ХӨСҮТ-ийн ажилтнуудын буруутай үйлдэл, мөнгөний төлөө сүнсээ ч худалдаж мэдэх шунал Монгол Улсыг тэр чигт нь цар тахалд нэрвэгдүүлчихлээ гэдгийг энэхүү бичвэрийн өмнө хэлмээр байна. Ингэж зоригтой хэлэх хэд хэдэн шалтгаан, ноцтой баримт байгаа юм. Монголын эрүүл мэндийн салбарынхан, тангараг өргөсөн зарим эмч, ажилтан цар тахлаар “халтуур” хийж, хуурамч сөрөг гэх хариу гаргаж өгснийхөө шанд цүнх цүнхээр нь мөнгө авч завшдаг бүр нөхөр, хүүхдүүдийнхээ дансаар нэг удаадаа 30, 40 сая төгрөг авч, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг өнгөрсөн өвөл, хаваржин гарсан гэвэл та итгэх үү.
Мөн уул, уурхай, банк, үйлдвэрийн ажилтнуудтай газруудаас оношлуур нийлүүлж “мөнгө “саадаг”, хувийн цөөн лабораторид давуу эрх олгож, их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй мөн ч олон хэрэг нь баримт, нотолгоотойгоо байцаагчдын ширээн дээр сагсайж байна. Үүнийг хууль хяналтынхан шалгаад эхэлжээ. Эдгээрээс гадна улсын мөнгөнөөс тэрбум, тэрбумаар нь ашиг хүртсэн гэмт хэргийн сэжүүрээс хууль хяналтынхан “атгаад” байгаа гэнэ. Гэмт хэргийн бүлэглэлийн хийсэн үйлдэл бүрийг эхнээс нь хөвөрдөж байгаа аж. Бүр тодруулбал, “Коронавирус илрүүлэх пи си ар шинжилгээг хуурамчаар үйлддэг, ингэхдээ бусдаас хариу тус бүрт 62-80 мянган төгрөг авдаг. Ийм замаар хэдэн зуун хуурамч хариу гаргаснаас болж, цар тахал нийслэл, орон нутаг дахь хэдэн мянган хүнд халдварлаж, 90 гаруй хүн харамсалтайгаар амь насаа алдаж, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэмт хэрэг болоод байна” гэх ноцтой мэдээлэл цацагдаж, цөөнгүй хүнийг сандаргаад буй. Энэ хэргийн мөрөөр Тагнуулын ерөнхий газар, АТГ-ынхан хяналт, шалгалт эхлүүлээд байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа ч тодорхой үр дүнд хүрч, ах, дүү, хамаатан садандаа шинжилгээний хариу хуурамчаар гаргаж өгдөг байсан байж болзошгүй нөхцөл баримтаар тогтоогдож, хэргийн сэжүүр анх илэрсэн түүхтэй.
Өөр нэг ноцтой асуудал нь төлбөртэй шинжилгээ авахаас гадна шинжилгээний хариу шивж оруулдаг нэгдсэн системд засвар оруулсан, хэдэн мянган хүний шинжилгээний хариу зассан зэрэг асуудал ил болоод буй. Энэ асуудалд ХӨСҮТ-ийн цөөнгүй эмч, ажилтны нэр дурдагдаад байгаа билээ. Тэгвэл дээрх мэдээллийн дагуух ноцтой баримтын эхлэлийг уншигч та бүхэнд хүргэж байна.
Монголын эрүүл мэндийн салбарынхан, тангараг өргөсөн зарим эмч, ажилтан цар тахлаар “халтуур” хийж, хуурамч сөрөг гэх хариу гаргаж өгснийхөө шанд цүнх цүнхээр нь мөнгө авч завшдаг бүр нөхөр, хүүхдүүдийнхээ дансаар нэг удаадаа 30, 40 сая төгрөг авч, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг өнгөрсөн өвөл, хаваржин гарсан гэвэл та итгэх үү
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа ноцтой баримт үнэнд хэр нийцэж байна вэ. Үнэхээр ХӨСҮТ өвчин тараах голомт болсон уу. Эсвэл өөр нэг эрх ашиг энд үйлчилж, жинхэнэ гэмт хэрэгтнүүд уснаас хуурай гарч байгаа юу. Мөрөөрөө ажлаа хийж явсан эмч, ажилтнуудыг хэлмэгдүүлж, олон нийтэд буруу ташаа ойлголт өгсөн юм биш биз. Энэ талаар бид эх сурвалжуудаас тодорхой мэдээлэл авсан юм.
Албаны эх сурвалж “Т.Мөнхсайхан сайд өнгөрсөн арванхоёрдугаар сард шалгалт хийж, ХӨСҮТ-д ноцтой асуудал олон байгааг мэдсэн. Цар тахлын халдвартай иргэн эмнэлгийн ажилтан хоёр нэг бие засах газартай байгаагаас эхлээд олон зөрчил илрүүлсэн. Үүний нэг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа хуурамч шинжилгээний хариу. Гэхдээ үүнээс ноцтой асуудал цөөнгүй бий. Түүнийг хууль хяналтынхан огт шалгахгүй, ил болгохгүй байна. Үнэндээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр нь гараад байгаа ХӨСҮТ-ийн эмч, ажилтнууд ямар ч цаг наргүй ажиллаж байгаад хэлмэгдээд байгаа юм” гэв.
Өөр нэгэн эх сурвалж “Засгийн газраас цар тахал илрүүлэх ажилд зориулж, Эрүүл мэндийн яам цаашлаад ХӨСҮТ-д нэхэх бүрд нь хэдэн арван тэрбум төгрөг өгч ирсэн. УОК зэрэг газраас “Цар тахал илрүүлэлт хэрхэн явагдаж байна вэ. Одоо тэгж ажиллах хэрэгтэй. Тэгвэл бид коронавирусийн тархалтыг тийм хэмжээнд хумьж чадахаар байна” гэдэг. Тэр үед нь ХӨСҮТ-ийн удирдлагууд “Түрүүчийн санхүүжилт, авсан оношлуур дуусчихсан. Дахиад хэдэн тэрбум төгрөгийн төчнөөн оношлуур худалдаж авах хэрэгтэй. Тэгэхгүй бол бид юу ч хийж чадахгүй” гээд гэдийгээд суучихдаг. Энэ бүрд иргэдээс шинжилгээ авах оношлуур зэрэг зүйлсийнх нь санхүүжилтийг шийдэж ирсэн. Хамгийн гол нь ХӨСҮТ-ийн удирдлагуудад оношлуур захиран зарцуулах, хаана хэдэн ширхэгээр өгөх вэ гэдгийг хуваарилах эрх мэдэл нь бүрэн байдаг. Тийм ч учраас тэд хөдөө, орон нутаг руу явуулах уу, эсвэл эрх мэдэлтэй хүмүүст оношлуураа зарах уу гэдэг нь тэдний эрх мэдлийн асуудал. Үүнд учир бий” гэлээ.
Түүнчлэн “Ковид туссан үгүйг заавал пи си ар-ын аргаар шинжилж байгаа. ХӨСҮТ болон бусад лабораторийн үнэтэй оношлуураар шинжилгээ хийж байгаа нь олон улсад хэрэглэдэг “багцлах арга” юм. Энэ нь өндөр үнэтэй оношлуур худалдаж аваад нэг иргэнд хэрэглэх оношлуурыг 3-4 хүнд салган хийдэг гэсэн үг. Тэгээд нэг бүлэгт нь эерэг гарвал тус тусад нь задалдаг. Энэ нь оношлуурын зардлыг хэмнэх арга юм. Ингэж хямдруулж хэрэглэж байгаа оношлуурыг цаасан дээр өндөр үнээр буюу багцалдаг гэж үнэтэй болгож бичээд, шинжилгэний тоо болон хэрэглэсэн оношлуурыг хянах боломжгүй болгож, ихэнхдээ хянуулахгүйгээр шалгалтынхны амыг тагладаг байна. Ингэж оношлуурын зарцуулалтыг хяналтгүй болгох замаар улсад онц их хэмжээний хохирол учруулж байх боломжтой” гэсэн юм.
Ингээд зогсохгүй “Таван тэрбум төгрөгөөр оношлуур авлаа гэж бодоход нийтдээ хэдэн мянган хүнд шинжилгээ хийх ёстой, оношлуур, шинжилгээ өгсөн хүмүүсийн тоо хоорондоо мөргөлдөх ёстой гээд бүгд тоо, судалгаан дээр үндэслэдэг. Гэтэл хүнийх нь тоо авсан, хийсэн оношлуурынхаа тоонд хүрэхгүй байхад л оношлуур нь дуусчихаад байдаг. Энэ асуудал ХӨСҮТ-ийн удирдлагуудын эрх мэдлийн хэмжээнд өрнөж ирсэн. Гэтэл одоо эмч, ажилтнуудад хэргийг тохох гэж байна” гэлээ.
Нэг иргэнд хэрэглэх оношлуурыг 3-4 хүнд салган хийдэг гэсэн үг
Дээрх ноцтой баримтуудын хүрээнд холбогдох албаныхан ХӨСҮТ-д хэд хэдэн удаа шалгалт хийх гээд бүтэлгүйтсэн гэнэ. Шалгалтын багийнхан эхний ээлжинд ямар аргачлалаар шинжилгээний хариуг гаргаж байгаа вэ гэдгийг шалгахаар Нэгдсэн лабораторийн албаны үйл ажиллагааг шалгах болж. Нэгдсэн лабораторид л ковидын үеийн бүх булхай, элдэв асуудал “хадгалагдаж” байгаа бололтой. Учир нь, шалгалт дөнгөж эхлээд бичиг цаас, тайлан тооцоог гаргуулж байтал гэнэт “ХӨСҮТ-ийн ажилтан коронавирусээр халдварлалаа” гэдэг гэнэ. Шалгалт хийхээр ирсэн албаныхан ч бужигнаж эхэлдэг байна. Шалгалтаар ирсэн хүмүүсийг вирустэй ажилтны ойрын хавьтал гээд зочид буудалд 14 хоног тусгаарлачихдаг гэнэ. Ингээд шалгалтын ажил хойшилж, тасалддаг байна. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн яамнаас шалгалт хийхээр Ажлын хэсэг очих болгонд “Манайд ковид гарчихсан. Та хэд орж болохгүй. Өвчин тусна” гээд амыг нь таглачихдаг болсон байна. Энэ мэт байдлаар ХӨСҮТ-ийн удирдлагууд, дээрх хууль бус зүйлсийн жинхэнэ эзэд асуудлаас байнга хуурай гарах болжээ. Улмаар өнөөдрийг хүртэл ХӨСҮТ хаанаас, ямар нөхцлөөр, хэдэн тэрбум төгрөгөөр ямар оношлуур худалдаж авсан, хэрхэн зарцуулсныг нь тодорхой болгож чадаагүй байгаа гэнэ. Үүнийг ХӨСҮТ-д ажилладаг эх сурвалж “Манай удирдлагуудын шалгалтынхныг үргээх арга буюу зохиомол ковидын халдвар олон удаагийн шалгалтаас амийг нь аварч байгаа нь энэ” гэж байлаа.
Эрүүл мэндийн яамнаас шалгалт хийхээр Ажлын хэсэг очих болгонд “Манайд ковид гарчихсан. Та хэд орж болохгүй. Өвчин тусна” гээд амыг нь таглачихдаг болсон байна
Пи Си Арын сөрөг гэсэн хариу яаралтай авах хүсэлттэй иргэдийн тоо өнгөрсөн арваннэгдүгээр сараас хэд дахин нэмэгдэв. Эрэлт нэмэгдээд байдаг. Харин улсын эмнэлэг яст мэлхий шиг л удаан байлаа. Үүнийг хувийн лаборториуд олж хараад шинжилгээг хурдан шуурхай авч, хариуг нь хэдхэн цагийн дотор гаргаж өгөх болсон. Тиймээс шинжилгээ өгөөд хариуг нь яаралтай авах гэсэн иргэдийн урсгал хувийн лаборториуд руу чиглэжээ. Ингэхдээ бүх хувийн лаборатори бус, ХӨСҮТ-ийн ямар нэгэн эрх мэдэл бүхий албан тушаалтан, нэр бүхий улстөрчдийн ойр дотнын гэгддэг томоохон эмнэлэг, түүнийг дагасан лабораториуд цар тахлаар мөнгө хийж эхэлжээ. Үнэндээ хувийн эмнэлэг, лаборториуд иргэдэд хурдан шуурхай үйлчилгээ үзүүлж, дээж авлаа ч ХӨСҮТ дэмжихгүй бол ажил нь талаар өнгөрнө. Шуудхан хэлэхэд, ХӨСҮТ-ийнхний гарыг харж, арга эвийг нь олох ёстой. Тиймээс хүссэн ч, хүсээгүй ч ХӨСҮТ-ийн ямар нэгэн албан тушаалтны нөмөр нөөлөгт орж байж л хурдан шуурхай байдал хувийн лабораториудад бий болдог байна. Бүр тодруулбал, ХӨСҮТ-д очиж, дараалалд зогсож шинжилгээ өгсөн энгийн иргэдийн шинжилгээний хариуны урдуур лабораториуд дайрч, шинжилгээний хариугаа гаргаж байж л мөнгөний их урсгал орж ирэх нь тодорхой юм. Энэ нь ХӨСҮТ-ийн ажилтнуудын мөнгө олох хэрэгсэл нь болон хувирчээ. “Тэр газрын шинжилгээний хариуг яаралтай гарга” гэж доод албан тушаалтандаа үүрэг даалгавар өгөөд л бүх асуудал шийдэгддэг байна. Мэдээж жирийн иргэдийн урдуур оруулж шинжилгээний хариуг авсныхаа төлөө тодорхой хувийн урамшуулал авдаг гэнэ. Тэр урамшууллаа ихэвчлэн өөрт хамааралгүй хүний дансаар, зарим нь зөвхөн бэлнээр авдаг гэх мэдээлэл ч байгаа юм.
Үүнээс гадна хямд үнэтэй оношлуурыг өндөр өртөгтэй болгож, мөнгө угаахаас гадна оношлуурыг хоёр янзаар ХӨСҮТ-ийн нэр бүхий дарга нар хувьдаа ашиглаж байж магадгүй байгаа ажээ. Энэ сэжүүрийг хөөж үзвэл улсын мөнгөөр авсан оношлуураа хувийн лабораторид өгдөг. Хувийн лаборатори иргэдээс төлбөртэй шинжилгээ авна. Ингээд хувийн лаборториудаар дамжуулан оношлуур “идэж” хэтэвчээ түнтийлгэдэг байж болзошгүй гэнэ. Шалтгаан нь Нэгдсэн мэдээллийн санд хаанаас ирсэн шинжилгээ гэдэг нь тэмдэглэгдэхгүй, зөвхөн шинжилгээ өгсөн иргэний нэр, товч танилцуулга нь л бүртгэгддэг аж. Үүнийг нэр бүхий албан тушаалтнууд, тэдний хамаарал бүхий сүлжээнийхэн овжин ашиглаж байгааг нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж онцолж байлаа.
ХӨСҮТ-д очиж, дараалалд зогсож шинжилгээ өгсөн энгийн иргэдийн шинжилгээний хариуны урдуур лабораториуд дайрч, шинжилгээний хариугаа гаргаж байж л мөнгөний их урсгал орж ирэх нь тодорхой юм. Энэ нь ХӨСҮТ-ийн ажилтнуудын мөнгө олох хэрэгсэл нь болон хувирчээ
Оношлуурыг хэнд, хаана, хэдэн ширхэгийг өгөх вэ гээд пи си ар шинжилгээтэй холбоотой бүх эрх мэдлийг ЭМЯ-наас ХӨСҮТ-д өгсөн. Дүүргийн нэгдсэн эмнэлгүүд болон хөдөө, орон нутагт өнөөдрийг хүртэл оношлуур асар их дутагдалтай байна, эмч, эмнэлгийн ажилтнууд цөөн тоогоор ирсэн оношлуураа урд хойноо бариад аргаа барж сууна. Дүүрэгт эсвэл Төв аймагт 200 оношлуур, Завхан аймагт 300 гэдэг ч юм уу нөхцөл байдлаас шалтгаалан оношлуур явуулах ёстой болдог. ХӨСҮТ-ийнхөнд “Манай дүүрэгт, эсвэл аймагт төдий тооны оношлуур хэрэгтэй байна” гэсэн хүсэлт тавихаар “Манайд тийм олон байхгүй. Өгөх боломжгүй” гэсэн хариу өгдөг байна. Гэтэл яаралтай эмнэлэгт үзүүлэх, халдвартай хүнтэй нэг гэрт байсан, заавал пи си араар шинжлүүлэх хэрэгтэй, дараалал хүлээж олон хоног алдаж буй иргэдэд олддоггүй оношлуур нь “Төлбөрийг нь төлөөд хийлгэе” гэсэн томоохон компаниуд, хүмүүст хэдэн зуугаараа олдож, өдөрт нь шинжилгээг нь хийж өгсөөр иржээ. Энэ асуудлыг цааш нь судалж үзэхээр ХӨСҮТ-ийн нэгдсэн лабораторитой яах аргагүй холбогддог гэнэ. ХӨСҮТ-ийн захирлын Төлбөртэй шинжилгээ хийх тушаал гэж байдаг аж. Энэ тушаалыг бараг бүх эмч ашиглахыг хүсдэг ба нэг удаагийн төлбөр нь 150 мянга бөгөөд үүнийхээ маш бага хувийг эмнэлгийн дансанд хийж, үлдсэнийг нь өөртөө авдаг жишиг тогтоод удаж байгааг эх сурвалж онцолж байлаа.
Энэ талаар Уул уурхайн яамны нэгэн даргатай холбогдож тодруулахад “Уул уурхайн компаниудын үйл ажиллагаа зогсож болохгүй. Тиймээс оношлуур болон шаардлагатай зүйлсийг олохын тулд төсөв мөнгө маш их зарцуулж байна. Үйл ажиллагааны хэвийн байдлыг хангахын тулд уурхай руу явах ээлжийн ажилтнуудыг ихэвчлэн Улаанбаатарт 14 хоног тусгаарладаг. Энэ хугацаанд давтан шинжилгээ авдаг. Ингээд онгоцоор нисээд уурхай дээрээ очдог. Уурхай дээр очоод мөн л шинжилгээ авч байгаа. Өөрөөр хэлбэл, нэг ажилтан 3-4 удаа шинжилгээнд хамрагдаж байж ажилдаа орж байгаа” гэв. Оюутолгой, Эрдэнэс тавантолгой гэх мэт томоохон уул уурхайн компаниудын хэдэн мянган ажилтанд оношлуурыг амны цаас шиг л ашиглаж байна. Тэгвэл энэ бүхний цаана мөн л ХӨСҮТ-ийнхөн дээр дурдсан аргаар мөнгө угааж байхыг үгүйсгэх аргагүй ч холбогдох албаныхан мөн л эцсийг нь хүртэл шалгаж чадахгүй байгаа гэнэ.
Оюутолгой, Эрдэнэс тавантолгой гэх мэт томоохон уул уурхайн компаниудын хэдэн мянган ажилтанд оношлуурыг амны цаас шиг л ашиглаж байна
Шадар сайд С.Амарсайхан “Мэдээллийн урсгал” шууд нэвтрүүлэгт орох үеэрээ ХӨСҮТ-д бугшсан дээрх хууль бус зүйлсийг дараах байдлаар батлан ярьсныг хүргэе. Тэрбээр “Эрүүл мэндийн салбарт нийт 17 мянган ажилтан, албан хаагч ажиллаж байна. Маш цөөхөн хүний алдаа дутагдлаас болж салбарын нэр хүндийг тэр чигт нь унагаж, нийт эмч, сувилагч, асрагч, ажилтнуудын хөдөлмөр, зүтгэлийг үгүйсгэж болохгүй гэдгийг эхлээд хэлье. Гарын арван хуруунд багтах хэмжээний маш цөөн тооны албан тушаалтан буюу маш хариуцлагатай албан тушаал хашиж буй хэдэн хүний буруутай үйлдэл гэдгийг онцлон хэлье. Пи си арын шинжилгээний хариу багадаа зургаан цагийн дараа гардаг. Гэтэл шинжилгээний сөрөг гэсэн хариуг 1-15 минутын дотор хэдэн зуугаар нь гаргасан хэрэг шалгагдаж эхэлж байна. Ганцхан удаагийн үйлдлээр 400 ширхэг хуурамч хариу гаргасан тохиолдол байгаа. Үүнд дандаа хариуцлагатай албан тушаал хашдаг нэр бүхий хүмүүс холбогдсон, тэднийг өнөө маргаашгүй ажлаас нь чөлөөлж, ажлыг нь ав гэж байгаа. Улаан бүс гэж тогтоочихоод тийшээгээ өөрсдөө ордоггүй, тэнд юу болж байгааг ч мэддэггүй мөртлөө гадаадын бүх зээл тусламжийг авдаг нэр бүхий хэдхэн хүн бий. ХӨСҮТ-ийн байр, тасгуудаа хөрөнгө оруулалт хийдэггүй, эмч, ажилтнууддаа хөрөнгө оруулалт хийдэггүй, шинэчлэл, асуудал ярьсан хүмүүсийг хөөж явуулдаг, гүтгэдэг, зохион байгуулалтад орсон, олон жил ийм аргаар улсын мөнгө, эд хөрөнгө шамшигдуулсан гэх мэт асуудалтай хүмүүс бий. Дээр нь улсаас үнэгүй шинжилгээ авах нөхцлөөр бүрэн хангаж, хөрөнгө гаргаад байдаг. Гэтэл уул уурхай, хөдөө аж ахуйн өөр бусад хувийн компанийн ажилтнуудаас шинжилгээ аваад, мөнгийг нь цүнх цүнхээр нь хувьдаа аваад байдаг цөөхөн хүн байна. Тэднээс гадна мэргэжлийн хяналтын байцаагчид шалгалтын дүгнэлтээ хуурамчаар гаргасан гэх мэт асуудлуудыг хууль хяналтын байгууллагаас шалгаад эхэлсэн” гэсэн юм.
Пи си арын шинжилгээний хариу багадаа зургаан цагийн дараа гардаг. Гэтэл шинжилгээний сөрөг гэсэн хариуг 1-15 минутын дотор хэдэн зуугаар нь гаргасан хэрэг шалгагдаж эхэлж байна. Ганцхан удаагийн үйлдлээр 400 ширхэг хуурамч хариу гаргасан тохиолдол байгаа
ОНОШЛУУР ТОЙРСОН ХЭДЭН ТЭРБУМ ТӨГРӨГИЙН СЭЖҮҮР БУЮУ ХӨСҮТ-ИЙН “МӨНГӨНИЙ ГАХАЙ”-НУУД |
|
2025-04-01 18:33:37
2025-04-01 17:03:00
2025-04-01 15:51:51
2025-04-01 15:43:06
2025-04-01 15:42:34
2025-04-01 15:40:22
2025-04-01 15:36:53
2025-04-01 15:35:04
2025-04-01 15:07:10
2025-04-01 13:49:50
2025-04-01 13:47:49
2025-04-01 13:01:31
2025-04-01 12:33:50
2025-04-01 12:28:01
2025-04-01 07:59:43
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |