Дэлхийн улс төрийн анхаарал өнгөрөгч долоо хоногт БНХАУ-ын Шэньжэнь хотод болсон гурван их гүрний удирдагчдын уулазлт дээр төвлөрлөө. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар арваннэгдүгээр сарын 19 буюу өнгөрсөн пүрэв гарагт анх удаа гурван талын уулзалт хийв. АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр болсон энэ уулзалт дэлхийн хамгийн том цөмийн зэвсэгтэй гурван гүрний удирдагч нэг ширээнд сууснаараа онцлог байсан аж. Тэгвэл тус уулзалтаар ярилцаж, хэлэлцсэн асуудлууд болон ямар шийдвэр гаргасан, шийдвэрүүд нь дэлхийн улс төр, геополитикт ямар нөлөө үзүүлэх талаар олон улсын шинжээчдийн байр суурийг тоймлон хүргэж байна.
АНУ, ОХУ, БНХАУ-ын удирдагчид гурван талт уулзалтаар олон улсын аюулгүй байдал, Украины дайн, Ираны асуудал, цөмийн зэвсгийн эрсдэл, эрчим хүчний нийлүүлэлт, НҮБ-ын шинэчлэлийн талаар санал солилцсон гэнэ. Гэсэн ч 70 орчим минут үргэлжилсэн хэлэлцээ бодитой, томоохон тохиролцоонд хүрсэнгүй. Харин уулзалтын дараа дөрвөн үндсэн заалт бүхий хамтарсан тунхаглал гаргаж, НҮБ-ыг шинэчлэх, газрын тосны боловсруулсан бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, олон улсын шүүхийн харьяаллын асуудлыг хөндөх, цөмийн эрсдэлийг бууруулах яриа хэлэлцээ хийхээр тохиролцов.
Тунхаглалд Украины дайн болон Ираны мөргөлдөөнийг шууд нэрлээгүй нь анхаарал татав. Өөрөөр хэлбэл, дэлхийн хамгийн том гурван гүрэн энх тайван, тогтвортой байдлын тухай нийтлэг байр суурь илэрхийлсэн ч өнөөдрийн олон улсын хямралыг шийдвэрлэх нэгдсэн төлөвлөгөө боловсруулж чадсангүй. Тиймээс Шэньжэний уулзалтыг дэлхийн дэг журмыг өөрчилсөн түүхэн тохиролцоо гэхээс илүүтэй, их гүрнүүдийн харилцааны шинэ үеийн улс төрийн дохио гэж дүгнэж болохоор байна.
Уулзалтыг зохион байгуулсан БНХАУ-ын дарга Ши Жиньпиний хувьд энэ нь олон улсын тавцанд Хятадын байр суурийг бэхжүүлэх чухал боломж байв. Вашингтон, Москва хоёрын харилцаа олон асуудлаар зөрчилтэй хэвээр байгаа энэ үед Бээжин хоёр талын удирдагчдыг нэг ширээнд суулгаж чадсан нь Хятадын дипломат нөлөө нэмэгдсэнийг харуулах үйл явдал боллоо.
Ши Жиньпин их гүрнүүд харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн орших, хамтран ажиллах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Бээжин өөрийгөө дэлхийн мөргөлдөөнд шууд оролцогч бус, харин хэлэлцээ, хамтын ажиллагааг дэмжигч хүчирхэг гүрэн болгон харуулахыг зорьж байна.
Гэхдээ Хятадын хувьд энэ уулзалт зөвхөн дипломат нэр хүндийн асуудал биш. АНУ-тай худалдаа, технологийн салбарт өрсөлдөж, ОХУ-тай стратегийн харилцаагаа гүнзгийрүүлж буй Бээжин дэлхийн улс төрийн гол асуудлуудад өөрийн байр суурийг хүлээн зөвшөөрүүлэх сонирхолтой. Үүний зэрэгцээ Тайванийн асуудал, Өмнөд Хятадын тэнгис дэх маргаан зэрэг Хятадын үндэсний аюулгүй байдлын гол сэдвүүд гурван талын тунхаглалд тусгагдсангүй.
Владимир Путиний хувьд Шэньжэний уулзалт дипломат ач холбогдолтой байлаа. Украины дайны улмаас барууны орнуудын хориг арга хэмжээнд өртөж, олон улсын тавцанд тусгаарлагдах эрсдэлтэй болсон Москва АНУ, БНХАУ-ын удирдагчидтай нэг ширээнд сууснаар ОХУ дэлхийн бодлогыг тодорхойлох гол тоглогч хэвээр байгааг харуулах боломж олж авав.
Трамп Путинтэй уулзахдаа түүнийг “найз” хэмээн нэрлэж, хоёр улсын удирдагчид харилцаагаа сэргээх боломжтой гэсэн өнгө аястай мэдэгдэл хийсэн. Харин Путин ОХУ, АНУ, БНХАУ бүс нутгийн мөргөлдөөнийг шийдвэрлэхэд нийтлэг ашиг сонирхолтой гэж онцолсон байна.
Уулзалтын бас нэг анхаарал татсан хэсэг нь Олон улсын эрүүгийн шүүхийн асуудал байв. Гурван улс төрийн албан тушаалтнуудын халдашгүй байдлыг хүндэтгэх, олон улсын шүүхүүд харьяаллаа хэтрүүлэн ашиглах ёсгүй гэсэн байр суурь илэрхийлсэн. Энэ нь Украины дайны асуудлаар Путинд холбогдуулан гаргасан Олон улсын эрүүгийн шүүхийн баривчлах захирамжтай холбоотойгоор улс төрийн онцгой утга агуулж байна.
Гэхдээ уулзалтаар ОХУ-ын эсрэг барууны хоригийг цуцлах, Украины дайныг зогсоох тодорхой тохиролцоо хийгдээгүй. Путин дипломат тавцанд байр сууриа бэхжүүлсэн ч Москвагийн өмнө тулгарсан эдийн засаг, аюулгүй байдлын сорилтууд хэвээр үлдлээ.
Шэньжэний уулзалтын хамгийн эмзэг сэдвүүдийн нэг нь Украины дайн байв. Трамп Украины дайныг энхийн замаар шийдвэрлэх асуудлыг Путин, Ши Жиньпин нартай ярилцсан гэж мэдэгдсэн. АНУ-ын тусгай элч нарын нэг Жаред Кушнер ОХУ Украинд НАТО-той төстэй аюулгүй байдлын баталгааг хэлэлцэхэд бэлэн байж магадгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.
Гэвч хамтарсан тунхаглалд Украины асуудлыг огт тусгаагүй нь хэлэлцээний бодит үр дүн хязгаарлагдмал байсныг харуулж байна. Оросын хувьд дайныг өөрийн нөхцөлөөр дуусгах сонирхол давамгайлж байгаа бол Украины хувьд газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнол, урт хугацааны аюулгүй байдлын баталгаа нэн тэргүүнд тавигдана.
Европын орнууд ч Киевийн оролцоогүйгээр Украины ирээдүйг шийдэх аливаа тохиролцоог хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлэв. Германы канцлер Фридрих Мерц Берлинд болсон уулзалтын үеэр Европыг хуваах, Украины хувь заяаг бусдын өмнөөс шийдэх хэлэлцээр байж болохгүй гэсэн байр суурь илэрхийлсэн байна.
Трамп Шэньжэний уулзалтын дараа Берлинд болсон Украин, Европын удирдагчдын уулзалтад цахимаар оролцож, энхийн хэлэлцээний талаар ярилцжээ. Энэ нь Вашингтон Москва, Бээжинтэй шууд харилцахын зэрэгцээ Европын холбоотнуудаа хэлэлцээний үйл явцаас бүрэн орхих боломжгүйг харуулсан алхам байлаа.
Ойрх Дорнодын хурцадмал байдал ч гурван удирдагчийн хэлэлцэх гол сэдвүүдийн нэг байв. Ирантай холбоотой мөргөлдөөн өргөжиж, АНУ-ын холбоотнууд руу чиглэсэн халдлага нэмэгдсэн нь бүс нутгийн аюулгүй байдлаас гадна дэлхийн эрчим хүчний зах зээлд эрсдэл учруулж байна.
Трамп Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэх, дэлхийн эрчим хүчний тээвэрлэлтийн гол зангилаа болох Ормузын хоолойн хөдөлгөөнийг хэвийн болгох шаардлагыг онцолжээ. Тэрбээр Ши Жиньпинтэй энэ асуудлаар санал нийлж буйгаа мэдэгдсэн ч Бээжин, Москвагаас Ираны мөргөлдөөнийг шийдвэрлэхэд чиглэсэн тодорхой амлалт авсан гэх мэдээлэл гараагүй байна.
Ормузын хоолой нь дэлхийн газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтийн стратегийн чухал зам юм. Тус хоолойн хөдөлгөөн доголдох нь зөвхөн Ойрх Дорнодын орнуудад бус, Ази болон Европын эрчим хүчний зах зээлд шууд нөлөөлөх эрсдэлтэй. Иймээс гурван гүрэн тунхаглалдаа газрын тосны боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх асуудлыг тусгасан нь эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой чухал дохио болов.
