• Өнөөдөр 2024-05-16

Монголдоо "дэлбэлнэ" гэж даналздаг Ерөнхий сайд маань Солонгост "Ойлголоо" гэж бөхөлзсөөр ирлээ

2023-02-17,   521

СОЛОНГОС ХАРИУЦСАН САЙДТАЙ БОЛЧИХВОЛ ЯАСАН ЮМ БЭ, ЕРӨНХИЙ САЙД АА       
 
             Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн тэргүүний хувиар эх орноо хэрхэн хөгжүүлж байгаа тухайгаа Солонгост ажиллаж, амьдарч буй иргэддээ “сайрхах” зорилготой уулзалт хийсэн ч “загнуулсаар” таарав. Засгийн тэргүүнээ “загнах” нь арга ч үгүй юм, эх оронд нь ажлын байр байхгүй, авсан цалин нь амьдралд нь хүрэлцэхгүй, ар гэрээ тэжээх боломжгүйгээс ахиу мөнгө олох ажил хайж арга ядахдаа эх орноо, эхнэр хүүхдээ, ээж, аавыгаа орхиод очсон хүмүүс л тэнд байгаа. Дээрээс нь, эх орондоо “эмчлэх боломжгүй” хариу сонсож, арга ядахдаа халаасаа шавхан байж эмчлүүлэхээр очсон хүмүүс тэнд байгаа. Тиймдээ ч Засгийн тэргүүний ажлын тайланг сонсохоос илүүтэй түүнд зовлонгоо ойлгуулахын тулд уулзалтад очицгоожээ. 
 
Тэдний ярианаас яг үнэндээ Солонгос Улс манай улсын асран хамгаалагч, авралын элч болчихсон нь ойлгогдож байлаа. Өвдсөн нь эмчлүүлэх гэж, өрөнд орсон нь өрнөөс гарах гэж, залуучууд нь орох оронтой, унах унаатай болох гэж, зарим нь сурах гэж тус улсыг зорьцгоож байна. Товчхондоо, монголчуудын эцсийн найдвар нь Солонгос болчихсон байна. Өдгөө тэнд манай улсын 53 мянган иргэн ажиллаж, амьдарч байгаа ажээ. Харьцуулбал, Дундговь аймгийн нийт хүн ам 46 мянга, Багануур дүүргийнх 28 мянга, Налайх дүүргийнх 37 мянга. Өөрөөр хэлбэл, Багануур дүүргийг хоёр нийлүүлсэнтэй тэнцэх тийм олон хүн Солонгост ажиллаж, амьдарч байна гэсэн үг. 
 
      Солонгост ажиллаж, амьдарч байгаа иргэдэд зовлон мундахгүй ажээ. Нэг бүсгүй ярьж байна. Тэр өнгөрсөн зун нялх охиноо тэврээд, эмчлүүлэхээр тэнд очжээ. Төрүүлсэн үрийг нь Эх нялхасын эмч нар “Ургийн гажигтайтай төрсөн учраас хоёрхон хоногийн л настай. Эмчлэгдэх боломжгүй” гэж оношилжээ. Эмч нарын энэ “харгис” оношинд итгэхийг хүсээгүй тэр бүсгүй зориг гарган Солонгосыг зорьж очжээ. Тэд очсоноосоо хойш хүүхдийнхээ эмчилгээг таслахгүйн төлөө хийгээгүй ажил түүнд үгүй гэнэ. Зориг гаргаж очсоных нь, зүтгэснийх нь үр дүнд “Хоёрхон хоногийн настай” гэж оношлогдсон охин нь эмчлэгдэж, “ээж, аав” гэж хэлд орж байгаа гэнэ. Эх нялхасын эмч нарт голдоо ортлоо гомдсоноо уйлан байж Эрүүл мэндийн сайд С.Энхболдод уламжилж байлаа. 
 
       Бас нэг бүсгүй ярьж байна. Өндөр настай аавыгаа эмчлүүлэхээр Солонгосыг зорьж очээ. Харамсалтай нь, эмчилгээний зардалд хамгаа барж, халаасаа шавхаад, арга ядахдаа сүмд очдог болсон гэнэ. Гэхдээ залбирах гэсэндээ биш өдрийн хоол нь үнэгүй учраас Сүмд очдог тухайгаа хоолой зангируулан учирлаж байлаа. Ганц тэр ч биш, тэнд эмчилгээнд ээжийгээ, аавыгаа, эхнэр, нөхрөө, ах, дүүгээ авч очсон монголчууд сүмд таарцгааж, зовлонгоо хуваалцдаг гэнэ. Эх орондоо эмчлүүлж чаддаг сан бол Солонгост очиж, сүмийн хоол “царайчлахгүй” байх байснаа хатуухан хэлж байлаа. 
 
      Өөр нэг бүсгүй ярьж байна. Төрсөн ганц ах нь тэнд хөдөлмөрийн гэрээгээр 10 жил ажиллажээ. Хүнд нөхцөлд хөдөлмөрлөж байснаасаа болоод өвдөж, өдгөө “зүрх солиулах” оноштойгоор өндөр өртөгтэй эмчилгээ хийлгэж байгаа гэнэ. Хурааж, хуримтлуулсан хэдэн төгрөгөө ч эмчилгээндээ шавхаад дуусжээ. Тэр бүсгүй ахыгаа эмчлүүлэх арга чарга хайж, хамаатан саднаасаа хандив мөнгө цуглуулж, Эрүүл мэндийн яам, Элчин сайдын яаманд олонд удаа ханджээ. "Харлаж биш хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж, татвараа төлж байсных нь хариуд төрсөн ганц ахад минь төрөөс ганцхан удаа туслаач" хэмээн Засгийн тэргүүнээс хүсэж байлаа.  
 
      Нэг залуу ярьж байна. Тэр Солонгост 10 гаруй жил ажиллаж, амьдарчээ. Сүүлийн үед Солонгост очиж ажиллах иргэд урьд урьдынхаасаа улам л нэмэгдэж байгаа гэнэ. Тэр тусмаа “Хүүхдүүдээ тусад нь гаргах гэсэн юм, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг олох гэсэн юм” гэх шалтгаантай тэтгэврийн насныхан улам л олон очиж байгаа ажээ. Тэтгэврийнх нь мөнгө хаанаа ч хүрэлцэхгүй, ажил хийе гэхээр “хөгшин” гээд ажилд авдаггүй учраас арга ядахдаа Солонгост ирсэн тухайгаа учирладаг гэнэ. Гэхдээ тэнд ихэвчлэн хүнд хүчир, хар бор ажил л олддог учраас очсон “ахмадууд”-ын ихэнх нь эрүүл мэндийн шалтгаанаар нутаг буцацгаадаг ажээ. Монголоос очоод үйлдвэрт ажиллаж байсан 60 дөхөж яваа танил ах нь ажлын ачааллаа хэтрүүлснээс болж элэг нь задарч, эмнэлэгт хүргэгдсэн тохиолдол ч гарсан байна. Ядахад, сүүлийн үед Солонгосын хууль хяналтынхан хараар ажиллаж байгаа хүмүүсийг баривчлах, албадан нутаг буцаах ажиллагааг эрчимжүүлжээ. Үндсэрхэг үзэлт солонгосчууд олширч, хараар ажиллаж буй иргэдийг хууль хяналтынханд “матах” сошиал давлагаа эхлүүлсэн гэнэ. Судалгаагаар Солонгост ажиллаж, амьдарч байгаа 53 мянган иргэний 23 мянган иргэн нь хууль бусаар буюу харлаж амьдарч байгаа ажээ. Товчхондоо, 23 мянган хүн хэзээ, хэн, хаанаас гарч ирээд баривчлах бол айдастай амьдарч байгаа гэсэн үг.  
 
     Бас нэг залуу ярьж байна. Тэр эхнэрээ, ой хүрч байгаа охиноо, сургуульд орж байгаа хүүгээ орхиод анх тэнд очжээ. Төсвийн цалинтай төрийн байгууллагад ажилладаг байсан бөгөөд авсан цалин нь амьдралд нь хүрэлцэхээ больсон тулд арга буюу Солонгос явах замыг сонгожээ. Очсон цагаасаа олдсон ажил болгоныг хийж, олсон хэдэн төгрөгөө нааш нь явуулдаг гэнэ. Дахиад хэдэн жил ажиллачихвал ипотекийн байраа өөрийн болгож, цайны газар ч болтугай түрээслэх мөнгөтэй болох учраас шүд зуун зүтгэж байгаагаа ярьж байна. 
 
     Өөр нэг залуу ярьж байна. Тэр тэнд 10 гаруй жил ажиллаад, нутаг буцжээ. Хурааж, хуримтлуулсан хэдэн төгрөгөөрөө Монголдоо бизнес хийх гэж оролдсон ч төрийн байгууллагуудын хүнд суртал, хээл хахууль, татварын дарамт зэргээс болж бизнес нь бүтэлгүйтжээ. Арга ядахдаа ахиад Солонгост очсон тухайгаа ярьж байлаа. Товчхондоо тэр, Монголын төр бизнесийнхнийг дэмждэггүй, эсрэгээрээ дампууруулдаг тухай хатуухан хэдэн үг хэлсэн. 
 
       Хэрвээ өнгөрсөн 30 гаруй жил төр нь төр шиг байж, улс шиг улс болж хөгжиж чадсан бол өдгөө 53 мянган хүн тэнд хөлсөө дуслуулан хөдөлмөр эрхэлж, эмнэлгийнх нь үүдийг сахиж сууцгаахгүй байх байлаа. Харамсалтай нь, тэгж чадаагүй учраас хүн болгон “Солонгос яваад ирчихвэл сайхан амьдарна” гэх ганц мөрөөдөл тээж, Элчин сайдын яамны үүдэнд өдөр, шөнөгүй дугаарлацгааж, очиж чадсан нь ядарлаа гэж ялархах эрхгүйгээр олдсон ажлуудыг голохгүй хийж, олсон хэдэн төгрөгөө эх орон руугаа явуулж, эхнэр хүүхэд, ээж аавыгаа тэжээж байна. Энэ бол манай төрийн, манай нийгмийн бодит байдал. Эцэст нь, энэхүү уулзалтаас товч дүгнэвэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газартаа “Солонгос хариуцсан сайд” гэх шинэ сайд залмаар болчихжээ. Тус улсад манай Элчин сайдын яам бий, Элчин сайд ч бий. Гэхдээ тэнд Багануур дүүргийн хүн амыг хоёр нийлүүлсэн хэмжээний, бүхэл бүтэн Дундговь аймгийн хүн амаас ч олон  буюу 53 мянган хүн ажиллаж, амьдарч байгаа учраас ганц Элчин сайд хангалтгүй, хүн бүрд хүрч ажиллаж, асуудлуудыг нь шийдвэрлэж чадахгүй байна. Тэгэхээр нэгэнт эх орондоо ажлын байр нэмэгдүүлж, авсан нь цалин нь амьдралд нь хүрэлцдэг болгож, Солонгос руу чиглэсэн их урсгалыг зогсоож чадахгүй юм бол Элчин сайд дээр нь нэмээд, Засгийн газартаа “Солонгос хариуцсан сайд”-тай болчихвол яасан юм бэ, Ерөнхий сайд аа. Тэртээ тэргүй, түгжрэлд зориулж, тамирчдад зориулж сайдын суудал нэмдэг хойно...
 

Монголдоо "дэлбэлнэ" гэж даналздаг Ерөнхий сайд маань Солонгост "Ойлголоо" гэж бөхөлзсөөр ирлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-17 12:59:04
    гутамшиг: танай сайт жаахан тэнэг үү өөр яах ёстой юм хаххахха
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188