Өнгөрөгч долоо хоногт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс бусад төрийн томчууд харь оронд айлчлаад, эзгүй байлаа. Тухайлбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотод НҮБ-ын Ерөнхий Ассамблейд оролцож явсан бол УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-ын Вашингтон, Сан-Францискод хотод айлчилж, төгссөн сургуулиараа болон барьдаг гар утасныхаа компаниар зочилсон. Харин Шадар сайд С.Амарсайхан Тажикстаны Душанбе хотод очиж ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүнүүдийн уулзалтад У.Хүрэлсүхийн бие төлөөлөгчөөр оролцож, буцахдаа Турк, Буриад улсаар айлчлаад ирсэн. Тэднийг ийн эзгүй байх зуур “Ковид-19” цар тахал дотоодод бүртгэгдсэнээс хойш нэг хоногийн дотор хамгийн олон хүн нас барсан тохиолдол бүртгэгдсэн. Мөг тэднийг эзгүйд улсаараа шатахууны эрэлд хатаж, шар гэрэл нь анивчсан автомашинууд шатахуун түгээх станцуудад хэдэн зуугаараа дугаарлаж, зарим нь тэндээ хонож байв. Чухамдаа “Мөнхийн хөрш, найрамдалт харилцаатай ах дүүс” гэж сайрхаж ирсэн Хятад улс вагоноо, Орос улс шатахуунаа харамнаж, нэн даруй нэг талд нь гаргах шаардлагатай геополитикийн асуудлууд олон байгааг анхааруулав.
Цар тахлаас болж манай улсын төрийн тэргүүнүүд гадаад улсад албаны айлчлал хийгээгүй удсан. Гэтэл цар тахал улам идэвхжиж буй энэ үед нэгэн зэрэг гадаад орнуудад айлчилж, албан ёсны уулзалт, арга хэмжээнүүдэд оролцож эхэлсэн нь анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл, цар тахлын аюул заналхийлэл нэмэгдсэн, шатахуун зэрэг стратегийн бүтээгдэхүүний хомсдол үүсэж, хоёр хөрш шахалт үзүүлж эхэлсэн энэ үед төрийн тэргүүнүүд хоёр хөршийнхөө аль нэгийг биш нэгэн зэрэг хаа байсан цахиурыг хөндийг зорьсон нь цаанаа ямар зорилготой байсан бэ гэдэг асуулт дагуулж буй. Тэгвэл цар тахал, шатахууны хомсдол дунд иргэдээ орхиж одсон төрийн томчууд харь орноос юутай ирснийг тоймлож байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью Йорк хотод НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцов
-
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзсан.
Уулзалтын хүрээнд Буянт-Ухаад хүмүүнлэгийн агуулах, нийлүүлэлтийн логистикийн төв барихад дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичиг нааштай хүлээж авсан.
-
Колумбын их сургуулийн Тогтвортой хөгжлийн төвийн захирал Жеффри Сакстай уулзсан.
Уулзалтын төгсгөлд түүнд Тогтвортой хөгжлийн талаар Монгол Улсад бүс нутгийн форум зохион байгуулах, их дээд сургуулиудад лекц унших боломжтой эсэх санал тавьсан. Жеффри Сакс “Монгол Улсад байгаа чадавхыг ашиглан тогтвортой хөгжлийн бодлогыг чиглүүлэх чиглэлээр туслахад бэлэн. Бүх талаар дэмжиж ажиллана” гэсэн.
-
Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудатай уулзсан.
Уулзалтын үеэр Польшийн талаас ойрын хугацаанд манай улсад өндөр түвшний айлчлал хийж, Улаанбаатар хотод Элчин сайдын яамаа нээх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Цаашид хоёр улс хамтарч эдийн засаг, шинжлэх ухаан, залуучууд солилцооны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлээр хамтарч ажиллах талаар санал солилцсон.
-
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнертай уулзсан.
Уулзалтын хүрээнд ирэх дөрвөн жилд ядуурлыг бууруулах, сайн засаглал, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, ногоон аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүч, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, жендерийн тэгш байдал, дижитал шилжилт зэрэг салбарт хамтарч ажиллах боломжийн талаар санал солилцсон.
-
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлсэн. Түүний хэлсэн үгнээс зарим хэсгийг нь онцолж байна.
“Миний бие Монголын ард түмний нэрийн өмнөөс дэлхий даяар коронавирусийн улмаас нас барсан 4:6 сая хүн амь насаа алдсанд гүн эмгэнэл илэрхийлж байна”
“Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутаг дахь эдийн засгийн интеграцид оновчтой хэлбэрээр оролцох, тухайлбал АПЕК-т нэгдэх, АСЕАН-ны яриа хэлэлцээний түнш, Зүүн Азийн Дээд түвшний уулзалтын оролцогч тал болох эрмэлзэлтэй байна”
“Монголчууд бид дайны эсрэг оюун санаа, сэтгэлгээний дархлааг хүн төрөлхтөнд тогтоох зорилгоор дэлхийн 30 гаруй орны 100 гаруй сая хүн татагдан оролцож, олон сая хүний амь насыг аймшигтайгаар авч одсон хөнөөлт Дэлхийн II дайн дууссан есдүгээр сарын 2-ны өдрийг жил бүр “Хүн төрөлхтөн дайныг ялсан өдөр” болгон тэмдэглэх санаачилга дэвшүүлж байна. Энэ санаачилгыг дэлхийн улс орон, хүн ард дэмжинэ гэдэгт монголчууд бид итгэл төгс байна”
“Цөлжилтийг сааруулах хамгийн үр ашигтай арга бол мод тарих явдал мөн. Монголчууд бид угаас мод тарих, ном туурвих, үр хүүхэд төрүүлж өсгөхийг дээд гурван буян гэж ярьдаг. Тиймээс дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахын тулд 2030 он гэхэд Монгол Улсад тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байна”
-
Бүгд Найрамдах Эстони Улсын Ерөнхийлөгч Керсти Кальюлайдтай уулзсан.
Эстони улс цахим үндэстэн болох, төрийн үйлчилгээг цахимжуулахаар “И-Монголиа” систем хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх болсонд Төрийн тэргүүний хувиар талархал илэрхийлсэн. Мөн хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ жил тохиож буйг тохиолдуулан хамтарсан соёл, урлагийн арга хэмжээ зохиох талаар санал солилцсон.
-
БНСВУ-ын Ерөнхийлөгч Нгуен Суан Фуктай уулзсан.
Уулзалтын үеэр худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тээврийн нөхцөлийг сайжруулах, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, уул уурхай, аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцжсон.
Энэ бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гадаад дахь анхны албан ёсны айлчлал. Уг нь тэрбээр "Хоёр хөршийн төрийн тэргүүнүүдтэй утсаар холбогдож, цар тахлын аюул намжмагц нэн төрийн биечлэн уулзахаар тохирлоо" гэж мэдээлэл цацаж байсан ч ийнхүү АНУ-г зорьлоо. Эрдэнэбүрэн, Эгийн голын цахилгаан станц, Нефтийн үйлдвэр, төмөр замын томоохон төслүүдээ хөдөлгөж, заримыг нь бодит бүтээн байгуулалт болгосон зэрэг нь хоёр хөршид таалагдахгүй байгаа учраас шатахуун, төмөр замаар дамжуулан шахалт үзүүлж эхэлсэн гэж учир мэдэх судлаачид тайлбарлаж байгаа. Өөрөөр хэлбэл, хоёр хөрштэйгөө Төрийн тэргүүний түвшинд ярилцаж байж, Нефтийн үйлдвэр ашиглалтад орох хүртэл хомсдолгүй явах боломжтой гэж үзэх хүмүүс олон байна. Энэ утгаараа түүний айлчлал гуравдагч орон руу бус хоёр хөршийнхөө аль нэг рүү чиглэх байсан ч байж болох. Гэхдээ тэр АНУ-г зорьсон. Тэгвэл НҮБ-ын Ерөнхий Ассамблейд оролцоод юутай ирэв гээд харахаар "Цөлжилттэй тэмцэнэ" гэх амбицаа л сурталчилж чадсан байна. Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Оффшороос мөнгө оруулж ирнэ, өр тэглэнэ" гэх уриатайгаар дөрвөн жил ажилласан байдаг бол У.Хүрэлсүхийн хувьд "Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэнэ" гэдэг лоозонтой болчихоод байгаа. Үүнийгээ ч НҮБ-ын Ерөнхий Ассамблейд чуулганд оролцох үеэрээ зарлаж чадлаа. Бусдаар тэр ганзага хоосон ирсэн гэж дүгнэж болохоор байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-ын Вашингтон, Сан-Франциско хотод айлчлав
УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунпаг, Х.Булгантуяа, С.Ганбаатар, Ж.Мөнхбат, Б.Саранчимэг нарыг дагуулан АНУ-ын Вашингтон, Сан-Франциско хотод айлчлаад ирэв.
-
УИХ-ын дарга Г.Занданшатар Вашингтон хотод АНУ-ын Конгрессийн Олон улсын байгаль хамгаалах бүлгийн гишүүдтэй уулзсан.
-
Цагаан ордны ҮАБЗ-ийн Энэтхэг, Номхон далайн асуудал хариуцсан орлогч К.Кэмпбэллтэй уулзсан.
Уулзалтын үеэр цаашид хоёр талын эдийн засгийн харилцааг хөгжүүлэх хүрээнд Монгол, Америкийн хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг эхлүүлэх тухай санал тавьсан. Мөн АНУ-ын зүгээс КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад 188 мянган тун файзер вакцин тусламжаар өгсөн талархал илэрхийлж, дахин 900 мянган тун вакцин авах хүсэлт гаргасан тул дэмжиж өгөхийг хүссэн.
-
Сан-Франциско хотод Азийн сангийн Ерөнхийлөгч Дэвимд Арнолдтой уулзсан.
Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далайн судалгааны төвд зочилсон. Тэнд “Ардчиллыг бэхжүүлэхэд тулгарч буй бэрхшлээлүүд” сэдвээр илтгэл тавьсан.
-
“Аpple”компанийн үйл ажиллагаатай танилцсан.
Мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх талаар хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран ажиллах боломжтой гэж мэдэгдсэн.
-
Сан-Франциско хотын Кино комиссын гүйцэтгэх захиралтай уулзсан.
Энэ үеэрээ Сан-Франциско хотын кино уран бүтээлчдийг Монголын тал нутаг, түүхэн дурсгалд газрууд, онгон байгальд очиж кино бүтээхийг урьсан.
УИХ-ын дарга Г.Занданшатар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй зэрэгцээд АНУ-ыг зорьсон нь анхаарал татсан. Айлчлалын зорилго нь анхнаасаа тодорхой байгаагын зэрэгцээ, очоод хийсэн уулзалтууд нь ч төдийлөн амин чухал, нэн шаардлагатай уулзалтууд байгаагүй гэж болно. Тиймдээ ч ганзага хоосон яваад ирсэн гэж дүгнэж болохоор байна.
Шадар сайд С.Амарсайхан Тажикстаны Душанбе, Туркын Истанбул, Буриадын Улаан-Үд хотод айлчлав
Шадар сайд С.Амарсайхан БНТУ-ын нийслэл Душанбе хотод ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүнүүдийн өргөтгөсөн уулзалтад оролцоод ирсэн. Манай улс уг уулзалтад ажиглагч статустай оролцсон бол С.Амарсайхан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бие төлөөлөгчөөр уг уулзалтад оролцсон.
-
ШХАБ-ын уулзалтын үеэрээ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзсан.
Энэ үеэрээ хилийн боомтуудын ачаа эргэлтийн түргэсгэх, нүүрсний экспортын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, Тяньжин боомтод хуримтлагдсан чингэлэг тээврийн бөөгнөрлийг бууруулахад анхаарал хандуулж өгөхийг хүссэн.
-
Буцах замдаа Бүгд Найрамдах Турк Улсын нийслэл Истанбул хотод Десбаш чөлөөт бүсийн удирдлагуудтай уулзсан.
Уулзалтын хүрээнд Турк улсын чөлөөт бүсийн туршлагаас суралцах, Замын-Үүд, Алтанбулаг зэрэг хил дамнасан чөлөөт бүсийг түшиглэн хамтран ажиллах талаар санал солилцсон.
-
ОХУ-ын Улаан-Үд хотод айлчлав.
Буриад Улсын Засгийн газрын орлогч дарга В.Б.Цыбикжаповтой уулзаж, хил орчмын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцсон.
Түүний гадаадад дахь томилолтоос ганц үр өгөөжтэй байсан байж болох уулзалт нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй хийсэн уулзалт. Ялангуяа нүүрсний экспорт, хуримтлагдсан чингэлэг тээврийн асуудлыг түргэвчлүүлэх санал тавьсан нь чухал асуудал байсан.
Ингээд харвал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Шадар сайд С.Амарсайхан нарын гадаад дахь томилолтууд төдийлөн үр дүнтэй бус, харахад олон хүмүүстэй уулзсан мэт боловч санал солилцох хэмжээний, харилцан тохиролцсон зүйлгүй байжээ гэж болохоор байна.
Цар тахал, шатахууны хомсдол дунд иргэдээ орхиж одсон төрийн томчууд харь орноос юутай ирэв |
|