• Өнөөдөр 2024-03-28

ЖИРЭМСНИЙ ИОГИЙН БАГШ Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ: Иог бүхэлдээ зөв амьсгалын хаалга юм

2022-12-15,   580

     Сэтгүүлч мэргэжилтэй ч өөрийн хүсэл сонирхлоо хөгжүүлэн иогоор хичээллэж эхэлсэн Э.Эрдэнэцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр эмэгтэйчүүдэд иогийн хичээл зааж зөвлөж, эрүүл мэндэд нь маш том хөрөнгө оруулсаар дөрвөн жил болжээ.

  -Өдрийн мэнд хүргэе. Та өөрийгөө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу? 
 
        -Намайг Энхболдын Эрдэнэцэцэг гэдэг. Сэтгүүлч, утга зохиол судлаач мэргэжилтэй. 2017 оноос иогатай найзлаад, багшлаад явж байна. Мэдээж хобби учраас энэ чиглэлээрээ тасралтгүй суралцаад олон ээжийн аз жаргалтай хамт хөгжиж яваа бүсгүй байна аа. 2018 онд “Самсара” гэр бүлийн иогийн төвийг нөхөртэйгөө хамт байгуулаад одоо дөрвөн жилийн нүүрийг үзэж байна.
 
 
-“Самсара” гэх нэр ямар утгатай вэ. Яагаад энэ нэрийг өгөх болсон юм бэ?
 
     -Самсара гэдэг нь амьдралын тойрог, хорвоо гэсэн утгатай санскрит үг. Хүн амьдралын тойргийг ухаарч, хорвоог таньж байж, самсараг гэтэлж байж самадид хүрнэ гэдэг. Энэ самсараг туулж ойлгоход хүмүүний зайлшгүй хийх нэгэн үйл бол иог, бясалгал гэж үзэж ч болно. Тиймээс төвөө Самсара гэж нэрлэсэн.
 
-Гэр бүлээрээ иог хийхийн ач  тус нь юу вэ?
 
     -Нөхөр бид хоёр хоёулаа иогийн багш болох шийдвэр гаргаж суралцаж байлаа. Иог бол нас хүйс, шашин шүтлэг, үндэс угсаа үл харгалзан хүн бүрийн хийж болох амьдралын дадал. Гэр бүлийн гишүүдийн хувьд нэг л ганцаараа гоё болоод байвал амиа бодсон ч юм шиг зүйл болох биш үү. Нөхрүүд маань ч гэсэн эрүүл байх, амгалан тайванд тэмүүлэх хэрэгцээ их байдаг. Тиймээс нөхрөө уруу татаад хамтдаа иогад дурлах болсон. Иог бол ганцхан дасгал хөдөлгөөн биш. Амьдралын өдөр тутмын зөв дадал, гүн ухаан, соёлын цогц. Гэр бүлээрээ амьдралын нэг дадал сонирхолтой байх нь маш олон зүйлд ач тустай байдаг. Нэгдүгээрт, санхүүд хэмнэлттэй. Гэр бүлээрээ эрүүл байна гэдэг бол санхүүгийн асар том хэмнэлт болдог. Хоёрдугаарт, харилцаа хандлага.  Йога бол өөртэйгөө, бусадтай, байгаль оршихуйтай харилцах харилцааны гүнзгий ойлголт, ухаан. Йогаар хамтдаа хичээллээд эхлэхээр ам зөрөх, санаа зөрөх гэх мэт асуудал аяндаа багасч хүнийх нь хувьд хамтрагчаа дээдлэх соёлд суралцдаг гэх үү дээ. Гуравдугаарт, илүү эко, минималист хэмнэлд  татагдаж эхэлдэг. Хүн энэ дэлхийд ганцаараа биш гэдгийг алхам алхмаар ойлгоод  байгальд дурлаж ухамсрын хувьд өргөн болж эхэлдэг нь хамгийн чухал ач нөлөө гэж бодож байна.
 
-Жирэмсэн ээжүүдэд иог яагаад хэрэгтэй юм бэ. Иогоор хичээллэж байгаад амаржсан ээж болон иогоор хичээллэж байгаагүй ээжийн хоорондын ялгааг тайлбарлахгүй юу?
 