Гэсэн ч эрчим хүчний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх тухай ерөнхий тохиролцоо нь Ираны мөргөлдөөнийг зогсоох шийдэл биш. Бүс нутгийн зөрчил цаашид хэрхэн өрнөхөөс дэлхийн зах зээлийн тогтвортой байдал ихээхэн хамаарах төлөвтэй байна.
АНУ, ОХУ, БНХАУ-ын удирдагчид цөмийн дайнд ялагч гэж байхгүй, ийм дайн хэзээ ч гарах ёсгүй гэдгийг дахин нотолж, цөмийн эрсдэлийг бууруулах болон зэвсэг дэлгэрүүлэхээс сэргийлэх асуудлаар яриа хэлэлцээ хийхээр тохиролцсон нь уулзалтын хамгийн тодорхой үр дүнгийн нэг байлаа.
Энэ асуудал цаг үеийн онцгой ач холбогдолтой. Учир нь АНУ, ОХУ-ын цөмийн зэвсгийг хязгаарлах гол гэрээний тогтолцоо дуусгавар болсноос хойш хоёр улсын хооронд шинэ зохицуулалт бий болгох асуудал хурцаар тавигдаж байна. Трамп цөмийн зэвсгийн хяналтын шинэ хэлэлцээнд Хятадыг оролцуулах сонирхолтой байгаа ч Бээжингийн цөмийн зэвсгийн нөөц Вашингтон, Москвагийнхаас харьцангуй бага тул гурван талт хэлэлцээний нөхцөл, үүрэг хариуцлагын талаар байр суурийн зөрүү бий.
Хятадын тал АНУ, ОХУ эхлээд өөрсдийн цөмийн зэвсгийн нөөцийг бодитоор бууруулах ёстой гэсэн байр суурь илэрхийлж ирсэн. Ийм нөхцөлд гурван улсын удирдагч яриа хэлэлцээ хийхээр тохиролцсон нь нааштай алхам боловч зэвсэг хорогдуулах шинэ гэрээ байгуулах, тодорхой тоон хязгаар тогтоох шийдвэр хараахан гараагүй байна.
Трампын Азийн орнуудаар хийсэн дипломат айлчлалын гол зорилгуудын нэг нь Хятадтай харилцах харилцааны хурцадмал байдлыг зохицуулах явдал байв. Ши Жиньпинтэй хийсэн тусдаа уулзалтаар худалдаа, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нийлүүлэлт, эрчим хүчний урсгал болон Тайванийн асуудлыг хөнджээ.
Гэвч хоёр улсын харилцааны үндсэн зөрчил хэвээр байна. АНУ Хятадын өндөр технологийн салбарын өсөлтийг хязгаарлах бодлогоо үргэлжлүүлж, дэвшилтэт чип, хиймэл оюун ухааны технологийн экспортод хяналт тавьж байгаа бол Бээжин технологийн хараат бус байдлаа нэмэгдүүлэхийг зорьж байна.
АПЕК-ийн уулзалтын үеэр Ши Жиньпин бүс нутгийн эдийн засгуудыг нээлттэй худалдаа, технологийн хамтын ажиллагаагаа хадгалахыг уриалсан. Харин Трамп АНУ-ын эдийн засгийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьж, худалдааны шинэ хэлэлцээр байгуулах байр сууриа илэрхийлэв.
Ийнхүү Вашингтон, Бээжин хоёр талын харилцаагаа тогтворжуулах сонирхолтой байгаа ч худалдаа, технологи, аюулгүй байдлын салбар дахь өрсөлдөөн ойрын хугацаанд намжих шинжгүй байна.
Шэньжэнь хотод болсон АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт зөвхөн гурван гүрний уулзалтаар хязгаарлагдсангүй. Ази, Номхон далайн бүс нутгийн 21 эдийн засгийн төлөөлөгчид худалдаа, хиймэл оюун ухаан, эдийн засгийн өсөлт, нийлүүлэлтийн сүлжээний асуудлыг хэлэлцэв.
Гэвч олон талт эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлууд их гүрнүүдийн геополитикийн өрсөлдөөний сүүдэрт үлдсэн юм. Хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологи нь бүс нутгийн эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч болж байгаа ч түүнийг хэрхэн зохицуулах, технологийн хүртээмжийг хэрхэн тэгш хангах талаар улс орнуудын байр суурь зөрүүтэй хэвээр байна.
АПЕК-ийн үеэр Хятад улс нээлттэй худалдааг дэмжих байр сууриа илэрхийлсэн бол АНУ технологийн аюулгүй байдал, үндэсний ашиг сонирхлоо хамгаалах бодлогоо үргэлжлүүлэв. Энэ нь бүс нутгийн эдийн засаг улс төрийн өрсөлдөөнөөс ангид байх боломж улам хумигдаж байгааг харууллаа.
Их гүрнүүдийн харилцаа дэлхийн анхаарлын төвд орсон энэ үед Канад, Япон зэрэг дунд хэмжээний гүрнүүд өөрсдийн гадаад бодлогын сонголтоо өргөжүүлэхийг эрмэлзэж байна.
Канадын Ерөнхий сайд Марк Карни Ази, Номхон далайн орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа бол Япон бүс нутгийн бусад түншүүдтэй харилцаагаа бэхжүүлэхийг зорьж байна. Энэ нь улс орнууд зөвхөн Вашингтон эсвэл Бээжингээс хамааралтай байхаас зайлсхийж, зах зээл, нийлүүлэлтийн сүлжээ, аюулгүй байдлын олон талт түншлэл бий болгохыг эрмэлзэж буйн илрэл гэнэ.
Өөрөөр хэлбэл, дэлхийн улс төр зөвхөн гурван их гүрний тохиролцоо, өрсөлдөөнөөр тодорхойлогдохоо больж байна. Дунд болон жижиг орнууд ч өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалах, олон улсын харилцаанд маневр хийх орон зайгаа нэмэгдүүлэхийг зорьж байна.
Шэньжэний тунхаглалд НҮБ-ын үйл ажиллагааг шинэчлэх асуудлыг тусгасан нь бас нэгэн анхаарал татах сэдэв байв. АНУ, ОХУ, БНХАУ нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн, хориг тавих эрхтэй гурван улс. Тэд дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах байгууллагын үр нөлөөг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзжээ.
Гэхдээ ямар бүтэц, ямар зарчмаар шинэчлэх талаар тодорхой санал дэвшүүлээгүй байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүдийн бүрэлдэхүүнийг өргөжүүлэх, Ази, Африк, Өмнөд Америкийн орнуудын төлөөллийг нэмэгдүүлэх асуудал олон жил яригдаж ирсэн ч их гүрнүүдийн ашиг сонирхлын зөрчил шийдвэрлэхэд саад болсоор байна.
Мөн гурван улсын тунхаглалд Олон улсын эрүүгийн шүүх болон ижил төстэй байгууллагууд харьяаллаа хэтрүүлэн ашиглах ёсгүй гэж дурдсан нь олон улсын эрх зүйн тогтолцооны талаарх маргааныг дахин хурцатгаж болзошгүй. Нэг талаас төрийн бүрэн эрх, албан тушаалтнуудын халдашгүй байдлыг хамгаалах асуудал яригдаж байгаа бол нөгөө талаас олон улсын гэмт хэрэгт хариуцлага тооцох тогтолцооны бие даасан байдал хөндөгдөж байна.
Шэньжэний уулзалтын дараа Европын орнуудын болгоомжлол ил тод болов. Ялангуяа Украины дайны асуудлыг АНУ, ОХУ, БНХАУ гурав өөрсдөө хэлэлцэж, Европ болон Украины байр суурийг орхигдуулах вий гэсэн болгоомжлол давамгайлж байна.
Дэлхийн хоёрдугаар дайны дараах Ялтын бага хурлыг санагдуулам их гүрнүүдийн тохиролцоо дахин бий болох ёсгүй гэсэн байр суурийг Европын удирдагчид илэрхийлэв. Тэдний хувьд Украины энх тайван зөвхөн газар нутгийн асуудал биш, Европын аюулгүй байдлын ирээдүйтэй шууд холбоотой юм.
Энэ нь АНУ, Европын харилцаанд ч сорилт болж байна. Трампын засаг захиргаа холбоотнуудаасаа батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлэхийг шаардаж, Украины асуудлаарх бодлогодоо өөрчлөлт оруулж байгаа нь Атлантын далай дамнасан харилцаанд тодорхой эргэлзээ үүсгэжээ.
| ГУРВАН ГҮРНИЙ “ТОХИРОЛЦОО” БУЮУ ШЭНЬЖЭНИЙ ТУНХАГЛАЛ ДЭЛХИЙ ДАХИНД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ |
|
ЭРДЭНЭТЭД ЭЗЭН СУУХЫГ САНААРХАГЧ Д.БАТЛУТЫН БАРААН БАРИМТ
2026-11-23 07:00:15
ГУРВАН ГҮРНИЙ “ТОХИРОЛЦОО” БУЮУ ШЭНЬЖЭНИЙ ТУНХАГЛАЛ ДЭЛХИЙ ДАХИНД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ
2026-11-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |