• Өнөөдөр 2024-05-02

КАЗАХСТАН, НИГЕРИЙН УРАНААР БАЯЖСАН ХИЙГЭЭД БУРУУДСАН ТҮҮХ

2024-04-04,   486

Эргэлт.мн мэдээллийн сайт “Баялаг&Ядуурал” буландаа эдийн засгийн гарц, байгалийн баялгаа ашиглаж амжилтад хүрсэн болон баялгаа цөлмүүлэн доройтсон хоёр орны түүхийг жишиж хүргэдэг. Тэгвэл энэ удаагийн дугаартаа олон улстай байгуулсан хөрөнгө оруулалт, нийлүүлэлтийн гэрээндээ алдаа гаргаж, баялгаа хямд ханшаар цөлмүүлсэн Бүгд Найрамдах Нигер Улсын муу жишээ болон ураны олборлолтын жишиг болж, энэ салбарын хамгийн гол тоглогчдын нэг болж, эдийн засгийн гол түлхүүрээ болгосон Казахстан Улсын сайн жишээг хүргэе.

-АЛДААТАЙ ГЭРЭЭНЭЭСЭЭ БОЛЖ УРАНАА УХАЖ, “ҮНЭГҮЙ” ШАХАМ ӨГЧИХӨӨД ҮЛДЭХ ЗҮЙЛГҮЙ ХОЦОРСОН НИГЕР УЛС-

Бүгд Найрамдах Нигер Улс 1,270,000 ам километр талбай бүхий Баруун Африкийн хамгийн том газар нутагтай орон. Тус улсын түүх Францын колони байсан үеэс эхлэх бөгөөд Нигер 1958 оны арванхоёрдугаар сард Францаас салан тусгаарлаж, 1960 оны наймдугаар сарын 3-нд тусгаар тогтнолоо албан ёсоор зарласан байдаг. Гэсэн ч гурван удаагийн цэргийн дарангуйллын үеийг даван туулж, таван өөр Үндсэн хууль баталсан тус улс өнөөг хүртэл Европын холбоо, Францын “мэдэлд” байдаг гэж барууны хэвлэлүүд мэдээлдэг аж.

Хүн ам 26.2 сая (2022 оны байдлаар)
ДНБ-ий хэмжээ  15.3 тэрбум ам.доллар (2022 оны байдлаар)
Нэг хүнд ногдох ДНБ 585 ам.доллар

Одоогоос 60 мянган жилийн өмнө анх хүн суурьшсан гэж судлаачдын үздэг Нигер дэлхийн хамгийн ядуу, хөгжил дорой орнуудын нэг ч эсрэгээрээ алт, уран, газрын тосны арвин нөөцтэй. Тэр дундаа сэргээгдэх эрчим хүч рүү шилжилж буй энэ зуунд сэргээгдэх эрчим хүчийг гаргахад шаардлагатай ураны 200 мянган тонн нөөцтэй гэсэн үнэлгээ гарч байж. Гэсэн ч байгалийн баялгаа зүй зохистой ашиглаж чадаагүй Нигер ашигт малтмалаа гаднын орнуудад цөлмүүлж, эцэстээ дэлхийн хамгийн буурхай орнуудын нэг хэвээр үлдсэн байна.

                     Нигер 1890 онд Францын колони болсон талаар түүхэн хуудаснаа тэмдэглэсэн байдаг. Нийт нутаг дэвсгэрийнхээ 80 гаруй хувийг Сахарын цөл бүрхсэн тус нутгаас Франц XX зуунд алт, зэс зэрэг байгалийн баялаг ихээр олборлож. Хэдий Нигер Францаас салан тусгаарлаж, тусгаар тогтнолоо зарлаж чадсан ч одоог хүртэл Францын “эрхшээлд” байдаг гэнэ. Тухайлбал, саяхныг хүртэл Франц Улс Нигерт хяналтаа алдахгүйн тулд байнгын цэргийн бааз байгуулж, 1500 гаруй цэргээ байрлуулж байсан аж. Харин Нигер 1957 онд нийслэл Ниамейгээс зүүн хойд зүгт 900 км зайд орших Арлит хотын ойролцоох газраас Азелик гэх ураны орд газар илрүүлжээ. Улмаар шинэ гарц нээгдэж, байгалийн баялгаа олборлож, олон улсад өндөр дүнтэй худалдаалахаар удаан хугацаанд хамтран ажиллах орон хайсны эцэст нэг орон хамтран ажилласан нь нэгэн цагт колони нь байсан Франц Улс. Гэхдээ гаднын орнуудад өндөр дүнтэй худалдаалах хүсэл нь Францтай байгуулсан уран нийлүүлэх гэрээгээр дуусгавар болсон бөгөөд Франц Нигерээс зах зээлийн дундаж үнээс дахин хямдаар уран авдаг болохыг олон улсын судлаач, шинжээчид онцолж, хоёр орны байгуулсан гэрээ нь эхнээсээ л "Нигерт ашиг хүртэх боломж өгөөгүй" талаар анхааруулж ирсэн байдаг.

Францын хувьд сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүчний салбарт томоохон хөрөнгө оруулалт хийж, олон атомын цахилгаан станц, цөмийн реактор байгуулжээ. Тус улс сэргээгдэх эрчим хүчээр эх орныхоо дийлэнх хэрэгцээг хангаад зогсохгүй Европын холбооны хэд хэдэн орныг цахилгаан, эрчим хүчээр хангадаг аж. Харин Францад сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэхэд шаардлагатай нийт импортын 40 гаруй хувийг Нигерийн уран дангаараа эзэлдэг бөгөөд сайн нягталж, шалгалгүй байгуулсан уран нийлүүлэхээс гэрээтэй холбоотойгоор Нигер зах зээлд кг нь 210 гаруй ам.долларын ханштай байдаг ураныг Францад кг-ыг нь ердөө 10 орчим ам.доллароор зарж, борлуулдаг аж. Улмаар Нигер 2022 онд гэхэд нийт 250 мянга гаруй тонн уран экспортолсон ч зах зээлд хамгийн үнэйтэйдээ гэхэд кг-ыг нь 40 ам.доллароор борлуулсан байдаг. Хэдий алт, уран, газрын тосны байгалийн баялагтай боловч Нигерийн Ерөнхийлөгч, Засгийн газрын гаднын оронтой байгуулсан гэрээгээр тус улс эцэстээ ашиггүй хоцордог. Мөн “Rosa Luxemburg Stiftung”-ийн нийтлэлд ядуу буурай Нигерт уран олборлож байгаа компаниуд нигер ажилчдыг өдрийн ам.доллароор цалинжуулдаг бөгөөд ураны баялаг асар их тус улс байгалийн баялгаа зүй зохистой, ухаалгаар ашиглаж чадалгүй одоог хүртэл дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг байгаа гэж үздэг юм байна. Ташрамд дурдахад, олон улсын эрүүл мэндийн байгууллага, сангуудын хийсэн судалгаагаар Нигерт жилд 10 мянга орчим хүнд хорт хавдраар оношлогддог аж.

 

-УРАНЫ ОЛБОРЛОЛТООРОО ТЭРГҮҮЛЖ, ДУНДАД АЗИД ХУРДАЦТАЙ ХӨГЖИЖ БУЙ КАЗАХСТАН УЛС-

Казахстан нь 2,724,900 ам километр талбайтай Дундад Азид маш хурдацтай хөгжиж буй орнуудын нэг. Тус улс 15 дугаар зуунд Казахын Хант Улс нэртэйгээр үүсэж, 18 дугаар зуунд Оросын ивээлд орж, ЗХУ-ын мэдэлд киргизийн автономит БНУ буюу Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Орос Улсын бүрэлдэхүүнд байжээ. УЛмаар 1936 оны оны арванхоёрдугаар сард уугуул нэрээрээ шинэчлэн зохион байгуулагдаж, сүүлд 1991 онд ЗХУ задран унахад Казахстан тусгаар тогтнолоо зарлаж, 1992 онд НҮБ-ын Бүрэн эрхт гишүүн орон болсон байдаг.

Хүн ам 19.3 сая (2022 оны байдлаар)
ДНБ-ий хэмжээ 225.5 тэрбум ам.доллар (2022 оны байдлаар)
Нэг хүнд ногдох ДНБ 11,492 ам.доллар (2022 оны байдлаар)

Улс төрийн нөхцөл байдал, дотоод хагарлаасаа болж олон улсад “муу” нэртэй байдаг ч Казахстан Улс байгалийн баялгаа үр ашигтай ашиглаж, Дундад Азид маш хурдацтай хөгжиж буй орон. Тухайлбал, Казахстан хромит, вольфрам, хар тугалга, цайр, марганец, мөнгө, ураны баялагтай бөгөөд ашиг малтмалын баялгаараа дэлхийд тэргүүлэгч орны тоонд ордог.

                      Казахстан Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байхдаа буюу анх 1943 онд ураны хайгуул хийж эхэлсэн бөгөөд 20 орчим жилийн хугацаанд хэд хэдэн ураны далд уурхайн нээн илрүүлж, 1950-аад оноос уран олборлож эхлэн эерэг үр дүнд хүрч эхэлжээ. Тэр цагаас хойш газрын тосоор дэлхийд танигдсан Казахстан газрын тосны зэрэгцээ ураны салбараа хөгжүүлж, энэ төрлийн салбарт хөрөнгө оруулалт хийж байсны үр дүн нь 2000-аад оны сүүлчээр гарсан байдаг. Тухайлбал, хагас зуун жилийн турш дэлхийн цөхийн хөтөлбөрийн гол эх үүсвэрүүд нэг байна гэж яригдаж ирсэн Казахстан 2009 онд дэлхийн ураны олборлолтыг тэргүүлж, нийт олборлолтынх нь 28 хувийг эзэлсэн түүхтэй. Тэр цагаас хойш Европт газрын тосоороо танигдсан Казахстан сэргээгдэх эрчим хүч, олон улсын шил шилээ даран нэгдэж буй цөмийн хөтөлбөр, уран олборлолтын гол тоглогч болжээ. Казахстан 2009 оноос хойш өнөөг хүртэл тасралтгүй 10 гаруй жил дараалж, жил 20 мянга гаруй тонн уран олборлож, зах зээлд нийлүүлж байгаа бөгөөд 2022 оны байдлаар дэлхийн нийт уран олборлолтын 43 хувийг дангаараа бүрдүүлсэн байдаг.

                     Бүгд Найрамдах Казахстан Улс хагас Ерөнхийлөгчийн засаглалтай. Харин хууль тогтоох эрх мэдлийг Засгийн газар, парламент хоёул эзэмшдэг бөгөөд гүйцэтгэх эрх мэдлийг Засгийн газар хэрэгжүүлдэг. Тэгвэл Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан тус улс сүүлийн 20 орчим жил дэлхийд чухал ач холбогдол болж буй түүхий эдийн гол тоглогч болж, баялгаа ашигтай, зүй зохистой ашиглаж байгаагийн шалтгааныг олон улсын судлаач, шинжээчид Ашигт малтмалын тухай хуультай нь холбон тайлбарладаг байна. Тухайлбал, Казахстан Улсад дотоодын компаниуд олборлолт хийхээс гадна олон улсын компаниуд олборлолт хийхийг бүрэн зөвшөөрдөг бөгөөд Ашигт малтмалын тухай хуульдаа төмрийн хүдэр, марганец, манга хүдэр, хромын хүдэр зэрэг баяжмалын олборлолтод ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөө 16.2 хувьд тусгаад зогсохгүй баялаг, түүхий эдийн салбартай холбоотой жижиг хууль, зарчмуудаа сайн бөгөөд эх орондоо ашигтай, үр дүнтэй байхаар тусгасан нь Дундад Азид хөгжлөөрөө тэргүүлж буй Казахстаны баялаг дагасан хөгжлийн эхлэл болсон аж.

 

 


КАЗАХСТАН, НИГЕРИЙН УРАНААР БАЯЖСАН ХИЙГЭЭД БУРУУДСАН ТҮҮХ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-10 14:49:05
    Этикгүй маннуу ирээдүйгүй: Мнгол бол Африкийн өрөөсөн дугауй ш дээ. Мнголын авилгач, шунахай эрх баригчдад цонхны цаанаас чихэр долоолгож байгаад баялгыг нь үнэгүй зөөхөө Өрнөд, Хятад сайн мэдэж байгаа. Бороо, ОТ.... мөд Хармагтай.....тэдний гараар ороод дуусна. Ёс жудаггүй улс сөнөдөг тавилантай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-04 18:51:55
    Zochin: Niger gj mnaixtai adilxan idej uuj xuivaldsan xulgaichuud ym bainaldaa
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188