• Өнөөдөр 2025-10-20

Хамгийн залуудаа Emmy шагнал хүртсэн жүжигчин Owen Cooper гэж хэн бэ

2025-09-19,   354

Owen Cooper нь 2025 оны есдүгээр сарын 14-нд Лос-Анжелес хотноо болсон 77 дахь удаагийн Эммигийн шагнал гардуулах ёслолын “Богино хэмжээт цуврал киноны шилдэг эрэгтэй туслах дүр” төрөлд шагнал хүртсэнээр түүхэн дэх хамгийн залуу Эмми шагналт жүжигчин болжээ. 
 
Түүний хувьд 2009 онд Их Британи Улсын Уоррингтон хотод төрсөн. Жүжигчний замналаа эхлэхээс өмнө Owen Cooper ихэнх Британи хүүхдийн адилаар мэргэжлийн хөлбөмбөгийн тамирчин болох хүсэл мөрөөдөлтэй байсан ажээ. Гэвч тэрбээр 2012 онд нээлтээ хийсэн “The Impossible” хэмээх кинонд 14 настай Tom Holland дүр бүтээж буйг үзээд өөртөө жүжигчин болох зорилго тавьжээ. Owen Cooper энэ зорилго, мөрөөдлөө биелүүлэхийн тулд хоёр жилийн турш төрсөн хотоосоо 30 гаруй километр зайд орших Манчестэр хотод очин “The Drama Mob” хэмээх жүжгийн дугуйланд хичээллэдэг байжээ.
 
Харин 2024 оны эхээр “Adolescence” киноны продакшн баг Owen Cooper-ийн суралцдаг “The Drama Mob” жүжгийн дугуйлангаас “Хойд нутгийн хамгийн шилдэг хүүгээ өгөөч” хэмээн холбогдож, өөрсдийн киноны гол дүрийг хайх ажлыг эхлүүлсэн юм. Owen Cooper 500 гаруй хүүхэд дундаас онцгойрон шалгарч “Adolescence” киноны гол дүрд тоглохоор болжээ. Түүнийг кино багийнхан “Тэр камерт үнэхээр гайхалтай харагддагаас гадна түүний жүжиглэлт, импроваци үнэхээр ухаалаг байсан” мөн “Тэр яг л төрмөл авьяастай юм шиг мэдрэгдсэн” хэмээн магтаж байжээ. 
 
Энэхүү кино анги бүр нь нэг цаг орчим урттай дөрвөн хэсгээс бүрдэх “Mini Series” төрлийн цуврал юм. Английн нэгэн хойд зүгийн хотод 13 настай Jammie Miller хэмээх хүү ангийнхаа охиныг алсан хэмээх хэрэгт сэжиглэгдэж, байцаагдаж байгаа тухай өгүүлдэг байна. Мөн энэхүү аймшигт хэргээс шалтгаалж Английн нийгэмд, ялангуяа дунд сургуулийн хүүхдүүдэд хэрхэн нөлөөлж буй, өнөөгийн нийгмийн асуудлууд, эмэгтэйчүүдийн эрхийн тухай хийгээд цахим сүлжээ энэ хэрэгт хэрхэн холбогдож буйг дүрсэлсэн байна. “Adolescence” кино 2025 оны гуравдугаар сард “Netflix” цахим платформ дээр нээлтээ хийснээс хойш эхний долоо хоногтоо АНУ болон Их Британи Улсуудад тус тус үзэлтийн тоогоор тэргүүлсэн ажээ. IMDB-гээс 8.1 хэмээх өндөр үнэлгээг хүртээд байгаа нь энэхүү киноны чанарын баталгаа болж байгаа билээ. Уг киноны анги бүр нь дундаа тасралтгүй нэг үргэлжилсэн зураг авалтаар бүтсэн гэдгээрээ алдартай юм. Ийм зураг авалтын аргаар хийсэн киноны хувьд жүжигчин алдах эрхгүйгээр, өндөр ур чадварыг өөрөөсөө гаргаж тоглодгоороо онцлогтой. Тус цувралд хүүхдийн сэтгэл судлаачийн дүр бүтээсэн Erin Doherty “Шилдэг эмэгтэй туслах дүр” төрөлд Эммигийн шагнал хүртсэн байна. 
 
Киноны гол дүрийн хүүгийн аав болох Eddie Miller-ийн дүрийг бүтээсэн жүжигчин Stephen Graham 15 настай супер од Owen Cooper-ийг “дараагийн Robert De Niro” хэмээн нэрлэж, нэлээдгүй өндрөөр үнэлээд буй. Анхны зураг авалтын үеэр камерын өмнө огт гарч үзээгүй Owen Cooper яг л насаараа энэ ажлыг хийсэн мэт гайхалтай жүжиглэлтийг харуулсан явдал нь кино зураг авалтын багийг гайхшируулаад зогсохгүй интернэтэд цацагдсан бичлэгээрээ дэлхий нийтэд Их Британид Tom Holland-ын ардаас нэгэн авьяаслаг шинэ залуу хүү гарч ирж байгааг зарласан юм. 
 
Тэрбээр Эмми шагнал гардуулах ёслолоос шагнал хүртсэнийхээ дараа “Яг үнэндээ би хэдэн жилийн өмнө жүжгийн дугуйланд явж эхлэхдээ энд ингээд зогсож байх нь бүү хэл Америкт ирчихсэн явж байна ч гэж төсөөлж байгаагүй ээ. Гэхдээ өнөөдөр чи хийхийг хүсэхгүй байгаа зүйлээ хийж, анхаарлаа төвлрүүлж, хичээж чадвал амьдралдаа юуг ч бүтээж чадна гэдгийг баталж байгаа юм шиг санагдаж байна. Би гурван жилийн өмнө хэн ч биш байсан. Одоо би энд зогсож байна шүү дээ. Миний нэр энэ дэлгэцэн дээр гарч ирж байгаа ч энэ бүхэн камерны ард байгаа кино зураг авалтын баг та бүхний маань ач гавьяа юм шүү” гэжээ. 
 
Э.Өгөдэй
 

Хамгийн залуудаа Emmy шагнал хүртсэн жүжигчин Owen Cooper гэж хэн бэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188