...1941 оны зун 16 настай Г.Пагмыг хонио хариулаад явж байхад нь Гончоо гэх залуу богтолж, “Надтай хамт явахгүй бол газарт булчихна шүү” хэмээн айлган сүрдүүлж байгаад авч зугтсан гэдэг. Тэр цагаас хойш Г.Пагма гэх нэгэн эмэгтэйн хувь заяа орвонгоороо эргэж, эх орондоо элэг бүтэн амьдрах хувь дутсан байдаг.
...Тэрбээр Ховд аймгийн Булган сумын Яаман хэмээх газар н.Галиндэв гэдэг айлын хоёр дахь охин болон мэндэлжээ. Түүнийг богтолсон Гончоо нь нутгийнх нь торгууд эр байсан гэдэг. Г.Пагмыг Гончоогийн эхнэр болоод удаагүй байхад нь Хятад, Монголын хилийг тогтоож, Гончоогийнх хилийн цаана хятад айл болон тусгаарлагдсанаар Г.Пагма эх орон, энэрэлт ээж, элэг нэгт ахан, дүүгээсээ үүрд шахуу хагацаж, тэднийгээ өдөр, шөнөгүй санан бэтгэрч, нутагтаа очих чин хүсэл, гүн бодолд өдөр бүр “хүлэгдэж” амьдрах хүйтэн өдрүүд эхэлжээ. Ийм хатуу тавилантай учирч, амьдын хагацалд “унасан” Г.Пагмын 53 жилийн дараа эх нутагтаа ирсэн гунигтай мөртлөө азтай гэмээр амьдралынх нь түүхийг уншигч таны өмнө дэлгэж байна.
Хятад, Монголын хилийн зурвасыг тогтоохоос өмнө Ховд аймгийн Булган сумын зарим айл хятадуудтай саахалт бууж, ойрхон өвөлжиж, зусдаг байсан гэдэг. Тийм учраас хятад, монгол гэлтгүй хүмүүс нэгнийдээ очиж цай, унд уудаг, хонь малаа ээлжлэн хариулдаг байжээ. Тиймээс н.Гончоо, Г.Пагма гэх залуухан хос Хятадын харьяат болсон ч аж амьдралын хувьд урьдын адил хонь, малаа хариулж, хадлан тэжээлээ бэлдэж, ахуй амьдралаа элбэж дэлбээд болгочихдог байж. Гэтэл 16-хан настай үзэсгэлэнтэй Г.Пагмыг "Насан туршдаа сайхан амьдарч, өнөр өтгөн айл болно" хэмээн богтлон барин өөрийн болгосон н.Гончоо нэг л өдөр өөр эмэгтэй дагуулаад иржээ. Ингээд зогсохгүй Г.Пагмыг гомдоож, бүр сүүлдээ зодож, нүдээд эхнэрээ гэж бодох нь битгий хэл хүн чинээ үздэггүй болжээ. Ийм бусармаг байдал үргэлжилсээр тэр Г.Пагмыг хүн таних нь битгий хэл хүн гэх аргагүй болтол нь зодож, цустай нь холиод хээр хаячихсан байхад нь сайхан сэтгэлтэй монгол өвгөн, эмгэн хоёр таарч, түүнийг гэртээ аваачсан байдаг. Хоёр хөгшин түүнийг өөрийн охин шигээ асарч, тойглоод, биеийг нь тэнхрүүлсэн гэдэг. Г.Пагмын бие овоо болж, босож явахтайгаа болох үед н.Гончоо “Эхнэрээ авна” гэсээр ирэхэд нь өвгөн “Чи хүний сайхан үрийг алах дөхсөн байсан. Чамд энэ охиныг буцааж өгөхгүй. Дахиж манайхаар ирвэл чамайг цагдаад өгнө” гэснээр н.Гончоо тэднийд дахиж очилгүй, Г.Пагмыг үүрд орхисон байдаг.
Ингээд Г.Пагма тусч, нинжин сэтгэлтэй хөгшчүүлийн ачаар амьд үлдэж, тэднийд охин шиг нь амьдрахаас өөр аргагүй болсон гэдэг. Өөрөөр хэлбэл, Г.Пагма тэр айлд толгой хорогдохын тулд хэрэгтэй бүхнийг нь хийж, өвгөн, эмгэн хоёрыг бөөцийлөхөөс гадна “гар, хөл, нүд, чих" нь болж, бүхнийг нь амжуулдаг байжээ. Гэсэн хэдий ч цаг хугацаа өнгөрч, хорвоогийн жамаар өвгөн, эмгэн хоёр ээлжлэн бурхан болж, Г.Пагма хүний нутагт дахиад л орь ганцаараа үлдсэн байдаг. Түүнд хэчнээн хэцүү байсан ч тэр бүхнийг тэвчиж, өөрийнхөө төлөө шүд зуун шантралгүй тэмцэж байсны хүчинд амьдралын урт замд хань болох дараагийн хүнтэйгээ учирч, сайхан амьдралынхаа эхлэлийг тавьсан гэдэг. Хэдийгээр өөрөөсөө насаар ах хүнтэй, элбэг дэлбэг хангалуун биш ч өмнөхөөсөө хэд дахин амар тайван, сэтгэл түвшин амьдрах болжээ.
/Г.Пагма төрсөн дүү Г.Пунцагцэрэнтэйгээ Шинжаанд анх удаа уулзсан нь/
Г.Пагмыг богтлогдож яваад Хятадад амьдрах болсныг нь ээж Хаймуу, төрсөн ах Дэнзэн хоёр нь мэддэг байж. Дүү нар нь бага балчир байсан болохоор эгчийгээ санахыг ч мэдэхгүй өдөр хоногийг өнгөрүүлсэн гэдэг. Г.Пагмыг богтлогдож явахаас нь өмнөхөн аав н.Галиндэв нь хасагуудын дээрэмчидтэй тулалдаж, амь үрэгдсэн байв. Мөн түүнийг н.Гончоод богтлогдоод явсан тэр өдөр нь төрсөн ах Дэнзэн нь мөн л Шаазгайтын нуруунд хасагуудтай тулалдаж байсан гэдэг. Хожим Г.Пагмын бас нэгэн дүү мөн л хасагуудад амь үрэгдсэн байдаг.
...Г.Пагмын ээж Шинжаан орж, охинтойгоо сүүлчийн удаа амжиж уулзсан байдаг. Ээжийгээ очиход Г.Пагма хоёр дахь нөхөртэйгөө дөнгөж ханилсан байлаа. Тухайн үед хятадууд нэг тогооноос хоолоо иддэг, тэдний хамгийн тансаг, хамгийн сайхан хоол нь будаа байсан гэдэг. Тиймээс Г.Пагмын ээж Хаймууг очиход хятадууд будаатай хоол хийж өгч, будаагаар дайлсан байна. Монголчууд хайртай охиноо айлд бэр болгон өгөхдөө “Муу охиноо улцан хадагнаас өгчихлөө дөө” хэмээн харамсангуй басхүү хайрлангуй дурсдаг. Түүн шиг Г.Пагмын ээж охинтойгоо уулзчихаад ирэхдээ “Муу охиноо шанага будаагаар “сольчихоод” ирлээ. Эх нутагтаа ээжийгээ дагаад ирэх хувьгүй, яасан хэцүү тавилантай үр надад заяагаа вэ. Болдог сон бол үхэхээсээ өмнө охинтойгоо дахиад нэг уулзах сан. Нутагтаа авчрах юм сан” хэмээн ярьж байсан гэдэг. Тийм ч учраас Г.Пагмын төрсөн ах Дэнзэн хүүхдүүддээ “Миний дүү бага залуудаа Хятадын Шинжаанд үлдсэн юм. Холбоо барилгүй хэчнээн жил боллоо. Ээжийгээ амьд дээр дүүгээтэйгээ нэг уулзуулчих юм сан. Даанч санаснаар болохгүй хорвоо юм даа" хэмээн халагладаг байсан нь түүний том хүү Д.Баатарсүрэнгийн зүрх сэтгэл, оюун ухаанд бат бөх үлджээ. Ийм ч учраас Д.Баатарсүрэн аавынхаа хүсэл, захиасыг биелүүлж, 50 гаруй жил сураггүй байсан авга эгчийнхээ сургийг гаргаж, төрсөн дүү Г.Пунцагцэрэнтэй нь уулзуулсан байдаг. Тэрбээр Г.Пагма эгчийндээ очихдоо эхнэр М.Энхтуяа, ах Г.Пунцагцэрэнтэйгээ гурвуулаа очсон байна. Тэднийг очиход олон жил эх нутгаа, ах, дүүгээ санаж, бэтгэрсэн Г.Пагма гуай ямархан байдалтай аж төрж, дүү нараа хараад хэрхэн баярлаж, итгэж чадахгүй догдолж байсан тухай нь бэр Г.Энхтуяатай нь ярилцсан юм.
/Г.Пагмын амийг аварсан монгол өвгөн/
-Таны нөхөр олон жил сураггүй байсан авга эгчийнхээ сургийг хэрхэн гаргаж, очиж уулзсан бэ?
-Манай нөхөр Шинжаанд багшилдаг н.Нацагдорж гэдэг монгол хүний хаягийг олж авсан юм билээ. Тэр хүн рүү авга эгчийнхээ тухай бичиж, даруйхан сураглаж өгөхийг хүссэн захидал бичсэн юм. н.Нацагдорж гэдэг хүн сургуулийнхнаасаа Г.Пагма эгчийг асуутал нэг багш нь Г.Пагма эгчийн сургийг гаргаж өгсөн гэдэг. Тухайн үед Г.Пагма эгч Монгол руу холбоо барьж чаддаггүй байсан болохоор өөрийгөө ах, дүүгүй гэж ярьдаг байсан юм билээ. Тэгээд н.Нацагдорж гэдэг хүн нөхөр рүү минь захидал бичиж, Г.Пагма эгчийг эсэн мэнд байгааг бидэнд дуулгаж, биднийг Шинжаан зориход хүргэсэн дээ.
-Та гурав хэдэн онд Г.Пагма эгчтэйгээ уулзсан бэ. Олон жил ах, дүүгийнхээ барааг хараагүй хүний нутагт ганцаардсан эгч нь сэтгэл зүйн хувьд ямар байдалтай та хэдийг угтсан бол?
-Бид 1991 оны арваннэгдүгээр сард Бээжингээр дамжиж, Шинжаан ороод Г.Пагма эгчтэйгээ уулзаж байсан. Эгч минь биднийг очиход баярласандаа сэтгэл зүйн хямралд орчихсон байсан. Монголчууд золгохдоо нэгнийгээ үнсдэг шүү дээ. Гэтэл Г.Пагма эгч хацраа хацарт минь наачихаад л багтраад, уйлж ч чадахгүй, үг ч хэлж чадахгүй хэсэг үймэрсэн. Биднийг цай, хоол идэж, уугаад нутгийнхныхаа тухай, ах дүүгийнхээ тухай ярьж өгөхөд тайвширч эхэлсэн дээ. Тэгээд өөрийнх нь төрсөн дүү болох Г.Пунцагцэрэн ахад үзэж, туулсан амьдралаа хэдэн өдөр уйлан байж хуучилсан даа, хөөрхий. Бид ч Г.Пагма эгчийн сургийг гаргачихаад төрсөн дүүг нь уулзуулчих юм сан гэж их хичээсэн болохоор олон жилийн дараа уулзаж, учирч байгаа эгч, дүүг харах сайхан байсан. Бас хэн хэнийг нь өрөвдсөн дөө.
/Г.Пагмын ах Г.Дэнзэн эхнэрийн хамт/
-Та гурав Шинжаан руу яаж явсан юм бэ. Хятад хэл гадарладаг байсан уу?
-Бид хятад хэл мэдэхгүй мөртлөө 1950-аад оны монгол, хятад хэлний толь бичиг өвөртлөөд явсан. Түүн дээрээсээ үг зааж, хүмүүстэй ойлголцож байсан. Г.Пунцагцэрэн ах жанжин малгай, дээл, хантаазтай явсан болохоор хятадууд ахын малгайг дамжуулж үзээд сүйд болсон. Бээжингээс галт тэргэнд суугаад хоёр хонож Шинжаанд очсон. Тухайн үеийн нийтийн галт тэрэг яг л автобус шиг, суудлаа дэлгээд унтчихаж ч болохгүй, их тухгүй байдаг байлаа. Гурван литрийн халуун савтай уснаас өөр юм зардаггүй байсан гээд л бод. Харин хятадууд нь сандал доогуур ороод унтчихдаг, нус, цэрээ хаа хамаагүй нулимдаг, үйлчлэгч нар нь унтаж байгаа хүмүүсийг өшиглөж, ус шүршиж байгаад дэрсэн шүүрээр хогоо шүүрдчихдэг байж билээ. Тийм болохоор бид жаахан ядарч очсон.
-Г.Пагма гуай Шинжааны хаана нь амьдарч байсан бэ?
-Шинжаанаас 200-300 километрийн зайтай нутагт амьдардаг байсан. Бид Шинжаанаас яваад Сантъя гэх тосгонд очсон. Г.Пагма эгчийн нөхрийнх нь хамаатан болох хүний хүүхдүүд газарчилж биднийг хүргэж өгсөн юм л даа. Бид нутгаасаа гараад олон хоног явсан болохоор байсхийгээд л “Очих газар дөхөж байна уу” гэж асууна. Нэг удаа өнөөх асуултаа давтан асуутал “Одоо 10 гаруй дууны газар байгаа” гэв. Тэр нь 10 дуу дуулаад оччих газар биш юм билээ. “Хөөе” гээд хашхирахад нөгөө хүн нь сонсож байвал нэг дууны газар гэж тэндэхийнхэн ярьдаг юм билээ. Биднийг очиход Г.Пагма эгчийнх өөрсдөө барьсан болов уу гэмээр шавар байшинд наарнаас өөр тавилгагүй шахуу амьдарч байсан. Хувцасных нь шүүгээнд хөнжил, гудаснаас нь өөр эд хогшил гэх зүйл тэднийд байгаагүй. Тухайн үед хятадууд зөвхөн хүнсний ногоогоор амь зогоодог байсан. Дан ногоогоор хоол хийдэг мөртлөө төмс огт хэрэглэхгүй байхаар нь төмс асуутал “Соёлын хувьсгалын үед Хятадад өлсгөлөн болсон юм. Хүмүүс өлсөхөөрөө нуур, далайд живж үхдэг байсан. Төмснөөс өөр идэх юмгүй байсан болохоор түүнээс жигшчихсэн” гэж байсан. Тийм болохоор хятад хүн бүрийн толгойд өлсөж болохгүй гэх ойлголт бат бөх суучихсан байдаг юм билээ. Бараг бүх айл хүнсний ногоо тарьж, таван жил идэх хүнсээ хураана уу гэхээс монголчууд шиг эд хогшил, ээмэг бөгжинд ач холбогдол өгдөггүй юм билээ. Айл бүр зоориндоо хүнс, ногоогоо хурааж, идэж амжихгүйг нь тухай бүрд нь сэлбэдэг юм билээ. Тариа будаагаа будаа боловсруулах үйлдвэрт өгч, шинэчилдэг, мантуугаа хатаагаад шуудайлдаг, тариагаа гурил тээрэмддэг үйлдвэрт тээрэмдүүлээд гурилаа авчихдаг, эрдэнэ шишээ архины үйлдвэрт өгч, 60 градусын архи болгож авдаг юм билээ. Манайхан түүнийг нь “Талын хар” гэж нэрлэдэг шүү дээ. Тэр архиараа хүмүүсийг их дайлна. Уухгүй болохоор хятадууд их гомддог юм билээ.
/Г.Пагмын өргөж авсан охин Цолмон нь гэр бүлийнхээ хамт/
-Г.Пагма гуайнх хэдий хэмжээний ногоо тарьдаг байсан бэ?
-Хашаандаа жаахан хүнсний ногоо тарьдаг байсан. Гурав, дөрвөн үхэр, мөн тооны гахайгаа хашчихсан айл байсан. Охин, хүргэн хоёр нь идэж, уух ногоо, мантуугаа бааданд боогоод өглөө эрт ногооны талбай руугаа яваад нар жаргаж байхад л орж ирдэг байсан. Байшингийнхаа дээвэр дээр хүртэл эрдэнэ шиш тарьдаг байсан даа.
-Та хэдийг Шинжаанд очсоныг тэнд амьдарч байсан монголчууд мэдсэн үү?
-Биднийг Ховд аймгийн Булган сумаас ирсэн гэдгийг дуулсан хүмүүс хэд хоног Г.Пагма эгчийнхээс салаагүй. Ирсэн хүмүүс Г.Пунцагцэрэн ахаас ах, дүүгээ асууж сураглаж, захидал занаагаа уншуулж, ах дүүгийнхээ сургийг гаргаж байсан. Тэд бидэнтэй уулзахдаа өмнө минь сөхөрч, мөргөөд бөөн юм болно. Бид сандарсандаа тэднийг бушуухан босгоно. Бид Шинжаанд 10-аад хоносон. Тэгэхэд тэднийд хүний хөл тасраагүй дээ. Г.Пунцагцэрэн ах ч олон хүний ах, дүүгийнх нь сургийг гаргаж өгч, олон хүний сэтгэлийг дэвтээсэн байх.
-Г.Пагма эгч нь та хэдийг очиход чухам юу гэж хэлсэн бэ?
-Г.Пагма эгч биднийг очиход торгууд хэлээ мартаагүй байсан. Торгууд аялгаараа хятадаар ярина. Тэгээд Г.Пунцагцэрэн ах болон манай нөхөртэй торгуудаараа ярьж байсныг нь сайн санадаг юм. Манай нөхөрт их баярлаж, "Эгчийгээ нутаг руу минь заавал авч яваарай" гэж байн байн хэлж байсан.
-Таны нөхөр хэдэн онд Г.Пагма эгчийгээ Монголдоо авчирсан бэ. Монголд ирээд хэрхэн баярлаж байсан бол?
-Манай нөхөр 1994 онд Г.Пагма эгчийг эх оронд нь авчирч байсан. Тэр үед одоогийнх шиг хилээр амар хялбар гарч, ордоггүй байлаа. Хятадын хил улиралд нэг удаа нээгддэг байсан юм. Манай нөхөр эгчийгээ авчрах гэж тэнд гурав, дөрвөн сар болсон. Хил нээгдэхийг хүлээж байх зуураа эгчийндээ тусалж, малыг нь хариулж, тэндэхийн монголчуудад захидлыг нь уншиж өгдөг, бүр сургуульд нь багшилж, хүмүүст крилл үсэг зааж өгсөн гэдэг юм. Тэгээд сургуулиас нь манай нөхөрт талархал гардуулсан байдаг. Эгч минь Монголд ирээд Монголын тал нутгаа хараад ихэд гайхаж басхүү баярлаж байсан. "Ийм сайхан талд яагаад жимс, ногоо тарьдаггүй юм бол оо" гэж гайхаж, шогширч байсныг нь мартдаггүй юм. Г.Пагма эгч Сэлэнгэ аймагт Г.Пунцагцэрэн ахынд гурван жил амьдарч байгаад 1997 оны сүүлчээр бурхан болсон. Эгч минь сүүлдээ идээд цаддаггүй хэнхэг өвчин тусаад хэцүүдсэн. Олон жил хүний нутагт, бусдын дарамтанд шахуу амьдарсан болохоор үг дуу цөөтэй хүн байсан. Ярьж, хэлэх гэснээ Г.Пунцагцэрэн ах болон манай нөхөрт л ярьдаг байснаас өөр хүнтэй төдийлөн юм ярьдаггүй байлаа.
-Та хэдийг очиход Г.Пагма гуайд Монголын тухай мэдэх зүйл байсан уу?
-Бид очихдоо цэнхэр торгон дээл, цагаан ултай гуталтай очиж байсан юм. Гэтэл торго дурданг ч сайн мэддэггүй, цагаан ултай гутлыг анх удаа өмсөж үзсэн нь тэр байх. Хятадын хар шаахай өмсчихсөн байсан. Эгч монгол хүн юу иддэг, яаж амьдардаг тухай бараг мэддэггүй байсан. Яг л хятад хүн шиг болчихсон байсан.
-Г.Пагма гуай хүүхэдтэй юү?
-Өөрөөс нь хүүхэд гараагүй юм билээ. Сүүлд ханилсан нөхрийнхөө дүүгийнхээс нэг охин өргөж авсан гэдэг. Мөн өөр нэг монгол айлаас хүү өргөж авсан ч хүү нь цэрэгт яваад сураггүй болчихсон гэдэг. Зээ хүү нь одоо нэлээд өндөр настай болоо биз дээ, хөөрхий. Эгч минь Монголд ирснээсээ хойш зээ хүүгээ их санаж байна гэдэг сэн.
-н.Галиндэв хэмээх хүн хүүтэйгээ цуг хасагуудад буудуулж амиа алдаад зогсохгүй хайртай сайхан охин нь хар багаасаа хүний нутагт өнчирч, амьдралын бэрхийг үзэж, туулжээ. Тэд ах дүүгээрээ, гэр бүлээрээ яагаад ийм ээдрээт амьдрал туулсан юм бол оо?
-Галиндэв, Ширэндэв гэж ах дүү хоёр байсан юм билээ. Галиндэв нь манай нөхрийн өвөө шүү дээ. Харин Ширэндэвийн хүүТүвдэн нь Ховд аймгийн Булган сумын нэгэн хошууны ноён байсан юм билээ. Түвдэн нь эхнэрээ авахаар явахдаа замаасаа өөр нэгэн царайлаг эмэгтэйг эхнэрээ болгоод авчихсан гэдэг. Тэр эмэгтэйгээс нь хүүхэд гараагүй болохоор манайхан үе удмаараа ээдрээт амьдрал үзэж, туулсан гэж манай нөхрийн авга ах нь ярьдаг байсан юм даа. Сайхан амьдрал үзээгүй хүмүүс нь манай хадам өвөө, хадам ах, хадам эгч буюу Г.Пагма эгч нар юм шүү дээ, хөөрхий. Тэднийгээ ийм хэцүү амьдрал үзэж, амьдаараа хагацаж байсан гэдгийг нь сонсохоор, бодохоор сэтгэл эмтрэх шиг л болдог юм.
"Үхтэл үр харам" гэдэг шиг Хаймуу гуай хайртай охиноо хүний нутагт, хүний гарт үлдээчихээд ирснээсээ хойш ганц ч өдөр сэтгэл нь амралгүй өдөр хоногийг арайхийн өнгөрүүлж, хоол ч хоолойгоор нь давахгүй гансарч байсан гэдэг. Түүний охин Г.Пагма гуай ч мөн хүний нутагт олон жил аав, ээжийгээ, ах дүүгээ, гэр орноо санах болгондоо мэгшин уйлж, ээж хүний, эхнэр хүний жаргалыг бүрэн эдэлж чадалгүй, хамаг залуу насаа хатуу тавиланд "шавхуурдуулсаар" барсан байдаг. Гэвч тэрээр сайхан сэтгэлтэй, ач буянтай дүү нарынхаа хүчээр хэдий 53 жилийн дараа ч гэлээ эх нутагтаа ирж, монгол хүн болж төрснийхөө утга учир, хувь заяандаа талархаж, эх сайхан орныхоо цэнгэг агаараар амьсгалж, цэвэр уснаас нь хүртэж, сэтгэлийнхээ хамаг зовлонг нимгэлж, эх нутагтаа гурван жил хамгийн жаргалтайгаараа амьдарч байгаад хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байдаг. Эх нутаг, ижий, ааваасаа амьдаараа хагацаж, хүний нутагт "өнчрөх" ийм хатуу тавилан монгол хүнд дахин бүү давтагдаасай билээ.
/Г.Пагмыг нутагт нь авчирсан дүү Д.Баатарсүрэн эхнэр Г.Энхтуяагийн хамт/
ШАНАГА БУДААГААР “СОЛИГДСОН” Г.ПАГМЫН 53 ЖИЛИЙН ДАРАА ЭХ ОРОНДОО ИРСЭН ГУНИГТ ТҮҮХ |
|
2025-02-05 10:42:29
2025-02-05 10:41:42
2025-02-05 10:36:02
2025-02-05 09:53:41
2025-02-05 09:35:59
2025-02-05 09:13:00
2025-02-05 08:36:36
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 06:00:00
2025-02-04 16:37:18
2025-02-04 16:05:43
2025-02-04 15:49:12
2025-02-04 15:44:23
2025-02-04 15:40:52
2025-02-04 15:27:54
2025-02-04 14:05:37
2025-02-04 13:47:16
2025-02-04 13:29:04
2025-02-04 12:27:23
2025-02-04 12:17:34
2025-02-04 11:48:11
2025-02-04 11:36:26
2025-02-04 11:17:30
2025-02-04 11:16:42
2025-02-04 10:28:30
2025-02-04 10:18:23
2025-02-04 09:44:30
2025-02-04 09:37:51
2025-02-04 08:48:33
2025-02-04 08:40:53
2025-02-04 07:20:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |