Ирэх намар улс төрд сонирхолтой үйл явдлууд ар араасаа өрнөж, төрийн эргэлт хийж ч мэдэхээр байна. МАН-ынхан төрд дуулиан тарьж, дахиад л Засгийн газраа унагаах бололтой.
Ингэхдээ өмнөх парламентын үед Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагахад хамгийн хүчтэй нөлөө үзүүлсэн Сү.Батболдын фракцынхан хөдөлж эхэлсэн гэдэг бор шувуу олны дунд нисэх боллоо.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг анх бүрэлдэхэд нь “Төдөн сарын настай” хэмээн улс төрийн хүрээнийхэн төдийгүй иргэд таамаг дэвшүүлж, “Түр Засгийн газар” хэмээж байсан. Гэтэл тус Засгийн газар халаа, сэлгээ хийлгүй үйл ажиллагаагаа явуулаад долоон сарын нүүрийг үзэв. Сүүлийн үед сайд нар нь Ерөнхий сайдынхаа чихийг багагүй халууцуулж, Засгийн газарт халаа сэлээ хийх нь гэдэг шуум тарсан ч тэрбээр танхимын сайд нараа тас өмөөрч, хэнийг ч танхимаасаа явуулахгүй гэсэн хатуухан мэдэгдэл хийсэн удаатай. Гэвч МАН-д Ерөнхийлөгчийн сонгуулиар тавьсан олон өр бий. Тэд эхнээс нь яриа тохироогоо биелүүлж эхэлсэн ч томилгоо сэлтийн ажил нь дундаа ч ороогүй. Угтаа бол Засгийн газарт дор хаяж гурван шинэ сайдыг оруулах төлөвлөгөөтэй байгаа ч цаг үе нь таарахгүй харзнаж байгаа нь нууц биш юм.
Гэхдээ цаашид энэ тохироо, томилгоо орвонгоороо эргэж, цоо шинэ бүрэлдэхүүн Засгийн эрхэнд гарч мэдэхээр байна. Өөрөөр хэлбэл, 2019 оны улс төрийн үйл явдал дахин давтагдаж, эрх баригч намынхан эрх мэдлийн төлөө дахин нэгнээ татан унагаахад ойрхон байна.
У.Хүрэлсүхийн засгийн газар танхимаараа огцорч, шинэ Засаг бүрэлдэхэд Сү.Батболдын фракцынхан хэд хэдэн сайдын суудалд очно гэсэн таамаг байв. Гэвч Л.Оюун-Эрдэнэ танхимдаа тэдний бүлэглэлээс алийг нь ч аваагүй нь олны анхаарал татаж байлаа. Магадгүй Л.Оюун-Эрдэнэ танхимдаа оруулаагүйдээ бус Сү.Батболдод бодсон бодол, өгсөн даалгавар байсан ч байж мэдэх. Эрх баригч намынхан Сү-тэй учраа олохгүй бол аль ч тохиолдолд томилгоо, ажил урагшаа явдаггүй хэмээн ярьдаг. Сү-гийн фракцын саналыг засгийн тэргүүн хүлээж авалгүй оронд нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг санал болгосон ч “голсон” гэдэг.
Улс төрд олон жил зүтгэж, МАН дотроо тодорхой нөлөө бүхий улстөрчийн тоонд ордог С.Батболдын тухайд төрийн гурван өндөрлөгийн нэгт очих амбиц бий. Тухайлбал, өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн сонгуульд тус намаас хэнийг сойх вэ гэдэг таамаг өрнөж байхад Сү.Батболд “Намаас итгэл хүлээлгэж, нэр дэвшүүлбэл, надад татгалзах зүйл байхгүй” хэмээн мэдэгдэж байв. Иймдээ ч түүнийг дараагийн Ерөнхийлөгч болох уу гэдэг цуу яриа олны дунд өрнөсөн.

Одоо харин Сү.Батболдын фракцынхан Засгийн эрхэнд гарахаар зэхэж, хүчээ зузаатгаж байгаа сурагтай. Ингэхдээ тэд М.Энхболдын бүлэглэлтэй нэгдэж, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагах шинэ тактик боловсруулж байгаа гэнэ. Угтаа бол Л.Оюун-Эрдэнийн оронд Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлэхээр сойж байгаа гэх яриа Саарал орноор нисэх болжээ.
Сү.Батболдын фракцад өөрөөс нь гадна Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Г.Мөнхцэцэг, Ц.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Ч.Хүрэлбаатар, Д.Цогтбаатар, С.Чинзориг, Б.Энхбаяр, Н.Энхболд гишүүд багтдаг. Харин М.Энхболдын тэргүүлдэг хотын фракцад Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Х.Баделхан, Ж.Батжаргал, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Х.Булгантуяа, С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Ц.Мөнх-Оргил, Д.Өнөрболор, Б.Саранчимэг, Г.Тэмүүлэн, Б.Чойжилсүрэн, Т.Энхтүвшин, Ж.Эрдэнэбат нар бий.
Сү.Батболд болон М.Энхболдын фракцууд хоорондоо нэгдвэл нэлээд парламентад нэлээд жин дарах том бүлэглэл үүсэж мэдэхээр байна. Тиймдээ ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн ойрын хүмүүсээ эрх мэдэлд хүргэхээр зүтгэж, хүчээ зузаатгаж эхэлсэн бололтой. Угтаа бол Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг өөрийн зөвлөхөөр ажиллуулах болсон ч Сү-гийн эсрэг зогсох нэг арга байх.
Сү.Батболдын бүлэглэлийн "ялах" цаг ойртож байна уу |
|