УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн анх 2005 онд Ч.Улааныг Шадар сайд байх үед Эдийн засгийн зөвлөх нь болж, Төрийн ордноор ойр, ойрхон орж, гардаг болсон. Дараа нь 2006-2007 онд нутгийн ах Ө.Энхтүвшингээ Боловсрол, шинжлэх ухааны сайд байх үед тус яамны Санхүү, эдийн засгийн газрынх нь дарга байлаа. Ингээд 2008 оны УИХ-ын сонгуулиар Ц.Даваасүрэн Ө.Энхтүвшинг хормойдон Хөвсгөл аймагтаа нэр дэвшиж, анх УИХ-ын гишүүнээр сонгогдож байв.
Өдгөө Ц.Даваасүрэн УИХ-д таван удаа сонгогдсон, Төрийн ордонд 17 дахь жилдээ тухалж буй, ард олноо “10 хувь” хэмээх алдар цуутай, ашиг сонирхлынхоо төлөө Ардын намаа ч “шантаажилж” чаддаг архаг түшээ болжээ. Төрсөн охиноо татварын мөнгөөр сургаад авлаа. Төрөлх Хөвсгөлөөсөө олон ч хүнийг авчирч, яамдад “шургуулж”, ямба эдлүүллээ. Туслахуудаа нэгийг нь ч үлдээлгүй төрийн албанд дарга болгож, насны хоолтой нь залгууллаа. Бөхчүүд “Г.Эрхэмбаяр аваргын зүүн мөрнөөс адис авбал мөдхөн цол ахина” гэж домнодог шиг Ц.Даваасүрэнгийн туслах болбол тун удахгүй дарга болдог ёс тогтлоо. Хусуур түрийлсэн хурдан морины дүү нар нь тооны машинд тэг нь багтахгүй хэмжээний том төсөвтэй тендерт шалгардаг боллоо. 10 жилийн ширээний найз нь ч хотхон барих хэмжээнд хөлжлөө. Ардын намаас авлагатай мэт аашилдаг, АТГ-ыг тойрч гүйдэг ганц хүн чухам Ц.Даваасүрэн.
Эсрэгээрээ Хөвсгөл аймгийн сум бүрд биелэгжүүлэн айлын зуслангийн байшингаас нэг их томгүйхэн “Бяслагны үйлдвэр” гэх барилгууд баригдаж байгааг эс тооцвол “Ц.Даваасүрэнгийнх” гэж авторлох ажил хомс. Тэгэх мөртөө УИХ-ын гишүүнээрээ улираад л байдаг. Магад, олонд таалагдахын тулд “Оюу толгой”-г ч “гацаах” хэмжээний далайцтай маркетинг хийдэг учраас тэр биз ээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 2017-2020 онд гурван жил Эрчим хүчний сайдаар, 2023-2024 онд нэг жил Барилга, хот байгуулалтын сайдаар ажилласан. Сайдын сэнтий сэлгэж суусан энэ дөрвөн жилийн хугацаандаа Ц.Даваасүрэн Хөвсгөлийн хамаатан садан, сонгуульд нь гүйдэг хуурай дүү нар, туслах, зөвлөхүүд гээд тойрон хүрээлэгчдээ цөмийг нь төрийн албанд дарга болгож амжсан. Өөрөөр бол, Ц.Даваасүрэн хэрвээ сайд болбол ямбандаа ташуурч, яамаа яг л хувийн компани шигээ бодож, Хөвсгөлийнхнөө хүссэн албан тушаалдаа туршлага үл харгалзан томилдог гэдгийг доорх жишээнүүд харуулах болно.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын уугуул, 2013 онд МУБИС төгссөн Мөнхбаярын Отгонням гэх эмэгтэйг 2013-2017 онд үүдэндээ суулгаж, нарийн бичгээрээ ажиллуулж байв. Гэтэл Ц.Даваасүрэн Эрчим хүчний сайд болмогцоо нарийн бичиг М.Отгоннямыгаа Эрчим хүчний хөгжлийн төвийн Сургалт үйлдвэрлэлийн төвийн даргаар томилсон байдаг. Дараа нь М.Отгонням нь 2023 онд Төрийн орон сууцны корпорацийн Хууль, эрх зүй, дотоод хяналтын газрын дарга болж дэвшсэн.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн туслах, бие төлөөлөгчөөр 2013-2017 он хүртэл ажилласан Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын уугуул Болдын Төрбат гэж залуу бий. Ц.Даваасүрэн Эрчим хүчний сайд болмогцоо туслах Б.Төрбатыгаа “ДЦС-4” ТӨХК-ийн Нийгэм, ахуйн хэлтсийн даргаар томилсон. Б.Төрбат одоог хүртэл энэ албан тушаалаа хашиж байгаа.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн шадар туслахаар 2017 хүртэл ажиллаж байсан Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын уугуул Даваацэрэнгийн Ган-Эрдэнэ гэх залуу бий. Ц.Даваасүрэн Эрчим хүчний сайд болмогцоо туслах Д.Ган-Эрдэнийгээ “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨҮГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргаар томилсон. Одоо Д.Ган-Эрдэнэ нь Нийслэлийн харьяа “Улаанбаатар лифт” НӨҮГ-ын даргаар ажиллаж байгаа.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, “Хөвсгөл аймгийн Оюутны нэгдсэн холбоо”-ны тэргүүн Лхагвасүрэнгийн Нямдорж гэх залуу Ц.Даваасүрэнгийн сонгуульд гүйдэг байв. Гэтэл Ц.Даваасүрэн Эрчим хүчний сайд болмогцоо Л.Нямдоржийг Эрчим хүчний яамны Хууль зүйн хэлтсийн даргаар томилж байв. Дараа нь Л.Нямдоржийг “Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн ТУЗ-ийн гишүүн болгосон. Одоо Л.Нямдорж нь Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байгаа.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн шадар туслах, Хөвсгөл аймаг дахь бие төлөөлөгчөөр нь ажилладаг Түвшинжаргалын Төрболд гэх залуу бий. Ц.Даваасүрэн Эрчим хүчний сайд болмогцоо туслах Т.Төрболдынхоо эхнэр Б.Мандухайн төрсөн ах Б.Бат-Эрдэнийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Дэд захирлаар томилсон. Харин Б.Бат-Эрдэнийн эхнэр С.Бямбадалайг “Налайхын дулааны станц” ТӨХК болон “Багануурын дулааны станц” ТӨХК-ийн ТУЗ-ийн гишүн болгосон байдаг. Дараа нь, С.Даваасүрэн Барилга, хот байгуулалтын сайд болмогцоо Б.Бат-Эрдэнийг зөвлөхөөрөө ажиллуулсан байдаг.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй нэг сумын, нэг голын буюу Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул Дэмбэрэлнямын Совд гэж залуу бий. Ц.Даваасүрэн 2005-2008 онд Боловсрол, шинжлэх ухааны яамны Санхүү, эдийн засгийн газрын дарга байхдаа сургуулиа дөнгөж төгссөн сумын дүү Д.Совдыгоо яамандаа мэргэжилтнээр ажилд авч байлаа. Улмаар 2008 онд Ц.Даваасүрэнг УИХ-ын гишүүн болсноос хойш Д.Совд ИНЕГ-ын Санхүү, төлөвлөлтийн хэлтсийн дарга, ХХААХҮЯ-ны Хяналт, шинжилгээ, дотоод аудитын газрын дарга гэх мэтээр дэвшсэн. Харин 2017 онд Ц.Даваасүрэн Эрчим хүчний сайд болмогцоо Д.Совдыг “ДЦС-4” ТӨХК-ийн Бизнес үйлчилгээ эрхэлсэн дэд захирлаар томилж байв. Харин одоо Д.Совд нь “Био комбинат” ТӨХК-ийн Санхүүгийн албаны даргаар ажиллаж байгаа. Сонирхуулахад, Д.Совд нь 2021 оны тавдугаар сард Боловсрол, шинжлэх ухааны яамны үүдэнд отож байгаад сайд Л.Энх-Амгалан руу хутган барьж дайрсан. Хэдийгээр хутгалж амжаагүй ч ч нүдний шилийг нь хагалж, хөнгөн гэмтэл учруулсан байдаг. Тухайн үед энэ дайралтыг Ц.Даваасүрэн зохион байгуулж, дүү Д.Совдоороо гүйцэтгүүлсэн гэх “шуум” гарч байсан ч тэгсгээд мартагдсан.
Хөвсгөл аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Мөрөн сумын Засаг даргаар 2020 он хүртэл ажиллаж байсан Цэрэнбадамын Гансүх гэж залуу бий. Ц.Даваасүрэн 2021 онд Ц.Гансүхийг Хөвсгөлөөс дуудан авчирч, ХХААХҮЯ-ны харьяа “Дархан арьс ширний цогцолбор” ТӨҮГ-ын захирлаар томилсон. Сумын Засаг даргаар удирдуулсан “Дархан арьс ширний цогцолбор” төсөл одоо ч ашиглалтад ороогүй байгааг дурдах нь зүйтэй. Дараа нь, 2023 онд Ц.Даваасүрэн Барилга, хот байгуулалтын сайд болмогцоо Ц.Гансүхийг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар томилсон байдаг. Улмаар Ц.Даваасүрэнг сайдаас буумагц Ц.Гансүх ч ажлаа өгч, Хөвсгөл рүүгээ буцсан. Ингээд өнгөрсөн намар Ц.Гансүх Хөвсгөл аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон.
Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын даргаар 2021 он хүртэл ажиллаж байсан Хорчингийн Ган-Очир гэж залуу бий. Ц.Даваасүрэн 2023 онд Барилга, хот байгуулалтын сайд болмоцгоо Х.Ган-Очирыг Хөвсгөлөөн дуудан авчирч, Барилга, хот байгуулалтын яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын даргаар томилсон байдаг. Х.Ган-Очир одоо Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Хяналт, шинжилгээ, дотоод аудитын газрын даргаар үргэлжлүүлэн ажиллаж буй.
Хөвсгөл аймгийн Галт сумын ЗДТГ-ын нягтлангаар ажиллаж байсан Жаргалсайханы Өлзийжаргал гэж эмэгтэй бий. Ц.Даваасүрэн 2023 онд Барилга, хот байгуулалтын сайд болмогцоо Ж.Өлзийжаргалыг Хөвсгөл аймгийн Галт сумаас дуудан авчирч, Барилга, хот байгуулалтын яамны Санхүүгийн үйл ажиллагаа хариуцсан Ахлах нягтлан бодогчоор томилсон байдаг. Одоо ч Ж.Өлзийжаргал Ахлах нягтлан бодогчийн албан тушаалаа хашиж байгаа.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн 10 жилийн ангийн найз Ц.Амарсайхан гэж хүн бий. Ц.Даваасүрэн найз Ц.Амарсайханыхаа төрсөн дүү Ц.Амарсанааг өөрийнхөө менежерээр ажиллуулж байгаад 2016 оны УИХ-ын сонгуулиас гурван сарын дараа Барилгын хөгжлийн төвийн даргаар томилуулсан. Ц.Амарсанаа нь Барилгын хөгжлийн төвийн даргаар найман жил ажиллаад, өнгөрсөн онд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Рагчаагийн Гансүхтэй “Нэмүт” ХХК-ийг хамтран эзэмшиж, 2017 он хүртэл ХОМ-тээ мэдүүлж ирсэн. Гэтэл 2018 онд “Тавантолгой түлш” ХХК байгуулагдмагц Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Нэмүт” ХХК-ийг хамтран эзэмшигч Р.Гансүхийг “Тавантолгой түлш” ХХК-ийн Захиргаа, аж ахуйн албаны даргаар томилж, 2021 он хүртэл ажиллуулсан. Одоо Р.Гансүх нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны Ажлын албаны даргаар ажилладаг.
Энэ мэтээр жагсаавал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн тавиулууд төрд хэдэн арваараа бий. Тэр тусмаа элгээрээ хэвтсэн эрчим хүчний салбарт Ц.Даваасүрэнгийн туслахууд хэд хэдээрээ дарга хийцгээж байна. Ц.Даваасүрэнгийн цувыг нь өмсүүлж, цүнхийг нь барьж байснаас өөр туршлагагүй туслахууд нь эрчим хүчний салбарт ингэж “сүрэг”-ээрээ дарга болж орж ирсэн нь энэ салбарын уналтад нөлөөлж байхыг ч үгүйсгэх аргагүй юм.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн охин Д.Долзодмаа 2012 онд Боловсролын зээлийн сангаас 191,441 ам.долларын зээл авч, АНУ-ын Пүрдү Их сургуульд Инженер мэргэжлээр дөрвөн жил суралцсан. Татвар төлөгч та бидний халааснаас буюу Боловсролын зээлийн сангаас Ц.Даваасүрэнгийн охин Д.Долзодмаад олгосон 191,441 ам.доллар бол одоогийн ханшаар 664 сая төгрөг. Энэ бол сарын 1.5 сая төгрөгийн цалинтай хүний 36 жил хурааж цуглуулах хэмжээний мөнгө. Өөрөөр бол, дундаж цалинтай хүний 36 жил ажиллаж цуглуулах хэмжээний мөнгөөр Ц.Даваасүрэнгийн охин Д.Долзодмааг Америкад сургаж авчирсан гэсэн үг. Өдгөө Д.Долзодмаа Боловсролын сангийн зээлээ төлж дуусгаагүй, аав Ц.Даваасүрэнгийнхээ үүсгэн байгуулсан “Ди Эл Өү” ХХК-ийг эзэмшиж, удирдаж буй. Уг нь улс орноо хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах шилдэг мэргэжилтнүүдийг гадаадад бэлтгэх, тэгэхийн тулд сургалтын төлбөрийн зээл олгох нь Боловсролын зээлийн сангийн үндсэн үүрэг. Атал өнгөрсөн хугацаанд Боловсролын зээлийн сан аавынх нь компанийг удирдуулахын тулд хүүхдийг нь гадаадад сургах үүрэгтэй ажиллаж ирсний тод жишээ нь энэ.
Бас нэг асуудал нь, Боловсролын зээлийн сангийн журамд “Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Times Higher Education World University Ranking” болон “Academic Ranking Of World Universities” байгууллагын тогтоосон эрэмбээр тухайн жилийн жагсаалтын эхний 50-д багтсан их сургуульд тэнцсэн бол зээл олгоно” гэсэн заалт бий. Гэтэл Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэлийг тогтоодог “Times Higher Education World University Ranking” байгууллагын 2010-2011 жагсаалтыг шүүж үзэхээр Ц.Даваасүрэнгийн охин Д.Долзодмаагийн сурсан Пүрду их сургууль нь 106-д жагссан байдаг. Өөрөөр хэлбэл, Боловсролын зээлийн сангийн шалгуурт дэлхийн шилдэг 50 их сургуулийн аль нэгэнд тэнцвэл тэтгэлэг олгоно гэж заасан атал Ц.Даваасүрэнгийн охин Д.Долзодмаа дэлхийн шилдэг 50 байтугай, 100 ч батгаагүй, 106-д жагсдаг сургуульд 191 мянган ам.долларын зээлээр суралцсан болж таарч байгаа юм.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хоёр дүүтэй. Төрсөн дүү Ц.Пүрэв-очир нь Хөвсгөл аймагтаа аж төрж, аймгийнхаа Нисэх буудалд ажиллаж байсан нэгэн. Гэтэл Ц.Пүрэв-Очир нь 2013 оны аравдугаар сараас хойш алдарт “Бэрэн групп” ХХК-тай хамтран “Эс Пи Эс интернэшнл” ХХК-ийг эзэмшиж ирсэн нэгэн ажээ. Өдгөө “Эс Пи Эс интернэшнл” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар нь Ц.Пүрэв-Очирын 20 гаруйхан настай хүү П.Дашцэрэн нь ажиллаж байгаа.
