• Өнөөдөр 2024-04-25

Ц.БАЯРСАЙХАН: Дуу хөгжим гэдэг дуулж буй хүний дотоод сэтгэлийн илрэл

2022-05-14,   1297

           Дуулж буй бичлэгээрээ цахим орчинд эчнээ танил болсон “Цастайд дуулдаг залуу” гэх тодотголтой чөлөөт уран бүтээлч Ц.Баярсайхантай ярилцлаа. Тэрбээр Увс аймагт Цэдэнбалжир гэх айлын хоёр дахь хүүхэд болон мэндэлжээ. Багаасаа л дуулах дуртай, дуунд хайртай нэгэн болж хүмүүжсэн аж. Ингээд түүний үнэт зүйл, үзэл бодлоор аялсан ярилцлагыг уншигч таны өмнө дэлгэе.
 
-Цахим сүлжээнд “Цастайд дуулдаг залуу” гэх тодотголоор өөрийг тань олон хүмүүс мэддэг болсон. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
 
                                           -Намайг Цэдэнбалжирын Баярсайхан гэдэг. Өөрийн сонирхлоороо дуулдаг, чөлөөт уран бүтээлч. Цахим орчинд түгээд буй цастайд дуулсан бичлэг бол сарын өмнө юм. Миний бодлоор тэр бичлэг олон хүнд хүрсэн шалтгаан нь орчин, цаг хугацаа нөлөөлсөн байх. Цас зөөлөн будраад л хавар болж байсан шүү дээ.  Харин би “Хүсэл татсан хавар болдгоороо боллоо” гээд л дуулсан нь сэтгэлийг нь хөдөлгөсөн байх гэж бодож байгаа. Гурван жилийн өмнөөс дуулах болсон. Багаасаа л дуулах дуртай, сургуулийнхаа урлагийн үзлэгийн тэмцээнд ордог хүүхэд байсан. Хамгийн анх найзтайгаа дуулсан бичлэг цахим сүлжээнд тавигдсан юм. Манай бөхийн бэлтгэлийн эгч, дуулж буй бичлэгийг хураагаад, өөрийнхөө цахим хуудаст байршуулсан байсан. Би юу ч мэдээгүй. Орой гэртээ хариад цахим хаягаа шалгатал байршуулсан, доор нь олон хүн эерэг сэтгэгдэл үлдээсэн байхыг хараад урам авч байсан түүхтэй. “Үргэлжлэл хийгээч” гэх хүмүүс олон байсан учраас найзтайгаа хамтран дахин дуулсан. Тэгээд сонирхлынхоо хүрээнд хамтарч уран бүтээл хийдэг залуустай нийлж  хүсэл, мөрөөдлөө нэгтгэж, нэгэн том зорилго руу тэмүүлж байна.

-Бидний зорилго маш том. Дэлхийд гарахгүй юм аа гэхэд, Азид өөрсдийн ур чадвараа харуулж, батална гэж ярьцгаадаг-

-Бөхийн бэлтгэл хийдэг гэж та хэллээ. Ямар төрлөөр нь хичээллэдэг вэ?
 
                                         -Найман жилийн өмнөөс чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн. Мөн үндэсний бөхөөр барилддаг. Бага байхдаа өвөөтэйгөө ихэнх цагийг өнгөрүүлдэг байлаа. Манай өвөө Аймгийн Арслан цолтой хүн байсан. Багаасаа бөхөөр хичээллэсэн, гэрийнхэн минь ч дэмждэг. Би саяхан Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд орж, түрүүлсэн. Энэ шагналыг манай өвөө 50 жилийн өмнө хүртэж байсан юм билээ. 50 жилийн дараа давхцал тохиосонд баяртай байгаа.
Үндэсний бөхөөр миний заавал хүрэх ёстой цэг бол Аймгийн Арслан гэж боддог.
    Яагаад гэвэл өвөө минь ийм цолтой хүн байсан. Би сумын заан цолтой. Бөхөөр барилдах дуртай болохоор орхиж чаддаггүй. Спорт гэдэг тэсвэр, тэвчээр, өөрийгөө олох, хатуужих боломжийг олгодог юм шиг санагддаг. ЭЕШ-таа өгөөд би мэргэжлээ сонгохдоо спорт эсвэл их сургууль гэсэн хоёр сонголтоос би спортыг сонгосон юм.
-Яагаад спортыг сонгосон юм бэ?
                                              -Манай ээж намайг “Төрийн хүн” болгоно гэдэг байсан. Гэсэн ч би ээжийнхээ үгэнд ороогүй. Тухайн үедээ гомдоосон  л байх. Гэхдээ энэ хүслийг нь заавал биелүүлж бахархлыг төрүүлнэ гэдэгтэй итгэлтэй байдаг. Спортын хүн ч бас төрийн хүн болж болдог гэдгийг баталж, харуулахыг хүсдэг.  Би бөхийн спортоор хичээллэвэл амжилт гаргаж чадах юм шиг мэдрэмж төрсөн. Магадгүй би чадахгүй байсан ч хичээвэл, байхгүй боломжийг бүрдүүлж болно гэдэгт итгэсэн. Энэ сонголтыг хийсэн дээ ч харамсдаггүй. Их сургуульд тэнцсэн ч гэсэн би өөрөө хүсээгүй. Яагаад ч юм нэг зүйлдээ тууштай байхыг хичээсэн. Энэ бодлын минь үр дүн хэзээ нэгэн цагт биелэлээ олох болно.
 
-Дуулах дуртай олон хүн байдаг ч өөрийгөө ил болгож, илэрхийлдэг нь цөөн санагддаг. Харин таны хувьд өөрийгөө хэр бусдад илэрхийлж, хүргэж чадаж байгаа гэж боддог вэ?
                                                   
         -Ер нь сайн, муу ч бай шүүмжлэх хүн байж л байдаг юм билээ. Анхнаасаа би өөрөө бичлэгээ байршуулъя гэж бодоогүй. Санамсаргүйгээр байршиж олон хүнд хүрсэн. Харсан хүмүүс нь дэмжсэн болохоор бичлэгээ байршуулсан.
 
 
-Бусдаас ирсэн шүүмжлэлийг хэрхэн хүлээж авдаг вэ?
 
                                               -Нэг их тоодоггүй, ийм зүйл хэлжээ л гэж боддог. Сэтгэл санаагаар унаад, шантраад байдаг төрлийн хүн биш. Ер нь бол ямар хүн шүүмжилж байгаагаас хамаарна. Надаас туршлагатай, багш, ээж аав минь байвал мэдээж хэрэг аль болох тунгааж, өөртөө шингээж авдаг. Цахим орчинд хэн гэдэг нь мэдэгдэхгүй хаягаас хэрэв шүүмжилвэл хараад л өнгөрдөг.
-Дуулж буй бичлэгээ байршуулснаас хойш хүмүүсээс ирсэн хамгийн гоё сэтгэгдэл юу байсан бэ?
 
                                                  -Над руу хувь чатаар нэг хүн “Надад амьдрах хүсэл огт байхгүй байсан. Харин чиний дуулж буй дууг сонсоод амьдрах хүсэл эрмэлзэл дүүрэн болсон. Баярлалаа” гэсэн байсан. Үүнийг уншаад л урам зоригоор цэнэглэгдэж, би дахиад илүү чанартай, уран бүтээл хийх ёстой юм байна гэж бодох болсон. Мөн урлагийн танил маань надад “Дуунд дуртай олон хүн байдаг, дуулдаг хүн олон. Гэхдээ чи бусдаас өөр, хол явах ирээдүйтэй юм шиг санагдаж байна” гэсэн. Энэ мэтээр бусдын хэлсэн сайхан үгнээс урам авч залуу хүн юм чинь шинэлэг, хэрэгтэй, эерэг зүйлийг санаачлахыг хүссэн. Энэ хүрээнд би хамтран дуулдаг залуустайгаа нэгдэж “Cover night” гэх арга хэмжээг санаачлан хэрэгжүүлж байна. Үүний хамгийн гол зорилго нь залуус бид эерэгээр нөхөрлөж болдог, архи, тамхи хэрэглэхгүй нэгэн үдшийг аз жаргалтайгаар дуулж өнгөрүүлье гэх хүсэлтэй. Одоогоор хоёр удаа зохион байгуулсан. Цаашдаа тогтвортой зохион байгуулахаар төлөвлөж байна.

