Дэнхийсэн том хүүгээ аав нь элгэндээ тэвэрчихээд тэнхээ мэдэн уйлж байв. Ээж нь “Яагаад миний хүү гэж вэ” гээд л ухаан алдаж унахаас наагуур юм болж байна. Дөнгөж 23-хан настай айлын ганц хүү ходоодны хорт хавдартай гэсэн онош авчээ. Гадаадад сурдаг хүү нь амралтаараа ирэхдээ турж, хоол идээд л гэдэс нь цанхайж, бөөлжиж, дотор нь муухайрч, хэвлий хэсгээр нь өвддөг болсон тул аав, ээж нь эмнэлэгт үзүүлж, нарийн шинжилгээ өгсөн байна. Харамсалтай нь, хүүгийн ходоод хорт хавдрын гуравдугаар шатанд орсон гэж оношлогдож, дөнгөж хариугаа сонсчихоод сууж байгаа нь энэ. Тэдний цаахнаас “Хортой хавдар гэж байна. Дөрөвдүгээр үедээ орсон учраас найдваргүй гэнэ” гээд л нэг эмэгтэй хэн нэгэнтэй утсаар яриад эхэр татаад уйлах. Энд ч нэг залуухан эмэгтэй “Хариу нь гараагүй байна. Одоо эход харуулахаар орлоо” гэж туниа муутайхан ярих. Эсрэг талд нь нэг эрэгтэй “Аавын элгэн дээр нь үүссэн өнөөх цэг томорсон байна гэнэ. Хурдан хүрээд ир” гэж хоолой нь зангирч, аврал эрсэн харцаар эмнэлгийн хонгилд далдирах. Тортой хувцас, олон эмчийн гар, харц дамжсан өвчтөний навсгар түүхээ тас атгасаар цахилгаан шатанд суух хүмүүсийн нүд гунигтай, айдастай гэж жигтэйхэн. Ямар хариу сонсох бол гэх айдас, эмчлэгдэх болов уу гэх түгшүүрт харцнуудын дундуур бэргэж явсаар бид Хавдар судлалын үндэсний төвийн баруун жигүүрийн дөрөвдүгээр давхарт хүрлээ.
Мэс заслын тасгийн үүдэнд 50 гаруй насны эмэгтэй хүүхдүүдтэйгээ уулзаж байна. “Дурангаар тайрах юм гэсэн. Хоёр жилийн өмнө ходоодоо үзүүлэхэд бага зэрэг л шархалсан байна гэсэн юм даа. Ийм л амархан хавдар болчихдог юм байлгүй. Цээж хорсож, дотор муухайрахын алийг тэр гэх вэ” гэх нь сонсогдоно. Хүүхдүүд нь ээжийгээ лам, бөөд үзүүлсэн бололтой арц, хүжээр утна. “Хоёр багшийн шорооноос долоосон уу, дахиад нэг долоочих. Танд байгаа биз дээ. Яг орохдоо дахиад долоогоорой” гэх нь чих дэлсэнэ. Энэ ярианаас нь сонсвол тэд Архангай аймгийн Цахир сумынх бололтой. Цахирынхан Гэсэр багшийнхаа шүтээний ойролцоох шороог нандигнаж, ид шидтэй, энерги сайтай учраас бие өвдсөн, ажил үйлс бүтэхгүй болохоор нь тэндэхийнхээ шорооноос долоодог юм гэсэн.
08:50 цаг
Ийн явсаар бид ХСҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч, Хүний гавьяат эмч Р.Ганбаатарын өрөөний үүдэнд ирлээ. Бид түүний ажлын нэг өдөр хэрхэн өрнөдөг тухай сурвалжлахаар ирээд байгаа нь энэ. Тэр биднийг Тасгийн эрхлэгчийн өрөө гэсэн бор хаалганаас угтаж аваад, “Яана, яана гээд байгаа билээ. Би одоо ходоодны хагалгаа хийнэ. Зүрх чинь зүгээр биз дээ. Мэс засал 09:30 цагт эхэлнэ. Манай хүүхдүүд бэлтгэл хангаж байгаа. Та нөхөд оройтож ирлээ шүү. Бидний ажил хэдийнэ эхэлсэн” гэсээр хувцсаа солилоо. Гамбаа эмчийн өрөөнд 30 минут саатахад хэчнээн хүн хаалга онголзуулж, “Эмч ээ, зураг харуулах гэсэн юм. Хариу уншуулах гэсэн юм” гэж хэлснийг эхэндээ тоолж байсан ч тоогоо алдав. Тэр болгонд “За, одоохон. Би мэс засалд орлоо. Жижүүр эмчид харуулаарай. Цагаараа очоод үзүүлээрэй” гэж аядуу зөөлөн хэлэх нь хэн нэгэнд итгэлийн зүг чиг заагаад явуулж байгаа юм шиг. Харц нь, харилцаж байгаа байдал нь “Чиний онош давгүй юм байна, эдгэрнэ ээ” гэж хүч хайрлаж байгаа ч юм шиг санагдуулна.
Гамбаа эмчийн өглөөнөөс орой хүртэлх амсхийх завгүй ажиллах ажлын нэг өдөр өмнөх өдөр нь мэс засал хийсэн өвчтөнөө хэрхэн хоносныг асуухаас эхэлдэг юм байна. Тасгийнхаа хэдэн эмчийг орж ирэхээр “Нөгөө 53 настай Тунгаа яаж байна. Цаад өдөр орсон Болорын утсыг үзээрэй. Дурангийн гурав чинь цус шүүрээгүй биз дээ, сайн дарж үзсэн үү. Өнөөх 70 настай эмэгтэйг сайн харзнаарай. Тэр 40 наст ч яах вэ босоод ирнэ” гээд л аминчлан ярьж, асуух юм. “Давгүй, сайхан байна. Зовиур багатай байна лээ. Цус шүүрээгүй ээ, би дарж үзсэн. Оёдол нь эдгээд, сайхан өнгөтэй болсон байна” гэхээр нүд нь гэрэлтээд л “Овоо, болж, тэгэх ёстой, тэр тэгнэ ээ” гээд инээд алдаад байдаг юм байна. Тэгснээ учиргүй “За, байз, байз яаралтай зураг харах хэрэгтэй боллоо” гээд л нүдний шилээ зүүгээд, дэлгэцэндээ нүүрээ тулгаад, төвлөрөөд суучих юм. Ерөөс л өдөр бүр нь ингэж эхэлдэг бололтой. Тэгснээ бидэнд хандан “За гаръя, явъя. Мэс заслын өрөө рүү алхана даа” гээд инээвхийлэв.
09:30 цаг
ХСҮТ-ийн Мэс заслын тасаг бүрэн засварт ороод гадаадын эмнэлэг шиг болжээ. Бохир агаар сордог нэгдсэн хүчилтөрөгчтэй, стандартын дагуу баригдсан, тохилог гэж жигтэйхэн эмнэлэг болжээ. Гадаадын эмнэлэгт мэс засалд орсны дараа ямар шат, дараалал дамжиж, эмчилгээ, сувилгаа хийлгэдэг бүгдийг нь ХСҮТ-ийнхэн нутагшуулсан байна лээ. Элэг солиулсан хүн нь донортойгоо нэг өрөөнд хүчилтөрөгчийн аппарат залгуулчихсан эмчлүүлж байна. Эсрэг талын өрөө рүү эмэгтэйчүүдийн хагалгаанаас дөнгөж гарч ирж байгаа эмэгтэйг хоёр сувилагч зөөвөрлөж байв. Ингэж явсаар кодоор онгойдог “Анхаар, дотор мэс засал хийж байна” гэх улаан бичигтэй, жижиг цонхтой, дугаар мэс заслын өрөөнд ирлээ. Унтуулгын эмч, сувилагч нар, мэс заслын туслах сувилагч, хоёр залуухан эмч багаж хэрэгслээ бэлдчихсэн зогсож байв. Гамбаа эмч мэс заслын тусгайлан бэлдсэн хувцас, ариутгасан бээлий өмсөөд ажилдаа орлоо.
Түрүүхэн, ердөө 40-хөн минутын өмнө мэс заслын тасгийн үүдэнд хүүхдүүдтэйгээ ярилцаж, нутгийнхаа энергийн шороог долоож, маани мэгзэм уншиж, “Аврагдалгүй яах вэ. Энэ олон хүн эмчлэгдээд байхад” гээд зогсож байсан 50 гаруй насны эмэгтэй мэс заслын орон дээр хөдөлгөөнгүй хэвтэж байна. “Өвчтөн тэрний тэр, 57 настай, эмэгтэй” гэж хэлээд мэс засал эхэллээ. Ариутгаж бэлтгэсэн мэс аваад, эмэгтэйн ходоод хэсэгт хоёр сантиметр хэрээтэй зүсэж, гуурс шургуулав. Энэ эмэгтэйг дурангаар хагалж, ходоодных нь өвчтэй хэсгийг тайрч авах юм байна. Нарийхан цагаан гуурс бүхий багаж шургуулаад том дэлгэцэн дээр ходоодыг нь гаргаад ирчихсэн юм шиг харж, мэс ажилбараа эхлүүллээ. Тэгээд хайгуулын ажил хийж байгаа геологич шиг хэвлий дотор нь өнөөх багажаа эргүүлээд л дэлгэцээр хянаад байх ажээ.
Энэнээс хойш мэс заслын багийнхны хэн нь ч юу ч дуугарсангүй. Үе үе багажны тор, тор хийх чимээ, хүмүүсийн бие биеэсээ асууж байгаа асуулт авиа төдий сонсогдох. Ерөнхий эмчийн гар дээр бүх багаж дохих төдийд л ээлж ээлжээрээ бэлэн тавигдах. Яг л компьютерийн засварчин шиг ухаж, түнхэж, асааж, унтрааж, толгойгоо гашилгаж, анхаарлаа нягт төвлөрүүлэх юм. Гэхдээ компьютерийн засварчин буруу угсарвал буцааж эвдээд дахин эхлүүлж хэвэнд нь оруулах боломжтой. Өөрөөр хэлбэл, алдах эрхтэй гэсэн үг. Харин мэс заслын эмч нарт нэг миллиметр ч алдах эрх байхгүй. Зангидсан гарын хэмжээтэй жижигхэн ходоодноос хавдрыг нь салгаж авахын тулд тэд байдаг чадлаараа хичээж, шаламгай, гярхай гэгч нь ажиллаж байна.
13:30 цаг
Харвасан сум шиг өнгөрсөн дөрвөн цагийн дараа Гамбаа эмч хүн сонсогдохоор дуугаар “Халиун аа, залгаасаа оё, нугалааг нь гарга. Суурьтай хавдар байсан байна. Хэдэн грамм байсан бэ. Булчирхайнуудаа түүсэн үү” гэж хэлээд бээлийгээ тайллаа. 57 настай эмэгтэй хэвлийдээ 1.2 кг хавдар “тээж” хоёр жил амьдарчээ. Мэс засал амжилттай боллоо. Гамбаа эмчийн удирдсан багийнхан дахин нэг хүнийг аюулт өвчнөөс нь салгаж, аварлаа. Удирдагч эмч “Хагалгаа амжилттай боллоо” гэж хэлээд мэс заслын өрөөний тусгай кноп дээр дарахад дахиад амьдрал эхэлж байгаа юм шиг, эсвэл бүр урт үргэлжлэх нь тодорхой болж байгаа ч юм шиг санагдаж байлаа.
ХСҮТ гэх айлын хөдөлшгүй багана, гол цөм хүч нь болсон Ерөнхий мэс заслын тасаг найман эмчтэй. Гамбаа эмч тэднийхээ аав нь гэсэн үг. Мэс заслаа хийнэ, залуу эмч нараа чадавхжуулна, сургалт хийнэ, шинэ технологи, багаж хэрэгсэлд суралцуулна, гадаад руу туршлага судлуулахаар явуулна гээд ажил мундахгүй, түүнд. Тэрбээр “Багш маань “Өөрийгөө хагалах хүнийг л бэлдээрэй” гэж хэлдэг байсан юм. Би ч багшийнхаа адилаар өөрийгөө хагалах хэдэн сайн эмч бэлдэх санаатай л зүтгэж байна. Манай хэд ч шантрахдаа шантраад, урам авахдаа аваад овоо л болж байна даа. Тэднийг сургахын тулд урдуур нь ороод хийгээд байж болохгүй. Бүх л зүйлийг тэнцвэртэй, дагуулахдаа дагуулаад, дагахдаа дагаад л явж байна. Надад загнуулаад, уйлж унжаад бөөн юм болж байгаа энэ залуучууд чинь ирээдүйд энэ тасгийг авч явна шүү дээ. Дараагийн үеэ ч эд өөрсдөө бэлдэнэ” гэлээ.
Тэр идэр залуухан байхаасаа буурал толгойтой гавьяат эмч болтлоо зүтгэж, өдгөө ХСҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийг ахалж яваа нэгэн. Түүний 36 жилийн өмнөх сонголт тагнуулч болох байжээ. Бүр Нийгмийг аюулаас хамгаалах яам (НАХЯ)-нд шалгалт өгөөд, дотоодыг аюулаас хамгаалах үйлсэд бэлтгэгдэж, гурван жилийн хугацаанд гурван үеийнхээ намтарыг судлуулж, ЗХУ руу сургуульд явахаар болоод байсан гэнэ.
Тэрбээр “Эмч болсон минь сонин түүхтэй. Тагнуулын сургуульд явах гээд бэлтгэгдээд байж байлаа. Аравдугаар анги төгсдөг жил ЗХУ-д Цэргийн хүн эмнэлгийн академид цэргийн эмчээр сургах дөрвөн хуваарь ирдэг юм.
Цэргийн алба хаасан хүмүүсээс шалгалт авсан ч нэг л хүн тэнцсэн юм билээ. Тэгээд гурван хуваарь нь хоосон буцах болоод байсан тул аравдугаар ангиа онц, сайн төгссөн хүүхдүүдээс шалгалт авахаар болсон гэсэн. Тухайн үед надад эмч мэргэжил нь чухал биш, сурах хот нь сонирхолтой, гоё санагдаад байлаа. Ленинград хот руу л явмаар санагдаад, сэтгэл хоргодоод болдоггүй дээ. Гэрийнхэндээ эмчээр сурах тухайгаа хэлсэн чинь ээж маань дуртай хүлээж авсан. Харин аав тийм ч дуртай биш, “Чи өөрөө мэд дээ. Энд өөр сургуульд бүртгэлтэй байгаа шүү дээ. Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцрох юм биш байгаа” гээд болгоомжилж байсан. Хэдийгээр би НАХЯ-нд бүртгэлтэй ч элсэлтийн ерөнхий шалгалт өгч байж хойшоо сургуульд явах эрхтэй болно. Хэрэв шалгалтдаа унавал хоосон хоцорно. Тэгээд цэргийн эмч болох шалгалтаа өглөө. Тухайн үед унавал унаг, дахиад боломж байгаа гэж бодож байв. Гэтэл яах ийхийн зуургүй л тэнцчихсэн. НАХЯ руугаа гүйж очоод “Уучлаарай, би хойшоо сургуульд явахаар боллоо. Эмч болно оо” гээд хэлж орхилоо доо. Нөгөөдүүл чинь уурлаад сүйд болж байна. Эвийг нь олж, аргалж гарч ирээд бэлтгэлдээ гарсан. Хавар нь шалгалт өгөөд, зун нь бэлтгэл хийж, тангараг өргөөд, намар нь сургуульдаа явсан. Галт тэргээр долоо хоног явж байж ЗХУ-д очсон. Ингээд л миний цэргийн эмч болох амьдрал эхэлсэн юм даа. Цэргийн сургууль учраас дүрэм, журам чанга, гэр рүү нь буцаахгүй, шалгалт ихтэй хэцүү байсан гээд л яривал сумогийн хэд шиг л амьдрал ярина даа. Манай сургууль чинь долоон жил сурч байж төгсдөг. Хүмүүсийн адил долоон жил таваргаж яваад, 1994 онд сургуулиа төгсөөд эх орондоо ирлээ. Сургуулиа төгсөж ирээд, Төв аймгийн Сэргэлэн сумын цэргийн ангид эмчээр томилогдож, хоёр жил орчим ажиллаад больсон. Одоо би бэлтгэл хошууч цолтой. Цэргийн албанаас халагдсан учраас бэлтгэл хошууч гээд байгаа юм. Дайны цагт би хошууч цолоо зүүгээд, үүрэг гүйцэтгэх эрхтэй гэсэн үг. Цэргийн ангиас мэргэжлийн мэс заслын эмч болохоор гарсан юм” гэсээр эмч болсон түүхээ ярилаа.
Гамбаа эмч цэргийн ангиасаа гараад, мэс заслын эмчийн дамжаанд элсэж, 1997 онд төгсөөд хавдрын эмнэлэгт ажилд орсон байна. Залуу насныхаа гал дөл, эрч хүч, хүсэл мөрөөдөл бүхнийг хүн ардын төлөө, хорт хавдар гэх аюулт өвчнөөс салгахын төлөө хичээж, зүтгэж яваа түүнийг мэс заслын эмч болдог жил аав нь ходоодны хорт хавдартай гэсэн онош сонсжээ. Ингээд л аав, хүү хоёр хавдар гэх өвчинтэй 24 жил хоёр талд тэмцсэн гэнэ.
Тэрбээр “Аав минь ҮНТЭТ мэс засалд орсон. Аавыг Хөдөлмөрийн баатар Г.Нямхүү, Хүний гавьяат эмч Ганбат нар хагалсан юм. Уг нь надад аавынхаа мэс засалд орох боломж байсан. Гэхдээ залуухан, резидент учраас үнэндээ айгаад чадаагүй. Бусдын адил “Аавыгаа эрүүл саруул болоод гараад ирээсэй” гэж залбираад мэс заслын тасгийн үүдэнд хүлээж зогссон. Гэхдээ эмч хүн ойр дотнынхоо хүний мэс засалд өөрөө ордоггүй гэх яриа байдаг. Тэгээд л тухайн үедээ ороогүй байх. Миний аав 50 гаруйхан насандаа хавдраар оношлогдож, хүнд өвдсөн ч түүнээс хойш эмч нарын ачаар надтай 24 жил хамт амьдарсан. Аав хагалгаанд орсныхоо дараа хоёр ч удаа химийн тариа тариулж, хордлогод орсон. Тэр үед химийн тариа хүчтэй ч байдаг байжээ. Хавдраараа биш, хордлогоор явчих гээд биднийг их сандаргасан. Химийн тариаг нь болиулаад, үндсэндээ өвчнийг нь “хаясан”. Хүмүүс “Чи мэс заслын эмч, тэр дундаа ходоодны хавдрын эмч учраас аав чинь ийм олон жил амьдарч байгаа юу. Тусгай ямар эмчилгээ хийдэг вэ” гэж асуудаг байлаа. Аав минь 1997 оноос хойш хавдрын эсрэг тэмцэж, хүүхдүүдээ хүний дайтай хүн болгоод, 81 насандаа бурхан болсон доо. Хэдийгээр би ходоод, бүдүүн, шулуун гэдсээр дагнасан мэс заслын эмч ч гэлээ аавдаа хийх илүү, нууц эмчилгээ байхгүй шүү дээ. Химийн тариа аавд сайн нөлөөлж, өндөр наслуулсан гэж боддог” гэв.
Харин тэр анхны мэс ажил, мэс заслын эмч болж байсан тухайгаа “26 жилийн өмнө мэс заслын эмч болж байжээ. Хамгийн анхны мэс засал нь олгой л байсан байх. Яваа яваандаа, хийж байгаа мэс засалдаа “донтсоор” байгаад өнөөдөрт хүрч дээ. Би ер нь хэнхэг хүүхэд байсан. Дадлагын оюутан байхдаа л гэртээ хонодоггүй, эмнэлэгт л байж байдаг байлаа. Монголд төгссөн оюутнууд чинь бие биенийгээ таньдаг, адаглаад бүгд багштай шүү дээ. Надад хэн хэн нь байгаагүй. ОХУ-д сургууль төгссөн учраас хэн ч намайг танихгүй. Би өөрийгөө хүмүүст таниулах хэрэгтэй боллоо. Тэгээд л идэвхтэй нь аргагүй эмнэлэг дээрээ байж л байдаг. Хашаанд байгаад байхаар нохой хүртэл дасдаг даа. Тэрэн шиг эмч нар маань надад дасаж, итгэж эхэлсэн. Мэс засалд дагуулж орно, бага зэрэг юм зааж өгдөг боллоо. Өчүүхэн жаахан авьяас байсан байж магадгүй. Олгой хагалаад сурчихлаа. Тэгсэн өнөөх эмч нар чинь “Гамбаа ороод олгой хагалаад ир” гэдэг болсон доо. Надад итгэж эхэлсэн гэсэн үг шүү дээ. Ингэж л мэс заслын эмч болох эхлэл тавигдсан. Одоо надад мэс заслаас өөр хийж чадах юм байхгүй. Миний хийж чадах ганцхан зүйл нь мэс засал” гэлээ.
Түүний мэс заслын эмч болсон ховор хувь заяа нь удмынх. Аавынх нь аав Тэсийн хүрээнд оточ маарамба байжээ. Гарын ур, ухаанаас нь тэр өвлөж, өнөөдрийн Ганбаатар эмчийг бүтээсэн гэж итгэдэг гэнэ.
Тэрбээр “Өвөө маань оточ лам байсан юм билээ. Хүмүүсийг үзэж, харна, эмчилнэ, эм тан бичиж өгнө. Хэлмэгдүүлэлтийн үеэр буудуулсан ч азаар амьд гарч, хоёр жил гаруй хугацаанд хөдөө нуугдаж амьдарч байгаад хотод орж ирсэн юм билээ. Ламаа больсон гэж ярих юм уу даа. Тэгээд эмээтэй минь танилцаад, гэр бүл болцгоосон гэсэн. Удам гэж ярьвал миний өвөө л байна даа. Бусдаар ч манайхнаас эмч, эмнэлгийн хүн байхгүй. Хүү минь эмч болох гээд анагаахад сурч байгаа. Хүн ер нь өөрийнхөө хамгийн сайн чаддаг юмыг л үр хүүхдэдээ ярьж, үлгэрлэдэг юм байна шүү дээ. Би мэс заслын эмч байж багшийн мэргэжлийн гоё, сайхан, муухайн тухай яриад байх боломжгүй. Миний яриаг сонссоор байгаад юм уу, эсвэл хувь заяагаараа ч юм уу, ямартай ч эмч болно гээд зүтгээд л байна. Би хүүгийнхээ сонирхолд оролцоогүй, өөрөө л шийдвэрээ гаргасан. Ер нь хүүхдийг дургүй юманд нь хүчилж болохгүй. Эмч гэдэг чинь хүчлээд болчихдог, эзэмшчихдэг мэргэжил биш. Хүүгийн минь хувь заяа яаж эргэхийг өөрөө л мэдэх байх даа. Сайн эмч болчихвол сайхан л байна. Одоохондоо учраа мэдэж байгаа юм уу, ойлгож байгаа юм уу бүү мэд. Нэг л их мундаг эмч болно, би чадна гэсэн нөхөр л явах юм байна шүү дээ” гэв.
Гамбаа эмчийг 1997 онд ажилд орж байхад нь үе тэнгийн шижигнэсэн тав, зургаан залуу эмч Хавдрын эмнэлэгт тал талаас ажилд орж. Одоо тэд Монголын өмнөө барьдаг чадварлаг эмч нар болж, эмнэлэг болгонд тасаг удирдаад, өвчтөнүүдээ эдгээж, амийг нь аварсаар яваа гэнэ.
Энэ тухай “Анх Хавдрын эмнэлэгт хүн байдаггүй байлаа. Энэ эмнэлэгт ирвэл үхнэ гэсэн ойлголттой байсан байх. Хавдар гэхээр л зугтаачихдаг байсан. Бусад эмнэлгээр л үзүүлээд яваад байдаг. Эмч, өвчтөн бараг л байхгүй. Ер нь цаг үе хэцүү байлаа шүү дээ. Одоогийнх шиг тусгай оёдлын утас гэж байхгүй. Одоо бүр оёгч машинтай болсон гээд бод. Тэр үед бид зах дээрээс оёдлын даавуун 100-гийн утас авчирч, 96 хувийн спиртэнд ариутгаад мэс засалдаа хэрэглэдэг байсан гээд л бод. Ер нь одоогийнх шиг сайхан байгаагүй ээ. Бээлий, нэг удаагийн хувцас гэж байхгүй. Мэс заслаас гарч ирэхдээ цусанд булагдсан хувцастай л байдаг байлаа. Сүүлд гадаадын эмч нар манайд ирж ажилладаг болсон. Явахдаа зарим нь хувцсаа үлдээнэ. Тэрийг нь сайхан угаагаад л өмсчихдөг байсан. Одоо ч харьцангуй сайхан болоод байна. Намайг ажилд ордог жил одоогийн УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, ХСҮТ-ийн Цээжний хөндийн тасгийн эрхлэгч Б.Ганзориг, Эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч Э.Амарсанаа, “Интермэд”-ийн А.Болд, Ц.Энх-Амгалан нарын хүмүүс ажилд орж байлаа. Өнөөдөр бүгд л хүлээн зөвшөөрөгдсөн эмч болжээ. Чиглэл, чиглэлээрээ дагнаж, мэргэжлийн болж байж эмч хөгжинө. Ийм учраас яг өөрийнхөө сонирхлын дагуу л зүтгэж, нарийн мэргэжлийн эмч болж байгаа юм. Хэдийгээр бид бүх төрлийн мэс засал хийх чадвартай ч нарийн дагнасан юм гэдэг чинь өөр шүү дээ. Биднийг залуу байхад бүх эрхтний хагалгаанд оруулчихдаг байсан. Бүгд л чадах чадах хэмжээндээ хийчихдэг байлаа. Одоо ч чадах байх. Гэхдээ шинжлэх ухаан, технологи өөрчлөгдөөд дагнасан хүнийхээ хажууд чадахааргүй болсон байх. Намайг нарийн мэргэжлээр сурч байхад бүдүүн, нарийн гэдсээр дагнасан хүн байгаагүй. Тэр үед бүдүүн, нарийн гэдэсний хүндрэл их байсан. Тэгээд Нямдаваа захирал “Гамбаа миний хүү бүдүүн, нарийн гэдсээр дагнах уу даа” гэж хэлээд л би энэ төрлөөр дагнасан. Манай мэс заслын эмч нар бүгд л хос мэргэжилтэй. Би зүрх, тархины мэс засалд орж байгаагүй. Бусад эрхтний мэс засалд бол оролцож байсан” гэсэн юм.
Эмч болгоны жаргал нь эмчилсэн өвчтөн нь эрүүл саруул явааг харах байдаг байх. Гамбаа эмч “Хагалсан, эмчилсэн хүмүүсээ цуглуулбал Бөхийн өргөө дүүрэх байх” гэж байна лээ.
Тэрбээр “Нэг гэр бүлийн хүмүүс хагалах чинь сонин юм байна лээ. Хамгийн анх аав, хүү хоёрт мэс засал хийж байлаа. Гэхдээ аав, хүү, хоёр ч гэлтгүй ээж хүү, хоёр худ, ах дүү, эхнэр нөхөрт мэс засал хийж л явсан. Энэ сонирхолтой түүх учраас ярьж өгье. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нэг өвгөн бүдүүн гэдэсний хавдар болоод олон жилийн өмнө манайд ирлээ. Эмчийнхээ үүргийг гүйцэтгээд хагалгааг нь амжилттай болгож, хавдраас нь салгаад явуулсан. Гэтэл гурав, дөрвөн жилийн дараа 80 гарсан өвгөн 50 гаруй насны хүүгээ хөтлөөд ирдэг юм. “Яав, яасан” гээд асуулаа. “Хүүгээ танаар л хагалуулах гэсэн юм. Ходоодны хавдар болсон” гэдэг юм. Нэг бүлийн хүмүүс хавдар туссан нь харамсалтай ч өвчнөөсөө салахын тулд биднийг хайгаад, зориод ирж байгаа нь сайхан. Бидэнд итгэж байна гэсэн үг шүү дээ. Тэгээд аль чадахаараа л хагална, аятайхан байлгах гэж хичээнэ, зүтгэнэ. Тэр өвгөн одоо 85 настай, энэ жил ирж надтай уулзаад явсан. Жил болгон л ирж уулзахыг хичээж, зүтгэдэг юм. Хамаг сайхан үгээ “өвөртлөөд” ирчихсэн сууж байдаг юм. Сая ирээд “Нас өндөр гартлаа сайхан эрүүл амьдарч байна” гэж хэлнэ лээ. Хүүгийнх нь бие сайн, малаа маллаад л байж байгаа гэсэн. Эмчилсэн хүмүүс маань эрүүл болоод, олон жил амьдарч байвал бидэнд үүнээс өөр хүсэх юм байхгүй. Саяхандаа, хэдэн жилийн өмнө нэг айлын ах, дүү гуравт мэс засал хийсэн. Тэд Өмнөговь аймгийнх байсан байх аа. Эхлээд том ахыг нь, дараа нь дүүг нь, дараагийн удаа дундахыг нь ч билүү дээ. Бие биеийгээ хөтлөөд, бидэнд итгээд л хүрээд ирж байгаа юм” гэв.
Р.Ганбаатар эмч өнгөрсөн жил Монгол Улсын Хүний гавьяат эмч цол хүртсэн юм. Тэрбээр “Хүний гавьяат эмч Пүрэвдорж “Гавьяа, шагнал гэдэг чинь тэнгэрийн таалал, төрийн таалал, түмний таалал гурав давхцахаараа л авдаг юм байна лээ” гэж ярьж байсан юм. Тэр нь давхацсан болоод л гавьяат эмч цол олгосон байлгүй дээ. Төр хишгээ хайрлаж байхад дургүйцэх хүн байхгүй байх. Аав минь мэнддээ намайг “Гавьяат эмч болчих болов уу” гэж горьдож байсан юм шиг байна лээ. Гэхдээ даанч харж чадаагүй. Аав 2021 онд бурхан болж, би 2022 оны наадмаар гавьяат болсон шүү дээ. Ердөө хэдхэн сарын дараа л болсон гэсэн үг. Уг нь харвал харахаар, хүлээвэл хүлээхээр цаг хугацаа байсан байгаа биз. Гэхдээ хорвоогийн аль болгоныг тэнцүүлж, болгож байх билээ дээ. Уг нь жилийн өмнө гавьяат болох яриа сонсогдсон ч сураггүй болчихсон. Тухайн үед өөртөө нэг хослол аваад, бэлдчихсэн л байлаа. Хэл, чимээгүй алга болчихоор нь хувцасныхаа шүүгээнд хийгээд мартчихсан. Гэтэл 2022 оны долдугаар сарын 6-нд Төрийн ордноос залгаад, 7-нд шагналаа ирж аваарай гэж хэлдэг юм. Хүн чинь тэгээд сандарчихдаг юм байна лээ. Тэгээд өнгөрсөн жил нь авсан пиджакаа гаргаж ирээд өмссөн чинь томдчихсон байв. Товчийг нь зөрүүлж хадсан чинь энгэр нь зөрчихсөн. Гэсэн ч тэр чигтээ л Төрийн ордон руу харайлгаж, гавьяат эмч болсон доо. Сонин, итгэж өгдөггүй юм байна лээ. “Хэнд хэлэх вэ, гавьяат болчихдог юм байх даа” гэж бодогдоод сонин мэдрэмж авсан даа” гэв.
Тэрбээр “Мэс ажил болгон өөр өөрийн онцлогтой, давтагдашгүй байдаг. Бид чинь хүний гэдсэн дотроос тав, зургаан килограмм хавдар авдаг шүү дээ. Том, том санаанд багтахгүй хагалгаанд оролгүй яах вэ. Гэхдээ тийм зүйлс мэс заслын эмчид л тохиолддог байх. Хамгийн түрүүнд санаанд орж байгаа нь,
Мэс заслын тасгийг засварлах болоод биднийг ийш, тийш нь нүүлгэсэн юм. Манай тасаг Баянгол дүүргийн эмнэлэгт байрлаж байлаа. Хүний эмнэлэгт, сав сааль муутай хүндхэн нөхцөлтэй байсан чинь Сүхбаатар аймгаас хүнд өвчтөн ирсэн. Бүдүүн гэдэсний хавдартай ч олон эрхтэн рүү нь үсэрхийлж, тархсан байсан. Нойр булчирхай, дэлүү, ходоод, нарийн гэдэс, бүдүүн гэдэс гээд зургаа, долоон эрхтэн зэрэг тайрах хагалгаа хийсэн. Тухайн өвчтнийг хараад тийм олон эрхтнээс нь хавдрыг салгаж чадахгүй, хэцүү санагдаж байлаа. Тэгээд чадахынхаа хэрээр тайрсан. Тэр хүний төрсөн дүү нь Герман Улсад эмчээр ажилладаг юм байна лээ. Ахынхаа хагалгааны дараа над руу залгахаар нь хавдрын зургийг нь үзүүлэхэд толгой сэгсэрч байсан. Тэгээд Германыхаа эмч нарт харуулсан чинь “Монголын эмч нар мэс засал хийдэг болжээ” гэж хэлсэн гэнэ лээ. Гэхдээ тэр хүн есөн сарын дараа нас барсан гэсэн. Хэдийгээр есхөн сар амьд байсан ч гэсэн тэр хүнд хэсэгхэн ч гэсэн амьдрал бэлэглэсэн гэж боддог. Хавдар туссан ч гэлтгүй хүмүүст нэг цаг, минут хүртэл амьд, амьсгаатай байна гэдэг чинь аз жаргал байдаг юм. Хэрэв хагалаагүй байсан бол тэр хүн сарын дотор л бурхан болох байсан байх.
Өөр гэвэл, Монголын бүх эмнэлгээр тойроод, онош нь олдохгүй, найдваргүй болчихсон нэг эмэгтэй манай эмнэлэгт ирлээ. Гэдэс нь цэрийгээд, онош нь олдохгүй байсан учраас хөнгөвчлөх тасаг руу шилжүүлсэн байсан. Өөрөөр хэлбэл, эмчилгээгүй, найдваргүй, үхлээ хүлээх тасаг гэсэн үг шүү дээ. Манай тасгийн эрхлэгч Д.Ягаан “Гамбаа чи нээгээд үзээч” гэхээр нь би үзэж, шинжлээд мэс засал хийлээ. Нээгээд үзтэл битүү ногоон идээ гараад ирсэн. Ногоон идээ байхаар нь хамгийн түрүүнд “Ямар ч байсан хавдар биш юм байна. Идээт үрэвсэл юм байна” гэдгийг ойлголоо. Тэгээд эмэгтэй хүн учраас савны гадуурх жирэмсэлт болсон уу, олгой нь хагарсан юм уу гээд л хайж өгсөн. Гэтэл тэр эмэгтэйн олгой нь тасраад, бүр ар нуруундаа оччихсон, тэр нь цоорчихсон байсан. Тэр их өвдөлтийг гурав, дөрвөн сар тэсэж, тэвчиж, мэдэрч явсан байсан шүү дээ, тэр хүн. Үнэхээр ус уух хувьтай, тэвчээртэй эмэгтэй байсан даа. Тээж явсан ногоон идээний өмхий нь эмнэлгийн хонгилоор дүүрэн үнэртэж байсан. Тэр эмэгтэй хавдар биш учраас долоо хоногийн дараа л эрүүл болоод, эмнэлгээс гүйгээд гарсан даа. Ганц охинтой, охин нь эмчээр сурдаг байсан бил үү дээ. Тэр хоёр хачин баяртай явсан даа. Би тэр хүнийг үнэхээр аварсан гэж боддог шүү. Санаанаас огт гардаггүй юм. Тэр хүн одоо ч эрүүл саруул яваа гэдэгт итгэдэг. Бас нэг сонин тохиолдол бий.
Сэлэнгийн нэг өндөр настай эмэгтэй түгжрэл болсон гээд манай эмнэлэгт ирсэн. Хагалаад үзсэн чинь хоёр бондгор хар юм гараад ирэхээр нь судалгааны багийнхан руу явуулчихлаа. Тэгсэн тэд “Банана?” гэж бичээд буцаагаад явуулсан байсан. Гэтэл тэр эмэгтэй хатаасан банана залгичихсан юм билээ. Тэгээд ходоодоор нь дамжаад, нарийн гэдсэн дээр нь гацсанаас болж, хөөгөөд түгжрээ болчихсон байсан. Түүнд “Гэдсэн дотор чинь банана байсан байна шүү дээ” гэтэл “Тийм тийм, нэлээд эрт идсэн. Эгч нь даахгүй болохоор нь залгичихсан юм аа” гэж билээ. Сонин, сонин тохиолдол их болно оо. Санаанд орж байгаа нь цөөхөн болохоос” гэлээ.
Хавдрын өвчлөл өдрөөс өдөрт залуужиж, гэр бүл бүрд аюулын харанга дэгдээж буй энэ цаг үед иргэдийг эрүүл хооллож, эмнэлгийн байгууллагад тогтмол үзүүлж байхыг Гамбаа эмч зөвлөж байна лээ. Тэрбээр “Монголд зарим хавдрын өвчлөл бага, зарим нь өндөр байна шүү дээ. Ийм учраас иргэд эрт илрүүлэгт хамрагдаж, эмнэлгийн байгууллагад жилд ядахдаа нэг удаа тогтмол үзүүлж байх шаардлагатай. Өндөр хөгжилтэй зарим оронд хавдрын эрсдэл яагаад бага байгаа вэ гэхээр иргэд нь байнгын эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж байна. Манайхан л хавдрын гурав, дөрөвдүгээр шат хүртэл нь явж, өөрийгөө үл хайхарч байна шүү дээ. Зарим иргэн эрүүл хооллолт гэхээр үнэтэй хүнс, хоол авч иднэ гэж ойлгоод байдаг юм шиг байна лээ. Эрүүл хооллоно гэдэг чинь гэртээ амт чанартай хоол идэж, зөв цагтаа хооллохыг хэлдэг юм шүү” гэв.
АМЬДРАХ, АВРАХЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |