• Өнөөдөр 2026-11-24

“МОНГОЛ УЛСЫН ОСОЛ ГЭМТЛИЙН ТАНДАЛТЫН ТОГТОЛЦОО 10 ЖИЛД” СУДАЛГААНЫ ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2015 оноос Монгол Улсын хэмжээний осол гэмтлийн тандалтын тогтолцоог бүрдүүлсэн бөгөөд Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль, Осол гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөрүүд болон Эрүүл мэндийн сайдын холбогдох тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг хангах хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.

 Энэхүү үйл ажиллагааны хүрээнд ГССҮТ-ийн Нийгмийн эрүүл мэнд, статистик тандалтын албанаас хоёр жил тутамд “Монгол Улсад бүртгэгдсэн осол гэмтэл, гаднын шалтгаант өвчлөл, нас баралтын байдал” сэдвээр тархвар зүйн судалгаа хийж ирсэн бөгөөд энэ онд тав дахь удаагийн судалгаа болох “Монгол Улсын осол гэмтлийн тандалтын тогтолцоо 10 жилд” тайлангийн үр дүнг танилцуулах өдөрлөгийг Эрүүл мэндийн яаманд зохион байгууллаа.

 Өдөрлөгийг нээж ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах нар үг хэлсэн бөгөөд тус төвийн удирдлагын баг, эмч мэргэжилтнүүд болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Хууль зүй дотоод хэргийн яам, Зам тээвэр хөгжлийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөл зэрэг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажилладаг байгууллага, мөн осол гэмтлийн мэдээллийн цахим сан бүрдүүлэх, дүн шинжилгээ хийхэд хамтран ажиллаж буй ЭМЯ-ны харьяа лавлагаа шатлалын эмнэлэг, Нийслэлийн эрүүл мэндийн газар, дүүргийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд, АШУҮИС-ийн багш нарын төлөөлөл оролцлоо.

 Тус тайланд 2016-2025 оны осол гэмтлийн тандалтын мэдээллийг нэгтгэн, осол гэмтлийн шалтгаант өвчлөл, нас баралтын түвшин, цаг хугацааны өөрчлөлт, хүн ам зүйн онцлог, газарзүйн тархалт болон тэргүүлэх шалтгаануудыг судалж, дүн шинжилгээ хийсэн юм.

 Судалгааны үр дүн нь осол гэмтлийн өнөөгийн нөхцөл байдал, урт хугацааны чиг хандлагыг тодорхойлохын зэрэгцээ цаашид осол гэмтлээс урьдчилан сэргийлэх бодлого, хөтөлбөр, арга хэмжээг шинжлэх ухааны нотолгоонд тулгуурлан төлөвлөх, хэрэгжүүлэхэд ашиглах мэдээллийн чухал эх сурвалж болж байна.

 Өдөрлөгийн үеэр МУЗН болон ГССҮТ-өөс нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, осол гэмтэл, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, анхны тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хамтын ажиллагааны үр дүнг мөн танилцууллаа.

 Осол гэмтлийн тандалтын мэдээлэлд тулгуурласан урт хугацааны дүн шинжилгээ нь өвчлөл, нас баралтын чиг хандлагыг тодорхойлох, өндөр эрсдэлтэй хүн амын бүлгийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний тэргүүлэх чиглэлийг тогтоох, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.


“МОНГОЛ УЛСЫН ОСОЛ ГЭМТЛИЙН ТАНДАЛТЫН ТОГТОЛЦОО 10 ЖИЛД” СУДАЛГААНЫ ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188