• Өнөөдөр 2025-05-13

МАН-ын задрал

2021-09-03,   680

   Саяхныг хүртэл эрх баригч намынхан бие биедээ сүжирч, нэгнээ тэвэрч, үнсээд, чуулганы хуралдаан болгоноор биенээ магтаад чухам эвтэй байлаа. Гэвч энэ найрамдал нь сонгууль хүртэл үргэлжлэв. Одоо харин нөхөн сонгууль болохтой зэрэгцэн МАН-ын задрал эхэлж, тэдний зэс нь цухуйв бололтой. Үе үеийн парламентад МАН-хан олонх болж Засгийн эрхийг дангаараа барьдаг байсан ч фракцын зодооноо дийлэлгүй Засгийн газраа түлхэн унагаадаг уламжлал тогтсон гэхэд хилсдэхгүй. Энэ удаад хуучин заншлаасаа хазаахгүй нь бололтой.
 
     Нөхөн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах үеэр намын гишүүд хоёр талцаж, Бага хурал ширүүхэн үргэлжилсэн  гэх нь бий. Хэдий гишүүд намын бодлогоо дагаж, шийдвэр гаргана гэж нүүрэн дээрээ мушилзаж байгаа ч хэн хэнд нь хувийн амбиц байгаа нь тодорхой байлаа. Одоо намыг толгойлон удирдаж байгаа томчууд хэд хэдээрээ фракц үүсгэж, ар талаа зузаатгахаар өрсөлдөж байгаа нь бэлхнээ илт байна. 
 
   Өнгөрсөн удаагийн парламентад МАН 33, 32 бүлэглэлээрээ талцаж, төрийн эргэлт хийсэн удаатай. Өөрөөр хэлбэл, парламентад хэд олонх болсон эрх баригч намынхан дотроо хагарч, бүлэглэл үүсгэсэн нь намаа хагалахад хүргэсэн. Энэ удаад ч тэд Засгийн газраа өөрсдөө унагаж, эрх мэдлийн төлөөх “дайн” эхлүүлж мэдэхээр байна. 
 

Л.Оюун-Эрдэнэ 2016 онд Засгийн газраа унагаж, УИХ-ын даргыг суудлаас нь огцруулахад гол үүрэг гүйцэтгэж, лоббиг нь зохиолцсон хүний хувьд Засаг унагаах техникээс мэр сэр гадарлахтайгаа болсон. Иймдээ ч тэрбээр араа зузаатгаж, “хий” гаргачихгүй гэж ихэд хичээж байгаа бололтой. Нэг хэсэг хотын дарга Д.Сумъяабазартай сүжирч, нэгнээ халамжилсан нь ч түүний төрд тэсэж үлдэх бас нэгэн заль байсан байж мэдэх. Цаад санаа нь Д.Сумъяабазар нийслэлийн МАН-ын даргаар ажилладаг, “Хотын фракц” нь нам дотроо нэлээд жин дардаг учир дэмжлэг болох нь тодорхой байв. 

      Харин хотын дарга Л.Оюун-Эрдэнийг намын даргаар сонгогдох цаад амбицыг ойлгож, хоёул хүчээ нэгтгэн нөхөн сонгуульд өөрсдийн хүнээ зүтгүүлэх гэж хэрэндээ хичээлээ. Гэвч тохирсон тохироо, ярьсан яриа намын хуучин дарга У.Хүрэлсүхэд нэгэнт байсан учир залуу дарга нар хүчгүйдэж, буулт өгөхөөс өөр аргүйд хүрэв бололтой. Магадгүй энэ тохироо У.Хүрэлсүхийн хувьд намын даргаар ажиллаж байсан хугацааных нь сүүлчийн нөлөө бүхий шийдвэр байж мэдэх юм.
 
      Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож, намын харьяалалгүй болсон тэрбээр намдаа нөлөөлөх эрх мэдэл нь бага багаар буурсаар буй. Харин түүний зөвлөх, намын генсек Д.Амарбаясгалан намынхаа гал тогоог удирдаж, У.Хүрэлсүхийн тохироонд дэмжлэг болсон нь зайлшгүй.
Гэхдээ Ерөнхий сайд, хотын дарга нар энэ чигээрээ буултаа өгч, урсгалаараа явчихгүй нь тодорхой. Угтаа бол МАН-ын дайн дөнгөж эхэлж байгаа нь гарцаагүй. 
 
Намын хуучин гишүүд ч залуу дарга нарт дургүйлэхэж, тэднийг түлхэн унагаах тактик дотроо боловсруулаад эхэлсэн бай таараа. Тиймээс Ерөнхий сайд, хотын дарга нар дараагийн тактикаа боловсруулж, ар талдаа дахин хүч авсан нь экс Ерөнхийлөгч Х.Баттулга байв. Ардчилсан намаа орхиод Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх болох дээрээ тулсан нь цаанаа учиртай болж таарав.

Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулга нар хамтрах цаад шалтгаан нь Сү.Батболдын фракцынхан хөдөлж эхэлсэнтэй ч холбоотой байж мэдэх.  Ямартай ч Ардын намын хагарал эхэлж, нам доторх бужигнаан эд өрнөж байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Ардчилсан нам цагтаа сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байсан ч Засгийн эрхийг унагаах хүртлээ хүчтэй сөрөг хүчин байгаагүй. Өөрөөр хэлбэл, МАН-ын задрал өөрсдийгөө түлхэн унагаах гол шалтгаан болдог. 

Цар тахлын амаргүй цаг үетэй давхцан дотоод хагарал эхэлсэн нь олны дунд эргэлзээ түрүүлж, байна. Цагийн байдал амаргүй үед иргэд илүү тогтвортой засаглалыг хүсэж байгаа нь тодорхой.
 

МАН-ын задрал
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188