таалагдсан дүр бол М.Бат-Эрдэнийн бүтээсэн Цезарь тахиа байв. Тэрээр дөрөв дэх ханыг эвдэж, үзэгчидтэй шууд харилцан, тайз болон үзэгчдийн хоорондох заагийг арилгаж чадсан нь онцгой байлаа. Түүний тайзны мэдрэмж, хөдөлгөөн, хошин өнгө аяс, өөртөө итгэлтэй тоглолт нь дүрийг амьд, эрч хүчтэй болгож байв. Ялангуяа үзэгчидтэй харилцахдаа гаргаж буй эв дүй, тайзны эрх чөлөө нь жүжигчний ур чадварыг тодорхой харуулсан. Миний хувьд М.Бат-Эрдэнэд тайз үнэндээ багадаж байв гэхэд хилсдэхгүй. Түүний тоглолтоос цаашид илүү том дүрүүдийг бүтээж, өөрийн гэсэн жүжигчний өнгө төрхийг бий болгох ирээдүйтэй уран бүтээлч харагдсан.

Хошин мэдрэмж, тайзны эрх чөлөө, үзэгчтэй харилцах чадвар гурав нь түүний тоглолтын хамгийн том давуу тал байлаа.

    Гэхдээ миний хувьд бүрэн ойлгож, тайлж чадаагүй нэг дүр бол Ажиглагч байлаа. Тухайн дүр жүжгийн ерөнхий өгүүлэмж дотор ямар байр суурь эзэлж байгаа, үйл явдлыг зөвхөн хөндлөнгөөс ажиглагч уу, эсвэл үзэгчдэд тодорхой санаа хүргэх өөр үүрэгтэй юу гэдэг нь надад төдийлөн тодорхой буусангүй. Мета драмын хэлбэрийн хувьд Ажиглагч гэдэг дүр өөрөө үзэгчийн төлөөлөл, нийгмийн идэвхгүй гэрч, эсвэл болж буй үйл явдлыг эргэцүүлэхэд хүргэх бэлгэдэл байх боломжтой гэж харсан. Гэвч энэ санаа тайзны үйлдэл, дүрийн харилцаа, жүжгийн үндсэн зөрчилтэй хэрхэн холбогдож байгааг би бүрэн барьж авч чадсангүй. Магадгүй энэ нь дүрийн илэрхийлэлтэй холбоотой ч байж болох юм.

Ямар ч байсан Ажиглагчийн дүрийн цаад санаа, зохиомж дахь үүргийг дахин тунгааж үзэх шаардлагатай санагдсан.

Энэ жүжгийн цаад философийн утга нь эрх мэдлийн мөн чанарт оршино. Эхэндээ бүх амьтан тэгш эрхтэй, хамтын хөдөлмөрөөр аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Гэвч цаг хугацаа өнгөрөхөд эрх чөлөөний төлөө тэмцэж байсан амьтад өөрсдөө шинэ дарангуйллын тогтолцооны нэг хэсэг болдог. Эндээс үзэгчдэд нэг чухал асуулт үлдэнэ. Эрх мэдэл хүнийг өөрчилдөг үү, эсвэл хүний дотор байсан жинхэнэ мөн чанарыг ил гаргадаг уу? Миний бодлоор энэ асуулт зөвхөн Оруэллийн зохиолын хүрээнд бус, өнөөгийн нийгэмд ч хамааралтай хэвээр байна.

    Эцэст нь дүгнэхэд, «Амьтны ферм» бол амьтдын тухай түүхээр дамжуулан хүний нийгмийг өөр өнцгөөс харуулсан, үзэгчдэд эргэцүүлэл үлдээх бүтээл юм. Т.Цэнд-Аюушийн найруулгын мета драмын хэлбэр, дүрүүдийн бэлгэдэл, үзэгчтэй харилцах шийдлүүд нь уг бүтээлийг зүгээр нэг зохиолын тайзны хувилбар бус, нийгмийн тухай асуулт тавьсан театрын бүтээл болгожээ.

Эрх чөлөөний төлөө эхэлсэн хувьсгал шинэ дарангуйллыг бий болгож болдог. Харин хамгийн аюултай зүйл нь дарангуйлагчийн хүч бус, түүнийг эсэргүүцэхээ больсон нийгэм юм.

     Миний хувьд энэ жүжгийн хамгийн чухал ололт нь үзэгчдийг амьтдын хувь заяаг хараад өнгөрөх бус, өөрсдийн амьдарч буй нийгэм, итгэл үнэмшил, эрх мэдэлд хандах хандлагаа эргэцүүлэхэд хүргэж байгаад оршино.

Бичсэн: Р. Энхзориг


ТУСГААР ТОГТНОСОН АМЬТНЫ ФЕРМ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188