• Өнөөдөр 2025-05-18

СҮНСЭЭ “ХОРИХ” ШАХСАН КОВИДЫН ҮЕИЙН СҮРЖИГНЭЛ

2021-11-11,   733

          365 хоногийн хугацаанд буюу дотооддоо ковид алдсан өдрөөс өнөөдрийг хүртэл монголчууд юу юу үзэж, харав даа. Ах, дүү, амраг саднаараа явсан маршрут, уулзсан хүн, харьцсан болгоноо улс даяар 11:00 цагт дэлгүүллээ. Регистрийн дугаартайгаа, ажлын газрын анкеттайгаа цахим орчинд “аяллаа”. 28 хоног “хоригдож” таван удаагийн сөрөг гэсэн бичиг авч, гэртээ харих эрх авлаа. Тусгаарлалтын байрнаас оргож, саваар модоор хоолойдоо тулгуулж, баригдаж байлаа. Хатуу хөл хорио тогтоож, махны дугаар, хүнсний оочирт бүхэл өдөржин зогсож үзэв. PCR-ийн шинжилгээгүй, вакцины гэрчилгээгүй бол хэн ч биш боллоо. Тусгаарлалтын байрны нөхцөл байдлыг шууд дамжуулалтаар үзүүлж, “Хулганаар ковид дамжсан” хэмээн яриад, хулганатайгаа цуг эрүүгийн ялтан болох дөхлөө. Хачин, хачин их юм үзлээ. Үр дүнд нь бид 1700 хүнээ алдчихсан, энд, тэндгүй халдвартай иргэдтэй, эдийн засгийн эргэлтгүй, Эрээний хил хаалттай, цар тахалд дарлуулж, наашаа ч үгүй, цаашаа ч үгүй, хаданд хавчуулагдсан халиуны зулзага шиг л болжээ.

         Ганцхан жилийн дотор бид яасан ч олон удаа сүрийг үзүүлж, сүржигнэв дээ. Дарга, цэрэг нар нь янз янзын тренд үгтэй болж, танхимын индэр дээрээс “Бид чадлаараа ажиллаж байна” гэж таахалзлаа. Иргэд нь гэртээ хоригдож, хоригдож эцэст нь ковидтой хөл нийлүүлэн алхахаар боллоо. Эмч, эмнэлгийн байгууллага нь ачааллаа дийлэхээ больж, туйлдлаа. Энэ бүхнийг харахаар эмгэнэлтэй, инээдмийн жүжгийн гол дүр нь бид байсан ч юм шиг...

ТУСГААРЛАЛТ НЭРТЭЙ “ШОРОН”

           “Гадаадаас ирсэн, ойрын хавьтал болсон иргэдээ манай улс 21-28 хоног тусгаарладаг байлаа” гэвэл одоо бараг итгэх хүн ховор байх. Онгоцны буудлаас иргэдээ тосож аваад, вирус ирж байгаа аятай үзэж, автобус автобусаар нь зөөгөөд тусгаарлалтын байрны үүдэнд буулгаж, нэг өрөөнд 4-6 хүн байрлуулж, 21 хоног “хорьдог” байв. Сүүлдээ энэ нь явсаар нэг нэгээр нь 28, 14 хоног тусгаарладаг болсон. Тусгаарлалтад байгаа иргэд өдрийн 50 мянган төгрөг төлж, “Үйлчилгээгээ үзүүл, бид мөнгө төлсөн. Энэ тусгаарлалтын байр чинь хулганатай, хүйтэн, жоомтой, хоол нь угаадас шиг байна” гэж мөн ч их хашгирсан даа. Эцэст нь, 21 хоног хорьж, хорьж, таван удаагийн шинжилгээ аваад, сөрөг гэсэн бичигтэйгээ цуг улс даяар ковидын халдвараа “алдчихсан”. Бидний эмгэнэлтэй түүх ингэж эхэлсэн байдаг.

        Ойрын хавьталыг нэг, хоёрдугаар хавьтлаар нь ангилж, бүгдийг нь “хорьдог” байв. Бүүр орцоор нь 14-21  хоног тусгаарлаж, байрных нь гадаа манаачтай өнждөг байлаа шүү дээ. Дээрээс нь Монголын бараг бүх л зочид буудал, амралт, сувиллыг тусгаарлалтын байр болгож, “царцаасан”. Гэтэл одоо тусгаарлалтын байр гэж улсын мэдлийн хэдхэн байр үлджээ.

МОНГОЛЧУУДЫГ “ХАЛТАР ЦАРАЙТ” УСК-ООС ХОЙШ ТЕЛЕВИЗИЙН ӨМНӨ “УЯСАН” 11:00 ЦАГИЙН ЭМЯ-НЫ МЭДЭЭ

        Улс даяараа нэгэн зэрэг телевизийн өмнө анхааралтай сууж, мэдээ үздэг боллоо, өнгөрсөн жилийн хугацаанд. Бараг амьсгалаа түгжин байж, түгшиж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны дарга асан Амбасэлмаагийн хэлэх үг, халдвар илэрсэн хүний тоо, илэрсэн газар, явсан маршрутыг нь сонсдог байлаа. Одоо үүнийг бичихээр бүдгэрсэн дурсамж шиг санагдаж байгаа болов уу. Үнэндээ, “Халтар царайт” киног үзэхийн тулд хөдөлгөөнөө зогсоож, бүгдээрээ гэртээ, телевизийнхээ өмнө суудаг байсан цаг руу ЭМЯ-ны 11:00 цагийн мэдээ монголчуудыг авчирсан байх. Халдвар илэрсэн хүний тоо олон байв шаналж, “Өнөөдөр хэд гарсан гэсэн бэ. Яана аа, ямар олон болчихов оо. Гэртээ бай, гараа угаа. Манайхаар битгий ирээрэй” гэдэг байлаа шүү дээ. Харин халдвар илрэхгүй байвал гэр бүл, ажлын газрын хүмүүс хоороондоо инээлдэж, “Ашгүй дээ. Ямар сайхан юм бэ” хэмээн үсэрч ирээд гараа цохиолцож байсан ч байх. Ингээд бид сүүлд нь телевиз үзэх хүн ч үгүй, мэдээ сонсох хавьтал ч үгүй болж хувирав.

РЕГИСТРИЙН ДУГААР, ЯВСАН МАРШРУТ, ГЭРЭЛ ЗУРАГТАЙГАА ЦАХИМ ОРЧИНД “АЯЛАСАН” НЬ

          Анхны халдвар илэрсэн хүмүүсийн сэтгэл зүй үнэхээр хүнд байсан байх даа. Халдвар илэрсэн учраас “Үхэж магад” гэсэн айдастай ХӨСҮТ рүү “ачигдаж”, хүмүүсийн үзэн ядалттай, явсан маршрутайгаа, зураг хөрөгтэйгөө нийгэм даяар чичлэгдэж байсан шүү дээ. Тухайлбал, “Ойрын хавьтал болсон иргэн ...-ийн шинжилгээнээс халдвар илэрсэн. “.......” продакшны тоглолт үзсэн, Баянзүрх дүүргийн нутагт байрлах караокегоор үйлчлүүлсэн хүмүүс эрүүл мэндийн байгууллагад хандах, сорьц авч байгаа цэгүүд дээр очиж, шинжилгээ өгч, зөвлөгөө зөвлөмж авахыг хүсэж байна. Мөн 2020 оны арваннэгдүгээр 9-ний өдрийн 17:00 цагаас 11-ний өдрийн 03:00 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр, Арслантай гүүрний баруун хойно байрлах Говь гурван сайхан буюу GGS караокегоор үйлчлүүлсэн иргэд яаралтай холбогдоно уу” хэмээн зарладаг байв. Ингээд л монголчууд “Халдвар илэрвэл уулзсан хүн, орсон газартайгаа дэлгэгдэж балрах нь” гэж айдаг болсон доо. Харин одоо нэг, хоёрдугаар хавьтал битгий хэл халдвар илэрсэн иргэдээ хүчрэхгүй, тоохоо больж дээ.

ТУСГААРЛАЛТЫН БАЙРНААС ОРГОЖ, САВАА МОД ХОЙЛООДОО ТУЛГУУЛЛАА

         Халдвар авсан, ойрын хавьтал болсон гэдгээ мэдсэн даруйдаа оршин суугаа газраасаа зугтааж байсан тохиолдол олон. Бүүр тусгаарлалтын байрнаас хэд хэдэн удаа оргож, эцэст нь нэг иргэн цонхноос унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарч байлаа. Халдвартай гэдгээ мэдсэн даруйдаа зугтаж, гудамжныхаа үзүүрт сууж байгаад баригдсан, баригдахдаа урт саваа модоор хоолойдоо тулгуулж, “ачигдаж” байлаа шүү дээ. Тодруулбал,  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд амьдардаг нэгэн иргэний дүүгээс халдвар илэрч, ойрын хавьтал болж байжээ. Ойрын хавьтал болсон түүнээс шинжилгээ авахад, хариу нь эерэг гарсан юм. Шинжилгээний хариу гарсны дараа тус аймгийн Онцгой комиссоос холбогдож, эмнэлгийн байгууллагад хүргэх тухай мэдэгдээд тархварын судалгааны хуудсын асуумжийг бөглүүлсэн байдаг. Гэтэл иргэн Б энэ хооронд "Бие засчихаад ирье" гэж гараад зугтсан гэдэг. Түүнийг цагдаагийн алба хаагчдад гудамжнаас нь саваар модоор баривчилсан билээ. Иргэн Б гэрээсээ холдоогүй саатуулагдсан ч түүний явсан маршрутыг тогтоохоор Сэлэнгэ аймгийн Онцгой комисс тандалт, судалгааны ажил явуулж, сүр дуулиан болж байлаа.  

ХАЛДВАР ИЛЭРСЭН ГАЗРААС ЛАЙВ ХИЙЖ, “ХУЛГАНААР ХАЛДВАР ДАМЖСАН” ГЭЖ ХЭЛЭЭД ХУЛГАНАТАЙГАА ЦУГ ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ ЯЛЛАГДАВ

         Эрх чөлөө, хүний эрх гэдэг хамгийн үнэт зүйл. Үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө нэгэн залуу Эрүүгийн хэргийн яллагдагч боллоо. Тодруулбах юм бол, “Энхсаран” сувилалд 21 хоног тусгаарлагдсан М гэх залуу тусгаарлалтын хугацаа дууссаны дараа буюу 22 хоног дээрээ сувилласаа лайв хийж, үнэн төрхийг нь илчлээд, эцэст нь цагдаагийн хаалгыг “сахих” болсон. Иргэн М-ийг яагаад торгор болсон талаараа цагдаагийн албан хаагч хэлэхдээ  “Тухайн иргэн тусгаарлах байранд хулганаар дамжин халдвар тархсан гэж мэдэгдсэн. Үүнийг цагдаагийн байгууллага хүлээн авч шалгахад  бусдыг төөрөгдүүлэх худал мэдээлэл гэж үзсэн учраас  Зөрчлийн хэрэг нээн шалгасан. Улмаар хэрэг шалгалтын явцад цугларсан нотлох баримтуудыг үндэслэн нэгдүгээр сарын 18-ны өдөр иргэн Д.М-д шийтгэл ногдуулсан” гэж байлаа. Мөн түүнийг халдвар тараах нөхцөл байдал үүсгэж, гэмт хэрэг үйлдсэн хэмээн Эрүүгийн хэрэгт буруутгаж, яллагдагчаар татсан билээ.

УРТААС УРТ ДАРААЛАЛД, УУРТАЙ ЗОГСОЖ БАЙЛАА

Манай улс хэд хэдэн удаа хатуу хөл хорио тогтоосон байдаг. Хөл хорио тогтоох бүрт иргэд нь хоорондоо “зодолдож” мах, хүнсэндээ уртаас урт дугаар үүсгэдэг байж билээ. Дэлгүүрийн талх, нарийн боовны лангуу хоосорч, архи, согтууруулах ундааг сагс сагсаар нь зөөвөрлөж, өндөг хомсдож өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэр хадаж байсан цаг саяхан. Махгүй, ногоогүй, гурилгүй өдрүүд ард хоцорчээ.

 


СҮНСЭЭ “ХОРИХ” ШАХСАН КОВИДЫН ҮЕИЙН СҮРЖИГНЭЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188