• Өнөөдөр 2024-04-27

Төрийн ордныг Бөхийн өргөө гэж нэрлэмээр болжээ

2020-11-06,   1057

Үе тэнгийнхэн нь мэдлэг боловсрол эзэмшиж, улсаа хөгжүүлэх загвар гаргаж байхад тэд заалны бэлтгэл дээрээ хөлстэйгөө зууралдаж, бусадтайгаа ноцолдож, штанг өргөж байжээ

Үндэсний бөхийн нэгэн том төлөөлөл улсын цолтны мялаалга найранд уригдаж ирсэн 10 жилийн анги даасан багш нь нэлээд халмагхан “Дэнхийсэн том юм хамгийн арын ширээнд очоод суучихна. Шалгалт дөхөхөөр л энүүнд ангиараа санаа зовно гэж жигтэйхэн. Хичээл ойлгож байна уу, үгүй юу бүү мэд. Толгой дохихоос өөрөөр дуу ер гарахгүй. Хичээлдээ арай дөнгүүрүүд нь ээлжлэн хажуудаа суулгаж, хуулуулан барин төгсгөсөн дөө. Гэхдээ хаа очиж, бөх мөхөөр ангийнхаа нэрийг аваад гардаг л хүүхэд байсан” гэж магтах, муулахын завсраар дурсан, хундаганы үг хэлсэн гэнэ лээ.
 
Бас нэг удаа, Аймгийн цолтой нэгэн бөхийн од нь гийж, Төв цэнгэлдэхийн наадамчдыг шуугиулан барилдаж, Ерөнхийлөгчөөс улсын цол хүртэж байхуйд нэгэн бүсгүй “Энэ бага байхдаа миний араас гүйдэг байлаа шүү дээ. Даанч хэтэрхий хөлдүү, яриа нь хөгшин хүн шиг. Бас юун бөх болох, дэрчгэр шар л хүүхэд байсан. Ингэж од болж, баяжихыг нь мэдсэн бол хаяхгүй байхгүй юу” хэмээн аальгүйтэн найздаа ярьж, суусан гэдэг. 
 
Хичээл сурлагадаа тааруу, дөнгөн данган “С”-тэй зууралддаг, охидыг шохоорхох нь их ч зориглож очоод яриа өдөж чаддаггүй ичимхий, тэгсэн атлаа үеийнхэн байтугай гурав дээшээ ах нарыг “батирдаг” залуус бөх болчих нь их.
 
Бөх хүнийг эрийн дээд гэх үзэл, хандлага монголчуудад эртнээс бий. Гүндүүгүй, жудагтай, даруу, төлөв төвшин, энд тэндгүй үсчээд байхгүй буурь суурьтай гээд л монгол эр хүнд байх ёстой бүхий л хэв шинж тэдэнд бий гэлцэнэ.  Бөх хүн бол эр хүний стандарт. Бас барилддаггүй жирийн монгол эрийн хийморь 50 хувь, бөх эр хүнийх 100 хувь гэх маягтай ялгаварлана. Бөхийн босоо цагаан хийморь гэж ирээд л ярина. Барилддаггүй бол хийморь нь хэвтээ, хар аятай л. Бас монгол эрчүүдээс хамгийн сайн цус, гентэй нь бөхчүүдийг гэнэ. “Охинтойгоо суулгачихвал аятайхан бөх төрнө дөө” гэж бөхчүүдийг дотроо “шохоорхох” аав нар бишгүй. 
 
Бөхчүүдийгээ бөхөө барилдаад л, наадмын байнд өгсөн “ланд-200”-гаа унаад л, нутгийн зөвлөлөөсөө шагнуулсан байрандаа амьдарч, гүндүүгүй, жудагтай, төлөв төвшин байдлаараа аж төрдөг гэж нийтээрээ ойлгоно. Зарим нэг нь сонгуульд нэр дэвшвэл бөх барилддаг шигээ улс төрд ч цахиур хагалан, гал авалцуулж, авлигачин, оффшорчдын өөд ураагүй тонгорох байх гэж итгэж саналаа өгнө. 
 
Гэтэл өнгөрсөн ба одоо бөхчүүдийг улс төрд оруулснаараа бид тэдний жинхэнэ нүүр царайг харж авч байна. Өөрөөр хэлбэл тэд яг үнэндээ төлөв даруу биш төр самрах алиалагч гэдгийг, гүндүүгүй биш гарт таарснаа халаасладаг, авлигачин, залилагч гэдгийг, ёс жудагийн тухай яриад ч хэрэггүйг хангалттай харж байна. Чуулган дээр хэдэн үг холбож хэлэхгүй хэрнээ хор найруулахад хамгийн түрүүнд оролцоно. Хууль санаачлахгүй хэрнээ хулгай хийнэ, лиценз, тендер түүнэ. Мэдээж бүх бөх биш л дээ. 

Орчин цагт монголчуудын бөхөө хүндлэх, тэднийг аль байдгаараа дэмжих гэсэн сайхан сэтгэл дээр дөрөөлөгсөд, бөхөөр дамжуулан улс төр, бизнест орогсод хэтэрхий олон болж байна. Сүүлдээ Монголын төрийг жинхэнэ ухаалаг, туршлагатай дипломатчид биш хэдэн наадамд төрүүлсэн бөхчүүд удирдан чиглүүлж эхэллээ. Улс удирдахад ер нь ухаан хэрэгтэй юм уу, булчин хэрэгтэй юм уу. 

Хэний ч танихгүй залуу бөх болоод элдэв төрлийн витамин, сэргээш хэрэглэж, даваа бүрээ худалдаж аваад ч хамаагүй наадамд түрүүлж, цолонд хүрчихвэл амьдралын баталгаа нь бүхэлдээ хангагдах маягтай. Допинг хэрэглэж, хүчгүй нэгэнд бяраа гаргаж, татвар төлөөгүй хэрнээ тансаг сууцанд амьдарч, том жийпээрээ дайрах шахам өнгөрч байсан ч ард түмэн нь хуучин цагийн уламжлалаараа шүтэж, хүндэлсээр л байх. Гэтэл нөгөө шүтээн нь тэр компанийн бөх, энэ даргын нутгийн дүү гэж явсаар бөхөөсөө дарга болоод дэвшдэг боллоо. 
 
Өнөө “Чиний юм сурах гэж юу байдаг юм” гэж багшдаа байнга загнуулж, ном сурах дургүйдээ бөхөөр хичээллэсэн дүрсгүй хүү, сумын төвийн клубын үүдэнд сумын заан нэрээрээ атаман хийж, “Энэ засрахгүй нь ээ” гэж өвгөдийн харцанд ташуурдуулж явсан хулгар чихтэй эр ирээдүйдээ том цолтой бөх болцгоосон. Тэгээд бөх болоод зогсоогүй төр чиглүүлэлцэх, удирдах дарга болсон гэх яриа хаа сайгүй байдаг. Уг нь үеийн нөхөд нь улс орныг удирдах, хөгжүүлэх мэдлэг боловсролыг эзэмшиж, хэл сурч, хөгжлийн загвар гаргаж, байхад тэд заалны бэлтгэл дээрээ 100 килограмм штанг өргөж, шал зүлгэж байлаа. 

Гол нь тэд бөх болсноороо эрдэм номтой үеийн нөхдийнхөө хүсээд ч чадахгүй өндөрлөгт буюу Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, яамны сайд, УИХ-ын гишүүн, хотын дарга аль нь ч болж болох дардан замаа нээсэн хэрэг л дээ. Монголын төрийн тогтолцоо ийм болсон гэхээр харамсалтай биз. 

Бөхчүүд нь өөртөө итгэлтэйгээр нэр дэвшээд, цолыг нь хүндэлдэг нь саналаа өгөөд, үгүй юм аа гэхэд нутгийн ах нь дэмжиж туслаад Бөхийн өргөөгөө, спорт заалаа, Төрийн ордноор, Засаг даргын байраар сольсон бөхчүүд өнгөрсөн, одоод олон.  Зөвхөн одоо төрд байгаагаас Ерөнхийлөгч Х.Баттулга 1979-1990 онд Самбо бөхийн улсын шигшээ барилдаж байсан МУГТ. Хотын дарга Д.Сумъяабазар 1994-2008 онд үндэсний бөх, чөлөөт бөхөөр барилдаж байсан Монгол Улсын аварга. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ улсын наадам 186 удаа давж, 12 удаа түрүүлсэн Монгол Улсын Дархан аварга. УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг улсын наадамд 1993-2004 онд барилдсан Улсын гарьд. Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ аймгийн арслан. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэрдорж аймгийн заан. Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг дарга М.Насанбат аймгийн начин. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Засаг дарга А.Батмөнх улсын начин. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг дарга Э.Саранбаатар аймгийн арслан. УИХ-ын дарга Г.Занданшатар хүртэл 1977-1982 онд Баянхонгор аймгийн Өлзийт суманд сурагч байхдаа үндэсний бөхөөр ноцолддог байсан тухайгаа ярьж сайрхдаг гэх юм билээ. 
 
Энэ мэтээр цааш хөвөрнө. Үндсэндээ Монголд бөх бол төр болж. Төрийн ордныг Бөхийн өргөө гэж нэрлэмээр болж. Гэхдээ бөх төрд орж болохгүй гэж ялгаж салгах гэсэнгүй. Харин зааланд хөлсөө гаргаж, зүлэг ногоон дэвжээнээ ноцолдож байхдаа улсаа хэрхэн хөгжүүлэх тухай үнэхээр бодож байсан уу л гэж асуух гээд байгаа юм. Бас дайн самуун болох гээд байна уу. Төрөө яагаад хүчтнүүдээр дүүргээд байгааг ойлгохгүй байна. Инженерүүд, эрдэмтэн, докторууд нь яагаад умгар өрөөндөө сардаа 500,600 мянган төгрөгийн цалингаар насаараа ажиллаад, хэд гурван наадамд хөлсөө гаргасан бөхчүүд нь төр удирдах гээд байгааг л ойлгохгүй байгаа юм. 
 

Төрийн ордныг Бөхийн өргөө гэж нэрлэмээр болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188