• Өнөөдөр 2025-09-21

Тэнгэр баганадсан авьяастай Victor Wembenyama

2025-09-21,   131

         Сагсан бөмбөгийн ертөнцөд хувьсгал хийсэн гарын таван хуруунд багтахаар цөөн хэдэн тоглогч л байдаг. Бидний хамгийн сайн мэдэхээр Chicago Bulls багийн домогт хамгаалагч Michael Jordan сагсан бөмбөгийг дэлхийн спорт болгож түмэнд таниулсан. Харин Allen Iverson хувцас, стиль имижийн хувьд бусдыг байлдан дагуулж байв. Түүний ардаас Stephen Curry будагтай талбайд шахалцаж, цагирган доороо овоордог байсан сагсыг гурвын шугамны ард гаргаж, холын шидэлтийн гайхамшигтай хувьсгал хийсэн гэдгийг бид бүгд мэднэ. Энэ мэт хувьсгал бүхэн өөрийн гэсэн эзэнтэй, мөчлөгтэй байдаг билээ. 

       Харин 2023 онд сагсан бөмбөгийг үүрд өөрчлөх нэгэн хувьсгалын манлай болсон 19 настай залуу Лигт орж ирсэн нь Victor Wembenyama байв. Тэрбээр NBA-д орж ирснээсээ хойш хэдийн хоёр улирлын нүүрийг үзжээ. Анх лигт хөл тавих үед нь л дэлхий нийтээрээ гайхаж, биширч байсан дүр зураг өнөөдөр ч өөрчлөгдөөгүй хэвээр. 224 сантиметр өндөртэй хэрнээ урд шугамны тоглогч шиг ур чадвар, шийдвэр гаргах мэдрэмжтэй гэдэг нь түүнийг бусдаас хэдэн түвшин илүү гэдгийг илтгэх үзүүлэлт юм. Тиймдээ ч тэр харь гарагийн хүн буюу “Allien” хочыг авсан билээ. Мөн түүний бэлтгэл сургуулилалтаа хийдэг арга барил, түүндээ зориулж буй хичээл зүтгэл нь түүнийг үеийнхнээс нь ялгаж өгдөг. Wemby ямар ч чанга хатуу, биеийн хүчний тоглолтын өөдөөс амжилттай сөрөн зогсож, хэр баргийн зүйлд гэмтэж бэртээд байдаггүй нь түүний бэлтгэлээ хэрхэн чин сэтгэлээсээ хийдэг, ямар их цаг зав, хөлс хүч, мөнгийг бэлтгэлдээ нэг үгээр өөртөө зориулдаг гэдгийг харуулж байна. 

   Түүний үеийн залуус ихэвчлэн NBA-ын том гэрээ, сая, сая долларуудыг хараад хэсэгтээ сэтгэл нь ханаж, бэлтгэл сургуулилалтаа зогсоож, зундаа аялж, зугаацаж өнгөрөөдөг шүү дээ. Талбайн гаднах тэр бүх зугаа цэнгэл нь эргээд тоглолтонд нь сөргөөр нөлөөлж, халаасан дахь мөнгө нь дуусаж эхлэх үед л тэд “Хана мөргөсөн” байснаа гэнэт ухаарч, бэлтгэл сургуулилалтын мөр хөөж эхэлдэг. Зарим нь бүр аль хэдийнэ тэр амьдралдаа живж, замнал нь тэндээ гацаж, уруудсаар зодог тайлдаг жишээ олонтаа. 
Харин манай “Харь гараг”-ын хүн Victor Wembenyama маань зуныг хэрхэн өнгөрөөв? 
    Түүний хувьд 2024-2025 оны улирал дуусаагүй байхад “Судасны бүдүүрэл” гэх өвчинтэйгөө олж мэдсэн. Мэдсэн даруйдаа тэрбөээр тухайн улирлаа бүрэн орхиж, эмчилгээнд орохоор шийдсэн юм. Wembenyama 2025 оны гуравдугаар сард цусны бүлгэнэлийг арилгах зорилготойгоор хагалгаа хйилгэсэн байна. Түүнээс хойш нөхөн сэргээлтийн эмчилгээ болон ачаалал багатай бэлтгэлүүдийг хийж байсан юм. Долдугаар сард түүнийг эмчийн зөвшөөрөлтэйгөөр сагсан бөмбөгийн талбайд гарахад бэлэн хэмээн багийн зүгээс мэдэгдсэн байна. Харин Victor Wembenyama-гийн энэ зун гаргасан нэгэн сонирхолтой шийдвэр нь нөхөн сэргээлтийн хугацаандаа Хятадын Хэнань муж дахь Шаолины хийдэд суух явдал байлаа. Арав хоногийн хугацаанд үсээ хусуулж, бие махбод болоод сэтгэл санаа, оюун бодлын гүн бясалгал хийж дүр дүр зураг нь интернэт орчинд цацагдаж, сагсан бөмбөг сонирхогчдын дунд багагүй шуугианыг тариад амжив. Мөн түүний хувьд шатар тоглох дуртай бөгөөд энэ зун өөрийн төрөлх орон Франц Улсын Парисд байрлах Ле Чеснайя хэмээх газарт “Hoop Gambit” нэртэй тэмцээнийг зохион байгуулсан байна. Энэхүү тэмцээн нь сагсанбөмбөгийн тоглолтын хажуугаар шатар тоглож биеийн болон оюун ухааны цараагаа тэлж болох боломжийг нутгийн хүүхдүүддээ олгосон явдал байлаа. Мөн түүний хувьд New York хотын гудамжинд явж буй жирийн иргэдтэй нэгийн эсрэг нэг шатар тоглож байсан нь олны анхаарлыг татаад байсан юм. Оюуны спортоор хичээллэх нь талбай дээр анхаарал алдахгүй, илүү гүн төвлөрөхөд тустай байдаг гэж тэр өөрөө хэлж байсан удаатай.
 
   Ингээд харахаар Victor Wembanyama бол өнөө цагийн спортын ертөнцөд хувьсал авчирч буй цөөн хэдэн хүн дундаас хамгийн тод гэрэлтэж буй од. Түүний өндөр нь тэнгэрт тулж, ур чадвар нь хил хязгаарыг давсан мэт боловч түүнийг бусдаас ялгадаг зүйл нь ердөө л түүний сэтгэлгээний өргөн уудам орон зай, хичээл зүтгэлийн гүн бат чанар юм. Хөдөлмөрлөөгүй авьяас авдарт нуусан алт шиг хэзээ ч гарч ирж гялалзалгүй тэндээ цоожлогдоод үлддэг гэдгийг бид олон тамирчны харамсалтай замналаас харж болно. Сүүлд манай Монголын IHC APES багт дараа нь Налайх Бизонс багт тоглоод явсан Kyree Walker-ийн жишээ ч байна. Харин Wemby-гийн хувьд оюун дотроо энэ бүхнийг ойлгосон явдал нь ердөө 21 настай залуу тамирчны хувьд асар магтууштай. Од болох амархан, од байх хэцүү гэдэг шүү дээ. Энэ их авьяасыг олоод төрсөн явдал бол зол мөн. Харин энэ авьяас, энэ бие хаад ийм оюун заяа нь гэдэг гайхамшиг. Сагсан бөмбөгийн ирээдүй ийм гарт байгааг харах нь үнэхээр сайхан байна. Ирээдүйн шинэ үеийнхэн Michael Jordan шиг домог мэт ярьж, үлгэр болгон дурсан санах тэр нэр аль хэдийнэн тодорсон шүү дээ. Тийм ээ тэр бол сагсан бөмбөгийн гайхамшиг “Тэнгэр баганадсан авьяас” Victor Wembenyama.
Э.ӨГӨДЭЙ

Тэнгэр баганадсан авьяастай Victor Wembenyama
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188