• Өнөөдөр 2024-05-18

ДАХИАД 20-30 ХОНОГ ШАТАХУУН “ХАЙНА”

2021-09-21,   772

            Өчигдөр өглөө гэрээс унааныхаа шатахууны шар гэрлийг анивчуулаад гарсан юм. “Унтарчихгүй 40 орчим километр лав явна, тэрнээс өмнө шатахуунтай залгачихна” гэж бодоод километрийн заалтаа “0”-лээд хөдөлсөн. Үдээс өмнө хувь, хувьсгалын ажил амжуулж явсаар үдийн хойхно гэнэт хянах самбар дээрх заалтаа хартал “32 километр явсан” гэж байна. Шар гэрлээ ч мартчихаж, шатахуун түгээх станц ч таарсангүй өдий болгожээ.
 
Яг тэр үед Жуковоос XIII хороолол чиглээд явж байлаа. Уг нь Багшийн дээд хүрчихвэл өчигдрийн ажил бүхэлдээ бүтэх байсан юм л даа. Гэвч анивчсан шатахуунтай тийшээ зүтгэвэл сумгүй буутай дайнд орохтой адил учраас хоёр эгнээ давж, Сансар өөд баруун эргэлээ. 
 
Сансарын эвтэй дөрөвтэй тойргийн урдхан нь байх “Шунхлай” ШТС орлоо. “Шунхлай” ШТС-ийн түгээгч 30 орчим насны залуу “АИ-92, АИ-95 хоёулаа байхгүй. Манай нөөцтэй байсан салбаруудын шатахуун 14:00 цагийн орчимд дууссан” гэж байна. “Арай Улаанбаатар даяараа биш биз дээ, зөвхөн танай салбарууд уу” гэлээ. Хариуд “За даа, шатахуун сурагласан хүмүүс л ирээд байна. Тэгэхээр нийтээрээ байх аа” гэж байна. Тэгсэн мөртөө “Чи хоцорчээ” гэх шиг ёжтой хараад үлдэв. 
 
Тал дундуур, заримдаа тэрнээс ч дээгүүр “зураастай” явдаг атлаа яг хомсдоод эхлэх үед нь шатахуунгүй, шар гэрлээ анивчуулчихсан явах ч гэж. Ядаж байхад явах тусам тэр гэрэл улам тодорч, хурдан анивчих шиг тэвдүүлнэ. “Балга шатахуун үлдчихэж дээ” гэж бодох тусам сөөм газар ч хол санагдах. Бодолд янз бүрийн л юм орж ирж байна. “Шатахуун хайж явсаар унтарчихвал яана аа. Түгжрэл дунд автомашинаа түрчихсэн явбал түмний шившиг. Муу үзэх гэсэн нэг нь зураг аваад “Шатахууны хомсдол” гэсэн шошго наагаад олон нийтийн сүлжээнд од болгож орхино. Ус, тосны сав бариад шатахуун хайгаад алхалтай биш, оллоо ч саваар өгөх биш. Ачигч машин дуудна гэвэл арай л их зардалтай” энэ мэт бачуу бодлууд тэр дороо л бүчээд авч байна. 
 
Сансарын тойргоор эргээд 100 айл зүг уруудлаа. Олны хэлдгээр “Сансарын колонкын буудал”-ийн хоёр талд “Петровис” ШТС байна. Зам дагууг нь бодож баруун гар талынх нь руу нь орвол түгээгүүр дээрээ бичгийн цаасан дээр “92/95 байхгүй” гэж хатсан тодруулагчаар хэлбэр муутайхан бичээд наачихжээ. Бүр түгээгч нь ч алга. “ШТС руугаа ордог зам дээрээ энэ бичгээ наачихсан бол хий дэмий замаас гарч түгээгүүрийнх нь дэргэд ирэхгүй байсан юм” гэж дотроо бухимдав. Миний араас гурван ч машин дагаж орсон юм. Тэд ч бас тэгж бухимдсан биз. 
 
Замынх урдах салбар луу нь харвал автомашинууд шатахуун авахаар дугаарласан харагдана. “Дугаарлаж зогсох ч яамай, шатахуун л олдож байвал” гэж бодоод өнөөх газраасаа хөдөлж зам руу ормогцоо жолооч нарын хараалыг баран гурван эгнээ даваад “РЦНК”-ийн зам руу эргэж, замын эсрэг талын “Петровис” ШТС руу орлоо. 
 
20 гаруй минут зогсож, ашгүй нэг миний ээлж иртэл “Петровис” ШТС-ийн түгээгч 40 гаруй насны эмэгтэй “АИ-92, АИ-95 хоёулаа байхгүй. Гэхдээ “Петровис карт”-тай бол дээд тал нь 30 мянган төгрөгт АИ-92 шатахуун авч болно. Хэрвээ картгүй бол урагшлаад зайгаа тавиад өгөөрэй” гэж шулуухан хэлж байна. Тийм карт байхгүй хойно яах билээ, бушуухан л зайгаа тавьж өгөв. 
 
Хэрэг бишдэж эхэллээ. Таньж мэддэг найз нөхөд, ах дүү, хамаатан садан луугаа утасдлаа. “Сансар хавьд явна. Энэ хавиас өнөөдөр шатахуун авсан уу, хол явбал унтрах гээд байна, хаана, аль ШТС шатахуун өгч байна” гэх мэт жижүүрийн хэдэн асуултыг гурван ч хүнээс асуулаа. 
 
Нэг найз маань “Бөмбөгөр”-ийн хажуугаар өнгөрч явна гэж байна. “Замаараа Баянбүрдийн тойргийн урдах “Тэс” ШТС-ийг харсан. АИ-92 байхгүй гээд бичиг өлгөсөн байна лээ. Наашлаад “Нисдэг машин” төвийн арын “Супер-92” ШТС-аар орсон. Нэг автомашинд дээд тал нь 30 мянган төгрөгт шатахуун өгч байна” гэх баярт мэдээ дуулгав. Гэхдээ шар нь анивчаад 35 километр явчихсан би Сансараас Баянбүрд хүртэл түгжирч яваад шатахуунтай залгана гэдэг бүтэшгүй даваа мэт санагдана. 
 
Бас нэг танил маань Долоон буудал хавьд явна гэнэ. “Дарь-эхээс 17 явах замд “Сод монгол” ШТС байна лээ. Гэхдээ “АИ-92, 95 аль нь ч байхгүй. Дизель, АИ-80 хоёр л байна гэсэн” гэж байна. 
 
Утасдаж асуусан сүүлийн танил маань харин Сансарын гэрэл дохиогоороо Дарь-эх рүү эргэмэгц “М-ойл”ШТС бий дээ. Тэнд л үз” гэж байна. Нээрээ тийм, тэгээд ч ойрхон юм гэж олзуурхаж, тийшээ бушуухан эргэлээ. Тэнд очвол бас л урт дараалал үүсчээ. Миний ээлж болоход 40 орчим насны эмэгтэй түгээч “АИ-92, АИ-95 шатахууныг дээд тал нь 20 мянган төгрөгт л авч болно” гэж байна. Тэгмэгц нь “Эгч ээ, 40 мянгад авчихъя тэгэх үү, би зөндөө хайж ирлээ” гэж учирлалаа. Хариуд “Нэг автомашинд 20 мянган төгрөгийн шатахуун өгөх тохируулга хийсэн. Манайхаас 20 мянган төгрөгөөр шатахуун авсан автомашин дахин үйлчлүүлэхээр орж ирж байгаа эсэхийг хяналтын камераар шүүж, тулгаж байгаа. Илүү өгвөл бид өөрсдөө загнуулна” гээд халгаасангүй. Найрах гээд бүтээгүй тул 20 мянгад шатахуун хийлгэж аваад хөдөллөө. 
 
Дорнодын Тамсаг булгаас жилд хэдэн мянган автомашинаар нефтээ хил давуулж байж дотооддоо шатахуун хайгаад мунгинаж явах ч гэж. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат шар торгон дээлийнхээ энгэрт нефть нялж, өнөө маргаашгүй л шатахуунаа өөрсдөө үйлдвэрлэдэг болох тухай баярт мэдэгдэл хийж байснаас хойш 30 жил өнгөрсөн байна. Үе үеийн Засгийн газар “Газрын тосны үйлдвэр” гэдэг үлгэр ярьсаар өдийг хүрчээ. Ганц өдөр шатахуун хайсандаа ч биш, төрдөө хууртаж, 30 жил хойд хөршөөсөө шатахууны хараат байсандаа гомдол төрөөд, олдсон шатахуунаа гамнаж, зугуухан хаазаар гэр өөд гэлдэрсэн. 
 
Өчигдөр шатахууны эрэлд гарсан, элдвийг бодож бачуурсан, түгжрэл дунд машинаа түрэх вий гэж эмээсэн бяцхан түүх энэ. Ганц би ч биш, бид цөмөөрөө л шатахууны эрэлд гарцгаасан байх, өчигдөр.
 
Харамсалтай нь, ганцхан өчигдөр ч биш, өнөөдөр, цаашлаад ойрын 20-30 хоног шатахууны эрэлд гарцгаах юм байна. 
 
АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаярын тайлбарлаж буйгаар ОХУ манай улсад шатахууны нийлүүлэлтээ багасгасан. Ингэснээр шатахуун импортлогчдын агуулах савнууд хоосрох аядсан учраас зах зээлд хомсдол бий болжээ. Харин ирэх аравдугаар сарын дундаас ОХУ шатахууны нийлүүлэлтээ хэвийн байдалд шилжүүлэх аж. Өөрөөр хэлбэл, тэр хүртэл шатахууны хомсдолтой, эрэл хайгуул үргэлжлэх нь. 
 
Тодруулбал, АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр “Есдүгээр сар гарсаар газрын тосны бүтээгдэхүүний импортын хэмжээ багассан. Манай улс ОХУ-ын “Роснефть” компанийн Ангарск дахь газрын тосны үйлдвэрээс АИ-92 шатахуун авдаг. Гэтэл тус үйлдвэр урсгал засвар хийж байгаа, ОХУ-д сонгууль болж байгаа зэргээс хамаарч шатахууны нийлүүлэлтээ багасгасан. Энийг дагаад манай улсын газрын тосны бүтээгдэхүүний нөөц багассан. Нөөц багассан учраас аж ахуйн нэгжүүд тодорхой хязгаарлалт тогтоож, 30 мянга, 40 мянга, 50 мянга төгрөг л өгнө гэх мэт арга хэмжээ авч байна. Уг нь Засгийн газраас баталсан тогтоолын дагуу тогтмол 30 хоногийн нөөцтэй байх ёстой. Хэвийн үед АИ-92 шатахуун 25-30, зарим үед 35 хоногийн нөөцтэй байдаг байсан. Гэтэл сүүлийн долоо хоногийн мэдээгээр 18 хоногийн нөөцтэй болж багассан байна.  Бид хомсдол үүсэхээс сэргийлэх үүднээс БНХАУ-аас АИ-92 шатахуун авах захиалгын хэмжээгээ нэмэгдүүлж байна. Гэтэл БНХАУ-д дотоодод нь төмөр замын тээвэр нь хүнд нөхцөлд байгаа. Хэдийгээр БНХАУ-ын газрын тосны үйлдвэртэй манай улсын аж ахуйн нэгжүүд гэрээ хийгээд, авах шатахууныхаа захиалгыг нэмээд ажиллаж байгаа боловч төмөр замын тээвэр нь хүрэлцээгүй байна. Бид захиалгынхаа хэмжээг нэмсэн даруйд тэд вагоныхоо тоог нэмж өгөх боломжгүй байна. Бид шатахуун импортлогчидтой уулзлаа. Компани тус бүрээр нь нөөцийг нь гаргахаар ажиллаж байна. Өмнө нь улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг гаргадаг байсан бол одоо компани тус бүрээр нь гаргахаар болж байна. Ямар ч байсан ирэх сарын дунд үе хүртэл бид аргалахаас өөр аргагүй” гэх тайлбар өгчээ. 
 
 

ДАХИАД 20-30 ХОНОГ ШАТАХУУН “ХАЙНА”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188