• Өнөөдөр 2024-03-28

Анхны эмэгтэй дэд ерөнхийлөгч: Цагаачдын охин, кедэнд дурлагч Камала Харрис

2020-11-08,   1325

 
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден ялалт байгуулснаар АНУ-ын түүхэнд анх удаа эмэгтэй хүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдох нь тодорхой боллоо. Калифорни мужийн ерөнхий прокурор асан, хуульч, улстөрч  Камала Харрис гэгч хэн бэ? 
 
Д.Трампын дургүйцэл 
Камала Харрисыг дэд ерөнхийлөгчөөр зарлах үед АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эрс дургүйцсэн мэдэгдэл хийсэн юм. “Камала Харрис олон удаа худал ярьсан. Тэр татвар нэмэхийг дэмжигч, зэвсэгт хүчний санхүүжилтийг  хасахыг уриалагч.  АНУ-ын Сенат дахь хамгийн бүдүүлэг, бусдыг үл хүндэтгэдэг, либераль үзэлтэн. Жо Байден түүнийг дэд ерөнхийлөгчөөр зарласанд итгэж чадахгүй нь” гэж тэрбээр мэдэгдэж байлаа. 
 
Анхдагч 
Өдгөө 55 настай Камала Харрис АНУ-ын анхны эмэгтэй, өнгөт арьстан дэд ерөнхийлөгч болно. Энэ хүртэл замыг туулахдаа тэрбээр өөр олон зүйлд анхдагч байсаар иржээ. Калифорни мужийн тойргийн прокурор, улмаар мужийн ерөнхий прокуророор  сонгогдсон анхны хар арьст эмэгтэй бол Камала Харрис. Мөн тэрбээр АНУ-ын Сенатад сонгогдсон энэтхэг гаралтай анхны сенатч. Мөн дэд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан хүмүүсийн дунд ази, африк гаралтай эмэгтэй байгаагүй бөгөөд үүгээрээ анхдагч. Ерөнхийлөгчид ямар нэгэн зүйл тохиолдох, Төрийн тэргүүний үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон тохиолдолд Камала Харрис түүний халааг авна. Ингэсэн тохиолдолд тэрбээр АНУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болох юм. 
 
Цагаачдын охин 
Түүний ээж Шамала Гопалан 19 настайдаа Энэтхэгээс Америкт цагаачилж ирсэн бөгөөд аав Дональд Харрис нь Ямайкийн цагаач. Берклигийн их сургуульд тэд анх учирсан бөгөөд тэгш эрхийн төлөө тэмцэгчид байсан тул Камала Харрис багаасаа л жагсаал, цуглаанд “оролцож” явжээ. Камалаг долоон настай байхад эцэг, эх нь салж, тэрбээр дүү охин, ээжтэйгээ хамт өссөн. Хар арьстнууд голдуу амьдардаг дүүрэгт өссөн тэрбээр 1960-аад онд Калифорнид хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүнд цагаан арьстнуудын хүүхдүүд суралцдаг сургуульд орж, амжилттай төгссөн аж. 
Тэрбээр
“Хар арьст хоёр охин өсгөх ээжид минь амаргүй байсан. Бид өөртөө итгэлтэй, бардам эмэгтэйчүүд болоосой гэж тэр хүсдэг байлаа”
гэж ярьсан. Ээжийнх нь хүсэл биелж, Камала Вашингтоны Ховардын их сургуульд улстөр судлал, эдийн засгаар бакалавр хамгаалж, Берклигийн их сургуульд хуулиар магистрийн зэрэг хамгаалсан юм. 
 
Прокурор
1990 онд Камала Харрис Окландын Аламид тойргийн прокурорын газарт ажиллаж эхэлсэн бөгөөд бэлгийн хүчирхийллийн хэргүүдийг голчлон хариуцдаг байв. Төдөлгүй Калифорни мужийн хууль тогтоох байгууллагын тэргүүн Уилли Браунтай танилцаж, дотноссон байна. 30 насны зөрүүтэй хос удалгүй харилцаагаа ил болгож, олон нийтийн арга хэмжээнд хамтдаа ирж, Брауны зөвлөснөөр Камала мужийн бага орлоготой иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх комисст ажиллаж эхэлжээ. Гэсэн ч Уилли Браун Сан-Франциско хотын захирагч болсны дараа тэдний харилцаа дуусгавар болсон юм. 
Сан-Францискогийн тойргийн прокурорт ажиллаж байхдаа Камала өсвөр насныхны биеэ үнэлэлттэй тэмцэж, үүний зэрэгцээ хотын элитүүдтэй харилцаа холбоо тогтоосноор 2003 онд дүүргийн прокурорын сонгуульд олонхын санал авч ялалт байгуулсан юм. Улмаар 2010 онд мужийн ерөнхий прокурорын сонгуульд нэрээ дэвшүүлж, бүгд найрамдах үзэлт, цагаан арьстан Стив Кулитэй өрсөлдөн, ялалт байгуулсан билээ
 
Улстөрч 
2004 оноос Камала Харрис Ардчилсан намын улстөрч Барак Обамаг тууштай дэмжиж, найз нөхөд болжээ. Өнөөг хүртэл үргэлжилж буй тэдний нөхөрлөл, тэмцэгч зан, хуулийн салбарт олон жил ажилласан туршлага нь түүнийг улс төрд хөтөлсөн бөгөөд  2016 онд Калифорниос сенатчаар сонгогдсон бөгөөд улмаар  Сенатын Аюулгүй байдал, хуулийн хорооны гишүүн болсон юм. 
Өнгөрсөн оны намар Камала Харрис Ардчилсан намын сонгуулийн кампанид оролцохоо албан ёсоор мэдэгдэж, 2020 оны гуравдугаар сард нэр дэвшигч Жо Байденыг дэмжиж буйгаа илэрхийлсэн билээ. “Улс орноо нэгтгэж чадах удирдагч” гэж Ж.Байденыг онцолсон Камала ийнхүү АНУ-ын дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо. 
 
Кедэнд дурлагч 
2014 онд тэрбээр хуульч Даг Эмхоффтой гэрлэсэн. “New York Times” амралтын дугаарт нийтлэгддэг хоолны жорыг цуглуулан хадгалдаг, жигнэсэн тахианд дуртай тэрбээр “Converse Chuck Taylor” кедэнд дуртай, ажил хэргийн уулзалт, албаны ёсны арга хэмжээнээс бусад үед ийм кед өмсөхийг илүүд үздэг. Түүнийг Обамагийн эмэгтэй хувилбар гэж нэрлэх нь ч бий. 

Анхны эмэгтэй дэд ерөнхийлөгч: Цагаачдын охин, кедэнд дурлагч Камала Харрис
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188