• Өнөөдөр 2024-05-07

ӨМГӨӨЛӨГЧ М.ХУВЦАГААН: Ээжийнхээ амийг хөнөөсөн хүүг өмгөөлж, цаазын ялаас мулталсан ч хүү хорих ангид өлсөөд, турж үхсэн

2023-08-18,   11476

Өмгөөлөгч М.Хувцагаантай ярилцлаа.

            -Таныг эх баригч байсан гэдгийг тань сонсож байлаа. Энэ талаар яриагаа эхлэх үү?

            -Тийм ээ, би Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул. Аав минь биднийг бага байхад бурхан болж, ижий минь хэдэн хүүхдээ тэжээхийн тулд малаа маллаж, ёстой л гадаа гарч эр, гэрт орж эм болж амьдарсан. Эгч, дүү хоёр минь ээжтэй гэртээ үлдэж, ах бид хоёр сургуулийнхаа дотуур байранд амьдардаг байлаа. Намайг гуравдугаар ангийн сурагч болоход ах минь Улаанбаатар руу шилжиж, төмөр замын машиннистаар ажилд орсон. Сургуулийн дотуур байр гэдэг чинь эсгий гэр байлаа шүү дээ. Хүйтэн, зутруухан л байсан санагддаг. Тэгээд тэр жил би чийгтэж, хүнд өвдөж, эмнэлэгт хэвтлээ. 1950, 60-аад оны үед манай орны нөхцөл байдал хүнд, эмнэлэгт эмчилгээ гэж надад түргэн эсгэгч идүүлдэг байсан. Эсгэгчинд витамин с байгаа учраас тэр л дээ. Тэгээд дархлаагаараа эдгэрэхийг хүлээдэг үе байлаа. Ангийн багш минь их сайн хүн байж билээ. Ааваараа хонь ажиллуулаад, элэгнээс нь тасдаж надад идүүлсэн. Цус нь гоожсон түүхий элгийг жаахан хүүхэд иднэ гэдэг амаргүй. Багш чангахан дуугарч, би айсандаа залгичихаж билээ. Тэгээд л өргөс авчихсан юм шиг зүгээр болчихож байсан санагддаг. Багш тэгэхээр их буянтай хүн байгаа биз дээ. Өвдөж байхдаа ч, зүгээр болсныхоо дараа ч би “Эмч болох ёстой юм байна” гэж боддог болсон. Улаанбаатар руу явсан ах учраа олоод, цалин цагаатай залгаж, намайг татаж авна гэж захидлаар бичиж, би хот руу шилжиж ирсэн. Тухайн үед ах Сайншандад ажиллаж, бид хоёр ажилчдын байранд хэсэг амьдарлаа. Тэр үед жинхэнэ дураараа тансаглаж амьдарсан гэж боддог. Ахын ажил их 14 хоног гэртээ ирэхгүй, авсан цалингаа надад өгчихөөд л яваад өгдөг байсан. Орос, Хятадын харилцаа эв найрамдалтай, хангалт маш сайн өгдөг байсан. Хувин хувингаар нь л алим, жимс идэж, ресторанд хоол иддэг байлаа даа. Тэгээд нэг л өдөр ах Улаанбаатар руу шилжиж, бидний тансаглал өнгөрсөн. Хотын сургуулиуд орос хэлтэй учраас намайг авахгүй, би Зүүнхараа руу хамаатныдаа очиж сурсан. Тэгээд сургуулиа төгсөж, эх баригчийн анги авсан даа. Хүүхэд байхдаа л өвдөж, эдгэхийн тулд хичээж байсан эрмэлзэл, хөндүүр минь намайг анагаах руу хөтөлсөн. Оюутан болсон, элсэн орсон тухайгаа ярьвал инээдтэй. Мөнгө байхгүй, ахынхаа таньдаг машиннистаар дамжуулж, галт тэрэгний толгойд суугаад элсэлтийн шалгалт өгөхөөр Сэлэнгэ рүү явсан. Дадлагат гарах, сургуульд сурах гэж хэрэндээ л хичээсний эцэст эх баригч болсон доо.

-Ажлын гараагаа хаанаас эхэлсэн юм бэ?

        -Хэнтий аймаг руу томилогдож, хоёр жил гаруйн хугацаанд ажилласан. Тэр хоёр жил миний амьдрал, мэргэжилд их зүйл зааж өгсөн шүү. Улаан тарианы үе өнгөрч, эмэгтэйчүүд эрүүлжиж, төрөлт ихэссэн. Хоёр жилийн хугацаанд би 500 гаруй хүүхэд эх барьж авсан санагддаг. Тухайн үед оросууд ажилладаг байлаа шүү дээ. Орос мэргэжилтэн хоёр эмэгтэй манай тасагт байсан юм. Гэхдээ тэд чинь ажлын цаг дууссан л бол дууссан, амралтаа эдэлнэ л гэсэн бол эдэлдэг байлаа. Тийм ч зугаалга, ийм ч амралтад явна гээд гангалаад алга болно. Монголчууд яах вэ дээ, бууриа сахиад үлдэнэ гэдэг шиг л байсан. Тэр ч утгаараа манай тасгийнхан хоёр хүний ажлыг давхар амжуулж, хэрэндээ л завгүй ажилласан. Тэгж байгаад анагаахад өвгөнтэйгөө танилцаж, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум руу шилжлээ. Гэр бүлээрээ Сүхбаатар сумын Эрүүл мэндийн салбарын төлөө зүтгэсэн дээ. Одоо хүмүүс “Миний хүү, охиныг өлгийдсөн, намайг эх барьсан Цагаан эмч” гээд их л сайхан харилцаатай байдаг. Ер нь ингээд бодохоор хоёр удаа хүндэвтэр өвдөхдөө л эзэмшсэн хоёр мэргэжлээ сонгож байжээ. Сүхбаатарт эмчээр ажиллаж байхад хэвлий хэсэгт маань өвдөөд байдаг байлаа. Ажлын өдрүүд дуусах үед хүчтэй өвдөөд, амралтын өдөр гэртээ хэвтчихдэг байсан. Тэгээд аймаг руу явж, эмнэлэгт үзүүлье гэхээр бүтэн сайнд гайгүй болоод, ажлаа хийгээд явчихдаг байсан. Ийм байдалтайгаар удаан яваад үзүүлсэн чинь цусны өвчин байна гэсэн. Тэгээд л Улаанбаатар руу шилжиж, хэсэгтээ эмчилгээ хийлгэж, ажилласан. Хотод ирээд дүүрэгт хүн удирдаж, чиглүүлж ажиллаж байлаа. Амьдралын минь сайхан үе л ангахаахад өнгөрсөн дөө. Тэгээд хуулийн мэргэжил эзэмшиж, өмгөөгөгч болсон доо.

            -Эх баригчаас хуулийн салбар руу шилжсэн шалтгаан нь юу байсан юм бэ?

-Миний сонгосон хоёр мэргэжил хүний төлөө ажилладаг их буянтай салбар. Сүхбаатараас шилжиж ирээд, дүүргийн эмнэлгийн захиргаанд ажиллаж байсан юм. Тэгээд эдийн засгийн чиглэлээр сурахаар бэлтгэж, шалгалт өгсөн. Тухайн үед эдийн засгийн хуваарь дуусчихсан, шалгалт авч байсан хүн нь “Ажиллаж байгаа чиглэл чинь захиргаа удирдлага юм байна. Хуульч болбол яасан юм бэ” гэхээр нь буцаж гарч ирээд, өвгөнтэйгөө ярилцаж байгаад хоёр цагийн дотор энэ мэргэжлийг сонгож билээ.

 -Хамгийн анх өмгөөлж байсан хэрэг тань ямар хэрэг байсан юм бэ. Ер нь анх хэцүү байсан уу?

        -Анх хүүхдүүдийн хэрэгт их оролцдог байж билээ. Дандаа л өнчин өрөөсөн, зовж зүдэрсэн, орон гэргүй хүүхдүүд хулгайн хэрэгт холбогдчихно. Тэдний хэргийн шүүх хуралд дадлагагчаар суух болгондоо нүдээ хавдтал уйлна. Ямар өрөвдмөөр байдаг байсан гэж санана. Миний хамгийн анхны томилолт хулгайн хэрэг байсан. Мөнгөн завьяагийн хажуу талын баншны хоолны газарт хоёр найз орсон байгаа юм. Үүдний өлгүүрт барьж явсан торонд хийсэн архиа үлдээсэн гэсэн. Хоёр найзын нэг нь миний үйлчлүүлэгч байгаа юм. Тэр баншны газраас түрүүлээд гарахдаа найзынхаа архийг аваад явчихсан. Ингээд хулгайн хэргээр шүүгдэж, тэнсэн харгалзах ял авсан. Анхны өмгөөлллийн хэрэг учраас 40 гаруй хуудас хавтаст хэргийг өдөржин уншсан. Уншаад, уншаад юу ч ойлгохгүй, их хэцүү байж билээ. Тэгээд шүүх хуралд ороод түгдэрч, гацаад л бичиж, тэмдэглэсэн зүйлээ тэнсэн харгалзах ял сонссон. Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээс гадна хүн чанарын асуудал яригдана. Өнөөх үйлчлүүлэгч маань автобусны мөнгөгүй, дээлийн бүс байхгүй, нөмгөн шүүх хуралд ирж билээ. Тэгээд өөртөө байсан гурван төгрөгөө өгөөд, “Энүүгээр автобусанд суугаад яваарай. Дахиж битгий хэрэгт холбогдоорой. Болж өгвөл ажил олж хийхийг бодоорой” гээд явуулж байгаа юм. Энэ мэтээр нэг нэгэндээ итгэж харилцсан олон үйлчлүүлэгч бий. Дараа нь Шувуун фабрикт дээрмийн хэрэг гарсан учир өмгөөлөх санал ирлээ. Хоёр хүү гудамжинд хүмүүсийн эд зүйлсийг дээрэмдсэн хэрэгт холбогдож, намайг өмгөөлж өгөх санал ирсэн юм. Тэр хоёр хүүгийн хэргийг өмгөөлөхөд Шувуун фабрикийн бүх иргэн гудамжинд гараад ирчихсэн, биднийг нээлттэй харж байсан. Олон хүний дэргэд мөн ч хэцүү байсан санагддаг. Тэрнээс хойш Шувуун фабрикаас өмгөөлүүлэх санал тасралтгүй олон ирсэн. Үүний нэг нь хулгайн хэрэгт холбогдсон, 60 гаруй настай өвгөнд холбогдох хэрэг байлаа. Өмнө нь хулгайн хэргээр долоон удаа ял шийтгэл эдэлж байсан. Хорихоос дөнгөж суллагдаад айлаас шуудайны тал гурил хулгайлж байгаад баригдсан. Бүсээрээ оосорлоод, гудамжинд өргөөд явж байхад нь хүмүүс харчихсан юм билээ. Тэгээд энэ хэрэг шүүхэд дуудагдаж, өвгөн ял авахаар болсон. Би үйлчлүүлэгчээсээ “Та дөнгөж суллагдаад яагаад дахиад хулгай хийж байгаа юм бэ. Эрх чөлөөтэй амьдралд өөрийнхөө дураар амьдрах хүсэл танд байдаггүй юм уу” гэж асуухад “Үгүй ээ, өмгөөлөгч минь уучлаарай. Би яг үнэнээ хэлье. Надад эхнэр, үх хүүхэд, ах, дүү, орон гэр байхгүй. Ажил хөдөлмөр эрхлэх боломж байхгүй учраас энэ гурилыг би дахиж шорондоо орохын тулд нь хулгайлсан юм. Түүнээс энэ гурилыг голын усанд зуурч идэхгүй л юм бол би хаана аваачих билээ дээ” гэж хэлээд, ялаа авсан. Хүний амьдрал ингэж бодохоор хэцүү байгаа биз дээ. Анх ийм хэргүүдийг өмгөөлж байлаа.

            -Үйлчлүүлэгч тань цаазын ял сонсож байв уу. Ялын дээд хэмжээ, төлөвлөж байснаас өөрөөр ял сонсоход ямар байдаг байсан бэ. Шантарч байсан уу, та?

-Залуухан байхдаа буюу 1980-аад оны сүүлчээр ээжийнхээ амийг хөнөөсөн хүүгийн хэргийг өмгөөлж байсан минь санаанд бууж байна. Талийгаач эмэгтэй их царайлаг, их сургуулийн хажуу талын цайны газарт кассчин байсан. Нөхөр нь Төмөр замын сургуулийн багш. Тэд ганц хүүтэй, хүү нь найз охинтой болоод гэр орноороо авчирдаг болсон байсан. Харамсалтай нь, ээжийг нь царайлаг, сайхан эмэгтэй учраас залуучууд хоргоогоод салахгүй. Эмэгтэй ч бас зүгээргүй, гэр бүлээс гадуурх харилцааг үүсгэдэг. Энэ нь хэд хэдэн удаагийн давтамжтай, гэр бүлийнхэндээ мэдэгдээд, харилцаа тун эвгүй болчихсон байсан юм билээ. Тэгээд харилцаа үүсгэсэн эрчүүдийнх нь эхнэр, ар гэрийнхэн нь ажил дээр нь, гэр оронд нь ирээд нөгөө эмэгтэйг чинь элдэв бусаар хэлж, дайрч, доромжилно. Нэг өдөр хүү нь найз охинтойгоо, ээжтэйгээ гэртээ байж байтал гаднаас гурван эмэгтэй ирээд, элдвээр дайрч, доромжилж, хүүхдийнх нь хажууд хүнтэй явдаг гэдгийг нь хэлсэн байгаа юм. Тэгээд хүү нь найз охиноо гэртээ хүргэж ирээд, ээжийгээ гурилын модыг хугартал нь зодоод, амийг нь хөнөөчихөн. Найз охиноосоо ичээд, санаа нь зовж, уурласандаа ээжийгээ хөнөөчихсөн гэсэн үг. Гэхдээ өмнө нь найз охиныг нь гэрт байхад хүмүүс ирж, ээжийг нь элдвээр хэлж, хараасан гэсэн. Тэгээд тухайн үедээ ойлгуулаад, ээждээ учирлаж хэлээд, ярилцсан ч дахиад тийм зүйл болчихсон. Тэгээд сүүлийнх дээр нь хүү тэсээгүй, аймшигтайгаар зодоод хөнөөчихсөн. Хүүд шүүхээс ялын дээд хэмжээ өгч, цаазлах ял сонсгосон. Давж заалдах, дээд шүүхээр орсон ч цаазлах ялаа сонссон, бид. Тэгээд Дээд шүүхийн танхимд би “Улсын Дээд шүүх гэдэг бол хүнээр зүрх нь бөгөөд тархи нь юм. Эхийгээ хөнөөсөн хүүг би зөв зүйл хийсэн гэж өмгөөлөхгүй. Зөвтгөх эрх надад байхгүй ч юунаас болж, яагаад энэ хүүхэд эхийгээ хөнөөхөд хүрсэн бэ” гэдгийг нь харгалзаж, цаазын ялыг нь хорих ял болгож өөрчилж өгөөч” гэж хэлсэн. Гэтэл шүүгч нар над руу сортос хийгээд чухал харснаа “Завсарлалаа, гарч бай” гэж хэлсэн. Шүүгчдийн харц их сонин өөр болоход миний дотор онгойх шиг болж, их сайхан санагдсан шүү. Тэгээд завсарлагааны дараа цаазын ялыг нь хорих болгож өөрчилсөн тогтоол уншсан. Миний өмгөөлсөн хэдэн мянган хэрэгнээс гурван хүнд л цаазын ял сонсгож байсан. Ингэж нэг үйлчлүүлэгчээ цаазын ялнаас чөлөөлж, хорих болгож байлаа. Ямар ч хүнд хэрэг байсан өмгөөлөгч хүнд хэлэх үг олддог. Өмгөөлөгч хүнд үг олдохгүй байна гэж байхгүй. Тийм учраас шантарч байгаагүй ээ. Алуурчин ч гэсэн хүн шүү дээ гэж бодогдоод байдаг юм.

-Таны өмгөөлсөн хүү хорих ялаа эдэлж дууссан уу. Ар гэрийнхэн нь юу гэж байсан бэ?

-15 жилийн хорих ял сонссон. Харамсалтай нь, ялаа эдэлж дуусаагүй, хорих ангидаа нас барсан. Ээжийгээ хөнөөсөн гэхээр хоригдлууд үздэггүй юм байна лээ. Хоол ундыг нь өгөхгүй, турж үхсэн дээ. Тэр үе өлсгөлөнгийн үе байсан, өлгийтэй хүүхэд шиг болтлоо турж, эцэж, амиа алдсан. Харамсалтай зүйл болсон доо. Муу аав нь л их зовж, тарчилсан даа. Эхнэр ч үгүй, хүү ч үгүй болсон.

-Таны үйлчлүүлэгчдээс гурван хэрэг цааз сонсож байсан гэсэн шүү дээ. Дээрх хэрэг нь хамгийн анхных нь юм байна. Дараагийнх нь ямар хэрэг байсан бэ?

-Тэр хэрэг бас л харамсалтай, ялаа сонсоод, цаазлуулчихсан. Нийгэм хэцүү байж дээ тэр үед. 2000-аад оны эхэн үе шиг санагдаж байна. Нэг айлын гурван хүүхэд траншейнд амьдардаг байсан. Сансар орчмын траншейн рүү нэг эмэгтэйг хүчээр авч ороод, хүчирхийлчихсэн. Гурвуулаа холбогдоод, ах нь цаазын ял сонссон. Яах ч аргагүй ялаа эдэлсэн. Нэг айлын гурван хүүхдийн тэр хэрэг надад их хэцүү санагдаж байсан шүү дээ.

          -2005 оны гуравдугаар сарын 18-19 нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрээс хүний цогцос олдсон. Уг хэрэгт  23 настай З.Гантулга гэдэг залууг холбогдуулан шалгаж эхэлсэн байдаг. Тэгээд би энэ хэргийг өмгөөлөхөөр болсон. Миний үйлчлүүлэгч З.Гантулгагыг шалгаснаас хойш 15.7 жил өнгөрч,  2020 онд цагаатгаж байлаа. Талийгаач миний үйлчлүүлэгчийн хамгийн сайн найз, ажлын газрынх нь хүн байсан юм. Үе тэнгийнх, гэр ойролцоо учраас найзалж, нөхөрлөдөг байсан. Хэрэг гардаг өдөр нь тэдний ажлын газрын хүмүүс нэгнийдээ очиж архи ууцгаасан байдаг юм билээ. Тэгээд миний үйлчлүүлэгч З.Гантулга түрүүлээд гартал араас нь талийгаач гараад явсан байгаа юм. Гэхдээ тэр хоёр дахиж уулзаагүй, хамт гэр рүүгээ яваагүй. Гэтэл цагдаа нар хүчээр үйлчлүүлэгчид хэрэг хүлээлгэж, нялх хүүхэдтэй эгчийг нь цагдан хорьсон. Ингээд өнөөх залуу хилсээр хэрэг хүлээж, хэд хэдэн удаа цааз, ялын дээд хэмжээ сонссон. Би З.Гантулгыг энэ хэргийг анхнаасаа үйлдээгүйд  бат итгэлтэй байсан төдийгүй өмгөөлөгчийн хувьд өөрийн үйлчлүүлэгчийнхээ гэм буруугүйг тогтоолгохоор  энэ олон жил хууль хяналтын бүхий л шатны байгууллагаар явсан. Тэр хэрэг  прокурор, мөрдөн байцаагч нарын гаргасан алдаа төдийгүй анхнаасаа хэрэгт хайнга хандаж, сэтгэлгүй ажиллаж байсан хуулийн ажилтнуудаас үүдэлтэйгээр шүүх, цагдаа, прокурорын байгууллагуудын дунд энэ олон жилийг өнгөрсөн. Эцэст нь гэм буруугүй нь тогтоогдож, цагаатгагдсан. Хорь гаруйхан настай залуугийн 15 жилийн амьдралаар хуулийнхан тоглосон шүү дээ. Эцэст нь, тэр залуу тогтсон амьдралгүй, аав, ээж, дүүгүй, орох оронгүй л үлдсэн. Ийм харамсалтай хэрэг Монголын түүхэнд олон бий. Их л харамсаж явдаг юм.

-Ярилцсанд баярлалаа.

 


ӨМГӨӨЛӨГЧ М.ХУВЦАГААН: Ээжийнхээ амийг хөнөөсөн хүүг өмгөөлж, цаазын ялаас мулталсан ч хүү хорих ангид өлсөөд, турж үхсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-18 19:39:21
    Saihan tereh ni olonii haraag bylaadag erdee ch zygeer yabyylahgyi s dee.....: Saihan emegteig erchuud l yryy tatdag Menri Monro-g ch Mongol ehneriig ch erchyyd l tatdag biz dee....sain muug yarih yum bol erchuudtei holbogdoltoi zyil yysne.....Menri Monrog Amerikiin erenhiilegch baisan hyn synal setgeleer tyynii dyy ch men adil synalaar bygd l saihan hyyhend baraa tasartal aa synaj mynaj yabdag biz dee.....ter eejid byryy yu baigaam?........
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-18 19:09:56
    Би: Буруугүйг нь мэдсээр байж 15 жил хориулчихдаг миа авгай вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-18 11:39:26
    Зочин: Өмгөөлөгч нараа ёс зүйтэй бцгааж ажилдаа үнэнчээр хор найруулах гүй ажиллацгаагаач
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-18 11:37:04
    Зочин: Хүний төлөө зүрх нь цохилсон таныг болон хань ижил үр хүүхдүүдийг тань бурхан ивээлдээ аваасай гэж хүсье. Миний нэг дотны найз маань бас өмгөөлөгч хийдэг . Би тэр найзыгаа их шударга сайн хүн гэж боддог бтал гадуур ярьдаг өмгөөлөгчдийг хоёр талд ажилладаг эсвэл ахиу мөнгө өгвөл сайн ажиллана үгүй бол тэгсгээд явсан болоод өнгөрөөдөг гэдэг үнэн болж бх шиг бна даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-18 10:29:44
    Зочин: Хайран сайхан хүү завхай эхээсээ ичилгүй яахав дээ.Хормой султай байх бузар
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188