-Одоогоор нийт хэдэн дуу коверлож дуулсан бэ?
 
                                                   -Би уянгын талдаа дуулдаг. Коверлож байгаа дуунуудаа яг тэр дуучин шиг дуулахаас илүү өөриймшүүлж дуулахыг хичээдэг. Одоогоор дөрвөн дууг дуулсан. Удахгүй өөрийн анхны уран бүтээлээ өлгийдөн авах гэж байна. Мундаг хүмүүсээр дууны үг болон аяыг нь бичүүлсэн.
 
-Дуу хөгжим гэдгийг өөрийнхөөрөө тодорхойлбол?
 
                                                      -Дуу хөгжим гэдэг дуулж буй хүний дотоод сэтгэлийн илрэл. Дуулдаг хүн өөрийн дотоод мэдрэмжээ хоолойгоороо илэрхийлж байгаа нэг хэлбэр байх. Би мэргэжлийн сургуульд нь сураагүй, тамирчин хүн. Цаашид сурна гэсэн бодолтой байгаа. Дуучин болох хүсэлтэй, авьяастай хэрнээ би сургуульд нь сурч чадаагүй болохоор дуучин болж чадахгүй гэж бодож болохгүй. Заавал мэргэжлийн сургуульд сурч дуучин болох албагүй. Тууштай өөрийн ур чадвараа нэмэгдүүлээд, ямар чиглэлээр явах, яаж дуулах зэрэг зүйлсийг мэдсэнийхээ дараа суралцахад оройтохгүй байх. Би яг энэ зарчмаар явж байна.
-Урлаг, спорт гэдэг тэс өөр хоёр салбар. Чөлөөт бөхөөр хичээллэх, дуулах сонирхлоо хэрхэн нэгтгэж байна вэ?
 
                                                  -Эргэн тойрны хүмүүс ч гэсэн “Яаж авч яваад байна” гэдэг. Миний хувьд төвөгшөөх бус жаргаж ажиллахыг, сурахыг хүсдэг. Бэлтгэлээ тасралтгүй хийж, чөлөөт цагаараа дуулах зэргээр зохицуулдаг. Надад нэг их хэцүү санагдаад байдаггүй. /Инээв/ Хүн өөрөө л амжуулна, чадна, болгоно гэвэл боломжгүй зүйл байхгүй байх. Харах өнцөг, цаашдын зорилго чухал санагддаг.
 
-Олон хүний өмнө гараад сандрах, дууны үгээ мартах зэрэг хөгтэй зүйл тохиолдож байв уу?
 
                                                         -Спортоор хичээллэсэн хүн сандрал харьцангуй бага байдаг болов уу. Миний хувьд ичээд байдаггүй, зүгээр л дуулж буй дуундаа орж, сэтгэлээ шингээж дуулахыг хичээдэг. Хөгтэй зүйл гэвэл багаас минь чөлөөт бөх заасан багш маань “Хайран сайхан шавиа, урлагт алдчихлаа шүү” гэж хэлсэн нь санаанаас гардаггүй юм. Тэгээд “Багшаа би, спортдоо ч хичээнэ, урлагтаа ч зүтгэнээ” гэж хэлэхэд нэг л итгэхгүй байсан. /Инээв/ Дотроо бол манай багш намайг урлагийн хүн болоод олон жилийн хөдөлмөрөө орхиж байна гэж харамссан юм шиг байгаа юм. Цаашдаа ч урлаг, спортоо энэ тэнцүү сайхан авч явна гэж боддог доо.
 
-Ярилцсан танд баярлалаа. Амжилт хүсье.
 
 
 
 
 
 

Ц.БАЯРСАЙХАН: Дуу хөгжим гэдэг дуулж буй хүний дотоод сэтгэлийн илрэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-17 23:06:53
    Хонгорзул: Маш мундаг ирээдуйтэй ах байнлээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188