• Өнөөдөр 2025-10-24

УЛС ТӨРИЙН ДУУЛИАН ДУНД УЛСЫН ТӨСӨВ УТГАА АЛДАЖ БАЙНА

2025-10-24,   140

         Уг нь өдийг улс төрд улсын төсөв шиг амин чухал асуудал байхгүй байлаа. Ирэх жилийнхээ үүцийг бэлдэх хариуцлагатай цаг үед парламентын танхимд сандал суудлын хэрүүл өрнөж байна. Халуун зунаар иргэдийн саналыг авч, таван үе шаттай хэлэлцүүлдэг болно гэж 2026 оны улсын төсвийг өргөн барьснаас хойш улс төрийн хэрүүл дунд нам дарагдчихлаа. Төсвийн хэлэлцүүлэг өргөн хүрээнд өрнөх тусам чамбайрч, чангардаг. Адаглаад алдаатай төсвөө засах боломж олддог байлаа.

      Харамсалтай нь, 2026 оны төсвийг таван үе шаттай хэлэлцүүлж сайжруулах нь байтугаай хуулийн хугацаандаа амжиж батлах нь л үнэн болж таарав. Айлаар бол бүтэн жилийнхээ орлого, зарлагыг тооцоод идэх үүцээ бэлдэх хамгийн чухал асуудал нь. Гэтэл хэн нь эрх мэдэл хүрэхийн төлөө хэрэлдсээр ирэх жил эдийн засгаа хөлдөө чирч мэдэх бодит эрсдэлийн өмнө ирчихжээ. Улсын төсвийг хэлэлцүүлж, дуусахад ердөө гуравхан долоо хоногийн хугацаа үлдсэн. Гуравдугаар хэлэлцүүлэгт шилжүүлсэн төсвөөс сайн мууг нь шигшиж хэлэлцүүлэх нь байтугаа УИХ бүрэн эрхийнхээ хугацааг дуусгавар болгохгүйн тулд хуулийн хугацаанд нь амжиж батлахдаа л анхаарч байна.

          Бодит байдал дээрээ багш эмч нар цалингаа нэмүүлэхээр ажил хаяад 10-аад хонолоо. Багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэх шаардлага тавиад удсан ч, Засгийн  газар өнөөдрийг хүртэл шийдэлд хүрч чадаагүй байна. Үе шаттай нэмэгдүүлэхээр үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй уулзсан ч, үр дүнд хүрч чадаагүй.  Улмаар Засгийн газар өнгөрөгч долоо хоногт энэ асуудлыг тухайлан хэлэлцэж, боловсролын салбарын багш, ажилчдын цалинг 20 хувь, эрүүл мэндийн салбарынхыг 15 хувь нэмэх тооцоолол гаргаснаа танилцуулсан. Ингэж цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхэд нийтдээ 831 тэрбум төгрөг төсөвт шаардлагатай. Үүнийг төрд хэмнэлт хийх байдлаар нөхөх тооцоо гаргасан хэмээн тайлбарлаж буй.

         Гэтэл төр төсвөө оновчтой танаж чадах эсэх нь ч эргэлзээтэй байна, өнөөдрийн бодит байдлаас харахад. Өөрөөр хэлбэл, улс төрийн “зодоон”-оос болж, төрийн ажил гацаанд орж, яам Тамгын газруудын ажил нам гацсан бодит үнэнтэй нүүр тулж байна. Ингэхдээ бүх салбарын санхүүжилт гацаанд орж, эмнэлгүүд нэг удаагийн хэрэгслээ хангах нөөцгүй, төрийн албаныхан бичиг, цаасны нөөцгүй болж эхэлснээ ч мэдэгдээд буй. Энэ мэтээр төсөв, түүнийг дагасан цаг үеийн хоолойд тулд хүнд асуудлууд зөвхөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар хоёрын хэрүүл зодооноос болж гацчихаад байна.

     Тэгвэл ирэх оны төсвийг нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн суурь зарлага 29.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн суурь тэнцэл 2.0 их наяд төгрөгийн ашигтай байхаар төлөвлөгдсөн. Нийт хөрөнгө оруулалтын 67 хувь буюу 2.1 их наяд төгрөгийг үргэлжлэн хэрэгжих төсөл, арга хэмжээнд, 33 хувь буюу 1.8 их наяд төгрөгийг шинээр хэрэгжих төсөл, арга хэмжээнд зарцуулахаар танилцуулсан. Уул уурхайн бүтээгдэхүүнээс гол орлогоо бүрдүүлдэг манай улс ирэх жил нүүрсний экспортоо нэмэгдүүлж, 90 сая тонн нүүрс экспортлохоор төсөвт тусгасан. Гэтэл нүүрсний экспортын биет хэмжээ нэмэгдсэн ч үнээ бодитоор тооцоолж, төсвийн орлогоо тооцоолж чадсан уу, гэдэг нь эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, нүүрсний үнийг хэт өөдрөг тавьж, төсвийн алдагдлыг 1.3 их наядаар тооцоолсон нь хөрсөн дээрээ бодитоор бууж чадах эсэх нь эргэлзээтэйг ч УИХ-ын гишүүд шүүмжилж байлаа. Тэгвэл төсвийн алдагдлыг бууруулах асуудлыг ч гишүүд шүүмжлээд буй. Харин эдийн засагчдын зүгээс  өнгөрсөн онд төсвийн орлого нэг их наядаар тасарсан. Тиймээс алдагдалтай төсөв батлах нь хэвийн үзэгдэл гэдгийг сануулсан билээ.

      Энэ талаар эдийн засагч Н.Энхбаяр “2025 оны төсөвт дүгнэлт хийх үед нөхцөл байдал ямар байсан бэ гэдгийг эхлээд хэлье. Тухайн үед 2024 онд УИХ-аас 2025 оны төсвийг батлахдаа 27 их наяд төгрөгийн төсөв батласан. Наймдугаар сард төсвийн тодотгол хийгээд 2025 оны өргөн барьсан төсөв нь 35 их наяд төгрөг байсан. Нэг жилийн дотор төсвийн зарлагыг 30 хувь өсгөсөн өөрчлөлт учир хурдтай өсөлт гэх дүгнэлт өгч байсан. Түүнээс хойш ямар өөрчлөлт гарсан бэ гэвэл, өнгөрсөн онд дахин тодотгол хийж батласан 33.7 их наядын төсөвт саяхан тодотгол хийгээд эргэж буурсан байгаа гэх дүгнэлт гаргасан. Тэр буурсан дүнтэй харьцуулахад ирэх оны өргөн барьж байгаа 32.9 их наяд гэдэг харьцангуй бага хурдтай өсөлт байгаа юм. Хоёрдугаарт, өнгөрсөн оны гуравдугаар сард бидний өгсөн макро эдийн засгийн өсөлт нь 2026 оны зарлагын хязгаарыг 30.9 их наяд төгрөг гэж үзэх шалтгаан болсон. Өнгөрсөн оны төсөв дээр Засгийн газраас өргөн барьсан төсөв дээр төсвийн хязгаарыг 37.3 их наяд төгрөг гэж үзэж байсан. Тэгэхээр гуравдугаар сард төсөөлсөн төсөв илүү бодитой байна гэсэн үг. Өнгөрсөн онд төсвийг алдагдалгүй болгох тухайд бол манай улсын түүхий эдийн үнэ ханш сайн байсан. Яагаад буурсан шалтгааныг хаврын чуулганаар өргөн барьсан төсвийн тодотгол дээр тодорхой бичсэн байгаа. Түүхий эдийн үнэ унасан, төсвийн орлого бүрдэх боломжгүй байгаа учраас төсвийн тодотгол хийж байна гэсэн байдаг. Энэ нөхцөл байдал одоо ч үргэлжилж байгаа. Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан Монгол Улсын эдийн засгийн эхний найман сарын үзүүлэлтээр тодорхой байна. Өнгөрсөн оны мөн үеэс экспорт 1.4 тэрбум ам.доллараар буурсан. Энэ хэмжээгээр төсвийн орлого нэг их наядаар тасарсан. Энэ нь төсвийн орлого бүрдэхгүй байна гэдгийг маш тодорхой харуулж байгаа учраас алдагдалтай төсөв бол эрүүл үзэгдэл гэсэн үг” хэмээн тайлбарлаж байсан удаатай.

ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ЧУХАЛ ТӨСЛҮҮД

      Эрүүл мэнд, эрчим хүч, боловсролын салбарын томоохон төслүүдээ урагшлуулж, ахиц гаргах боломжуудыг ч ирэх оны төсөвт тусгасан гэж эдийн засагч, эрдэмтэд тайлбарлаж байгаа.

 

     Үнэндээ, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг 2026 онд 1.3 их наяд болгож 5.5 дахин нэмэгдүүлсэн. Улмаар эрүүл мэндийн салбарт эхлүүлсэн том төслүүдээ урагшлуулах саналыг тусгасан. Тодруулбал, “Хавдар судлалын үндэсний төв-2”-ыг барих барилгын ажил үргэлжилнэ. Мөн Робот заслын тоног төхөөрөмж худалдаж авах, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн их засвар,  хүчитгэлийг хийх, Эд эс эрхтэн шилжүүлэн суулгах төв байгуулах, 19 эмнэлэг шинээр ашиглалтад оруулж, тоног төхөөрөмжийг 49.7 тэрбумаар сайжруулах зэрэг эрүүл мэндийн байгууллагын нэн шаардлагатай санхүүжилтийг төсөвт тусгасан. 

       Эцэст нь сануулахад, төр, төсөв хоёрыг тогтвортой байлгаж, улсын хөгжлийг өөрсдийн эрх ашгаас илүү нэгдүгээрт тавьж, иргэддээ боддог байх хэрэгтэй гэдгийг УИХ-ын гишүүдэд дахин сануулах цаг нь иржээ.

    

 


УЛС ТӨРИЙН ДУУЛИАН ДУНД УЛСЫН ТӨСӨВ УТГАА АЛДАЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188