Х.Ганчимэг буйд нутгийн багийн төвийн залуухан эмч. Дуудлагаас дуудлагын хооронд дуг хийх ч эрхгүй зүтгэх дэлхийн мянга, мянган эмчтэй адилхан тангараг өргөсөн ч алслагдсан нутагт ажилладаг гэдгээрээ тэр бусдаас өөр. Бусад залуусын адил аймгийн төв, улсын нийслэлд ажиллах боломж байсан ч түүний сонгосон зам нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум, тэр тусмаа Ренчинжугнай багийн эмч байлаа. Эмчийн тангаргаа өргөснөөсөө хойш тэр хэдэн зуун километрийг хээр мориороо туулж, иргэддээ шаардлагатай эмчилгээ, үзлэгийг хийсэн гэж санана. Өвөлдөө мориных нь хэнхдэг цээжээр цас татаад, зундаа гол ус үерлээд Х.Ганчимэгийн хүрэх дуудлагын зам бартаатай. Түүнээс гадна хээрийн амьтан, тайгын хүйтэн гээд асуудал мундахгүй. Гэвч тэр өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, хэнд ч ялархаж, гомдохгүйгээр ажлаа хийж байгаа эгэл жирийн эмч юм. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум, тэр тусмаа Ренчинжугнай багийн нутаг, Жугнай нуур хавиар цас их унана. Арванхоёрдугаар сарын эхэн атал аль хэдийнэ гурван төө гаруйтай цас унаж, хунгарлаад дагтаршжээ. Булнайн нурууны ар бэл, дуунд мөнхөрсөн домогт Тэсийн голын хөндий тул цас ийн их унахаас аргагүй, тэсгим жавар тачигнана ч гэж жигтэйхэн. Жугнай нуурын урдхан Ш.Отгон гуайнх ганц гэрээр өвөлжиж буй.
Өдгөө 92 настай Ш.Отгон гуайн хүүхдүүд ажлаар аймгийн төв ороод түр эзгүй, тэрбээр гэртээ ганцаар суугаа. Утасдая гээд сүлжээгүй, уулзъя гээд саахалтгүй, хөр цасан дундах ганц гэрт зуухныхаа амыг сахин суух Ш.Отгон гуайн энэ аж байдалд хаа байсан сумын төвөөс нэгэн хүн санаа чилээж, сэтгэл түгшээнэ. “За байз, Отгон гуайн даралт хэвийн болов уу, ханиад хүрчихээгүй байгаа, хэрэгцээний эм тантай болов уу” гэсэн бодол Ренчинжугнай багийн эмч Х.Ганчимэгийг удаан суулгасангүй. “Ерөөсөө л очъё далимд нь зам дагуу хэд гурван айлаар оръё, Дулмаагийн бага охиных нь цээжийг ч нэг чагная” гэсээр тэр бослоо. Тусламжийн цүнхэндээ даралтны, ханиадны, халууны эм, тариа нэмж, чагнуур сэлтээ шалгахаа мартсангүй. Хурган дотортой дээл, тэмээний ноосон малгай, годон гутлаар жимбийтэл дулаалж аваад гарлаа. Түүний хариуцдаг Ренчинжугнай баг 160 гаруй малчин өрхийн 580 гаруй хүн амтай. Тэднээс хамгийн өндөр настай нь Ш.Отгон гуай. Тиймээс ч Х.Ганчимэг илүүтэй санаа зовниж, очихоор шулуудсан нь энэ. Сумын төвөөс Ш.Отгон гуайнх хүртэл 60 гаруй км. Цэцэрлэг сумын эмнэлэг үзлэг, дуудлагад жирийлгэдэг “УАЗ-469”- тэй ч “Өвдөөд эхэлсэн, юу юугүй төрөх нь” гэх яаралтай дуудлагад явахаар болж, замд нь дайгдая гэсэн ч өөр зүгт явах тул тэр явган хоцров. Сумын, тэр тусмаа багийн эмчийн зовлон унаа, тэрэгний энэ мэт гачлангаас эхэлнэ. Хэрвээ хөл дээрээ явж чадахааргүй хүнд өвдсөн, хэзээ мөдгүй төрөх болсон дуудлага ирвэл л Х.Ганчимэг “УАЗ”- тайгаа давхина. Бусад “хөнгөн” дуудлагад морьтой, мотоциклтой, бүр явган таваргах ч үе бий. Зун, намрын дулааны цагт бол яах вэ, болоод байна. Харин өвөл, хавар л хэцүү. Ялангуяа гурван төө гаруйтай цас уначихсан, явган таваргах ч боломжгүй ийм өвөл. Аз болж, мал тооллогын комиссын “УАЗ-469”-тэй таарч, замын талд дайгдахаар боллоо. Замдаа хэд хэдэн удаа цасанд сууж, комиссынхон хормойгоо шууж, хөлсөө арчин хүрзэдсээр. Х.Ганчимэг ч хараад суусангүй, түрж, түлхэлцсээр явлаа. Өвлийн өдөр богино, үд хэвийх алдад замын талд хүрч, комиссынхон эхний зорьсон айлдаа буулаа. Харин Х.Ганчимэгийн маршрут өөр тул, тэндээсээ биеэр жижиг хээр морь эмээллүүлж аваад мордлоо. Өвчүүг нь давж, өмөлдрөгт нь тулсан хөр цасыг хээр морь зүсэн, зүтгэсээр. Харин Х.Ганчимэг уур цан савсуулж, өнгөрснөө, ирээдүйгээ, ер нь элдвийг эргэцүүлж явлаа. Тэр энэ Цэцэрлэг сумандаа төрж, өссөн. Хүүхэд ахуйдаа хатгаа тусаж, айхтар өндөр халуурч байхад нь хөмсөг, сормуус нь битүү цантаж мөстөөд, хацар нь хөлдсөн үү гэлтэй хөхөрчихсөн багийн эмч бүсгүй морьтой шогшуулсаар ирж, амийг нь аварчээ. Энэ явдлыг өөрөө сайн санадаггүй ч хожим гэрийнхнээсээ сонсож, тэр цагаас “Эмч болно” гэсэн бат итгэлтэй, мөрөөдөлтэй болжээ. Ингээд 2014 онд Өвөрмонголын Ордос хотын Эрүүлийг хамгаалах их сургуульд Уламжлалт анагаах ухааны бага эмч мэргэжил эзэмшиж, төгсжээ. Эргэж ирээд төрөлх Цэцэрлэг сумынхаа Ренчинжугнай багийн эмч болж, тангараг өргөснөөс хойш тав дахь жилдээ, бас тав дахь өвлөө ажиллаж буй нь энэ юм. Багийн эмч болоод удаагүй байхад нь түүнд алсын дуудлага иржээ. “Түргэхэн хүрээд ирээрэй, Ганаа эмч ээ.Төрөх гээд байхшиг байна” гэсэн хоёр өгүүлбэртэй дуудлага байв. Мал ахуй, сүү сааль гэсээр төрөх хугацаагаа тулгачихдаг нийтлэг дутагдал хөдөөд элбэг. Намрын налгар цаг таарсан тул түргэний “УАЗ”-тайгаа дахиад очиж. Гэтэл сумын эмнэлэг бараадаж амжихааргүй байсан тул арга буюу гэрт нь амаржуулж, эх барьж авчээ. Энэ дуудлага, эх, нярай хоёрыг эсэн мэнд амаржуулсан энэ мөч, хүйн ээж боллоо гэсэн баяр бахдал нь түүнийг эмч мэргэжлийн сайханд улам дурлуулжээ.
Тиймээс ч тэр тав дахь өвлөө хөр цас туучин яваа нь энэ. Хээр морь, Х.Ганчимэг эмч хоёр ийн дурсамж, зам хоёрыг туучин зүтгэсээр Ш.Отгон гуайн өвөлжөөний арын хяраар давж орж ирлээ. Яндангаас нь утаа суунаглахыг харсан тэр мөчдөө Х.Ганчимэг бага ч атугай санаа амрах шиг болов. Яваад орвол Ш.Отгон гуай өвдсөн янзгүй, өөдөөс нь мишээсээр угтлаа. Даралт нь хэвийн, даарч хөрөөгүй, хий ханиалга ч үгүй тун сайн сууж байжээ. Судсыг нь, цээжийг нь хоёр ч удаа чагнав. Сая нэг түүний санаа амарлаа. Хаа байсан 60 км-ийн цаанаас, мал тооллогын машинд дайгдаж, мориор хөр цас туучиж ирснийх эрүүл саруул суугааг нь мэдээд, хараад буцах түүнд юу юунаас илүү сайхан байлаа. Хол зам туулж ирсэн гээд хоол, цай идэж тухлаад, хонож өнжих эрх байхгүй. Өөр хүн өвдвөл яана, өөрийнх нь утас холбогдохгүй бол яана. Тэр хээр морио унаад, хөр цасан дундуур буцаад замдаа гарлаа. Энэ бол Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Ренчинжугнай багийн эмч Х.Ганчимэгийн ажлын ердөө нэгээхэн л өдөр. Өдөр бүр энэ мэтээр машин, морь, мотоцикл, аль таарсантай нь өдөр шөнө, өвөл, зун, цастай, бороотой алинд ч очих айлдаа, өвдсөн зовсон хүн бүр дээр очно. Хацар, хөлөө хайруулан, хөр цас туучиж явах эмэгтэй хүнд амар биш ч тэр сонгосон мэргэжил, өргөсөн тангараг, төрөлх нутгийнхнаа бодно.
Алсын дуудлагад мориор явж, үүрээр гэртээ ирчихээд, өглөө нь дахиад л “..тэр буурайн бие сайн болов уу, тэрний багынх нь ханиад яагаа бол, тэдний хүүгийн вакцины хугацааг сануулах юм шүү, тэрний маань төрөх хугацаа дөхсөн шүү” гэж бодсоор сэрнэ. Дуудлага алдахгүй гэж утсаа чагнана. Дуудлага ирэхгүй байсан ч сумын эмнэлгийнхээ хоёр давхар цагаан байшинд шигдэж суухыг хүсэхгүй, багийнхаа айлууд руу гарч одно. Тэр ингэж төрөлх Цэцэрлэг сумынхаа Ренчинжугнай багийн эмчээр долоон жил ажилласан. Энэ бүхний дараа тэр эмч мэргэжилдээ илүү дурлаж, бага эмчийн мэргэжлээ их эмч болгож ахиулахаар 2021 онд Улаанбаатар хотод ирж, Эм зүйн шинжлэх ухааны их сургуульд Уламжлалт анагаах ухааны Их эмчээр суралцаж эхэлсэн. Суралцахын хажуугаар 2021 оны арваннэгдүгээр сараас Онцгой байдлын ерөнхий газрын харьяа “Жаргалант сэргээх засах төв”-д Ерөнхий мэргэжлийн сувилагчаар ажиллажээ. Улмаар Онцгой байдлын албан хаагч болсны хувьд 2023 онд цэргийн тангараг өргөсөн. Одоо тэр Онцгой байдлын ерөнхий газрын харьяа “Жаргалант сэргээх засах төв”-д дэд ахлагч цолтойгоор Ерөнхий мэргэжлийн сувилагчаар ажиллаж байгаа. Эмчийн, бас цэргийн тангараг өргөсөн, хос тангарагтан. Хэдий одоо эм тарианы үнэр ханхалсан, дулаахан, бас цэвэрхэн орчинд ажилладаг цагаан халаадтай, цолтой эмч болсон ч гэлээ өвчтөндөө очихын тулд цас туучиж явсан долоон жилээ өдөр бүр эргэн дурсдаг. Дөрвөн ханатай жижигхэн гэрт эх, нярайг эсэн мэнд амаржуулаад, хүйн ээж болсондоо итгэж ядан хөлсөө арчиж суусан төр мөчөө, мал тооллогын машинд дайгдаж, мориор цас туучин Ш.Отгон гуайнд очсоноо, сэтгэл амраад буцаж явснаа, гээд бүгдийг нь. Чухам энэ долоон жил түүнийг эмч мэргэжлийн сайханд дурлуулж, хэцүүд сургасан учраас тэр.

| ЦАСАН ДУНДАХ ЦАГААН ХАЛААДТАН |
|
2026 оны трэнд Side-Hustle гэж юу вэ?
2026-01-05 15:03:01
“МИЛАН КОРТИНА-2026” өвлийн олимпын наадам эхлэхэд 32 хоног үлдлээ
2026-01-05 12:46:41
Олимпын аварга Машүү Бейкер Увс аймгийн хүүхдэд сургалт хийнэ
2026-01-05 12:18:56
О.Уламсайханыг найз охиноо амиа хорлоход хүргэсэн болохыг Прокурорын байгууллагаас тогтоожээ
2026-01-05 10:58:00
Өнгөрсөн долоо хоногт 42 түймрийн дуудлага бүртгэгджээ
2026-01-05 10:06:01
Малын өвөлжилтийн байдал есөн аймагт их хүндрэлтэй байх төлөвтэй байна
2026-01-05 10:04:10
ГАР УТАСНЫ ХУЛГАЙН ХЭРЭГТ СЭЖИГЛЭГДЭЖ БАЙХДАА АМИА АЛДСАН ЗАЛУУГИЙН ЭГЧ Д: ДҮҮГ МИНЬ ҮХЭЛ, АМЬДРАЛЫН ЗААГТ ТАРЧИЛЖ БАЙХАД НЬ АЛБАНЫХАН ОРНООС ГАВЛАЧИХААД САХИАД СУУЖ БАЙСАН
2026-01-05 07:00:50
ЦАСАН ДУНДАХ ЦАГААН ХАЛААДТАН
2026-01-05 07:00:31
ТАНИЛЦ: ХУДАЛДААНЫ ЗАХЫН БОССООС ХАМГИЙН ТОМ САЛБАРЫН ДЭД САЙД БОЛЖ ДЭВШСЭН Б.ЭНХТҮВШИН
2026-01-05 07:00:26
МАН-Д ГОЛОГДОГСОД
2026-01-05 07:00:23
Хятадын шоронд хоригдсон Л.ШАРБААТАР: "Харанхуй нүхнээс хэзээ гаргах бол" гэх хүлээлт, эргэлзээ, ганцаардал дунд таван жил тарчилсан
2026-01-05 07:00:09
ЕВРОП РУУ НЭВТРЭХ МОНГОЛЫН АГААРЫН ГАРЦ ФРАНКФУРТ
2026-01-05 07:00:00
Монголын жүдо бөхөөс төрсөн зургаан дэлхийн аварга зургаа даруулжээ
2026-01-04 10:39:49
Ж.Даваажавын нэрэмжит чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга болно
2026-01-04 07:05:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |