“Миний анхны цагаан толгой-Мэдэх ёстой 108 амьтан” нэртэй 4-6 насны хүүхдүүдэд зориулсан үсэг, амьтан, тоглоомтой багц ном гаргасан С.Ганболдтой ярилцлаа.
-“Миний анхны цагаан толгой-мэдэх ёстой 108 амьтан” нэртэй цуврал номыг эрхлэн гаргасан байсан. Энэ номыг яагаад гаргах болсон бэ?
- Хөл хорионоос болж танхимаар хичээлд суугаагүй, хоёрдугаар ангийн хүүхэд уншиж, бичиж чадахгүй байна. Нэг ээж хүүхдээрээ “Зурвас бичүүлбэл уншиж, бичих дадлага болох байх” гэж бодоод утсаар харилцах гэж үзжээ. Гэтэл хүү нь дуут шуудан явуулаад байсан гэнэ. Энэ тухайгаа олон нийтийн сүлжээнд бичиж “Хүүгээ яаж уншдаг, бичдэг болгох вэ” гэх зөвлөгөө авсан байна. Гэтэл хүмүүс яг адил бэрхшээлтэй байгаагаа бичсэн нь ном гаргах нэг шалтгаан болсон. Мөн байгаль орчны чиглэлээр бичдэг сэтгүүлч, уран бүтээлчид хүүхдэд байгаль орчны боловсрол олгох нь чухал гэдэгт санал нэгдэж байсан юм. Тиймээс хүүхдэд зориулсан амьтны тухай ном гаргах тухай эртнээс ярьцгаадаг байсан ч агуулга, хэлбэр нь ямар байх вэ гэдэг дээр тогтохгүй хойшлуусаар өдийг хүрсэн. Тэгээд үсэг нүдлүүлэх, давхар амьтдыг танилцуулбал хүүхэд, тэдний эцэг эхчүүдийн хэрэгцээ шаардлагыг хангах юм байна гээд ном гаргасан.
-"Миний цагаан толгой" номын ач холбогдол бусдаас ялгарах онцлог нь юу вэ?
-Эцэг, эхчүүдэд хүү, охин нь хамгийн ухаантай, энхрий нэгэн байж байгаад сургуульд оронгуут өнөөх нь хамгийн “муу” хүүхэд болчихдог доо. Хүүхдэдээ эрдэм ном сургах гээд хатуухан үзэж байгаа олон аав, ээж миний ойрын хүрээнд байна. Үсэг, тоо заах гэрийн даалгаврыг нь хийлгэх гээд нус, нулимстайгаа холилдсон аав, ээж нарт өөр аргаар буюу хүүхэдтэйгээ тоглож наадаж, таньж мэдэж байж үсгийг нь нүдлүүлэх боломжийг манай ном өгөх юм. Хүүхэдтэйгээ зодолдохгүй муудалцахгүй ном сургана.
Нийтлэг жишгээр хүүхдийн цагаан толгойн номонд “Баавгай гэдэг үгэнд ордог “б” үсэг” гээд тухайн амьтны зургийг үсэгтэй нь нийтэлсэн байдаг. Бид баавгайн зургаас гадна гадна тухайн амьтны зан төрх онцлогийг үлгэр, өгүүлэл байдлаар оруулснаараа бусдаас өөр юм болов уу. Аваад явахад авсаархан хөнгөхөн, бие даасан олон хэсэгтэй гэх мэт хэлбэрийн хувьд ч өөр бусад онцлог ч бий.
-Амьтны тухай бичил үлгэр, өгүүлэл нь таалагдан. Сургамжит бас танин мэдэхүйн гэх мэт олон шинжийг агуулсан байсан?
-Бид нар тухайн амьтны талаар зүгээр л толгой холбоод бичвэл уншиж байгаа хүүхдэдээ өгөөжгүй юм. Үйл явдал нь туухайн амьтны онцлог, зан байдалтай холбоотой байвал зүгээр юм гэж үзсэн. Тухайлбал “к” үсэгтэй номонд орсон колибр шувуу арагш нисэж чаддаг. Гэтэл зөвхөн энэ төрлийн шувууд л ийм чадвартай байдаг. Ойн түймэр гарахад цэцгийн тоос хүртээдэг энэ жижигхэн шувуу амандаа ус балгаж ирээд гал дээр асгадаг болохыг шувуу судлаачид ажигласан байдаг. “П” үсгийн номонд орсон панголин гүрвэлийн хуягийн бүтэц бат бэхээрээ гайхагддаг. Мэдээж энэ талаарх мэдлэгийг уншигч хүүхдүүдэд өгөхийг хичээсэн. Хулганын тосгонд өвч хуягласан панголин иртэл өнөөдүүл нь өөрсдийнх нь дайсан бардам заануудтай байлдах гэж иржээ гэж баярладаг. Гэтэл баатар маань энгийн шоргоолж идэштэн байдаг юм. Жирх эгдүү хүрэм, хайр татсан хөөрхөн амьтан. Гэхдээ мод, ургамал ургахад ямар их ач тус өгдөг гэдгийг хүүхдүүд мэдэхгүй байх. Жирх ургамлын үрээр хооллодог. Идэш нөөцөө хадгалах, бусдаас нуухын тулд газарт булдаг мөртлөө хаана булснаа мартчихдаг. Өнөөх үр нь боловсроод ургах жишээтэй. Бор оцон шувуу байгаль дээр маш ховор байдаг. Түүнийг өөрсдөөс нь өөр болохоор нь бусад шувууд хажигладаг. Олон бэрхшээлийг туулж байж тэр сүрэг дотроо өөрийгөө хүлээн зөвшөөрүүлдэг. Энэ онцлогыг нь бид номын өгүүлэлдээ оруулсан. Энэ мэтээр номонд орсон амьтдаа өөр маягаар таниулахыг зорьсон. Мөн сургамжит шинж чанар байвал зүгээр юм гэж зөвлөлдсөн. Аялалд явж байсан ах дүү бамбарууш эвтэй яв гэсэн ээжийнхээ захиасыг мартаад олсон бяслагаа хуваах гэж муудалцаад үнэгэнд бүгдийг нь алдаж байгаа тухай үлгэр бий.
-Хүүхдүүд тоглоомын аргаар амархан нүдэлдэг, цээжилдэг гэдгийг та туршиж, судалж үзсэн үү?
-Би Улаанбаатар хотод 1990-ээд оны дундуур оюутан болж ирээд тэр үеийн жишгээр хүргэн ахындаа амьдарч байсан. Ахынх маань дөрөв, тав, зургаан настай гурван хүүхэдтэй, тэднийг хичээлийнхээ хажуугаар харах үүрэгтэй. Дүү нарт маань оросын цагаан толгойн хуванцар үсгүүд байсан. Би бүх үсгийг нь шалан дээр тараачихаад аль нэг үсгийг уралдаж олуулдаг байсан. Бие биенээсээ өрсөж олохын тулд үсгээ сайн мэддэг байх ёстой доо.
Дүү нар маань насны зөрүүтэй мөртлөө яг ижил хурдаар тухайн үсгээ нүдэлж байсан. Гурвуулаа нэгдүгээр ангид бүх үсгээ мэддэг, бичиж, уншиж чаддаг орсон. Үсгээ мэддэг болохоор ангийнхан, найзууддаа хүлээн зөвшөөрөгдөнө. Тэгээд хичээлээ хийх сонирхолтой, уншиж, бичих дуртай байдаг юм билээ. Дүү нар минь бүгд Америкт их сургууль төгссөн.
Нэг нь тэндээ уул уурхайн компанид ерөнхий инженер хийдэг. Магадгүй үүнд нь миний тэр тоглоом, номонд дуртай болгосон явдал тодорхой хэмжээнд нөлөөлсөн байх. Энэ номыг бүтээхдээ би туршлагаа бодож, багийн гишүүдээсээ зөрж нимгэхэн, жижиг хэмжээтэй байх ёстой гэж зүтгэсэн. Зүгээр л номуудаа тарааж тавьчихаад аль нэг амьтныг олуулбал авсаархан байх ёстой гэж бодсон юм. Нэг үгээр, номноос гадна картны үүргийг гүйцэтгэх ёстой юм. Ер нь хүүхдийн тоглоомын аргаар олж авсан мэдлэг хэзээ мартагддаггүй болохыг шинжлэх ухаанаар батлагдсан байдаг шүү дээ.
-Номын бүтэц нь ямар хэлбэртэй вэ?
-Нэг ном нь зургаан хуудас, 12 нүүртэй. Амьтдыг таниулах нүүр бий. Үүнд нь амьтдын тухай шүлэг, үлгэр, өгүүлэл орсон. Мөн үсгээ нүдлэх зурах, дуурайж бичих давтлагын хэсэг бий. Мөн хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх тоглоом гэсэн хэсэгтэй. Дээр хэлснээр номын үлгэр, өгүүллийг манай уран бүтээлчид тус номонд зориулж бичсэн учир дахин давтагдашгүй.
-Нэг багцад хэдэн ном орох вэ. Хэдэн төгрөгөөр худалдаанд гарч байгаа вэ?
-Нэгдээ долоон ном багтсан дөрвөн багцтай, нийт 28 ном. Дөрвөн багцдаа 35 үсгээ бүтэн багтаасан. Нэг багц нь 10,500, дөрвөн багц нь 42000 төгрөгийн үнэтэй. Бүх номын дэлгүүр, томоохон хүнсний сүлжээ дэлгүүрээр борлуулахыг зорьсон. Эхнээсээ тараагдаж байгаа. Эцэг эхчүүдэд Шинэ жилийн баярын бэлэг болгож өгвөл өгөөжтэй бас, үлдэцтэй шүү. Хүүхдүүдээ багаас нь номонд дуртай, хайртай болгоорой гэж хэлмээр байна.
-Та ямар мэргэжилтэй вэ. “Ногоон сэтгүүлч” байгууллагын тухай товч танилцуулаач. Хүүхдийн ном гаргаж байсан туршлага байдаг уу?
Би сэтгүүлч мэргэжилтэй. “Ногоон сэтгүүлч” төрийн бус байгууллагын тэргүүнээр ажилладаг. Өдөр тутмын сонинд ажиллаж байхдаа байгаль орчны чиглэлээр бичиж эхэлсэн. Явц дундаа нийгэм, олон нийтэд гэхээсээ сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд байгаль орчны чиглэлээр мэргэших ёстой юм байна гэж ойлгосон. Манай байгууллагаас сэтгүүлзүйн тэнхимтэй сургуулиудтай хамтран байгаль орчин уул уурхайн чиглэлийн нийтлэлүүдээр сэтгүүл зүйн шүүмж таван таван цуврал ном гаргаж байсан. Байгаль орчны сэтгүүлзүйн сургалтыг явуулж байсан. Өмнө нь “Агай Шавдал хатан” хүүхдийн ном эрхлэн гаргаж байсан. Мөн Чехийн Амьтны хүрээлэнгийн захирал Мирослов Бобекийн “Манай тахь хэрхэн ирдэг вэ” номын зохиогчийн эрхийг авч, монгол хэл дээр эрхлэн гаргаж байсан. Цаашид “Мухайхай” уран бүтээлийн нэгдэлтэй хамтран хүүхдийн ном, тэр тусмаа байгаль амьтдын тухай ном гаргах төлөвлөгөөтэй байна.
94049771. 8818 8337 УТСААР ХОЛБОГДОЖ, НОМОО ХҮРГҮҮЛЖ АВААРАЙ.
С.ГАНБОЛД: Хүүхэдтэйгээ муудалцахгүй үсэг зааж өгөх боломжтой боллоо |
|
2025-05-06 18:56:32
2025-05-06 17:51:29
2025-05-06 17:50:07
2025-05-06 17:33:33
2025-05-06 16:25:35
2025-05-06 15:27:44
2025-05-06 13:35:02
2025-05-06 12:40:28
2025-05-06 09:56:18
2025-05-06 09:31:55
2025-05-06 07:00:29
2025-05-06 07:00:00
2025-05-06 07:00:00
2025-05-06 07:00:00
2025-05-06 07:00:00
2025-05-06 07:00:00
2025-05-06 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |