• Өнөөдөр 2025-05-01

МАН-ЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ “ДААЛГАВАР”-ТАЙ “ГАШУУНСУХАЙТ АВТОЗАМ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ З.АМАРСАНАА ГЭЖ ХЭН БЭ

2025-05-01,   548

     “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Тавантолгойн нүүрсний уурхайгаас Гашуунсухайтын хилийн боомт хүртэл 239 км нүүрс тээврийн хатуу хучилттай авто зам бий. Энэ авто замын төлбөр хураамжийг төвлөрүүлдэг, засвар арчлалтыг нь хариуцдаг төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа “Гашуунсухайт автозам” ХХК гэж бий. Нэр  нь нийтэд танил биш, зөвхөн зам эзэмшдэг төдий мэт боловч асар их мөнгө эргэлддэг компани. Тодруулбал, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км авто замаар нийт 290 компанийн 20 мянган автомашин нүүрс зөөдөг. Үүнээс зөвхөн өдөрт л 1400 автомашин энэ замаар нүүрс зөөдөг. Нүүрс ачсан нэг автомашин 500 мянган төгрөгийн хураамжийг “Гашуунсухайт автозам” ХХК-д төлдөг. Өөрөөр бол, ганцхан өдөрт 1400 автомашин тус бүр 500 мянган төгрөг буюу 700 гаруй сая төгрөгийн хураамж “Гашуунсухайт автозам” ХХК-ийн дансанд шилжүүлдэг гэсэн үг. Ийм байдлаар “Гашуунсухайт автозам” ХХК сард 18 тэрбум, жилд 200 орчим тэрбум төгрөг орлоготой ажилладаг тооцоо бий. 
 
Ингэж асар их хэмжээний ашигтай ажилладаг атлаа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км авто зам нь асар их эвдрэл, гэмтэл, энхэл донхолтой, осол аваар байнга гардаг, хэл ам үргэлж таталдаг. 2023 онд л гэхэд энэ замын эвдрэл гэмтлээс болж мөргөлдсөн, онхолдсон, чиргүүлээ унагаасан тэргүүтэй зам тээврийн 50,905 зөрчил бүртгэгдсэн байдаг. 

Гол нь, энэ 239 км авто замыг тогтмол засаж арчлана гэж нүүрс тээврийн компаниудаас өнөөх 200 орчим тэрбум төгрөг нь хаашаа ороод алга болдог юм вэ гэдэг асуулт хариултгүйгээр өдий хүрч байна. Тэгвэл  “Гашуунсухайт автозам” ХХК нь орлого нь МАН-ын санхүүжилт болж зарцуулагддаг гэх маш ноцтой мэдээлэл байна. Өөрөөр бол, “Гашуунсухайт автозам” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК, “Эрдэнэс тавантолгой” ХК-тай харьцуулахад нийтэд ил биш, нэмээд асар их ашигтай ажилладаг. Тиймдээ ч МАН-ын санхүүүжилтийн “хэрэгсэл” болж ирсэн ажээ. 

       Цаашилбал, МАН-ынхан 2016 онд Засгийн эрхийг авснаасаа хойш “Гашуунсухайт автозам” ХХК-ийг АТГ-ын хаалга татаж асан “туршлагатай” нөхдөөр удирдуулж ирсэн. Тодруулбал, 2016 онд МАН ялмагцаа “Гашуунсухайт автозам” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга асан Ц.Болдыг томилсон. Ц.Болдын тухайд 300 сая төгрөгийн хэргээр шүүгдэж, тэнсэнгээр суллагдсан түүхтэй нэгэн. Түүний дараа 2019 онд Налайх дүүргийн Засаг дарга асан Б.Баяндэлгэрийг “Гашуунсухайт автозам” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилсон. Гэвч Б.Батдэлгэр 2.3 тэрбум төгрөгийн “Чингис хаан” банканд байршуулсан хэргээр АТГ-ын хаалга татаж, яллагдагчаар татагдсан. Түүний дараа 2021 онд “Гашуунсухайт автозам” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Говьсүмбэр аймгийн Засаг дарга асан Ж.Баянмөнхийг томилсон. Ж.Баянмөнх Говьсүмбэр аймгийн Засаг дарга байхдаа АТГ-ын хаалга татаж, ачигдахын наахна мултарч байсан бас л хар түүхтэй нэгэн. Улмаар өнгөрөгч 2024 оны дөрөвдүгээр сард Ж.Баянмөнхийг чөлөөлж, “Гашуунсухайт автозам” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Занданбалын Амарсанаа гэх залууг томилон, одоог хүртэл ажиллуулж байгаа. Анзаарвал, 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн З.Амарсанааг томилсон байдаг. 
 
      Тэгвэл “Гашуунсухайт автозам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Амарсанаагийн тухайд, УИХ-ын гишүүн асан Л.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хоёрын гараар дамжсан намтартай, ашиг сонирхлын асар их зөрчилтэй залуу ажээ. 
 
Б.Бат-Эрдэнэ ба З.Амарсанаа
 
     Одоогийн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ 2010 онд МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны УЗ-ийн дарга болж, МУБИС төгссөн, газарзүйн багш мэргэжилтэй З.Амарсанаа гэх залууг Өмнөговь аймгийн НАМЗХ-ны дарга болгосон. Хоёр жилийн дараа 2012 онд Б.Бат-Эрдэнэ НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга болмогцоо З.Амарсанааг Ажлын албандаа авч, гурван жил гаруй гарын үзүүрт гүйлгэсэн. Товчхондоо, З.Амарсанааг МАН-д өөд нь татсан анхны хүн нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ аж. Б.Бат-Эрдэнийн хувьд, 2018-2019 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан, “Гашуунсухайт автозам” ХХК-ийг хамгийн сайн мэдэх хүн. 
 
Л.Энхболд ба З.Амарсанаа
 
2016 оны УИХ-ын сонгуулиар МАН-аас Өмнөговь аймгаас Л.Энхболд УИХ-ын гишүүн болж, улмаар З.Амарсанааг туслахаараа ажиллуулж эхэлсэн. Дөрвөн жилийн дараа 2020 оны сонгуулиар Л.Энхболд унасан. Гэхдээ Л.Энхболд З.Амарсанааг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ИТХ-ын төлөөлөгч болгосон. Улмаар УИХ-ын гишүүн асан Л.Энхболд өөрөө 2020 оны аравхоёрдугаар сараас төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд захирлаар томилогдон ажиллаж эхэлсэн байдаг. 
      Нэгтгэж харвал, “Гашуунсухайт автозам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Амарсанааг МАН-д өөд нь татсан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Гашуунсухайт автозам” ХХК-ийн толгой компани “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар, харин УИХ-ын гишүүн асан Л.Энхболд Дэд захирлаар нь ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл, “Гашуунсухайт автозам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Амарсанаагийн томилгоог тэд хийсэн схем ийнхүү ойлгомжтойгоор гарч ирж байгаа юм. 
 
Эцэст нь, “Гашуунсухайт автозам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Амарсанаагийн ашиг сонирхлын асар том зөрчлүүдээс нэг жишээ дурдъя. Тодруулбал, З.Амарсанаа “Ануур Монгол ложистик” ХХК-ийг үүсгэн байгуулж, Чулуунбаатарын Болортуяа, Отгончимэгийн Энх-Амгалан, Сүрэнгийн Нямжаргал нартай хамтран эзэмшиж байгаад нэрээ хасуулжээ. 
 
Тэгвэл Отгончимэгийн Энх-Амгалан, Сүрэнгийн Нямжаргал хоёр нь “Түмэн заг повер” ХХК, “Ханбогд инженеринг” ХХК, “Монпропа холдинг” ХХК-иудыг эзэмшдэг. Ноцтой нь, “Түмэн заг повер” ХХК, “Ханбогд инженеринг” ХХК, “Монпропа холдинг” ХХК-иуд нь “Тавантолгой” ХК, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсийг Гашуунсухайт боомт хүртэл зөөдөг.  Нүүрс тээврийн компаниудаас замын хураамж төвлөрүүлэх үндсэн үүрэгтэй “Гашуунсухайт автозам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Амарсанаа өөрөө нүүрс тээврийн компаниудын эзэдтэй хамтрагчид байх нь ашиг сонирхлын маш том зөрчил мөн. 

Бид дараагийн дугаартаа “Гашуунсухайт автозам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Амарсанаад шууд зааварчилгаа өгдөг МАН-ын өндөр албан тушаалтан болон З.Амарсанаагийн давуу байдал олгож Тавантолгой-Гашуунсухайт 239 км авто замыг засвар арчлалтыг гэрээгээр гүйцэтгүүлдэг компаниуд, цаашлаад “Гашуунсухайт автозам” ХХК-ийн орлого ямар замаар МАН-ын санхүүжилт болдог схемийг танилцуулах болно. 

 
Үргэлжлэл бий...
 

МАН-ЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ “ДААЛГАВАР”-ТАЙ “ГАШУУНСУХАЙТ АВТОЗАМ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ З.АМАРСАНАА ГЭЖ ХЭН БЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-01 09:34:18
    Ж.рэнцэндорж жолооч: Ёстой зөв сэдэвийг хөндсөн байна энэ замын компани зам засвар арчилгаа хийгээгүйн улмаас олон жолоочийн амь нас эрүүл мэнд эд хөрөнгөөр хохироож байгаа шүү 2024 онд намар засвар хийсэн одоо дулаархаар зам нь цөмрөөд хэцүүл байна даа энд асар их мөнгө эргэлдэж байгаадаа шалагдаг газар байвал шалагмаар л байна даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-01 09:34:17
    Ж.рэнцэндорж жолооч: Ёстой зөв сэдэвийг хөндсөн байна энэ замын компани зам засвар арчилгаа хийгээгүйн улмаас олон жолоочийн амь нас эрүүл мэнд эд хөрөнгөөр хохироож байгаа шүү 2024 онд намар засвар хийсэн одоо дулаархаар зам нь цөмрөөд хэцүүл байна даа энд асар их мөнгө эргэлдэж байгаадаа шалагдаг газар байвал шалагмаар л байна даа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188