• Өнөөдөр 2024-04-27

ӨРИЙН “ХАВХ”-НААС ӨНДИЙЖ ЧАДАЛГҮЙ ЯВСААР АГШСАН ЭДИЙН ЗАСГАА “АВРАХ” БОЛОМЖ ҮЛДСЭНГҮЙ ДЭЭ

2024-03-28,   372

                          Гадаад өр, зээл гэх үг гав, дөнгө шиг сонсогддог болоод хэдэн жилийн нүүр үзлээ. Инфляцаа бууруулж, үнийн дарамтыг багасгах өнгөрсөн жилүүдийн ажил гадаад өрөө багасгаж, гав, дөнгөнөөс суллах нь битгий хэл бүр ч дордуулж, Монгол Улс дефольт болох эрсдэлтэй ч нүүр тулж байв. Харин цар тахлын хөл хорио суларч, олон улсад эрэлт нь нэмэгдсэнтэй холбоотойгоор өнгөрсөн онд Монгол Улс нүүрсний экспортоороо түүхэн дээд амжилт тогтоосныг судлаач, шинжээчид агшсан эдийн засгаа “аврах” гарц болж буйг онцолсон. Гэтэл төсвөөс санхүүжүүлж эргэн төлөлтийг нь хийсэн бондын төлөлт, Засгийн газрын гадаад өр ойрын ирээдүйгээ л аргацаасан үйлдэл болж, төсвийн зардлаа тэлсний горыг дахиад л иргэд хүртэж, сүүлдээ чангалах “бүс ч үгүй” үлдэх нь. Парламентын сонгуулийн жилийг угтсан энэ оныг эдийн засгаа өсгөх том боломж гэж санхүүгийн байгууллагууд дүгнэж байсан ч хөрөнгө оруулалтын банк, зээлжих зэрэглэл тогтоодог агентлагууд Монгол Улс энэ онд эдийн засгаа сэргээж чадахгүйд тулсныг анхааруулж байна.

-МОНГОЛ УЛСЫН ДНБ-ИЙ ӨСӨЛТИЙН ТӨСӨӨЛЛӨӨ 5.7 ХУВЬ БОЛГОН БУУРУУЛЖ, ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ СААРНА ГЭЖ ҮЗЭВ-

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог “Fitch Ratings” агентлагаас Монгол Улсын 2024 оны ДНБ-ий бодит өсөлтийг 5.7 хувь болж саарна гэж таамаглажээ. Тус агентлаг өнгөрсөн хоёрдугаар сард манай орны зээлжих зэрэглэлийн “B” түвшинд хэвээр үлдээх шийдвэр гаргасан бөгөөд энэ онд Монголын эдийн засагт хэд хэдэн том эрсдэл тулгарах талаар анхааруулсан. Тухайлбал, манай орны эдийн засагт сүүлийн 10 жил уул уурхайн салбарт гол нөлөө үзүүлж байсан бөгөөд өнгөрсөн 2023 онд уул уурхайн салбарын гол түүхий эд болох нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээндээ хүрсэн нь энэ оны эрсдэлүүдийг боломжийн хэмжээнд багасгасан гэж үзсэн. Гэсэн ч зээлжих зэрэглэлийн гол шалгуур үзүүлэлтүүд савлагаатай байгаа нь Монгол Улсад сөрөг нөлөө үзүүлж байгааг дурдсан байдаг. Түүнчлэн “Moody’s” агентлаг манай эдийн засаг болон зээлжих зэрэглэлийн талаар

  • Монгол Улсын “B3” зэрэглэлийг нэг талаас эх үүсвэрийн болон гадаад орчны эрсдэлүүд өндөр байгаа явдал, нөгөө талаас эдийн засгийн өсөлтийн төлөв сайн, өрийн эргэн төлөлтийн төлөв өмнөх үетэй харьцуулахад сайжирсан зэргийг нь харгалзан тус тус тодорхойлов. Гадаад өрийг 2023 оны нэгдүгээр сард дахин санхүүжүүлснээр Монгол Улсын ирэх жилүүдийн санхүүгийн хэрэгцээ шаардлага (хэдий өндөр хадгалагдаж байгаа ч) илүү удирдахуйц түвшинд хүрэв. Түүнчлэн сүүлийн үед БНХАУ Коронавирусын эсрэг хатуу бодлогоосоо татгалзаж, Монгол Улс дэд бүтэц, логистикийн бүтцээ ахиулах ажлаа үргэлжлүүлэн, уул уурхайн томоохон төслүүдээ хэрэгжүүлж буй нь гадаад валютын орох урсгалыг алгуур сэргээх, ирэх жилүүдэд ДНБ потенциал түвшиндээ хүрч өсөхөд дэмжлэг үзүүлэхээр байна.
  • Институтийн сул дорой хөгжил, эдийн засгийн төрөлжилт дутмаг байгаа нь төсөв болон эдийн засгийн өсөлтийн үзүүлэлтүүдийн хэлбэлзлийг нэмэгдүүлж буйг мөн “B3” зээлжих зэрэглэл илэрхийлж байна. Ирээдүйн төлөв байдлыг “тогтвортой” хэмээн үнэлсэн нь гадаад эх үүсвэрийн эрсдэл өндөр хадгалагдаж буй хэдий ч удирдахуйц түвшинд байгаатай холбоотой юм.
  • 2026 оны эцэс хүртэл Монгол Улс их хэмжээний өр төлбөр барагдуулахтай холбоотойгоор зарим тохиолдолд санхүүгийн хэрэгцээ шаардлага огцом нэмэгдэж болзошгүй ч Монгол Улсын Засгийн газрын санхүүжилт босгох өртөг нь хэт өндөр бус байх боломжтой, ингэснээр гадаад өрийн эргэн төлөлт хүндрэх магадлал “B3” зээлжих зэрэглэлтэй нийцтэй түвшинд хязгаарлагдана хэмээн Мүүдиз агентлаг үзэж байна.
  • Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгтээр зээлжих зэрэглэл (local-currency country ceilings) “B1” түвшинд хэвээр байна. Гадаад валютаар зээлжих зэрэглэл (foreign-currency country ceiling) “B3” түвшинд байгаа нь үндэсний мөнгөн тэмдэгтээр зээлжих зэрэглэлийн дээд хязгаараас хоёр пунктээр ялгаатай байна. Энэ нь эдийн засаг дахь Засгийн газрын оролцоо их, нийт орлого түүхий эдийн үнээс хэт хамааралтай, гадаад тэнцвэргүй байдал өндөр байгаагийн илрэл билээ. Мөн Монгол Улсын бодлогын үр нөлөө сул, гадаад өрийн түвшин өндөр байгаагаас үүдэн гадаад эмзэг байдал нэмэгдэх үед валютыг гуйвуулах болон хөрвүүлэх эрсдэл тохиож болзошгүйг онцолсон.

Тэгвэл өнгөрсөн оны сүүлчээр хөрөнгө оруулалтын банк, сангуудын Монгол Улсын эдийн засаг 2024 онд өсөлттэй гарна гэсэн төсөөлөлд энэ онд болох парламентын сонгууль шууд утгаараа нөлөө үзүүлэх гэнэ. Гэсэн ч сонгуулийн үеийн төгрөгийн бусад валюттай харьцах ханшийн уналт, инфляцийн хөөрөгдлийг шийдэх, ямар нэгэн зохицуулалт гаргаж чадахгүй бол улсын эдийн засгийн өсөлт саарах нь битгий хэл агшиж болзошгүй байдалтай байгаа юм байна. Мөн 2023 оны Монголын эдийн засгийн өсөлт нь 2018 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрч, нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээндээ очиж, уул уурхайн биржийн үйл ажиллагаа дээшилсэн ч энэ амжилт Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээ 2024 онд ердөө 10 хувиар буурахад л төлбөрийн тэнцлийн алдагдалд ДНБ-ий дөрвөн хувьтай тэнцэх алдагдал хүлээх эрсдэлтэй гэж тооцоолжээ.

-ИНФЛЯЦ, ҮНИЙН ДАРАМТ НЭМЭГДЭХ БАС НЭГ ШАЛТГААН БУЮУ ТӨСВИЙН ЗАРДАЛ НЭМСЭН НЬ-

Монгол жил жилийн төсвийн төслийг хэлэлцүүлэхэд хөрөнгө оруулалтын асуудал гол сэдэв байсан. Өнгөрсөн жилийн төсвийн төсөлд нэг ч шинэ хөрөнгө оруулалт тусгалгүй, он дамнасан хуучин ажлуудаа үргэлжлүүлэх шийдвэр гаргаснаар хөрөнгө оруулалтын хэмжээ эрс багассан. Тэгвэл энэ оны төсөвт нийт 1025 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд орон нутгийн хөрөнгө оруулалтын төсвийг задалж үзвэл төсвийн алдагдлыг 2.1 их наядаар тэлж, нийт урсгал зардлыг 21.3 их наяд гэж тооцон өнгөрсөн жилүүдийнхээ эрс нэмсэн. Төсвийн хөрөнгийн дийлэнх хувийг цалин, тэтгэвэр эзэлж байгаа бөгөөд бүрэн эрхийнхээ сүүлийн хугацаанд төсөв баталж байгаа парламентын гишүүд хөрөнгө оруулалтаар тойргоо услах сонирхолтой байгаа талаар яригдаад л өнгөрсөн. Харин төсвийн зардлыг нарийн судалгаа, шинжилгээгүйгээр огцом тэлэх болсон нь стагфляцийн эрсдэлээс гарч, тогтворжих замдаа орж байсан инфляцийг хяналтаас гаргаж, 15 хувь болтол өсгөж болзошгүй талаар “Asia Network”-ийн шинжээчид онцолжээ.

 

Тухайлбал, өнгөрсөн 2023 оны хагаст 11 хувьтай гараад байсан улсын инфляц оны сүүлчээр найман хувь хүртлээ буурсан. Сүүлийн хэдэн жилийн турш 10 хувиас буураагүй амьжиргааны зардал тэр хүртэл буурсан нь улс орон төдийгүй иргэдийн хувьд таатай мэдээ байв. Гэтэл хөрөнгө оруулалтаар тойргоо “услах” сонирхолтой парламентын гишүүдийн төсвийн зардлыг тэлэх шийдвэр эсрэгээрээ инфляц энэ онд нэгж нэгжээрээ өсөж, 15 хувь гарч болзошгүй нөхцөл байдал үүсгээд байгаа юм байна. Тухайлбал, инфляцийн бууралт дотоод хяналттай холбоотой. Монгол Улс сүүлийн жилд дотоод хяналтаа сайжруулж, төгрөгийн ам.доллартой харьцах ханш чангарсан нь өнгөрсөн оны сүүлчээр инфляц бага зэрэг буурахад нөлөөлсөн. Гэсэн ч ямар нэгэн туршилтын үр дүнгүйгээр цаасан баримтаар төсвийн зардлыг тэлсэн нь энэ онд инфляц дахин өсөх “суурь” болж байгааг шинжээчид хэлжээ.

 

-БОНД ТӨЛӨЛТ "ҮНЭГҮЙДНЭ" ГЭВ ҮҮ-

Монгол Улсын Засгийн газар 1990 оноос хойш олон улсын санхүүгийн байгууллага, Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банктай харилцаа холбоотой ажиллаж байгаа. Үүний хүрээнд 2012 оноос хойш олон улсын зах зээлд “Засгийн газар” гэсэн кодоор өөрийн гэсэн бондтой болсноор гадаад өр, зээлийн эхлэл тавигдсан гэж болно. Тухайлбал, Засгийн газар 2012 онд улсын төсвийн хөтөлбөрүүдээ санхүүжүүлэхийн тулд анхны Чингис бондоо гаргасан байдаг. Харин түүнээс хойш Засгийн газраас нийт долоон бонд гаргаад байгаа бөгөөд Чингис бондоос хойш гурван ч бонд гаргаж, төсвийн алдагдлыг нөхөхөд ашигласан. Бүр өмнөх бонд, гадаад өрөө дахин санхүүжүүлж, нэгтгэх зорилгоор Хуралдай, Гэрэгэ, Номад гэсэн бонд гаргаж байв.

ТАЙЛБАР: Монгол Улсын гаргасан бондуудын танилцуулга

Одоогийн Засгийн газар цар тахлын үеэс хойш "хоолой"-д тулаад байсан хэд хэдэн бондын эргэн төлөлтийг хийсэн. Ингэхдээ дахиад л шинэ бонд гаргаж, хуучин бондын өрөө санхүүжүүлсэн нь хойд хормойгоороо урдахаа нөхсөнөөс өөрцгүй зүйл болж байна. Өмнөх бондынхоо өр, хүүг төлөх гэж шинээр зарласан бондын үзүүлэлт нь он гарснаас хойш олон нэгж хувиар буурч, шинэ бонд зарласнаасаа эсэн юм болж, өр унаж мэдэхээр болж байгаа гэнэ. Тодруулбал, Үндэсний статистикийн хорооноос гаргасан тайланд бондын чиг хандлагыг илэрхийлдэг хөрөнгийн зах зээлийн үзүүлэлт Монголын топ 20 индекст 36847.7 нэгжээр буурч, улсын үнэт цаас, хөрөнгийн зах зээлд эрсдэлд ороод байгааг мэдэгдлээ.

                          Засгийн газраас шинээр зарлаад байгаа бондын талаар эргэн сануулбал, Чингис бондын өрийг тэглэхээсээ өмнө цар тахлын үеийн эдийн засаг, төсвийн дарамтыг бууруулахын тулд 10 жилийн хугацаатай Century бондыг гаргасан нь мөн л өрийг өрөөр дарсан хэрэг болсон. Нөгөөтээгүүр зөвхөн хүүнд 540 сая ам.доллар төлсөн Чингис бондын 5.1 хувийн хүүг Century бондын 3.5 хувийн хүү болгож багасгасан нь сайшаалтай. Гэлээ ч хэдэн жил дараа гэхэд Century бонд болон түүний өмнө Чингис, Мазаалай бондыг бага хүүтэй Номад бондоор арилжаалж, төлөх хугацааг нь хойшлуулсан нь таарч дахиад л өр нэхэгдэхээр болж байгаа юм. Одоо Монгол Улсыг Номад, Хуралдай, Century 1-27, Century 2, Century 1-31 бондын эргэн төлөлтүүд шил шилээ даран хүлээж байна. Тухайлбал,

  • 2024 оны гуравдугаар сард Хуралдай бондын 390 сая ам.доллар,
  • 2026 оны дөрөвдүгээр сард Номанд бондын 600 сая ам.доллар,
  • 2027 оны долдугаар сард Century 1-27 бондын 500 сая ам.доллар,
  • 2028 оны нэгдүгээр сард Century 2 бондын 650 сая ам.доллар,
  • 2031 оны долдугаар сард Century 1-31 бондын 500 сая ам.долларын эргэн төлөлт хийх хуваарьтай байгаа юм.

-АГШСАН ЭДИЙН ЗАСГАА “АВРАХ” ГАНЦ БОЛОМЖ БУЮУ ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ-

Монгол Улс дефолт болох эрсдэлтэй орнуудын нэгээр зарлагдахад тус тайланг гаргасан Дэлхийн эдийн засгийн тагнуулын албанаас “Монгол Улс 2022-2023 онд гадаад өрийн хүүгийн төлбөрийг нөхөх, урсгал, тэнцлийн алдагдлыг нөхөхийн тулд дахин шинэ өрийн асуудалд орно. Хангалттай санхүүжилтийн хүртээмж нь дотоодын өндөр инфляц, цаашлаад валютын ханш буурах магадлалын улмаас эрсдэлд орж болзошгүй” гэж үзсэн байдаг. Цөөн үгээр илэрхийлбэл, Монгол Улс дефолт болох эрсдэл нь их хэмжээний гадаад өр. Хэдий Засгийн газраас шинэ бонд гаргаж, гадаадаас санхүүжилт татсан ч олон улсад зээлжих зэрэглэлээ ахиулж чадахгүй бол гадаад өр, үнийн дарамт, дампуурах эрсдэлээсээ салж чадахгүйг гадаад шинжээчид онцолж байгаа.

ТАЙЛБАР: Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ /ам.доллароор/

Монгол Улсын зээлжих зэрэглэл “B3”, “B-”, “B” түвшний дунд олон жилийн турш гацаанд орчихоод байгаа гэж болно. Зээлжих зэрэглэл тогтоогч “Fitch Ratings”-ийн зохион байгуулсан “Монгол Улсын эдийн засгийн сорилт ба тогтвортой ирээдүйг цогцлоох нь” сэдэвт хуралд манай орны зээлжих зэрэглэл “B” хэвээр байгаад анхаарал хандуулах хэрэгтэйг онцолсон судлаач, шинжээч олон байв. Хэрэв гаднын зарим агентлагийн таамаглаж байгаагийн адилаар Монгол Улс дунд хугацаанд эдийн засгийн өсөлтөө сайжруулж чадвал цааш нь урт хугацааны зээлжих зэрэглэлээ “BBB” хүртэл ахиулахад анхаарч ажиллах ёстой гэнэ. Эдийн засаг дунд хугацаанд үр дүнд хүрч, зээлжих зэрэглэлээ ч ахиулж чадвал манай орон бусад салбартаа ч алдагдлаа нөхөж, бүрэн сэргэлт рүү шилжих боломжтой байгаа юм байна.

                          Олон улсын хөрөнгө оруулалтын сангууд “BBB” болон түүнээс дээш зээлжих зэрэглэлтэй улсад хөрөнгө оруулах нь элбэг байдаг. Тэр ч утгаараа гаднын хөрөнгө оруулалтын сангууд “ААА”, “АА”, “А” ,”ВВВ” ,”ВВ” ,”В”, “CCC”, “CC” гэсэн түвшин гаргаад олон улсын судалгаан дээр үндэслэн дэлхийн орнуудыг ангилж жагсаадаг юм байна. Гэтэл “B” түвшинд олон жил гацаанд орчихоод дунд нь “B-”, “B3” хүртэл болж байсан Монгол Улс гаднын хөрөнгө оруулагчдын нүдээр дампуурах эрсдэл өндөр орны нэг хэвээр байгаа гэнэ. Хэрэв эдийн засгаа сэргээж, дунд шатанд амжилт олбол зээлжих зэрэглэлээ “BB” түвшин рүү ахиулж, төгрөгийн ханшаа чангаруулна. Цаашлаад “BBB” түвшинд хүрвэл ам.доллар “цацаж”, гаднаас ч томоохон хөрөнгө оруулалт, санхүүжилт татах бүрэн боломжтой болох юм байна.

 

 


ӨРИЙН “ХАВХ”-НААС ӨНДИЙЖ ЧАДАЛГҮЙ ЯВСААР АГШСАН ЭДИЙН ЗАСГАА “АВРАХ” БОЛОМЖ ҮЛДСЭНГҮЙ ДЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188