Хамгийн ноцтой нь, “Бэрэн групп” ХХК нь Хөгжлийн банкнаас 2014 онд Арматурын үйлдвэр барих төслөөр 27.1 сая ам.доллар, 2017 онд Хангай хотхоныг барих төслөөр 11.6 сая ам.долларын зээл тус тус авсан. Гэвч “Бэрэн групп” ХХК-ны зээлийн өр төлбөр нь 2022 он гэхэд хүү алдангитайгаа 181 тэрбум төгрөг болж, Хөгжлийн банкныхан арга буюу “Бэрэн групп” ХХК-ийг хамгийн том найдваргүй зээлдэгч гэж нийтэд зарласан байдаг.
Гол нь, цаг хугацааны хувьд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн төрсөн дүү Ц.Пүрэв-Очир 2013 оноос “Бэрэн групп” ХХК-тай “Эс Пи Эс интернэшнл” ХХК-ийг хамтран эзэмшдэг болж, 2014 оноос “Бэрэн групп” ХХК Хөгжлийн банкнаас зээл авч эхэлсэн. Тэгэхээр эндээс УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Хөгжлийн банкнаас “Бэрэн групп” ХХК-д зээл олгоход нөлөөлж байсан байж болзошгүй ноцтой сэжүүр гарч ирдэг.
Ингээд болоогүй, 2022 оны хоёрдугаар сард УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийг хянан шалгах, нээлттэй сонсгол зохион байгуулах Түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн багтсан. Нээлттэй сонсголын үеэр Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгч компаниудын эзэд улс төрчидтэй холбоо, хамааралтай эсэхийг нэгд, нэггүй уудалж, бүр схем болгон зураглаж олон нийтэд танилцуулсан мөртлөө “Бэрэн гурпп” ХХК-тай Ц.Даваасүрэнгийн төрсөн дүү холбоо хамааралтайг огтхон ч дурдаагүй. Өөрөөр бол, Ц.Даваасүрэн Түр хорооны бүрэлдэхүүнд багтсанаараа “Бэрэн групп” ХХК-ийн “но”-г цэгцэлсэн гэж хардах үндэслэл бий.
Хоржоонтой нь, Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдсан “Бэрэн групп” ХХК-ийн эзэн Б.Мөнхтөрд шүүхээс 37 сая төгрөгөөр торгох ял өгөөд сулласан байдаг.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн 10 жилийн ангийн найз буюу 1983 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын нэгдүгээр 10 жилийн сургуулийг хамт төгссөн Ц.Амарсайхан гэж хүн бий. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 10 жилийн найз Ц.Амарсайханыхаа төрсөн дүү Ц.Амарсанааг сонгуулийнхаа менежерээр ажиллуулж байгаад 2016 оны УИХ-ын сонгуулиас гурван сарын дараа Барилгын хөгжлийн төвийн даргаар томилуулсан. Барилгын хөгжлийн төв бол улсын төсвийн хөрөнгөөр баригдах барилга, байгууламжуудад хяналт тавих асар их эрх дархтай том байгууллага. Гэтэл Ц.Даваасүрэн энэ том байгууллагыг ХААИС төгссөн, нягтлан мэргэжилтэй менежер Ц.Амарсанаагаараа ийнхүү удирдуулж эхэлсэн байдаг. Дараа жил нь 2017 онд Ц.Даваасүрэн өөрөө Эрчим хүчний сайдаар томилогдсон. Ингээд барилга, эрчим хүчний салбарт Ц.Даваасүрэн, Ц.Амарсанаа гэх хоршил бий болгож, барилгын компаниудыг мөн ч их зовоосон гэгддэг. Алдарт “10 хувь”-ийн яриа энэ үеэс эхтэйг дурдах нь зүйтэй. Түүнээс гадна Ц.Даваасүрэн, Ц.Амарсанаа хоёр хоршиж, 2018 онд ЖДҮХС-гаас Ц.Амарсанаагийн эзэмшдэг “Их-Улс” ХХК-иар 680 сая төгрөгийн зээл, төрсөн ах Ц.Амарцэнгэлийнх нь эзэмшдэг “Нарлаг хараа” ХХК-иар 750 сая төгрөгийн зээл авсан гэх асуудал ч бий.
Гол асуудалдаа оръё. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 2023 оны нэгдүгээр сарын 5-нд Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдсон. Ноцтой нь, гурван сарын дараа буюу 2023 оны дөрөвдүгээр сард Ц.Даваасүрэнгийн 10 жилийн найз, Ц.Амарсанаагийн төрсөн ах Ц.Амарсайхан нь “Саран өрх” ХХК-аараа Хан-Уул дүүргийн XXIII хороо, Хүүшийн ам буюу олны сайн мэдэхээр Яармагийн зам дагуух British School of Ulaanbaatar сургуулийн чанх урд 4.8 га газар дээр 12 блок, 2000 айлын “Maxwell residence” хотхоныг барьж эхэлсэн байгаа юм. Ц.Даваасүрэн нь Барилга, хот байгуулалтын сайд болсны дараахан 10 жилийн найз Ц.Амарсайхан нь 2000 айлын хотхон барьж эхэлсэн нь санаандгүй тохиолдол байж болох уу. Эсвэл Ц.Даваасүрэн Барилга, хот байгуулалтын сайд болмогцоо Ц.Амарсанаа, Ц.Амарсайхантай хоёртой хамтран 2000 айлын хотхон барьж эхэлсэн үү. Жирийн нэг компани 2000 айлын хотхон баръя гэвэл асар их мөнгө, түмэн зөвшөөрөл, буман гарын үсэг хэрэгтэй. Харин Барилга, хот байгуулалтын сайдын хамааралтай компанид асуудал арай өөр байж болно. Тэгэхээр 2000 айлын “Maxwell residence” хотхоны барилгын ажил эхлэхэд Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Барилгын хөгжлийн төвийн дарга Ц.Амарсанаа хоёрын оролцоо хэр их байсан, ашиг сонирхол нь хэр гүн шингэснийг хууль хяналтын шалгахад гэмгүй биз.
Цаашилбал, Барилгын хөгжлийн төвийн даргаар найман жил ажилласан Ц.Амарсанаа өнгөрөгч 2024 оны аравдугаар сард “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон байдаг. Дээр дурдсан 2000 айлын “Maxwell residence” хотхоны эхний гурван блок орон сууц нь саяхан ашиглалтад орсон. Энэ онд дахиад гурван блок, ирэх 2026 онд гурав блок гэх мэтээр 2028 онд 12 блокоо бүрэн ашиглалтад оруулж дуусахаар төлөвлөсөн. Энэ хэмжээний нүсэр хотхоныг ус, дулаанд холбох нь асар том ажил. Тэгэхээр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Ц.Амарсанааг “Maxwell residence” хотхоны ус, дулааны асуудлыг “зохицуул” гэсэн даалгавартайгаар “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилуулсан уу гэдэг бас нэг ноцтой асуулт гарч ирж байгаа юм.
2020 оны наймдугаар сарын 28-нд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн “Тавантолгойн ордын Цанхийн баруун уурхайн А хэсэгт хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх” тендерт “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК шалгарч, улмаар ЭТТ-2020/521 дугаартай 799 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан. Төв аймгийн Заамарт алт ухдаг байсан “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК ийнхүү “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хөрс хуулалт, олборлолтын тендерт анх удаа оролцоод л 799 тэрбумын төгрөгийн гэрээ байгуулсан дөнгөсөн байгаа юм. Тэгвэл “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК нь УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн дүү нарынх нь компани.
Тодруулбал,
1.“Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-ийг Дугарсүрэнгийн Отгонлхагва, Гончигбатын Батболд хоёр эзэмшдэг. Д.Отгонлхагва нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул буюу УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй нэг сумынх. Тэгээд болоогүй, Д.Отгонлхагва нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн даргаар ажилладаг. Харин Г.Батболд нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул.
2.УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 2004 оноос Хөвсгөл аймгийн “Дэлтэй цэнхэр” Морин спорт, уяачдын холбоо\МСУХ\-ны тэргүүнээр ажиллаж эхэлсэн. Харин “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-ийг эзэмшигч Д.Отгонлхагва, Г.Батболд хоёр Ц.Даваасүрэнгийн “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж ирсэн. Өөрөөр хэлбэл, Ц.Даваасүрэн, Д.Отгонлхагва, Г.Батболд нар “Дэлтэй цэнхэр” МСУХ-г хамт удирдаж ирсэн гэсэн үг.
3. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Дэлтэй цэнхэр” МСУХ-гоороо 2007 оноос “Хотгойдын хурд” Баруун бүсийн хурдан морины уралдааныг Хөвсгөл аймагтаа зохион байгуулж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд Ц.Даваасүрэнгийн зохион байгуулсан “Хотгойдын хурд” уралдааны Ерөнхий ивээн тэтгэгчээр Д.Отгонлхагва, Г.Батболд хоёрын “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК, Г.Батболдын дангаараа эзэмшдэг “Цагаан-Уул магнит” ХХК тус тус ажиллаж ирсэн. Өөрөөр бол, “Хотгойдын хурд” уралдаанаар Хөвсгөл аймагтаа өөрийгөө сурталчлах Ц.Даваасүрэнгийн амбицыг Д.Отгонлхагва, Г.Батболд гэх хоёр дүү нь санхүүжүүлж ирсэн гэсэн үг.
4. 2016 оны УИХ-ын сонгуулиар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн сурталчилгааны санхүүжилтийг “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК босголцож, хандив нэрээр санхүүжилт өгсөн.
5. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 2022 оны гуравдугаар сард Хөвсгөл аймгийн “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны тэргүүний сэнтий, тамга тэмдгээ “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-ийг эзэмшигч Г.Батболдод шилжүүлж өгсөн. Ц.Даваасүрэн ийнхүү үүсгэн байгуулж, 18 жил удирдсан “Дэлтэй цэнхэр” МСУХ-гоо Г.Батболдод өвлүүлж өгсөн нь тэд хэр ойр холбоотойг нотлон харуулж байгаа юм.
Нэгтэж харвал, “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-ийн эзэмшигч Д.Отгонлхагва, Г.Батболд хоёр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн төрснөөс өөрцгүй дүү нар гэдэг нь дээрх таван баримтаас тодорхой харагдана. Тэгэхээр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Төв аймагт алт ухаж байсан дүү нарынхаа “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-ийг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 799 тэрбум төгрөгийн хөрс хуулалт, олборлолтын тендерт оролцуулж, шалгарахад нь нөлөөлсөн байж болзошгүй гэх схем гарч ирж байгаа юм.
АРДЫН НАМЫН “БААСТАЙ БУРХАН” |
|
2025-07-27 19:41:50
2025-07-27 19:16:14
2025-07-27 16:42:34
2025-07-27 16:35:25
2025-07-27 16:20:59
2025-07-27 12:45:43
2025-07-27 12:23:33
2025-07-27 12:16:59
2025-07-27 12:15:22
2025-07-27 12:08:53
2025-07-27 11:56:56
2025-07-27 11:39:17
2025-07-27 11:09:02
2025-07-27 10:15:03
2025-07-27 09:48:08
2025-07-27 09:18:24
2025-07-27 08:55:02
2025-07-27 08:00:58
2025-07-27 07:52:44
2025-07-27 07:46:56
2025-07-26 11:45:12
2025-07-26 10:55:21
2025-07-26 10:08:33
2025-07-26 09:54:06
2025-07-26 09:04:14
2025-07-26 08:49:44
2025-07-26 08:22:46
2025-07-26 07:14:28
2025-07-26 07:06:15
2025-07-26 07:04:20
2025-07-26 07:02:14
2025-07-26 07:00:00
2025-07-26 07:00:00
2025-07-26 07:00:00
2025-07-26 07:00:00
2025-07-26 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |