• Өнөөдөр 2024-04-25

ТАМГАТАЙ НАЙРУУЛАГЧ

2023-06-30,   1925

-"ТАМГАГҮЙ ТӨР"-ИЙГ НАЙРУУЛАН ТАВЬСНААРАА ТЭР ТАМГАТАЙ НАЙРУУЛАГЧ БОЛЖ ЧАДЛАА-

        Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуай энэ өдрүүдэд тэнд ёстой онгирч суугаа байх аа. Тэр “Харсан уу, та нар. Би найруулдаг сан бол Арчуг хааны ухааныг ингэж л тамгалах байлаа. Хорин хэддэх ч юм бэ удаагаа тавигдаж байгаагаас энэ удаагийнх цаг үеэ илүү тодрууллаа. Баатар чадна л даа, тэр чадлаа. Тэр бид хоёрт нэг тийм мэдрэмж, авьяасархуу юм бол байгаа юм аа” гээд нүдээ анин, цэнхэр утаа суунаглатал тамхиа баагиулж суугаа байх.

        Харин “Херо” интертайментийн Ерөнхий найруулагч, “Тамгагүй төр” жүжгийн найруулагч Б.Баатар өдөр хоногуудыг нэг тийм айдастай догдлолтой, халуу шатсан шархираантай ч юм шиг үдэж байгаа биз ээ. Учир нь, тэр олон хүнээс “Аа, мөн сайхан жүжиг болжээ” гэх сайшаал, магтаал сонсож байгаа ч өөртөө бол дутуу оргиод, хөндүүрхэн яваа болов уу. Жүжгийн гол санааг ааганд нь тулгаж, үнхэлцгэнд нь багтааж  чадаагүй ч юм шиг багтрал тархин дотор нь эргэлдэж байгаа байх. Бас “Лхагваа ах байсан бол юу гэх байсан бол” гэсэн бодол түүний сэтгэлийг холгож байж ч мэднэ.

ЭНЭ ЦАГИЙН “ЭГЭРЭГ, АЧИР, ЦЭЦЭР”-ҮҮДЭЭС ЗАЛХСАНАА ХЭЛЭХ ГЭЖ “ТАМГАГҮЙ ТӨР”-ИЙГ НАЙРУУЛСАН УУ

          Б.Баатар бол одоогийн улс төрд тун гүнзгий “хутгалдсан” найруулагч. Түүнийг ““Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн найруулагчаас Монгол төрийн найруулагч болсон” хэмээх хүмүүс ч бий. Сүүлийн хоёр Ерөнхийлөгч, хоёр Ерөнхий сайдыг, түүнээс хэд дахин олон улстөрч “төрүүлсэн” гэцгээх нь ч бий. Өөрөөр хэлбэл, төрийн өндөр дээд албан тушаал хаших хүмүүсийн хэм хэмжээ, сандал, суудлын төлөө зүтгэгсдийн дүр төрх, аяг араншинг хамгийн ойроос харж, мэдэрч яваа нэгэн. Энэ өнцгөөс “Тамгагүй төр” жүжгийг барьж авсан нь санаандгүй бөгөөд уран бүтээлч л учраас, эсвэл Б.Лхагвасүрэн гуайн бүтээл болохоор нь л сэтгэл хөдлөлөөр шийдсэн хэрэг гэхэд дэндүү хилсдэж мэднэ.

        Би зөв таамаглаж байгаа бол тэр Монголын төр дэх Ачируудаас залхахдаа, албан тушаал, эрх мэдлийн төлөө “Эхтэйгээ гэрлэхэд ч бэлэн” залуусаас, яаж ч учирлаад иргэдийн боломж, энд тэндэхийн хамаг тендерийг хамж, ханцуйдаа нуучихаад төрийн сэнтий рүү улайрагсдыг жигшихдээ “Тамгагүй төр”-ийг “амилуулсан” байх. Тэндэх бузар булай, бусармаг, өөдгүй бүхнийг тэвчилгүй багтарч явахдаа Б.Лхагвасүрэн гуайн “Тамгагүй төр”-ийг сэрсэн ч биз, оносон ч биз ээ.

      Гурван бүлэг, зургаан үзэгдэлт энэхүү жүжгийг их зохиолч маань УИХ-д суусан он жилүүддээ үеийнхэн хийгээд дүү Ачируудаасаа авсан жигшим мэдрэмжүүдээ халуунаараа байхад нь, бичиж, уудалж л салахгүй бол сэтгэл зүрхийг нь урж, тасдаад зүгээр суулгахгүй байсан он жилүүддээ сийрүүлсэн гэхэд худал болохгүй. Их зохиолч Б.Лхагвасүрэн 1992-1996 онд УИХ-ын гишүүн байсан билээ. Тэр “Тамгагүй төр” эмгэнэлт жүжгийн зохиолоо Улсын их хурлын гишүүнээсээ ангижирсныхаа дараа бичсэн. Тэгэхээр энэхүү жүжгийг бичсэн зохиолчийн тухайн үеийн мөн чанарын хашгираан, эдүгээ хорин хэддэх нь болоод ч хамаагүй найруулсан найруулагчийн мөн чанарын хашгираан хоёул Монгол төр дэх Эгэрэг, Ачир, Цэцэрүүдээс залхах, жигших дээр нэгдсэн байж мэднэ. Ингэж нэгдээгүй бол тэр заавал энэ жүжгийг барьж авахгүй байсан гэж найднам.

       Хэрвээ тэр зарим хүний яриад байгаа шиг нэр алдарт дурлаж, “Танил талтайгаараа далимдуулан юу дуртайгаа найруулах нь ээ” гэх үгэнд багтсан жижигхэн нэгэн байсан бол, нижигнэсэн алга ташилт, бахархал, баглаа баглаа цэцэг төдийхнийг хүссэн бол хэний ч зүрх сэтгэлийг булиглуулж, догдлуулах хайрын, нөхөрлөлийн, эх үрийн тухай гээд хэдэн арван зуун зохиолын алинаас нь ч хамаагүй сонгоод, хөнгөхөөн гэгч нь найруулчихаад хэвлэл бүрийн хойморт инээж зогсох  байсан биз ээ.

ДОМОГ, ШИДИЙГ ХАМТДАА БҮТЭЭСЭН УРАН БҮТЭЭЛЧДЭДЭЭ БАЯР ХҮРГЭЕ

         Б.Баатарыг “Монгол тулгатны зуун эрхэм”-ээс хойш уран бүтээлч, найруулагчаар нь олны дунд эргүүлэн авчирсан гавьяатнууд бол “Тамгагүй төр”-ийг бүтээсэн уран бүтээлчид. Тэд байгаагүй бол, дүрээ бүтээхийн төлөө ингэтэл хөдөлмөрлөөгүй бол, хэн нэгнийх нь ур чадвар үзэгчдэд өчүүхэн л гологдсон бол Б.Баатар найруулагчийн баяр хөөр, шаналан, шархлалт, мөрөөдөл, хашгираан, хөдөлмөр өөр юу байдаг юм тэр бүхэн юу ч үгүй болох байлаа.

         “Тамгагүй төр”-ийг энэ цагт Б.Баатар биш, өөр хэн ч найруулсан Арчуг хааныг Г.Эрдэнэбилэгээс өөр хэн бүтээнэ гэж. “Тэнгэрийн хүү”-г тэнд хэрхэн өсөж том болсныг, төрт улсынхаа төлөө хайртай бүхнээ өөрөөсөө “явуулж” чадаж байгааг нь харах бахдалтай байлаа. Соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбилэг энэ жүжгээрээ өөрийгөө эвдэж, эрч хүчтэй залуугийн төрхөө таягдан хаяж, их хааны дуу хоолой, өнгө аяс, үйл хөдлөлийг ялгах аргагүй харуулж чадсан. Тэр ч хэрээр тоглолт дууссаны дараах түүнд зориулсан үзэгчдийн алга ташилт театрыг “жаргааж” байсныг дурдах нь зүйтэй.  

       “Танихгүй эмэгтэйн захидал”-аас эхлээд үзэгчдийн сэтгэлд дархлагдсан Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ төрийн толгойд шургалсан ховдог шунахай, зальжин, хэрцгий эрийг тайзан дээр ёстой дүрээр нь “гаргаад” ирсэн дээ. Түүнд итгэж, үрийг нь төрүүлчихээд, ятгалга, хүчирхийллийн эрхэнд хүүхдээ хүний хүүхдээр солин тарчилж яваа Цэцэрийн дүрийг Гавьяат жүжигчин У.Уранчимэг чадварлаг бүтээснийг үзэгчид дуу нэгтэй хэлэх биз ээ. Үүний дараа мэдээж Соёлын тэргүүний ажилтан Ш.Доржсүрэн буюу 24 жилийн өмнөх ба дараах Ачир. Өөрөөр хэлбэл, Б.Лхагвасүрэн зохиолчийн жүжгээ бичиж байх үед Монголын төрд байсан Ачир өнөөдөр ч хөлөө чирээд, бохир санаа, богино бодол, хэрцгий догшин авир, эрх мэдлийн төлөөх шуналаа тээсээр явааг үзэгчдэд тэр хангалттай харуулж чадсан билээ.

       Гэм зэмгүй, гэнэн, шударга залуусын хувь заяа, амь насыг эрх ямба, алдар суу хүсэгчид ямар амархан хөнөөж, эргүүлж байгааг Хүчир буюу Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Шинэбаяр харуулдаг бол түүний төрсөн эх, Арчуг хааны хайртай хатан Гүргэлийн дүрийг Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин О.Дөлгөөн төвөггүйхэн “амилуулсан”. Жүжиг тайзнаа тавигдаад хагас сар орчмын хугацаа өнгөрсөн ч гярхай хийгээд өөнтөгч үзэгчдээс урам хугалам, зүрх мохом үг лав сонсогдсонгүй. Зорьж үзсэн бүхэн “Сэтгэл дүүрэн, нэгийг бодож, хоёрыг тунгаалаа” гэцгээж байгаагаас найруулагч цагаа олж, жүжигчид дүрээ олон энэхүү бүтээлийг хамтдаа дахин мөнхөлж чаджээ.

      Тийм ээ, “Тамгагүй төр” тайзнаа дахин хэчнээн ч удаа амилсан ойрын 30 жилдээ лав энэ жүжгийн найруулга Баатараас өмнөх, Баатараас хойших гэсэн хоёр он цагт л яригдана. Учир нь, тэр драмын тайзнаа тавигддаг түүхэн жүжгүүдийн уртаас урт, уйтгартайгаас уйтгартай цээжилсэн яриа, би төвт номчирхол мэт хэн нэгний уран үзүүлбэр зонхилдог хэвшмэл дүр төрхийг эвдэж чадсан.

        Үүний ганцхан жишээ нь, театрынхан руу Үндэсний урлагийн их театрын болон циркийн бүжигчдийг нэгтгэн авчирч, бас мөрөөдлийг нь биелүүлж, гайхалтай цогц дүр-физикл драм бий болгож чадлаа. Дүрүүдийн бодол санаа, муу, сайн зөн совин, айдас, баяр хөөр, шунал тачаалыг илэрхийлж тэнд бүжиглэсэн бүжигчид үгүй сэн бол үзэгчид ердөө гол дүрийн зургаан жүжигчний яриа, хүүрнэлийг сонссоор, хааяа нэг нэмэгдэх бөө, хэвтүүл зэргийг сониучирхан суух байсан билээ. Хамгийн чухал нь бүжигчдийн хөдөлгөөн дүр тус бүрийн сэтгэлийн илэрхийлэл, “ҮГ” болж чадаж байсныг онцлох хэрэгтэй. Тэднээс гадна жүжигт есөн бөө, зургаан ятгачин бүсгүй, эхэсийн цацарын хөгшин залуу эмс, зар мэдээч, босуул, хэвтүүлүүд, хөлөг баатрууд тайзыг сүр хүчтэй болгож байсан билээ. Өөрөөр хэлбэл, драмын бүтээлд зөвхөн тус байгууллагынхан тоглох албагүйг, тэд бусадтай хамтарвал ямар гоё хоршил бий болгож болохыг бүжгийг дэглэсэн Д.Баярбаатар, Х.Хашхүү, хөгжмийн зохиолч М.Бирваа, Б.Одбаяр, зураач Д.Ганзориг нар ерөнхий найруулагчтайгаа хамтран харуулж чадлаа.

          Түүнчлэн Хүннү гүрний, тэртээ харь холын ид шид, домог болсон үүх түүхэн дүр зураглалыг өдгөөгийн бидэнд ид шид, домгийн төрхтэйгээр нь, тэр тусмаа гаднын уран зөгнөлт Аватар тэргүүтэй кинонуудад л гардаг шидийн орчин, дууны эффект, дүрс, гэрэлтүүлгийн гайхамшиг, түүхэн эх сурвалжид тулгуурласан гоёмсог хувцас, хэрэгсэл, чөтгөр, шулам мэт боловч зөн совингийн гэмээр дүр, төрхүүдийг үзүүлсэн нь найруулагчийн үзэгч бүрдээ нандин мэдрэмж үлдээхийг хүсдэг уран сэтгэмж, юухныг ч орхилгүй чухалчилдагтай нь холбоотой биз ээ. Мэдээж энэ бүхэн эх зохиолын агуулгыг орчин үетэй холбон өргөж байгаа болохоос жүжгийн мөн чанар, амин сүнс, жүжигчдийн ур чадвар тодоос тод, урнаас урнаар тайзнаас үзэгчдийн сэтгэл зүрхэнд хүрч, амилж, чадсаныг онцлох хэрэгтэй.

АМЬСГАА ДАРАН ХҮЛЭЭЖ БАЙЯ

        Зохиогчийн яг л онож өвтгөдөг, бас онож эдгээдэг үнэн хийгээд яруу тансаг үгсийнх нь гайхалтайг онцлон тэмдэглэх хэрэгтэй. “Тамгагүй төр” жүжиг бусад жүжгээс нь тэс өөрөөр бичигджээ. Цэцтэй мөртлөө хүмүүсийн хамгийн түгээмэл хэрэглэдэг энгийн үгнүүдийн холболт тийн хурц хийгээд үнэн сонсогддог ч байж мэднэ. Бүр тодруулж хэлбэл, үг, өгүүлэл бүр нь үзэгчдийн сэтгэлд хамгийн ойрхон мөртлөө тархи, зүрхэнд тас няс хийн бууж байгаа нь зохиогчийн авьяасаас гадна жүжигчдийн ур биз ээ. Их зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжиг он, цаг элээх тусам улам бүр амь орж, төрд шургалахыг оролдсон бузар, булай бүхнийг жигшин зэвүүцэх үзэл санаа нь халуун зуухнаас дөнгөж гаргасан шинэхэн талх мэт хаа сайгүй сэнхийтэл “үнэртэж”, зуун зууныг дамжин “амьдарч”, хүн төрөлхтний оюуныг тэжээсээр, ухааруулсаар байх суут бүтээл мөн ажээ. Энэхүү үндэстний суут бүтээлийг найруулагч Б.Баатар өөрийнхөөрөө дэглэн өнөөгийн бидэнд толь мэт өмнө минь тавьснаараа тэр найруулагчийн тамгаа "авч" чадлаа. Одоо түүний дараагийн хэлэх үг, хийх бүтээлийг амьсгаа даран хүлээе...

           Эхлэлд хэлсэн шиг найруулагч Б.Баатарт ямар нэг зүйл дутуу хийсэн юм шиг мэдрэмж үлдэх ёстой. Түүнийгээ гүйцээхийн тулд тэр дахин өндийнө... Юу байхыг хэлж мэдэхгүй ч оюун санааны луужин, сэтгэлгээний тэс өөр бүтээлүүд хүүхэд, залууст үгүйлэгдсээр байгааг дайя...

 


ТАМГАТАЙ НАЙРУУЛАГЧ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-29 07:25:50
    emee: baatar nairuulagchaa ih bararlalaa, mongoliin urlagaas huleeh yum baihgui shaham olon jil yavlaa, dahiad tolgoi yum bodoj setgel butasaltal yum hiigeerei
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188