Ийн “Ах нарынхаа, аавынхаа хүслийг гүйцээх юм сан” хэмээн багаасаа битүүхэн бодож явсан түүнд том хаалга нээгдэж, цүнхтэй хувцсаа үүрээд өмнө нь нэг ч удаа уулзаж, ярилцаж байгаагүй Б.Батбаярыг дагаад Эрдэнэт хотыг зорьсон гэдэг.
Б.Зоригтбаатар 2012 оны намраас багшдаа шавь орж бэлтгэл сургуулилалтаа тасралтгүй сайн хийж, өдгөө бөх сонирхогчдын дунд “Цахилгаан” Зоригоо хэмээн хүндлэгдэх хүртлээ уран барилдаант бөх болсон байна. Улсын харцага Б.Зоригтбаатарын аав Б.Батсүхтэй хүүгийнх нь талаар ярилцлаа.
-Сайн байна уу, та. Сайхан өвөлжиж байна уу?
-Сайхан өвөлжиж байна. Хөгшин бид хоёр сүүлийн жилүүдэд хүүхдүүдээ өвөлжөөлүүлчихээд өөрсдөө хотод өвөлждөг болоод байна. Энэ жил манай нутагт цас их ороод, оройтож ирлээ.
-Энэ жилийн баяр наадамд Архангай аймгийнхан өнгөтэй сайхан наадлаа. Та хүүгийнхээ дээлийн захыг мушгиад л хүлээж байв уу?
-Сайхан наадсан. Улсын баяр наадамд нутгийн хүү түрүүллээ. Хүүгийнхээ дээлийг мушгилгүй яах вэ. Ээж нь сүүгээ өргөөд, би зурагтынхаа өмнө сууж байлаа. Миний хүү энэ жилийн баяр наадамд өнгөтэй сайхан барилдсан. Аймгийнхаа 100 жилийн ойн баярт түрүүллээ. Мөн Архангай аймгийн Цахир сумын 100 жилийн ойн барилдаанд түрүүлсэн амжилттай байна.
-Төрөлх нутгийнхаа 100 жилийн барилдаанд түрүүлэхэд нь та их баярласан болов уу?
-Тийм ээ. Төрөлх нутгийн минь түүхт 100 жилийн ойн барилдаанд хүү минь түрүүлнэ гэдэг том хувь тохиол байсан. Миний хүү “Аавыг харахаар сандраад сайн барилдаж чаддаггүй юм” гээд байдаг юм. Тиймээс тэр болгон барилдааныг нь ойроос үзэж чаддаггүй. Улсын наадамд зодоглоход нь ч зурагтаар л үздэг юм. Алдаа, оноо нь аавынх нь нэртэй хамт явдаг учраас тэгдэг байх аа, хөөрхий. Би ч залуудаа сумандаа барилдаж явсан хүний хувьд нэг мэх хэлээд өгчихмөөр ч юм шиг, эсвэл хүү минь намайг хэлэхээр сандарчих болов уу гэж эргэлзэнэ.
Аймгийн 100 жилийн ойн барилдаан дээр яг л хажуугаас нь хараад сууж байлаа. Сэтгэл тогтохгүй, сонин байдаг юм билээ. Би 1983 онд Архангай аймгийн 60 жилийн ойн барилдаанд сумын заан цолтой зодоглож байсан юм. Тухайн үедээ дөрөв давж, тавын даваанд цолгүй хоёр бөх үлдсэний нэг нь Улсын начин С.Дамдинбазар нөгөө нь би. Ингээд улсын арслан Г.Жалаа намайг, улсын начин Д.Жамц гуай С.Дамдинбазарыг амлан авч бид хоёр хоёул өвдөг шороодсон. Тэр жил шинэ начин цолтон төрж байгаагүй. Би ч түүнээс хойш аймаг, цэргийн барилдаанд зодоглоогүй юм. Харин хүү минь миний хүрээгүй цолонд хүрч, нутгийнхаа түүхэн ойд түрүүлэх хувь тохиолтой байжээ гэж баярлаж суулаа. Би чинь нулимс ойрхонтой хүн. Хүүгээ туг тойроод гүйхээр нь баярын нулимсаа арчаад сууж байлаа.
-Та Батцэнгэл сумын уугуул хүн үү. Хүчтэний өлгий нутаг гэдэг байх аа?
- Би Батцэнгэл сумын уугуул. Манай сумаас улс, аймгийн цолтой алдартан олон төрсөн. Ардын Засгийн анхны аварга Луу гүний Г.Вандан аваргын нутаг. Манай сумаас хоёр манлай аварга төрсний нэг нь Улсын дархан аварга Г.Өсөхбаяр. Улс, аймгийн цолтой олон сайхан бөх төрөн гарч байгаагийн нэг нь миний хүү байгаад сэтгэл өндөр байдаг юм.
-Б.Зоригтбаатар харцагын бага нас хэрхэн өнгөрсөн талаар яриа дэлгээч?
-Манайх Батцэнгэл сумын Цац багийн Онцгой гэх газар нутаглаж ирсэн. Хүүгийн минь бага нас тэнд л өнгөрсөн дөө. Манайх найман хүүхэдтэй, зургаан хүү, хоёр охинтой хамгийн бага нь миний хүү Зоригоо байгаа юм. 1995 онд төрсөн. Хүү минь багаасаа ах нартайгаа ноцолдож өссөн. Жаахан хүүхэд байхын “Би бөх болно” гэдэг байлаа. Малд их дуртай. Хоёр ах нь сумын заан цолтой. Миний дунд хүү Жавхлантөгс анх Зоригоод бөхийн дэвээ, шаваа зааж өгсөн гэдэг юм. Тэд зун гүүн зэлэн дээр унага татаж, хоорондоо барилдаж өнждөг байв. Хөгшин бид хоёр насаараа мал малласан. Хүүхдүүд сумын төвд ах нарынхаараа байж сургуулиа дүүргэсэн. Миний хүү Зоригоо багын хурдан шаламгай хөдөлгөөнтэй, сургуулийнхаа сагс, гар бөмбөгийн тэмцээнд оролцдог, нийгмийн идэвхтэй сурагч байсан гэж багш нар нь ярьдаг юм.
Одоо ч хичээл зүтгэлтэй, шаргуу зантай. Бэлтгэлээ цаг тухай бүрд нь хийнэ. Бэлтгэл сургуулилалтынхаа хажуугаар цаг зав гарвал хөдөө мал руугаа давхина. Зун ирж, гар хөлийн үзүүрт зарагдана. Сүүлийн үед найз нөхөдтэйгөө их ирдэг болсон. Миний хүүгийн үе тэнгийн хэдэн сайхан бөхчүүд манай нутгаас төрөн гарч байна.
-Бөхийн спортод орсон түүхээс нь та бидэнд хуваалцаач?
-Бид ч малаа дагаад хүүхдүүдээ сумын сургууль бараадуулаад үлдээчихдэг байв. Өөрөө л энэ амжилтад хүрсэн дээ. 2012 онд дунд сургуулиа төгсөх жил нь Архангай аймгийн Хашаат суманд аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан болсон юм. Тухайн үед миний хүү сургуулийнхаа үндэсний бөхийн дугуйланд явдаг байсан. Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай барилдаж байр эзлэхэд нь Гэлэгжамцын Өсөхбаяр аваргын дүү, улсын харцага Г.Батбаяр хүүг минь тоож харсан юм билээ. Г.Батбаяр харцага тухайн үед миний хүүг “Чи цаашид үндэсний бөхөөр хичээллэж, барилдах уу” гэж л дээ. Ингээд л хүү минь зөвшөөрч, намар нь хичээл цуглахтай зэрэгцээд Г.Батбаяр багшийгаа дагаад Орхон аймаг руу явж, бөхийн спортод эргэлт буцалтгүй орж байсан.
-Та Орхон аймаг руу шууд л багшид нь өгөөд явуулчихсан юм уу?
-Тийм ээ. Нутаг усандаа хүндлэгдсэн тэр том хүний хүүхэд миний хүүг бөх болох ирээдүйтэй гэж харсанд нь баярлаж, бас итгэсэн. Би чинь Г.Батбаяр харцагыг бөх гэдгээр л мэднэ шүү дээ. Уг хүнийг нь сайн танихгүй. Гэхдээ итгэсэн, манайд ирээд надтай уулзаад явсан. Ингээд багш нь миний хүүг сайн дасгалжуулсан. Гэртээ байлгаж, бөхийн дугуйланд явуулж өдий зэрэгт хүргэсэн юм. Эхнэр нь ч их сайхан эмэгтэй бий. Хөгшин бид хоёр хүүгээ явуулснаас хойш жилд ганц, хоёр удаа л эргэж очсон байх. Манайд сүлжээ муу, миний чих хатуу, хааяа нэг утсаар холбогдоно. Гэхдээ би багшид нь, хүүдээ итгэж байсан.
-Та өөрөө барилдаж байсан гэдэг. Танайх бөхийн удамтай юу?
-Би эхээс гурвуулаа, хоёр ахтай. Хоёул сумын заан цолтой байлаа. Хоёулаа намайг үлдээгээд бурхны оронд одчихсон. Манай өвөө барилддаг байсан гэдэг. Би сайн мэддэггүй юм. Гэхдээ ээж минь “Өвөөг барилдаг, даншигийн заан Төмөр гэдэг хүн байсан” гэж ярьдаг байсан. Би сумандаа дөрөв түрүүлж, гурван удаа үзүүрлэж байлаа.
Манай хөгшний талынхан бөхийн удамтай, ах дүү наймуулаа. Түүнээс хамгийн том ахынх нь хоёр хүү сайн барилдаж байна. Нэг нь улсын харцага Т.Мөнгөнцоож, нөгөө нь аймгийн арслан Т.Алтаншагай. Хоёул олонд хүндлэгдсэн сайн бөхчүүд. Одоо миний ач хүү Зоригоо ахыгаа дагаад бэлтгэл сургуулилалт хийж, өсвөрийн бөхийн барилдаанд амжилттай барилдаж байгаа.
-Хүүгийнхээ анхны цолонд хүрсэн барилдааныг үзэж байсан уу?
-Миний хүү хүүхэд байхдаа аавтайгаа наадамлаж, овооны баяр, сумын наадамд зодоглодог байсан. Манай нутгийн овоо тахилгын барилдааны өсвөрийн бөхийн барилдаанд Зоригоо ахтайгаа тунаж үлдэж байсан санагдаж байна. Хэн түрүүлэх нь чухал биш, хоёул уран барилдаан үзүүлэх нь чухал шүү дээ.
Анхны цолонд хүрэх барилдааныг нь ойроос үзэж чадаагүй. 2013 онд Булган аймгийн Бугат сумын барилдаанд түрүүлж сумын заан цол хүртсэн. Харин 2016 онд бүх цэргийн наадамд барилдаж, цэргийн начин цол хүртэхэд нь Бөхийн өргөөнд хажуугаас нь үзээд, дээлнийх нь захыг мушгиад сууж байлаа. Гурван цэргийн начин дараалж унагааж, цэргийн начин цолонд хүрсэн. Тэр үед их уран барилдаан үзүүлсэн, би ч их баярлаж байлаа.
Түүний дараа жил 2017 онд Орхон аймгийн наадамд түрүүлж, аймгийн арслан цол авч байсан. Цол ахих тусам л зурагтаар гарах нь нэмэгдээд барилдааныг нь ойрхон үзэх боломжтой болоод байна.
-Улсын харцага цолонд хүрэхдээ Төв цэнгэлдэхийг шуугиулсан сайхан барилдаан хийсэн. Тэр жил хүүгээ улсын цолонд хүрчих болов уу гэж хүлээж байсан уу?
-Тогтож сууж чадахгүй өндөлзөж суулаа. Хүү минь 2020 онд Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмаар улсын харцага цолонд хүрсэн. Харцага цолонд хүрэхдээ аймгийн арслан Д.Хүдэрбулгатай тунаж, даваад харцага болж байлаа. Тунаж цолонд хүрнэ гэдэг цолондоо дүүрэн барилдаж байна гэсэн үг. Их баярлаж байсан. Хүүг минь улсын цолонд хүрэхэд нутаг усныхан, бөх сонирхогчид их баярлаж, хүмүүс эхнэр бид хоёрт хүртэл баяр хүргэсэн шүү.
-Дараа жил нь мөн харцага цолоо батлаж, чимэг нэмсэн байх аа?
-Ардын хувьсгалын 100,101 жилийн ойн баяр наадмаар зургаа давж, үнэн зоригт харцага чимэг нэмсэн. Заан цолны үзүүрээс атгаж аваад “алдсан” даа. Би хүүгээ цолоо ахиулна гэж ирээдүйн амжилтад нь итгэдэг.
Энэ жил даншигийн наадамд өнгөтэй барилдаж, даншигийн арслан цолтон болсон. Ирэх жил өнгөтэй сайхан барилдах эхлэл нь юм уу гэж их бэлгэшээж байгаа. Тиймдээ ч миний хүү цолны мялаалгаа хийж, “Даншигийн адуучин” тэмцээн зохион байгуулсан.
-Хүүгийн тань дархан мэх нь ямар мэх байдаг юм бэ. Та барилдаанд нь хэр зааж зөвлөж байна вэ?
-Хонгодох, хутгах талдаа сайн. Ер нь янз бүрийн мэх хийгээд байгаа харагддаг юм. Хурдан хөдөлгөөнтэй, тэсэрч барилдах гээд байдаг. Тэгээд л олны дунд “Цахилгаан” гэдэг хочтой болсон шиг байгаа юм. Том цолтой, бяртай бөхчүүдтэй яарч барилдаж болохгүй гэж их хэлнэ. Өөрөө ч бие жижигтэй гэлтгүй уран мэхтэй, зоримог барилдаад байгаа харагддаг. Хөл рүү гуядах гээд дутуудуулаад байгаа санагддаг юм. Гуядах гэж байгаа бол доогуур тавхайгаар нь авдаг юм гэж захина. Гол нь бэлтгэл суруулилалтаа сайн хийж, элдэв муу зүйлээс хол байгаасай гэж боддог доо.
Саяхан болсон “Алтан цом” Үндэсний бөхийн барилдаанд хүүгээ зодоглохыг нь зорьж очиж үзлээ. Миний хүү, үеийнх нь нөхөд сайхан барилдаж, эхний тойргийн барилдаандаа түрүүлсэнд нь баярлаж байна ах нь.
-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.
-Баярлалаа.
УЛСЫН ХАРЦАГА Б.ЗОРИГТБААТАРЫН ААВ Б.БАТСҮХ: ХҮҮГЭЭ ЗОРИМОГ, ХУРДТАЙ, ТЭСЭРЧ БАРИЛДАЖ БАЙГААГ НЬ ХАРАХ САЙХАН БАЙДАГ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |