• Өнөөдөр 2024-05-06

Хятадын шоронд хоригдсон Л.ШАРБААТАР: "Харанхуй нүхнээс хэзээ гаргах бол" гэх хүлээлт, эргэлзээ, ганцаардал дунд таван жил тарчилсан

2023-10-26,   40163

           -Эх орон, нутаг ус, эцэг, эх элгэн садан, анд нөхөд, алба ажлаа санан дурсаагүй хором гэж үгүй-

          Лувсангийн Шарбаатар 1952 онд Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд төрсөн. 1970 онд Санхүүгийн техникум төгсөж, 1971 онд цэргийн албанд ирж, 1972 оны наймдугаар сард бага дэслэгч цол авч, Өмнөговь аймгийн Овоотын отрядад застав хариуцсан нягтлан бодогчоор томилогдсон. Тэрбээр 1973 оны зургадугаар сарын 14-нд улсын хилийн багана эргэж яваад отрядынхаа намын байгууллагын дарга, хошууч Н.Очир. Шивээхүрэнгийн заставын улстөрийн орлогч, бага дэслэгч Адъяа, цэрэг жолооч Хүүбаатар нарын хамт БНХАУ-ын хилийг зөрчиж таван жил Хятадын шоронд суусан түүхтэй. Л.Шарбаатарын 48 жилийн өмнө харийн шоронд өнгөрүүлсэн амьдралынх нь хар бараан он цаг болох таван жил зургаан сар хэрхэн өнгөрсөн талаар нэхэн хуучилсан юм.

       Тэрбээр Хятадын шоронд таван жил гаруй хоригдож байгаад эх орондоо ирсний дараа 1987 онд МУИС, 1989 онд ЗХУ-д Худалдааны дээд курс төгссөн аж. 1979-1990 онд Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Баянцагаан, Баян-Овоо суманд нягтлан бодогч, 1990-1993 онд Баян-Өндөр сумын дарга, ИХТ-ийн дарга, Засаг дарга, 1993-1999 онд Замын-Үүд, Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь, Ховд аймгийн Гаалийн байгууллагад ажиллаж байв. 1999 оноос Улаанбаатар хотод хувийн хэвшлийн компанид нягтлан бодогчоор ажиллаж, Санхүү банкны тэргүүний ажилтан цол хүртжээ.

-Та тав хил эргэж яваад БНХАУ-ын хилийг зөрчиж, таван жил зургаан сар шоронд суусан гэх юм. Тэр үед юу болсон юм бэ?

           -Намын хорооноос бид тавыг хилийн манаа шалгахаар томилсон. Биднийг ахалж намын байгууллагын дарга хошууч Банзрагч, Хилийн албаны дарга хошууч Очир, цэрэг жолооч Хүүбаатар, Шивээхүрэнгийн улстөрийн орлогч Адьяа бид тав нэг баг болж хилийн манаа эргэхээр явсан юм. Нэгдүгээрт, нууц манаа байсан. Хоёрдугаарт маршутынхаа дагуу яваагүй ажлын хариуцлага алдсан нь харамсалтай. Монгол, Хятадын хилийн төлөөлөгчдийн уулзалтын зам гэж ил шулуун зам зурайж байдаг. Харин хил эргэхдээ хятадуудад мэдэгдэхгүй тулд нууц замаар явдаг байсан. Бид тэр хоёр замын алинаар нь ч явалгүй "Товчилж байна" гээд дундуур нь явчихсанаас хамаг ажил болсон. Тэр үед хилийн албаны дарга Очир гуай замчилсан юм. Тэрбээр тухайн үед Өмнөговь аймгийн отрядад 30 гаруй жилдээ ажиллаж байсан. Түүнийг "Өмнөговийн чулуу хүртэл андахгүй" гэж ярьдаг байсан юм.         Гэтэл гэнэт л Очир хошууч “Зогсоорой, зогсоорой. Манай нутаг биш байна. Манайд цагаан загтай газар байхгүй” гэлээ. Тэгээд зогсоод хартал одоогийн Сэхээгийн боомт гэж нэрлэж буй Монголын хилийн 218 дугаар баганын харалдаа цаад талд гарчихсан байсан. Очир хошуучийг буухаар нь Адъяа бид хоёр залуу байсан болохоор сонирхож буусан юм. Гэтэл гурван км орчим газар Хятадын Сэхээгийн заставын байшингийн орой харагдаж байсан. Тэгээд явах гэтэл машин сул шороонд сууж, урд мост, зүрх араа эвдэрч будилж эхэлсэн. Автомашинаа янзлаад хоёр цаг орчим болтол хоёр машинтай, 20 орчим цэрэг биднийг бүсэлсэн. Тэгээд л баригддаг юм билээ. 

-Тухайн үед юу бодогдож байв. Айж, сандарсан байх?

        -Хүн айхаараа гөлийчихдөг юм билээ. Адъяа бид хоёр залуу байсан болохоор “Буудъя” гэж ярьсан. Гэтэл Очир, Банзрагч хоёр буу дуугаргаж болохгүй хилийн зөрчилдөөн болно. Өөр аргаар учраа олъё гэж шийдсэн. Очир хошууч олон удаа хилийн уулзалтад оролцсон хүн. Тэрбээр цэргүүдэд төөрч яваад хил зөрчсөнөө мэдэгдсэн. Гэтэл зальтай хятадууд машины сэлбэг авчирч туслахаар явсан боловч тус болоогүй. Харин 22:00 цаг хүртэл хүлээлгэж ирэхдээ дээдэс та нарыг “Зэвсгээ хураалгавал амийг нь өршөөнө” гэж байна гэхээр нь бид зэвсгээ хураалгасан. Мөн биднийг "Тухтай газар хонуулна" гээд аваад явсан. Тэгээд л дөрөв, таван шорон дамжсан түүх эхэлнэ дээ.

-Та бүхэн олон шорон дамжжээ. Очсон шоронгуудаа мэддэг үү. “Тав, тухтай хонуулна” гэсэн үеэс эхний шоронд очсон байх?

        -Зургадугаар сарын 15-аас байцаалт эхэлсэн. Нэг, нэгээр нь дуудаж хэний хэн болох, ямар зорилгоор хил давсныг ахин дахин байцаадаг байсан. Эхний байцаалтын дараагаас бидний нүдийг боож тус тусад нь авч явсан. Эхлээд намайг тахиа, гахайны байр гэмээр цонхыг нь цаасаар бөглөсөн байранд 10 хоног хорьсон. Дараа нь чулуун шалтай, дээр цонхтой өрөөнд хорьсон. 1976 оны хоёрдугаар сар хүртэл тэнд хоригдсон юм. Нэг шөнө галт тэргээр гадуураа өндөр цайзтай байшинд авч ирсэн. Тэндээс эх орондоо ирсэн дээ. Хятадын шоронгоос хятад хэл, монгол бичиг сурсан. 

-Та яаж хэл сурав. Сурах хүсэл тийм их байсан юм уу?

      -Оргож гарахын тулд хэл хэрэгтэй гэж бодож, сурахаар хичээсэн. Тэгээд цэргүүдтэй ойр зуурын юм ярьж эхэлсэн. “Мэдэхгүй” гэдэг үгнээс л хятад хэл сурсан даа. Хятад цэргүүд хэл сурах гээд хичээхээр өөрт байгаа ном, сурах бичиг, толь бичгээ уншуулдаг байсан. 

-Ер нь оргох боломж байсан уу. Та үнэхээр оргож чадах байсан уу?

      -Оргох боломж байсан. Байдаг юм билээ. Буугаа тэврээд унтаж байхад нь бие засчихаад ирэхэд мэддэггүй байсан. Гэвч тавуулаа хоригдож байж нөхдөө орхиод оргож чадахгүй юм билээ. Эх орондоо очоод юу гэж хэлэх юм бэ гэж бодсон шүү.
 

-Та бүхэн Хятадын шоронд 1967 хонохдоо ихийг бодож, санадаг байсан байх. Ижий, аавдаа загнуулж, зодуулж байсан үеэ бодож санах хүртэл жаргал биз дээ?

         -Тэгэлгүй яах вэ. Эх орон, нутаг ус, эцэг, эх элгэн садан, анд нөхөд, алба ажлаа санан дурсаагүй хором гэж үгүй.  Ухаан орсноос хойших амьдралынхаа бүх үеийг нэхэн дурссан даа. Шоронд алхаж л өдөр, шөнийг барсан. Тэр таван жил зургаан сар миний амьдралын хамгийн хар бараан, харамсалтай үе байсан. Ямар удаан өнгөрсөн гэж санана. Харин түүнээс хойших 40, 50 жил харавсан сум шиг л өнгөрлөө дөө.

-Чихэртэй усанд чанасан саримс хоолойгоор давдаггүй байсан даа-

-Шоронгийн хоол ямар байсан бэ. Хоолойгоор давах юм байв уу?

     -Идэж үзээгүй хятад хоол бараг байхгүй. Ихэвчлэн ногоо өгдөг байсан. Тэдгээрээс чихэртэй усанд чанасан саримс хоолойгоор давдаггүй байсан даа. Аргагүй эрхэнд ганц хоёр сороод л орхино шүү дээ.  Гурилтай шөлийг өдрийн од шиг л өгнө. Тэр нь даанч сайхан санагддаг байж билээ.

-Хоригдож байх хугацаанд таны биед өөрчлөлт орж, өвдөж байв уу?

     -Хоригдсоныхоо дараа жилийн өвөл мухар олгойгоо авхуулсан. Мэдээ алдуулдаг тариа хийж, мухар олгойг аваад надад харуулж байсан. Энэ явдлын дараа хоригдсоноос хойш анх удаа намайг Банзрагч, Очир хошууч хоёртой 30 минут уулзуулсан. Бид уйлсаар байгаад таарсан. Тэднийхээ “Биеэ сайн бодоорой гэж хэлснийг санадаг. 

-Та хэдээс өөр монгол хүн хоригдож байв уу?

    -Бидний хамгийн сүүлд хоригдож байсан шоронд лав 13 хүн байсан. Тэд бүгд санаандгүй хил зөрчөөд баригдсан хүмүүс гэсэн.

-Хоёр орны харилцаа сайнгүй байсан цаг үед та хоригдсон. Та Хятадын амьдрал, баримталж буй бодлогынх нь талаар бодит мэдээлэлтэй байв уу?

     -Шоронгийн бидэнд албан ёсны бодит мэдээлэл байхгүй шүү дээ. Хүмүүсийн ярианаас зарим зүйлийг мэдэж авдаг байсан. 1976 оны нэгдүгээр сард Жоу Эньлай, долдугаар сард Жү дэй, аравдугаар сард Мао Зэдун нас барсан байх. Тэр бүхэн андашгүй шоронгийн хонгилд цаасан пуужин тавьж бидэнд цагаан цаасан цэцэг зүүлгэж эмгэнэл илэрхийлэхийг шаарддаг байсан.

-Суллагдах мэдээ сонсоод итгэж байв уу. Монгол руугаа ойртох тусам ямар мэдрэмж төрж байв?

    -Анх тэр тухай хэлэхэд нь огт итгээгүй. Бараг "Алах гэж байна" гэж бодсон. Бээжинд рүү явахдаа бага зэрэг итгэсэн. Тэр үед Н.Очир хошуучийг эрүүл мэндийн шаардлгаар нутаг буцаагаад жил болж байсан юм. Хятадууд биднийг Бээжинд байхад тус бүрд нь 100 юань өгсөн. Өвөл байсан болохоор өөрт хэрэгтэй ноосон өмд, цамц аваад үлдсэнээр нь гурван ваар мооту архи авч, ууцгаасан.

Яагаад ч юм буцаагаад хорьчихож магадгүй, шоронгийн чийг бамаас ганц удаа ч болов салъя гэж архи уусан хэрэг. Тэндээс галт тэргэнд сууж Замын-Үүдийн 357 дугаар баганаар эх орныхоо газар шороон дээр гишгэсэн дээ. Бид баярлаж дэмий л уйлалдаад зогссон. Тэр үед төрлөх нутгийн минь салхи, шорооных нь үнэр ямар сайхан байсан гэж санана. Тэндээс биднийг тусгай вагонд суулгаж, Улаанбаатарт авчирсан. Энэ бол 1978 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр байлаа.

Хэд хоног биднийг гадагш гаргалгүй тусгай өрөөнд байлгаж, өнгөрсөн таван жилийн тухай биднээс байцаалт авсан. Энэ хугацаанд аав, ээжтэйгээ уулзах юм сан гэж бодохоос сэтгэл тогтохгүй бэрх байсан. 

-Та аав, ээжтэйгээ анх яаж уулзсан бэ. Бусад нь элэг бүтэн уулзаж чадсан уу?
 

      -Надаас бусад нь элэг бүтэн уулзаж чадаагүй. Банзрагч хошуучийн эхнэр нь салаад явчихсан, Н.Очир хошууч насаараа эхнэр аваагүй. Адъяагийн аав нь нас барж, энхэр нь салаад явчихсан. Хүүбаатарын аав нь нас барчихсан байсан. НАХЯ-ны ажилтнууд бидний уулзалтыг хэд хоногийн өмнөөс зохион байгуулсан байсан. Тухайлбал, надад “Аавын чинь нас өндөр, чамайг хараад юу ч болж мэднэ. Иймд чи биеэ барьж аав, ээжээ зовоолгүй тайван байгаарай” гэж хэлсэн. Бас аавд “Таны хүү амьд мэнд ирсэн. Гэхдээ зүрх нь муу тул та хүүтэйгээ уулзахдаа биеэ барьж тайван байгаарай” гэж хэлсэн байсан. Бодвол бидний хэн хэнийг маань олон жилийн дараа уулзалдаад бие сэтгэл нь хямрах байх  гэж болгоомжилсон байх. Ингээд 1978 оны арванхоёрдугаар сарын 6-нд гавьяат хуульч, хурандаа Цэрэнхүүгийн өрөөнд аавтайгаа анх уулзалдсан даа. Тэгээд хоёр хоногийн дараа гэртээ харьсан. Ямар сайхан байсан гэж санана. Ээж минь намайг "Хүү минь, үр минь" гээд тэвэрч аваад л бид уйлалдсан. Тэр үед аав минь 50 гаруй, ээж 40 гаруй настай байсан.

-Харьд өнгөрүүлсэн таван жилийн хугацаанд эх орон, монгол хүн болж төрснөөрөө бахархаж, үнэ цэнийг нь илүү мэдэрсэн болов уу? 

      -Тэгэлгүй яах вэ. Монгол хүн шиг жаргалтай, өргөн уудам нутаг дэвсгэртэй, эрх чөлөөтэй, цатгалан, амгалан, тайван улс орон, хүн ард гэж байхгүй шүү дээ. Монгол орон, монгол хүн гэдэг шал өөр юм билээ шүү.

-Та эхнэртэйгээ хэзээ танилцаж байв?

        -Би эхнэртэйгээ Хятадаас ирээд танилцсан. Би 1979 оны гуравдугаар сар хүртэл гэртээ байж байгаад Баянцагаан сумын худалдааны нягтлан бодогчоор ажилд орсон. Манай эхнэр тэр үед цэцэрлэгийн эрхлэгч байсан юм. Бид зургаан хүүхэдтэй. Бүгдээрээ ажил амьдрал нь тэгшхэн сайхан байна.

-Та харийн шоронд өнгөрүүлсэн таван жилийг яаж туулсан гэж эргэн дурсах вэ?

     -Ганцаардал, гуниглал “Харанхуй нүхнээс хэзээ гаргах бол” гэсэн эргэлзээ, хүлээлт дунд тарчилж өдөр, шөнийг өнгөрүүлсэн. Бид бүхний ард БНХМАУ-ын минь төр засаг байгаа учир биднийг татаж авах байх гэж их хүлээсэн дээ. Таван жил өнгөрөхөөр тэр их итгэл, хүлээлт, горьдлого тасардаг юм билээ. Байлдаж байсан хүмүүс “Дэртэй үхнэ” гэдэг юм билээ. "Тав, зургаан хятад хусчихаад үхэх юм сан" гэж бодож байсан үе ч бий. Би эх орон, Хилийн цэргийн өмнө хариуцлага алдсан. Тийм учраас ариун цагаан хөдөлмөрөөрөө улс орон, аав, ээж, хань ижил, үр хүүхдүүддээ сайн сайхан юм хийж үлдээх юм сан гэж хүсдэг. Алдаа дутагдлаа тэднийхээ өмнө хүлээх юм сан гэж боддог. Тийм учраас би санхүүгийн үг хэллэгийг орос, монгол, хятад хэл рүү хөрвүүлж, толь бичиг хийж байгаа. Мөн ургийн бичиг хөтөлж ном гаргах бодолтой байна даа.

 

 


Хятадын шоронд хоригдсон Л.ШАРБААТАР: "Харанхуй нүхнээс хэзээ гаргах бол" гэх хүлээлт, эргэлзээ, ганцаардал дунд таван жил тарчилсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 29
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-29 21:23:00
    Д. Буян: Би 1974 онд Овоотын отрядад цэрэгт очиход энэ хүмүүсийн тухай ярьдэг байсан юм. Харамсмаар, өрөвмөөр, золгүй.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-29 05:13:35
    Eej: БНХМАУ юу бичээд балайрчихваа.Албаар ингэж бичсэн үү муухай санагдлаа.БНМАУ шүү сэтгүүлчээ.Уншигчидаас уучлалт гуйж алдаагаа зас.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-29 05:13:35
    Eej: БНХМАУ юу бичээд балайрчихваа.Албаар ингэж бичсэн үү муухай санагдлаа.БНМАУ шүү сэтгүүлчээ.Уншигчидаас уучлалт гуйж алдаагаа зас.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-28 23:59:28
    Ц.батчулуун: ХҮН АМЬДРАЛДАА АЛДААНААСАА СУРАЛЦАНА ГЭДЭГ БАХАРХУУШТАЙ ЮМ.МОНГОЛ ХҮН БОЛЖ МОНГОЛ ГАЗАР НУТАГТ ТӨРСНӨӨРӨӨ БОЛОН МОНГОЛЧУУД БИД ИХ АМГАЛАН ТАЙВАН АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДАРЧ БАЙДГИЙГ УЛАМ САЙН МЭДЭРСЭН САЙХАН ДУРСАМЖ БИЧСЭН НЬ ӨНӨӨГИЙН ЗАЛУУС ХҮҮХДҮҮДЭД ИХ СУРГАМЖТАЙ ЮМ ДАА.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-28 21:34:58
    Туул: БНХМАУ гэж бичсэн бх юмаа алдаа юу албаар бичив үү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-28 19:43:52
    Ажууд: Эх орон ард түмнийхээ өмнө алдаагаа ухамсарлана гэдэг ухаантайн шинж. Манай төрийхөн бол гөлийгөөд л хулгайч царайлаад хэнэг ч үгүй байгаашдээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-28 14:30:48
    Көв: Муу дарга нар хүнийг муу болгодог . 2цаг машинаа оролдохын оронд хаяад шууд гүйхэд цагт 15км элбэг гүйнэ . Соц үед машинаа хаяхгүй гэжээ .сүүлд нь авч бно
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-28 12:16:07
    zandanbal: Hyybaatartaigaa uulzaj baigaa jyy?Adiyaa mend amar biz dee?Hyegshchyyl Ochir nar burhan bolcgooson baihaa.Ih yender nastai uls baisan daa.Dursamjiin sain nom bicheerei .Olon hyn avch unshina shyy.Tovch bolovch ih medeelel aguulsan saihan niitlel boljee.bayar hyrgiee..
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-27 03:23:39
    Г: Хил зөрчигчидтэй ингэж хүнлэг энэрэнгүй хандах улс тэр үед байгаагүй.ядаж тамлах ёстой доо.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-26 21:26:51
    Yalgaa: Esergeeree hyataduud hil zurchsun bol manaihan uu ene hed uchrii ni uhaj oilgood yavuulchih bsan biz. Harin hyatad hun bol hezee ch tegehgui umhii mglchuudiig horloh us sanaj yavdag ni ueiin ued bsaar bnda
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-26 21:26:50
    Yalgaa: Esergeeree hyataduud hil zurchsun bol manaihan uu ene hed uchrii ni uhaj oilgood yavuulchih bsan biz. Harin hyatad hun bol hezee ch tegehgui umhii mglchuudiig horloh us sanaj yavdag ni ueiin ued bsaar bnda
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-26 19:57:31
    Дддд: Сэтгүүлч БНМАУ гэхийг бнхмау гэсэн бна шүү засаарай.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-26 11:22:25
    S: SEKSDN80955877
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-26 09:06:56
    Даш: Энэ хүнтэй бургастайн гаальд ажиллаж байхад нь уулзаж байлаа хятадууд энэ хүнээс жийрхэж бгаа харагдаж байсан
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-26 08:40:39
    Ш: Ээж нь арван гурав дөрөвтэйдээ гаргасан юм байх даа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-01 14:22:01
    H: Saikhan ah mini Daraa turuldu Hunii deedeer amdraasai. Urgelj bidniihee setgel zurhend bdag shu. Adya
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-29 14:57:16
    Mr obayar: Баяр хүргэе сайхан ном хэвлээрэй....эх орон зүрх сэтгэл хэзээ ч хөгширөхгүй....
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-28 21:40:12
    Иргэн: Энд дурдагдсан Адъяа бол сүүлд Баянтээгээс нүүрс зөөж яваад таарч билээ. Охин нь одоо байгаа. Эхнэр нь сураггүй болохоор нь хүнтэй суусан бөгөөд 3 хүүхэдтэй болсон юм. Эхнэр нь харин сайн хүнтэй суусан. Гэхдээ Адъяа гуайд ямар сайн байхав...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-26 10:18:12
    Б.Лувсан Осор: Зүгээр л цэцэгэн дээрээ хэвтээд цэнхэр тэнгэрээ ширтээд хэвтэх шиг жаргал байхгүй ! Ярьж байсанаа сандаа анд минь.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-26 09:14:22
    Мөнхбаяр: Энэ ярилцлага дээр дурдагдсан Адьяа гэдэг хүн бол миний авга ах байсан яг энэ тухайгаа бид нарт ярьж өгдөг байсан өндөр ханатай дээрээ цонхтой жижиг өрөөнд дээгүүр нь хятад хянагч нар алхдаг бсан г.м олон зүйл ярьдаг байсан хөөрхий дөө баяр болгоноор хүүхдүүдэд бэлэг бэлдээд тарааж өгчхөөд л аавтай минь 1 шил архи хувааж уучхаад л явдаг бсандаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-09-25 06:28:33
    Түмээ: Хөөрхий дөө төр засаг тэгээд иргэнээ гэсэн сэтгэлгүй байсан бнашдээ харамсалтай юмаа муу хужаа нар их зовоож дээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-09-24 15:00:07
    ундрах: Дарьтай үхэх биш дэртэй үхэх байлгүй дээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-09-23 11:27:23
    Бат: Үнэн шүү энэ хүнтэй 90 д оны сүүлээр Говь Алтайн Бургастайн боомтод гаалийн байцаагч байхад нь уулзаж л байлаа.Төлөв төвшин яриа хөөрөөтэй сайхан хүн дээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-09-22 23:21:52
    Дармаа: : Сайхан ярилцлага уншлаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-09-22 22:19:22
    Должин: Сайхан бичжээ.Дараагийн уран бүтээлд нь амжилт хүсьe.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-09-22 21:23:40
    зочин: эсэн мэнд ирсэн бол болж дээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-09-22 17:23:42
    zochin: esen mend irsen yamaaidaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-09-22 14:15:29
    Зочин:: Хилийн зүг явган гүйх боломжгүй шдээ. Дандаа залуу хүүхдүүд бгаагүй биз
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-09-22 12:22:02
    Хилчин: Машинаа хаяад хилийн зүг явган зугатах боломж байсан л бждэ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188