• Өнөөдөр 2025-11-13

АРДЫН НАМЫН ДАРГАД ААВЫН “НЯЛХ” ХӨВГҮҮД ӨРСӨЛДӨХ НЬ

2025-11-13,   53

       МАН-ын даргын төлөөх Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёрын саарал ордон дахь, бас сошиал дахь зодоон сар дамнан үргэлжилсэн. Хэн, хэнийхээ хариу цохилтод хохирол ч их амсацгаасан. Жишээ нь, Г.Занданшатар гэхэд Засаг нь задарч, өөрөө гудамжинд гарах дөхсөн. Харин Д.Амарбаясгалан УИХ-ын даргын сэнтийгээ алдаж, алхгүй болоод зогсохгүй АТГ-ын хаалга сахих “ажил”-тай болчихоод буй. Эцэст нь, тэдний хэн, хэн нь МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татлаа. 
 
Маргааш МАН-ын Их хурал эхэлнэ. Хот, хөдөөгийн 2255 төлөөлөгч оролцоно. Тэд МАН-ын 32 дахь даргыг сонгоно, бас МАН-ын дүрэмт томоохон өөрчлөлтүүд оруулна. Мэдээж, МАН-ын шинэ дарга хэн байх вэ гэдэг таамаг хэдийнэ хаа сайгүй хөврөөд эхэлчихсэн. Улс төрчдийн дундах шивнээгээр, бас учир мэдэх хүмүүсийн таамгаар бол ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, Хотын дарга Х.Нямбаатар, Тэргүүн шадар сайд Н.Учрал, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн дөрвийн нэр яригдаж байсан. 
 
Гэтэл өчигдөр ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр “Намын даргын өрсөлдөөнд оролцохгүй. Оролцооч гэж санал тавьсан ч хүлээж авахгүй. Харин залуучуудаа дэмжинэ” гэлээ. Мөн Хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлдээ хийх ажил их байна. Намын даргын сунгаад оролцох бодол алга” гэсэн. Харин Н.Учралтай уулзаж, Г.Тэмүүлэнтэй таарч асуухад “Их хуралд дээр л яригдах асуудал” гэх яг адилхан хариултаар бөөрөнхийлсөн. Өөрөөр бол, “Нэр дэвшихгүй” гэж үгүйсгэсэнгүй. Тэгэхээр Ж.Энхбаяр, Х.Нямбаатар хоёр нэрээ татаж, Н.Учрал, Г.Тэмүүлэн хоён МАН-ын даргын өрсөлдөөнд тунаж үлдэж буй бололтой юм. 
 
Гол нь, дээрх таамгаар бол Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёр өөрсдөө өрсөлдөхгүй нэрээ татсан ч өөрсдийн төлөөллийг нэр дэвшүүлж буй дүр зураг тодорч байна. Өөрөөр хэлбэл, Н.Учралын Г.Занданшатарын талаас, Г.Тэмүүлэн Д.Амарбаясгалангийн жигүүрээс МАН-ын даргын туг тойрохоор дэвж буй харагдаж байгаа юм. 
 
Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Д.Амарбаясгалангийн талынх гэдгийг харуулах хэд хэдэн жишээ дурдаж болно. 
 
Нэгдүгээрт, өнгөрөгч зургадугаар сарын 9-нд МАН-ын Бага хурлаар Ерөнхий сайдыг тодруулсан. Тэгэхэд МАН-ын Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарыг нэр дэвшүүлсэн. Харин Г.Занданшатарыг сөрж, заалнаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Д.Амарбаясгалан өөрсдийгөө нэр дэвшүүлсэн. Гэхдээ санал хураалтын өмнө Д.Амарбаясгалан нэрээ татсан. Санал хураалтад Бага хурлын 347 гишүүн оролцож, Ц.Сандаг-Очир тэргүүтэй Д.Амарбаясгалангийн талынхан Г.Тэмүүлэнг дэмжицгээсэн ч Г.Занданшатар 67 хувийн саналаар ялж, Ерөнхий сайд болсон. Өөрөөр бол, Д.Амарбаясгалангийн Ерөнхий сайдын сэнтийг авах эхний төлөвлөгөөний гол хүн нь Г.Тэмүүлэн байсан, гэхдээ бүтээгүй.  
 
Хоёрдугаарт, Үндсэн хуулийн цэцээр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын тогтоолыг хэлэлцэх үед УИХ ба Засгийн газар гэж хоёр талд сууцгаасан. Өөрөөр бол, Г.Занданшатарын талынхан ба Д.Амарбаясгалангийн талынхан гэж ил тод ялгарцгаасан. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн хувьд УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Х.Баасанжаргал, Б.Баярбаатар, Ц.Сандаг-Очир нартай хамт Д.Амарбаясгалангийн талд, УИХ-ыг төлөөлж суусан. 
 
Гуравдугаарт, Ерөнхий сайд Г.Занданшатарын анхны төсөв буюу ирэх 2026 оны төсвийг УИХ-аар хэлэлцэх үед хамгийн хатуу шүүмжилсэн хүн нь УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн. Гэх мэт жишээнүүдийг дурдаж болно.
      Харин Н.Учралын тухайд, У.Хүрэлсүхийн зөвлөхөөс улс төрд хөл тавьсан, Г.Занданшатарын Засгийн газрын Тэргүүн шадар сайд хэмээх хамгийн том местэнд уригдаж очсон. Нэмээд, У.Хүрэлсүх, Г.Занданшатар хоёрын хамгийн ойрын хүн болох ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр өчигдөр “Би намын даргад нэр дэвшихгүй, харин залуучуудаа дэмжинэ. Манай намын залуучуудаас улс төрд хол яваасай гэж хардаг хүн бий” гэсэн. Өөрөөр бол, Ж.Энхбаярын энэ үг нь “Н.Учралыг дэмжинэ” гэж буйгаас өөрцгүй сонсогдсон. Гэх мэтээр, яаж ч харсан Н.Учрал Г.Занданшатарын төлөөлөх төлөв харагдаж буй. 
         Эцэст нь, МАН-ын даргын арьсан сэнтий, арслантай тамганд горилогчдын жагсаалтыг тэргүүлж буй Н.Учрал, Г.Тэмүүлэн хоёрын ааваараа “татуулсан”, бараг л “адилхан” гэмээр намтрыг нь товч танилцуулъя.  
 
Тэргүүн шадар сайд Н.Учралын тухайд, 2003 онд аавынхаа Их Засаг лицей сургуулийг төгсөж, бүрэн дунд боловсролын гэрчилгээ авсан. Дараа нь 2007 онд аавынхаа Их Засаг их сургуульд сурч, эрх зүйч мэргэжлээр бакалаврын дипломтой болсон. Төгсмөгцөө буюу 2007 онд аавынхаа Их Засаг их сургуулийн ТУЗ-ийн дэд дарга болж, ажлын гараагаа эхэлсэн. Дараа нь 2010 онд аавынхаа Их Засаг их сургуультай оюутан солилцооны гэрээтэй Малайзын Лимкоквин их сургуульд сурч, бизнезийн удирдлагын магистр хамгаалсан. Төгсмөгцөө буюу 2010 онд аавынхаа Их Засаг их сургуулийн дэргэд Рояаль Акедемийг байгуулж, Ерөнхий захирлаар нь ажиллаж эхэлсэн. Ингээд 2015 онд аавынхаа уугуул нутаг Хэнтийгээс хоёр удаа сонгогдсон У.Хүрэлсүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан зөвлөхөөр томилогдсон. Улмаар 2016 онд аавынхаа Чингис Соосэ их сургууль байрладаг СХД-ээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Товчхондоо, Н.Учралын өдий хүртэлх намтар нь аавтай нь салшгүй холбоотой. 
 
Харин УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн тухайд, Австралид ахлах сургуульд сурч байхад аав нь Гадаад харилцааны яаманд орлогч дарга байлаа. Америкт их сургуульд сурч байхад аав нь Үйлдвэр, худалдааны сайд байлаа. Дараа нь дахиад Америк явж магистр хамгаалахад аав нь Сангийн дэд сайд байв. Монголдоо ирээд удалгүй АМГТГ-ын Гэрээлэлтийн хэлтсийн дарга болоход аав нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал байлаа. Хоёр жилийн дараа 28-хан настайдаа “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд захирлаар томилогдох үед аав нь бас “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал байлаа. “Эрдэнэт үйлдвэр”-ийн “эзэн”-ий хүүхэд гэдэг “тодотгол”-оороо тэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд захирлаар таван жил ажилласан, тэгээд Уул уурхайн дэд сайдын сэнтийд заларч, улмаар 35 насандаа УИХ-ын гишүүн болсон түүхтэй. 
 
Товчхондоо, төр түшилцсэн түшээд дунд тэдэн шиг дардан намтартан үгүй биз ээ. 
 

АРДЫН НАМЫН ДАРГАД ААВЫН “НЯЛХ” ХӨВГҮҮД ӨРСӨЛДӨХ НЬ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188