Сүүлийн жилүүдэд залуу уран бүтээлчид өөрсдийн санаачилга, хүч хөдөлмөрөөрөө кино, контентын салбарт хүч түрэн гарч ирж байна. “TAG” Entertainment-ийн анхны уран бүтээл “Намайг ачсан дурлал” киногоо үзэгчдийн хүртээл болгосон. "TAG" Entertainment-ийн үүсгэн байгуулагч, жүжигчин, залуу уран бүтээлч Б.Билгүүнжаргалтай ярилцлаа.
- “Намайг ачсан дурлал” киноны санаа хэрхэн төрсөн вэ?
- Энэ кино маань машин ачилтын газар ажилладаг хоёр залуугийн тухай өгүүлдэг. Анх Зохиолын санааг 2019 онд Дашдолгор найз маань ярьж өгч байсан. Киноны зохиолыг Д.Дашдолгор, А.Отгонбаатар, А.Тайван нар бичиж, orange entertainment-тай хамтран бүтээсэн. Киноны гол утга нь хүмүүсийн өдөр тутмын амьдралыг энгийн мөртлөө гүн гүнзгий өнцгөөс харуулахыг зорьсон. Машин ачилтын газарт 20 хоног судалгаа хийж, тухайн орчны амьдралыг яг л өөрийн нүдээр, өөрийн биеэр мэдэрсэн.
- Та энэхүү киноны дүр дээрээ хэрхэн ажилсан бэ?
- Миний бүтээсэн “Бал” гэдэг дүр бол амьдралдаа сэтгэл дундуур, ажилдаа гутарсан, хүүхдэд дургүй, амиа хичээсэн, төвөгшөөсөн, нэг үгээр хэлбэл ууртай хотын иргэний төлөөлөл. Энэхүү дүрээр дамжуулж өнөө цагийн хотжилт, бухимдал, харилцааны дутагдлыг ч илэрхийлэхийг хичээсэн.
- “TAG” Entertainment хэзээ байгуулагдсан бэ?
Манай студи 2022 онд есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан. Харин одоо гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээл туурвиж байна. Анх цахим орчинд контент бүтээж эхэлсэн ч кино урлагт өөрсдийн дуу хоолойг хүргэхийн төлөө зорьдог. “Намайг ачсан дурлал” бол бидний анхны бүрэн хэмжээний уран сайхны кино бөгөөд маш олон туршлага хуримтлуулсан уран бүтээл болсон.
- Киноны зураг авалт хэр хугацаанд үргэлжилсэн бэ?
- Зохиол бичигдэж дууссанаас хойш бүтэн зургаан сарын бэлтгэл хийсэн. Харин зураг авалт 20 хоногийн дотор хийгдсэн. Анхны бүтээл учраас зохиол, зураг авалтын бүх шатанд өөрөө оролцсон.
- Үзэгчдэд киногоороо юуг хүргэхийг зорьсон бэ?
- Машин ачдаг хүмүүсийг олон нийт сөргөөр хардаг нь ажиглагддаг. Гэтэл тэд ч бас ажил, амьдралтай, сэтгэлтэй жирийн л хүмүүс. Бидний болгоомжгүй үйлдлээс осол гарч, асуудал үүсдэг. Харин тэр ослыг цэгцлэх гэж ажиллаж байгаа хүмүүсийг цахим орчинд буруутгах нь хэр шударга вэ гэдгийг энэ кино хэлэхийг зорьсон.
- Гол дүрийн жүжигчдээ хэрхэн сонгосон бэ?
- Бид гол дүрүүдээ өөрсдөө сонгосон. “GangBay” хамтлагийн Баянаа, Солонгост жүжигчнээр суралцаж буй Б.Үжин болон бусад чадварлаг жүжигчид тоглосон. Хүүхдийн гол дүрийн сонгон шалгаруулалтад 300 гаруй хүүхэд оролцож, долоон настай Гэгээ охин сонгогдсон. Бид хүүхдийн дүрд маш их анхаарал хандуулсан.
- Жүжиг, киноны ялгааг та хэрхэн хардаг вэ?
- Жүжиг бол тухайн мөчид амьдаар мэдрэгддэг, үзэгчийн сэтгэл хөдлөлийг шууд хөнддөг. Харин кино илүү нарийн, камерын тусламжтайгаар сэтгэл хөдлөлийг барьж авдаг. Би аль алийг нь оролдож үзсэн ч кинонд илүү гүнзгий мэдрэмж оршдог гэж боддог.
- Анхны уран бүтээл гээд алдаа оноо байсан уу?
- Байлгүй яахав. Залуу хүмүүс учраас сурч, алдаж, ахиж л байна. Бидэнд илүү системтэй, төлөвлөгөөтэй ажиллах шаардлага байгаа гэдгийг ойлгосон. Үзэгчдээс “гэгээлэг кино болжээ” гэсэн олон эерэг сэтгэгдэл ирж байгаа нь урам өгч байна. Цаашдаа илүү чанартай, мэргэжлийн түвшний уран бүтээл хийхээр зорьж байна.
- Дараагийн уран бүтээлийн талаар?
- Одоогоор “TAG” Entertainment “Намайг ачсан дурлал” киноныхоо хоёр дуу дээр ажиллаж байна. “Санаандгүй учрал” хэмээх эхний дуу удахгүй цахим хуудсуудаар цацагдана. Хоёр дахь дуу болох "Sudba"-г "GangBay" хамтлагын дуучин С.Баянмөнх, Б.Үжин нар хамтран дуулсан, удахгүй цацагдана.
- Ирээдүйд ямар дүр бүтээхийг хүсдэг вэ?
- Би Joaquin Phoenix жүжигчнээс их урам зориг авдаг. Түүний дүр бүр гүн гүнзгий мэдрэмжтэй, жүжиглэлт нь амьд мэт санагддаг. Ирээдүйд түүнийг шиг дүрдээ уусан орсон, үзэгчдэд мартагдашгүй сэтгэгдэл төрүүлэх жүжигчин болохыг хүсэж байна.
ЖҮЖИГЧИН Б.БИЛГҮҮНЖАРГАЛ: “НАМАЙГ АЧСАН ДУРЛАЛ” КИНОНД ГОЛ ДҮР БҮТЭЭЖ ӨӨРИЙГӨӨ СОРИЛОО |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |