• Өнөөдөр 2024-04-26

О.БААСАНХҮҮ:УИХ-ын зарим гишүүн Финланд явж, Улс төрийн намын тухай хууль судалсан гэсэн. Явахаасаа өмнө надаас зөвлөгөө авах байсан юм

2022-09-28,   791

УИХ-ын гишүүн асан О.Баасанхүүтэй Ардчилсан намын цаг үеийн асуудлаар ярилцлаа.

       -Ардчилсан намд үүсээд байгаа асуудлаар ярилцах гэж ирсний хувьд та намын гишүүн хэвээр байгаа юу гэдгээс яриагаа эхлүүлэх нь зүйтэй болов уу?

      -Хэвээрээ байгаа.

     -Та С.Эрдэнэ даргатай Ардчилсан намын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа. Таны цахим орчинд хийсэн мэдэгдэл ингэж асуухад хүргэлээ. Тэгэхээр та С.Эрдэнэ даргатайгаа муудчихсан юм уу?

     -Би урьд нь МАХН-д байсан. Энэ үед тус намыг нэг хүний нам гэдэг байлаа. Ингээд нэг хүний биш нийтийн нам байлгая гээд нийт гишүүдийн хурлаа хийж, намын даргаа сонгоод Улсын дээд шүүхэд саналаа өгсөн юм. Энэ үед эрх баригч нар айгаад 13 шүүгчийг АТГ-т өгч, Салхитын мөнгөний ордны хэргээр энэ асуудлыг замхруулсан. Ингээд намайг нам ч үгүй болгоод нэг хүнтэй яриад намыг нь худалдаад авчихсан. Нөгөө хүн нь 60 тэрбум муухай гэж байснаа сүүлд өөрөө намаа зарчихсан.

      Тэгэхээр нь би Ардчилсан намд элслээ. Энэ бол нэг хүний нам биш. Ардчилал гэдэг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болохоор ардчилал гэж байгаа юм. Миний үзэл таны үзэлтэй нийлэхгүй байгаа чинь өөрөө ардчилал. Таалагдахгүй байгаа үзлийнхээ төлөө тэмцэж байгаа нь Ардчилсан намын үнэт зүйл гэж би боддог. Яг үнэндээ С.Эрдэнэ гэдэг хүнийг бодож би Ардчилсан намд ороогүй. Тэр хүнд би өргүй, С.Эрдэнэ надад өргүй. Бид нэг намд нэг зорилгын төлөө явж байна. Би бүх зүйл хууль ёсны байгаасай гэж хүсдэг. Өнгөрсөн хугацаанд би Улс төрийн намын тухай хуулийг хамгийн сайн мэддэг хүн болчихлоо. Шулуухан хэлэхэд, манай гишүүд Финланд явж Улс төрийн намын тухай хууль судалсан гэсэн.Ингэж явахаасаа өмнө надаас зөвлөгөө авах байсан юм.

С.ЭРДЭНЭ ДАРААГИЙН ДАРГАА ГАРГАХГҮЙ СУУГААД БАЙГААД УЧИР БАЙНА

       -Ардчилсан нам хууль ёсны байж чадаж байгаа юм уу?

       -Бид намын асуудлыг лидерүүдийнх нь дунд яриад хувийн компани шиг болгоод байна. Компани бол ойлгомжтой. Та мөнгө  төлчихсөн учраас дараагийн хүн авах бол мөнгөө төлөөд л авна. Харин төрийн бус байгууллага бол удирдах зөвлөлөөрөө шийднэ. Харин нам бол гишүүдийн саналаар шийдэж, даргаа томилно. Манай Ардчилсан намын дүрэмд дараагийн дарга гартал өмнөх дарга нь ажлаа хийнэ гээд Улсын дээд шүүх бүртгэсэн. Энэ утгаараа С.Эрдэнэ дарга хэвээрээ байгаа. Харин дараагийн даргаа гаргахгүйн төлөө өмнөх дарга нь сууж болохгүй. Үүнийг л би илэрхийлээд байгаа юм. С.Эрдэнэ дарга дараагийн даргаа томилох гэхээрээ “Нам аа наймалцах гээд байна. Би үүнийг хадгалж байна” гээд суугаад байгаа юм. Тийм байж болохгүй биз дээ.

            -Өнгөрсөн хугацаанд та С.Эрдэнэ даргад зөвлөж ажиллаагүй юм уу?

       -Би С.Эрдэнэ даргад биш Ардчилсан намд зөвлөсөн. С.Эрдэнэ дарга бид хоёрын хооронд хувийн ямар ч асуудал байхгүй. Би бол хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн хувьд намын үйл ажиллагаандаа оролцож байгаа.

        -Таныг Ардчилсан намд зөвлөж байхад намын даргыг сонгох сонгууль болж, М.Тулгат дарга энэ сонгуульд ялалт байгуулсан шүү дээ?

       -Намын дүрэмд дараагийн даргаа баталтал өмнөх дарга хүчин төгөлдөр байна гээд заачихсан. М.Тулгатыг харин Улсын дээд шүүх бүртгээгүй юм.

       -Улсын дээд шүүх Ардчилсан намын дараагийн даргыг бүртгэхгүй байгаа нь цаанаа ямар учиртай юм бэ. Та бол С.Эрдэнэ даргыг дараагийн дарга томил гэсэн байр суурьтай байгаа юм байна шүү дээ?

       -Угаасаа даргаа томилох ёстой. 2024 онд Ардчилсан нам С.Эрдэнэ даргатай сонгуульд орох боломжгүй шүү дээ. Асуудал С.Эрдэнэ даргад байгаа юм биш. Манайд удирдагч нь гол нь биш удирдагчийн хажууд хэн байгаа вэ гэдэг нь  сонин. Би тэр жиргээндээ хэлсэн. Үүний ард Ардын намын явуулга байгаа юм биш үү. Ингэхдээ Д.Сумъяабазар Х.Нямбаатар нар байгаа юм биш үү гэж хардаж хэлсэн. Би гэхдээ энэ хоёр байгаа гэж нотлоогүй. Би хажууд нь байсан биш.

        -Ардчилсан намын даргын асуудал ирэх сонгуулиас өмнө цэгцлэгдэж чадах уу?

      -Би үүнийг арван нэг сард цэгцэлчих болов уу гэж харж байна. Тэгэхгүй бол Ардчилсан намд асуудал байхгүй. Харин ард түмэн, Ардын намд асуудал байна гэсэн үг. Яагаад гэвэл хоёр хөршийн геополитик амаргүй байгаа үед манайхан тайвшраад амьдраад байж болно гэсэн ойлголттой болчихсон гэсэн үг. Тиймээс сөрөг хүчин гэж байх ёстой. Сөрөг хүчин нь эрх баригч болон төрийн бодлогоо авч явах хэрэгтэй. Гэтэл үүнийг нь шоронгоор айлгаад байлгаад байж болохгүй. Нэг сувгаар 12 жил бүх мэдээллийг худлаа аваад байхаар ард түмэн тэсэж чадахгүй дэлбэрэх нь цаг хугацааны асуудал.

        Өнгөрсөн хавар болсон залуусын жагсаалыг эрх баригч намынхан эвээр тараачихсан. Хяналтандаа авах гэж хэсэг сандарсан. Хүмүүс хоёр удаагаа хууртахгүй шүү дээ. ялангуяа эрх чөлөөг амссан манай шиг улсыг хяналтандаа байлгах хэцүү. Орос, Укрианы байдлаас харахад ч ийм байна. Укриан эрх чөлөөг  бага ч болов мэдэрчихсэн. Тиймээс дарангуйлалд орохгүй гэж тэмцэж байна.

        Ардчилсан намын тамганы асуудал нэг тийш шийдэгдчихсэн. Асуудал нь нэг тийш цэгцэрч байна. Одоо зөвхөн бүтэц зохион байгуулалтын асуудал үлдээд байна.

УЛС ТӨРИЙН БҮЛГИЙН ДАРГЫГ ТОМИЛОХ ТУХАЙ ХУУЛЬ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙНА

       -Та мөн Үндсэн хуулийн цэцэд Улс төрийн намын бүлгийн даргыг томилох тухай хууль Үндсэн хууль болон бусад хуультай зөрчилдсөн гэдэг асуудлаар гомдол гаргаад байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү. Яагаад энэ хууль батлагдсан хойно нь энэ тухай ярих болов?

        -Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан шалтгаан гэвэл, УИХ дахь Ардчилсан намын гишүүн О.Цогтгэрэл энэ оны тавдугаар сард УИХ-ын тухай хуулийн 31.12 дугаар заалтад нэмж оруулах хуулийн төсөл өргөн барьж, энэ хуулийн долдугаар сарын 1-нд баталсан. Энэ хуулийг наадмын амралт дөхсөн үед баталсан учир амралт болох гэж байсан учраас наймдугаар сад энэ гомдлоо гаргасан. Гомдол гаргасан үндэслэл нь Үндсэн хуулийн 1.2-т Төрийн байгууллага нь хуулиа дээдлэх ёстой  гэсэн заалт бий. Хэрэв  тухайн гишүүн хуулийн хуулийн төсөл өргөн барих гэж байгаа бол энэ төслөө заавал олон нийтийн хэлэлцүүлэг хийж, төсөлтэйгөө хамт хавсаргах ёстой байдаг. Гэтэл энэ төслөө УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл намаар ч хэлэлцүүлээгүй, бүлгүүдээр болон олон нийтийн байгууллагаар хэлэлцүүлээгүй шууд төсөл өргөн барьсан. Мөн Үндсэн хуулийн 19.1 дэх заалтад 2019 онд өөрчлөлт оруулсан. Ингэхдээ улс төрийн нам нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулна. Ингэхдээ гишүүн болон бүлгээрээ дамжуулж үйл ажиллагаагаа явуулна гэсэн. Бүлэг нь гишүүдээрээ дамжуулж, үйл ажиллагаа явуулна. Бүлэг нь УИХ-ын дэрэгдэх бүтцийн байгууллага гэж байгаа боловч, Үндсэн хуулиар тусгайлан заагаад өгчихсөн асуудал болоод байна. Тэгэхээр миний өнөөдөр өргөн бариад байгаа энэ асуудал ганцхан Ардчилсан намын бүлгийн дарга хэн байх вэ гэдэг асуудал биш. Энэ нь бүлэг гэдэг парламентын бүтэц юм уу, нам нь парламентад санал болгоод байгуулж болдог, бүлгээрээ дамжуулж, улсын нийт газар нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах байгууллага юм уу гэдгийг шийдэх асуудал юм.

         -Парламент Үндсэн хууль зөрчсөн энэ хуулийн төслийг шууд нь баталсан нь ямар тохироотой байгаа юм бэ?

        -Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой. 76 гишүүнээ багцалж чадахгүй, 56-гаар багцална. Дээр нь нэг нам дангаараа Үндсэн хуулийг өөрчилж байгаа нь муухай харагдана. Тиймээс эрх баригчдад нөгөө намын кноп хэрэгтэй. Энэ утгаараа зургаан хүний оруулж ирж кнопдуулж байгаа юм.

        -Цэцэд гаргасан таны гомдол нааштай шийдэгдэнэ гэдэгт хэр итгэлтэй байна вэ?

       -Үндсэн хуулийн цэцийн шийдвэр парламентын үйл ажиллагааг хэвийн явуулахад түүхэн гол үүрэг гүйцэтгэнэ. Учир нь, парламент Үндсэн хуулийн байгууллага. Үндсэн хуулийн байгууллага ямар байх вэ гэдэг түүхэн шийдвэрийг гаргах гэж байна гэсэн үг. Парламентын байгууллагад бүлэг гэдэг ойлгомжгүй байгууллага байна. Тэр нь хуулиараа нам хүсвэл бүлэгтэй байна. Хүсэхгүй бол бүлэггүй байх нь.


О.БААСАНХҮҮ:УИХ-ын зарим гишүүн Финланд явж, Улс төрийн намын тухай хууль судалсан гэсэн. Явахаасаа өмнө надаас зөвлөгөө авах байсан юм
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-29 06:44:59
    Del: энэ баасны хэрэг байхгүй
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188