• Өнөөдөр 2025-06-23

ӨМӨЗО-НЫ ТУНЛЯОГООС ЭХЭЛЖ, УЛААНХАД ХОТООР ӨРТӨӨЛСӨН АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ-I

2025-06-23,   242

        ӨМӨЗО-ны Тунляо, Баарин баруун хошуу, Улаанхад хот болон БНХАУ-ын Хүбэй мужийн Ухань хотын содон, сонин газруудтай танилцаж яваад ирлээ, бид. Бид гэдэг нь Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийнхэн болон сайт, сонин, телевизийн харьяатай 24 сэтгүүлч. Тоолж үзбэл арав гаруйхан хоног ч томилолт аваад гарахад гарцаагүй урт аялал, үзэх, сонсох, ойлгон мэдэх зүйл олонтой өдрүүд өрнөж, аяны холоос өчигдөр л нэг амсхийн дөрөө мулталж, өнөөдөр ийнхүү уншигч танд ганзага дүүрэн ирсэн богцоосоо задалж байна.

           Улаанбаатараас Замын-Үүд рүү хөдлөх вагонд суухад цаг хугацаа гурван жилийн өмнөх намарт ухран очиж, “Тэгэхэд ч би бас Хятад, Монголын сэтгүүлчдийн 14-р форумд оролцохоор сэтгүүлчдийн хамт ингээд явж байсан даа” гэж бодогдож, хэзээний танил дотно зүг рүү сэтгэл татагдан явж байлаа. Энэ удаад очих хот орон л өөр болохоос бусдаар хөрш гүрний өнөөх л ихэмсэг ахуй, дулаан нөмөр хил давахад л мэдрэгдэж байв. Товлосон ёсоор бид галт тэрэгт суусныхаа маргааш буюу зургадугаар сарын 10-нд Эрээн хотоос онгоцоор хоёр цаг орчим нисэж, ӨМӨЗО-ны Тунляо хотод хүрсэн. Оройн наран жаргахаас арайхан урьтаж бид дулаахан атлаа тухтай тэр хотод үдэлж, Хятад, Монголын хэвлэл мэдээллийн Хүбэй, Өвөр Монгол дахь хамтарсан сурвалжилгын нээлт албан ёсоор эхэлсэн юм.
 
       Энэ хот бол бидний сурвалжилгын хамгийн эхний цэг. Мах махан бүтээгдэхүүнийг хэрхэн хадгалан, боловсруулж, ойг хэрхэн мод, бут, олон төрлийн ургамлаар тохижуулсантай ойроос танилцлаа. Хүний гараар байгаль хэрхэн бүрдэн цогцолж, бүтээгдэн бий болсныг харж явахдаа бид Хятадын ард түмнийг хэчнээн хөдөлмөрч, хичээнгүй, юм бүхэндээ сэтгэлээ шингээн хийдгийг нүдээр үзэн, сэтгэлдээ бахархаж явлаа. Бидний танилцаж явсан ойн бүсийг "Их цөнхөл" гэнэ. Эл ойд  700 гаруй ургамлын төрөл байх бөгөөд 100 гаруй нь модлог ургамал байна. Харин 400 гаруй эмийн ургамал байдаг ч түүхийг хориглосон гэдгийг биднийг дагуулан явсан хөтөч онцлон дурдаж байв. Энэхүү цөнхөл нь Хятадын экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт, аялал жуулчлалын салбарын хөгжүүлэлтийн гол бүс болж буйгаараа дархлагдсан бөгөөд эл ард түмэн байгаль орчин, ахуй амьдралдаа ямархнаар санаа чилээж, хичээл зүтгэл гаргадгийг дэргэдээс нь харах, бүр барьж үзэх нэгэн жишээ гарцаагүй мөн байв. Ойн замаар явахад мод, бут бүртэй нэг бүрчлэн танилцаж, харин шатан дээр зогсоод дээрээс нь тольдоход гүндээ ямар нэгэн зүйл хав даран нуусан мэт нууцлаг, үзэсгэлэнтэй орших нь улам ч сонихол татаж байлаа.
 
 
      Анх 1952 онд энэ нутагт 8000 га газар цөл байсныг ийнхүү ой шугуй болгож, үүний үр ачаар сэрүүн, таатай уур амьсгал бүрдэж, хүн зон нь агаарлан алхах тухтай хэсэг болон бүрджээ. Тиймдээ ч энэ бүс нутгийг онгон дагшин хэвээр хадгалахыг хичээдэг тухай мэдээллийг бидэнд өгч байлаа. Нээрээ, 30 хэмийн хүйтэнд ч хөлддөггүй гол горхи энэ ойд урсдаг гэсэн шүү. Өвөл болохоор л нуур, тойром нь хөлдчихдөг, түүн дээрээ гулган нааддаг бидний хувьд сонин мэдээлэл байв. Тийн хөтөчийн үгийг сонсож, сагсайж, сандайлж ургасан мод бүрийг ажиглан явтал нэгэн булаг таарсан нь "Сувд" нэртэй ер бусын хөндий байв. Учир нь, тэр булаг хүний дуулах чимээгээр улам оргилон ундарч, сэргэн тэнхэрдэг шидтэй аж. Тэрхүү учрыг нь сонссон бидний дундаас манай аяллын нэгэн гишүүн болох "TV8" телевизийн мэдээний албаны дарга Х.Нарангэрэл ах "Харанга" хамтлагийн "Аялгуу" дууг эгшиглүүлж, булгийн усны ундаргыг газар дээр нь туршин үзсэн юм. Х.Нарангэрэл ахыг дуулж дуусахад хамт явсан Өвөр Монгол болон Хятадын сэтгүүлчид баяр хүргэн, алга ташсан юм. Үнэхээр ч түүний дуулалтаар тэнд сонссон "Аялгуу" хүний, өөрийн хүн бүрийн сэтгэл зүрхэнд яг л тэрхүү булгийн хөндий шиг дотнохон мөртлөө тунгалагхан тогтон үлдэж, үе үе санан дурсахад сэтгэл дүүргэсэн цор ганц хувилбар давтагдашгүйгээр сонсогдож байх биз ээ. 
 
  "Монгол хүний нандин бүхнийг дээдлэн эгшиглэсэн
   Морин хуурын саараа нь үгүй сайхан аялгуу..." гээд л дуулах нь аргагүй монгол хүний л хаа нэгтээ дуулж явах нандин аялгуу байсан даа. 

      Тунляод бид ийнхүү олон сайхан зүйл үзэж, далайд нь завиар аялж, хичээн бэлтгэсэн хоол унднаас нь амтархан идээд, эхний хоёр хоногийнхоо аяллыг урам зориг дүүрэн өндөрлөсөн. Юмыг юм болгох, юмхнаар юм хийхийн үлгэр энэ нутгийн ард түмнээс харагдаж, мөнхүү тайван аажуухан мэдрэмж төрж байлаа. Хүний нутгийн сайхныг мэдрэхэд заримдаа үзсэн газар орноос илүүтэй хүн ардынх нь байр байдал тодорхой замчилдаг даа. Ажаад байхад, Тунляон ард түмэн сэтгэл зүрхнээсээ аж төрдөг, бусдыг хүндлэн хайрлаж, зочлон угтдаг налгар хүмүүс байна лээ. Үнэндээ тэнд бусдын нутагт явна гэж огт мэдрэгдээгүй. Харин ч Монголынхоо аль нэгэн аймагт зочлоод буцаж байгаа мэт ойр, дэргэд санагдаж, сэтгэл ер бусын амгалан байсныг тодотгомоор байна. Тэндээс олж мэдсэн гол эрдэм бол хүнсээ бид яаж зүй зохистой хадгалж, зөвөөр бусдад хүргэх вэ. Ялангуяа, манайх шиг хүнсний шимтэйгээр баялаг орон энэ нутгаас юуг авч болох вэ гэдгийг харж явсан. Мэдээж түүнд хангалттай хариулт өгч, жишээ болж байсан нь бидний хамгийн түрүүнд очсон махан бүтээгдэхүүний компани.  Мах, ногоо, будаагаа ямархнаар тохируулан, боловсруулж идэхийг хотдоо номер нэгээр үлгэрлэсэн газар байв. Ерөөс ямар ч газарт орох бүрд хийж, бүтээхийн түмэн хүсэлтэй, бүтээж, бий болгосноо ам бахдам ярьсан, шинэ санааг  цаг мөч бүхэнд яг л ой шугуй шигээ тарьж, ургуулж, хэрэгжүүлдэг юм билээ. Энэ бол Тунляо. 
       Дараагийн бидний очсон өртөө ӨМӨЗО-ны Баарин баруун хошуу байв. Энэ суурин мөн л бидний хөдөөг санагдуулж байсан. Автобус эхний буусан зочид буудлаас хөдлөн, хотоос гарахад, дайран өнгөрсөн тал яг л Монголын тал нутаг шиг харагдсан нь өсөж торниж, гүйж тоглож явсан хөдөө нутагтаа ирчихсэн л санагдсан. Энэ өдөр бид Баарин баруун хошууны мал аж ахуйтай танилцахаар зорьсон нь энэ. Бидний аяллын, тэр тусмаа сэтгүүлч миний хувьд хамгийн их сэтгэл өвдөж, гуниг төрж байсан хэсэг. Тэнд үнэндээ мал аж ахуй гэдэг "Яаж аятайхан мах гарган авах вэ" гэсэн зорилго байдаг юм байна лээ. Монголчууд бид нүүдэлчин, малчин ард түмэн. Малаа дээдэлдэг, малчин ухаан гэж тусдаа. Гэтэл бидний энэ ирээд буй хошуунд хонь, хургыг олноор нь хашаанд хашин тогтоож, бордон тэжээж, хүссэн жин, хэмжээндээ хүргээд долоон сараас хэтрэхгүйгээр нядалгаанд өгдөг гэнэ. Мал маллах ухаан огтоос хэрэггүй энэ газрыг, тэр хонинуудын дүр зургийг монгол малчин хүн харсан бол хэчнээн өрөвдөж, халаглах байсан бол. Өөрийн эрхгүй ийм л бодол төрж, удаан байхаас ч хэцүү байлаа. Тэнд Африк, Англи, Монгол хонийг эрлийзжүүлэн тэжээж, мах гарган авдаг гэсэн. Хэт их бодлого, юмыг үнэд хүргэх гэсэн улайрал хааяа энэ ард түмэнд хэтрээд байна уу гэсэн бодол үе үе төрж, хөрш энэ гүрэнд авах ч юм, гээх ч юм их юм даа гэж бодогдож байлаа. Гэхдээ бид ч бас бусдыг хэт өөрийнхөөрөө, өөрсдийн барьдаг зарчмаар байлгаж болохгүй шүү дээ. Гэхдээ буянт малын хишиг гэж бид ярьдаг даа.
    Үнэндээ сэтгэлд хамгийн хөндүүр мэдрэмж тэнд төрсөн болохоор мал аж ахуйн хэсгийг ийнхүү алгасаад, дараагийн хот болох Улаанхадын бахархан дурдмаар оёдол, гар урлалынх нь тухай дараагийн хэсэгт тухтайхан бичихээр үлдээлээ. Өө, мартаж шахаж. Цагаан идээ борлуулалт нь таалагдсан шүү. Цагаан идээгээ боловсруулж олон төрлийн бүтээгдэхүүн хийж, түүнийгээ хөгжүүлэн ахиулж буй нь сайхан санагдсан. Баарин баруун хошуунд бид өрөм, зөөхий, сүүн ааруул, сүүтэй чихэр амтархан идээд, дараагийн хот руугаа хөдөлсөн...

ӨМӨЗО-НЫ ТУНЛЯОГООС ЭХЭЛЖ, УЛААНХАД ХОТООР ӨРТӨӨЛСӨН АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ-I
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188