     -Гэр бүлийн гишүүд дотроос иогаар хамгийн их хичээллэх хэрэгтэй хүн бол жирэмсэн ээж. Бүр жирэмсэн болсон л бол иогатай нөхөрлөж, зөв хооллож, эрүүл мэндээ тэтгэх ёстойг бараг хуульчилмаар санагддаг шүү. Жирэмсэн ээжид олон хэрэгцээ нэмэгддэгийн нэг нь зөв амьсгалах, хүчилтөрөгчийн дутагдлаас сэргийлэх.  Амьсгал хоолноос ч чухал болдог юм шүү дээ. Иог бол бүхэлдээ зөв амьсгалын хаалга юм. Тиймээс иогаар хичээллэж эхэлсэн эхний өдрөөс л зөв амьсгалд сурч, хэвшүүлж улмаар сэтгэл санаа тайван болж урагт, ээжид юутай ч зүйрлэшгүй тус болдог юм. Иогаар хичээллэж байгаад амаржсан ээж бусад ээжээс өөр байдаг. Үүнийг эх баригч эмч нар ч хэлдэг. Манай ээжүүд өөрсдөө ч ам уралдан ярьдаг. Энэ нь шинжлэх ухааны олон судалгаагаар батлагдсан. 
Тухайлбал, иогаар хоёроос гурван сар хичээллэсэн ээжийн хувьд жирэмсний элдэв зовуурь илт багасна. Нуруу, ташааны өвдөлт, нойргүйдэл, стресс, цагаан мах эргэх гэх мэт. Бодисын солилцоо сайн байснаас жин  нэмэхгүй, даралт хэлбэлзэж зүрх өвдөхгүй. Төрөх үед булчингаа маш сайн бэлдчихдэг тул өвдөлт 80 хувь хүртэл бага, эрсдэл тэр хэрээрээ багасна.  Хүүхэд хүчилтөрөгчийн дутагдалгүй, бодисын солилцооны өөрчлөлтгүй, тархины даралтгүй, их л амгалан тайван маамуу гардаг. Төрсний дараа ээж маш хурдан тэнхэрдэг, сүү сайтай, гутрал зовлонгүй байдаг нь хамгийн чухал үр дүн юм даа. Харин иог хийгээгүй, зөв хооллоогүй, стресс ихтэй байсаар төрвөл бас л хэцүү. Булчин бэлтгэгдээгүй тул төрөх үед урагдал оёдол гарна, төрснийхөө дараа булчин холбоос эргээд сэргэх гэж бас л чангална даа.Ер нь их ядруу тээж, ядруу төрж, ядарч тэнхэрдэг гээд хэлчихвэл буруудахгүй байх. 
 
-Жирэмсэн байх хугацаанд ээжүүд маань сэтгэл зүйн хувьд  маш тогтворгүй байдаг. Энэ тал дээр ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?
 
     -Энэ их чухал сэдэв. Бүх зүйл сэтгэл зүйтэй холбоотой шүү дээ. Сүүлийн үед ээжүүд маш их тонустай байна яах вэ гэж их ярьцгаах болж. Үнэндээ сэтгэл тавгүй байсаар байвал ямар ч эмчилгээ нөлөө багатай. Жирэмсэн ээжийн сэтгэл санаа зөвхөн ээжийн асуудал биш. Ээжийн сэтгэл зүй урагт хамгийн их нөлөөтэй. Ээж стресс ихтэй байвал ургийн хөгжил саарна, цаашлаад оюун ухааны хөгжилд ч сөргөөр нөлөөлнө. Төрснийхөө дараа уйлхай, хөсөмхий байгаад зогсохгүй нас биед хүрсэн хойноо ч өөртөө итгэлгүй, гутралтай, сэтгэл зүй тогтворгүй иргэн болдог байна л даа. Тэгэхээр ээжийн есөн сарын туршид өөртөө хэрэгжүүлэх үнэ цэнтэй зүйл бол сэтгэл зүйгээ удирдах юм. Иог хийхээр биед “Серотанин” даавар нэмэгддэг тул цаанаасаа амгалан болдог.  Өөртөө болон хүүхэддээ хэрэгтэй зүйл хийж байна гэж бодохоор өөдрөг, баясгалантай ч болно. Угаасаа жирэмсэн ээж элдэв эм тариа хэрэглэж болохгүй тул бүх зовуурьт тустай йогаар л эртхэн хичээллэмээр байгаа юм. Манай төвийн хувьд нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд зориулсан дөрвөн хөтөлбөрийг онлайнаар явуулаад гурван жил болж байна. Жирэмслэлтээ төлөвлөх, жирэмсний үеийн, төрөх дөхсөн үеийн, төрсний дараах иог, эмчилгээний хөтөлбөртэй. Бүх хөтөлбөр сэтгэл зүйн эрүүл мэндэд ачтай, тустай. Иог бол сэтгэл зүйн хувьд өөртөө өгч буй бэлэг болдог. Өөрийгөө танин мэдэх, хайрлах, аргадах ухаан байдаг. 
 
-Төрсний дараа хамрагдаж болох анги гэж байдаг юм байна. Энэ нь ямар ач тустай вэ?
 
     -Төрсний дараа эмэгтэйн бие 80-90 хувь өөрчлөлтөд орсон байдаг. Үсний ширхгээс эхлээд хөлийн судас хүртэл.  Турахаасаа өмнө эхлээд энэ биедээ гарсан бүтцийн өөрчлөлтөө зөв засч, янзалж хэвэнд нь оруулж, нөхөн сэргээж, төлжүүлмээр байгаа юм л даа. Төрсөн ээжийн бие, дархлаа маш сул. Хамгийн эхлээд суларсан ташаа, үе холбоосоо засмаар байгаа юм. Үүнийг тусгай йогын дасгалаар л засна. Өөр юугаар ч засаж хэвшүүлэхгүй. Манай ээжүүд мэдлэг муугаасаа болоод фитнес, энгийн фит иог, спининг, бүжиг гээд явчихдаг. Эхлээд бүтцээ хэвийн болгоогүй байж ингээд явчихвал нөгөө суларсан бие юу болох вэ. Тиймээс тусгай дасгал бүхий нөхөн сэргээх анги нээгээд ажиллаж байна. Үүнд хооллолт, хийгээ амирлуулах, гамаа зөв хийх, хөхөндөө сүү оруулах гээд төрсөн ээжид хэрэгтэй мэдээллийг хамт өгөхийг хичээдэг.
 
-Зөвхөн эмэгтэйчүүд ч гэлтгүй эрэгтэй хүмүүс  иог хэр хийдэг вэ?
 
     -Анх иогийн үүсэл эрэгтэй хүмүүсээс эхтэй. Иогийн үе үеийн мастерууд, үе үеийн шинэчлэгчид эрчүүд байдаг шүү дээ. Дэлхий дээр эрчүүд эмэгтэйчүүдтэй адилхан өдөр бүр йога хийдэг. Харин манайд энэ маркетинг их сул байгаа юм шиг байна. Эрчүүд иог хийлээ гээд бүүр шоолж байгаа хүнийг ч харсан. Монголчууд иогийг нэг тийм эмэгтэйлэг зүйл гэж андуураад байна. Үгүй шүү дээ. Дээр хэлсэнчлэн хэн ч хийж болох, чадах амьдрахуйн соёл. Эрчүүд иог түлхүү хийвэл сэтгэл зүйн хэрэгцээ, эрүүл мэндийн хэрэгцээ, санхүүгийн хэрэгцээгээ зэрэг шийдэх том боломж байна. Тийм том том фитнесийн төхөөрөмж, уураг, тусгай хоол  ч хэрэггүй. Хамгийн их стресст өртөмхий хүмүүс эрчүүд болж байгаа энэ үед өөртөө арчаатай бол иог л хамгийн зөв арга гэж эрчүүддээ хэлье. 
 
Танай төв нийт хэдэн багш болон мэргэжлийн эмчтэй вэ?
 
     -Одоогоор  нарийн мэргэжлийн эмч нар зөвлөхөөр ажиллаж байгаа. Эх барих эмэгтэйчүүд, уламжлалт анагаах ухаан, мэдрэл, нярайн чиглэлээр туршлагатай эмч нарыг хөтөлбөртөө урьж оролцуулж ээж нартаа зөвлөгөө өгүүлж байна. Үзлэг бол хийхгүй. Зөвхөн эрүүл мэндийн нийтлэг асуудал дээр зөвлөгөө, мэдээлэл өгдөг.  Багш нарын хувьд онлайн хөтөлбөртөө хоёр багш хичээлээ зааж байна.
 
 
-Сургалтаа онлайнаар явуулсны давуу тал нь юу байна вэ?
 
     -Ковидын үед цахим сургалтад шилжээд, одоо хүртэл цахим сургалтдаа тууштай явна. Ер нь жирэмсэн болон төрөөд нярайгаа харж байгаа ээжүүдэд цахим сургалт бол хамгийн хүртээмжтэй арга.Төлбөр хямд, эрсдэл багатай, хүссэн цагаа сонгоод хичээллэх боломжтой. Дээрээс нь манай хөтөлбөрт хамрагдаж байгаа хүмүүсийн  30 хувь нь орон нутаг, гадаад орноос гэсэн судалгаа гарсан. Алслагдсан аймаг, сумд амьдарч байгаа  ээж нар ч хотод байгаа хүмүүс шиг хөгжмөөр байна шүү дээ. Тэр хэрэгцээг манай хөтөлбөр тодорхой хэмжээгээр хангаад тус болж байна. Хамгийн чухал давуу тал гэвэл цахим сургалтад хамрагдаж байгаа хүн өөрөө бие дааж суралцах, өөртөө шаардлага тавих, цагийн менежмент хийх гээд давхар хувь хүнээ хөгжүүлдэг юм билээ. 
 
-Жирэмсний хугацаандаа өөрт таарсан зөөлөн, эмчилгээний ач нөлөөтэй, зөв иогийн төрлөө ээжүүд хэрхэн яаж сонгох талаар зөвлөгөө өгч болох уу?
 
      -Эхлээд багшаа маш сайн судлаарай. Багшийн гоё сайхан төрх, харагдах байдал хамаагүй шүү. Гол нь мэдлэгийг нь шинжээрэй.  Энэ төрлийн йогыг дурын иогийн багш заахгүй шүү. Маш туршлагатай, тусгай нэмэлт сургалтуудыг төгссөн, өргөн мэдлэгтэй хүн л эвийг нь олоод эрсдэлгүй заана. Буруу заалгаад хийвэл аюултай. Эргээд засах боломжгүй ч сөрөг нөлөө гарч болно. Тиймээс та эмчээ сонгодог шиг бодож, судалж байж багшаа сонгохоос эхлээрэй.
 
-Нэг сарын сургалтад ойролцоогоор хэчнээн хүн хамрагдах боломжтой вэ?
 
         -Манай хөтөлбөрт сард дунджаар 800-1000 ээж хамрагддаг. Мэдээж тийм  их тоо гарахгүй. Учир нь хамрах хүрээ хязгаарлагдмал, басхүү  хувь хүнээс өөрөөс нь менежмент шаарддаг учраас тоонд биш чанарт анхаараад хөгждөг дөө бид. 
 
-Эрүүл ээжээс эрүүл хүүхэд гэдэг шүү дээ.Тэгвэл та жирэмсэн болон жирэмслэх гэж төлөвлөж байгаа ээжүүддээ маш чухал гэж үзсэн таван зөвлөгөөг өгөөч?
       
1. Бүрэн шинжилгээнд ороод бие, сэтгэл, санхүүгийн хувьд бэлэн болсон цагтаа маамуу дуудаарай.
2. Нөхөн үржихүйн эрхтэн систем дэмжих зөв хоолоо хүртээрэй.
3.Йогын дасгалаар заавал хичээллэж, өндгөвч, умайн цусан хангамжаа дэмжээрэй.
4.Биеийн хий, шар, бадганы онцлогоо танин мэдэж өөрт аль махбод хямрах нигууртайг ойлгоод оршихуйгаа бэлдээрэй. Туршлагатай эмчээр судсаа түшүүлээрэй.
5. Ганц өөрийгөө биш хамтрагчаа сайн бэлдээд дагуулаад яваарай. Мөн жирэмсэн ээжүүддээ хандаж хэлэхэд, 
 
-Таны явдал мөрөөс хорвоод ирж буй нэгэн хүний хувь заяа  хамаарч байгаа тул хариуцлага, сахилга баттай байгаарай.
-Өөрийнхөө төлөө 100 хувь өөрөө санаа тавиарай. Бусдыг ингэх байх, тэгэх байх гэж битгий горьдоод суугаарай. Хүүхэдтэй болох чинь  үндсэндээ эмэгтэй таны нандин сонголт тул өөрийнхөө сонголтыг хүндэтгээрэй.
-Зөв хоол, зөв амьсгал, зөв сэтгэл зүй
-Төрөх үеийн процессын тухай мэдлэг сайтай байгаарай. Хүн мэддэггүй зүйлээсээ л айдаг шүү. 
-Төрсний дараа өөрийгөө битгий хаяарай. Яг л хүүхэдтэйгээ адил өөрийгөө ч бас арчлаад явахаа мартуузай. 
 
-Иог хийх хориотой заалт гэж байдаг уу?
 
       -Жирэмсний иог хийхэд хориотой заалт бий.Ихэс ховхорсон,доош юм гарч байгаа,16 неделээс хойш умайн хүзүү  хэт богино,26 неделээс хойш ихэс буруу байрласан бол хориглоно.
 
 
Та бүхэн энэ зөвлөгөө мэдээллээ ном болгон хүргэх бодол бий болов уу. Тэгвэл их хэрэгтэй байх юм шиг санагдлаа?
 
      -Мэдээж зохиолч, сэтгүүлч хүнийхээ хувьд энэ чиглэлээр ном гаргах төлөвлөгөөтэй байгаа. Бичээд явж байна. Хэд хэдэн сэдэв дээр дахин суралцах, судалгаа хийх шаардлагатай тул жаахан хойшлоод л байгаа. 
 
-Ярилцсанд баярлалаа
 
     -Баярлалаа                                                                                                                                                  
 
 
Б.Энхжаргал
 

ЖИРЭМСНИЙ ИОГИЙН БАГШ Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ: Иог бүхэлдээ зөв амьсгалын хаалга юм
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188