• Өнөөдөр 2025-10-16

Б.ЖАВХЛАН: УИХ Үндсэн хуулиа зөрчиж байна

2025-10-16,   114

          Сангийн сайд Б.Жавхлан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

             Тэрбээр "2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хүртэл Засгийн газрыг огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, санал хураалтын дүнгийн үндсэн дээр шийдвэр гаргадаг байсан. Харин 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрыг тогтвортой байлгах зорилгоор энэ журамд өөрчлөлт орсон. Шинэ заалтын дагуу, УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй хувь нь Ерөнхий сайдыг огцруулах санал гаргасан тохиолдолд УИХ уг асуудлыг гурав хоногийн дотор хэлэлцэж, арав хоногийн дотор шийдвэрлэх ёстой. УИХ-ын нийт гишүүний олонх уг саналыг дэмжвэл, Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол батлагдаж, Ерөнхий сайдыг огцорсонд тооцно. Иймээс 2019 оноос хойших зохицуулалтын дагуу Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны шийдвэрээр бус, харин УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгийн гарын үсэг бүхий бичгийн үндсэн дээр хэлэлцэж, санал хураалт явуулах ёстой. Мөн Үндсэн хуулийн энэ өөрчлөлттэй уялдуулан УИХ-ын дэгийн тухай хуульд ч тодорхой өөрчлөлт орсон. Энэ дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг хэлэлцэж, хэлэлцсэн дүнг УИХ-д танилцуулна. Үүний дараа Үндсэн хуульд заасан журмын дагуу санал хураалт явагдах ёстой. Ийнхүү Үндсэн хуулийн шинэ зохицуулалтын дагуу Засгийн газрыг огцруулах асуудлыг анх удаа УИХ-аар хэлэлцэх гэж байна. Гэтэл УИХ-ыг даргалж буй Булгантуяа “Төсөв хэлэлцэх цаг болсон, товлосон хугацаа орсон” гэх шалтгаанаар Үндсэн хуулийн заалтыг зөрчиж, уг асуудлыг хэлэлцүүлэхгүй байгаа нь өөрөө хууль зөрчиж буй үйлдэл юм. Төсвийг хэлэлцэх 45 хоногийн хугацаа аль хэдийнэ өнгөрсөн. Өмнө нь төсөв 45 хоногийн дотор батлагддаг байсан ч, одоо хоёр дахь хэлэлцүүлгээ ч хийж амжаагүй байна. Иймд өнөөгийн УИХ Үндсэн хуулиа зөрчиж байгаа гэж үзэж, бид нэр бүхий гишүүд энэ үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ мэдэгдэж байна" гэв.

Б.ЖАВХЛАН: УИХ Үндсэн хуулиа зөрчиж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188