Их сургуульд элсэн орж буй шинэ оюутнуудын хувьд хамгийн догдлом үе эхэлж байна. Гэвч шинэ орчин, олон сорилт, шинэ хариуцлага заримдаа айдас төрүүлдэг. Тиймээс оюутны амьдралд хурдан дасан зохицож, амжилттай суралцахад туслах зөвлөгөөг хүргэж байна.
Цагийн менежменттэй байх
Их сургуульд суралцаж буй оюутанд цаг хугацаа хамгийн үнэ цэнтэй. Цагийн зохицуулалтгүй байдлаас болж бие даалт, шалгалт зэргээс хоцрох магадлалтай байдаг. Тиймээс өдрийн болон долоо хоногийн төлөвлөгөө гаргаж өөрийн цагийг төлөвлөөрэй.
Өглөөний цайгаа тогтмол уух
Өглөөний цайгаа тогтмол ууж хэвшсэнээр эрүүл мэндээ хамгаалж, дархлааны тогтолцоог дэмждэг. Мөн өглөө бүр өдрийн хоолоо авч явснаар санхүүгээ хэмнэх боломжтой. Өглөөний цай оюун ухаан, бие махбодод эрч хүч өгдөг, анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлдэг.
Сайн дурын ажил хийх
Оюутан байхдаа хийж үзэх боломжтой сайн дурын ажлууд сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Сайн дурын ажил хийснээр хүрээллээ тэлж, олон дурсамж бүтээх боломжтой. Сайн дурын ажилд оролцсоноор оюутан туршлага, ур чадвар, харилцааны сүлжээгээ тэлж, нийгмийн идэвхтэй иргэн болж төлөвшдөг.
Эрт унтаж амрах
Их сургуулийн амьдралд оюутнууд ихэвчлэн оройтож унтах зуршилтай байдаг. Гэвч чухал зүйл хийхгүй бол шөнө оройтож унтах хэрэггүй. Ялангуяа ачаалал ихтэй, хичээл ихтэй үед сайн унтаж амрах нь илүү чухал. Нойр эрч хүч нөхөх гол хэрэгсэл бөгөөд эрүүл байх үндэс суурь болдог. Шөнө 8-9 цаг унтахад нойр бүрэн хангагдаж, биеийн болон тархины амралт бүрэн гүйцдэг. Сайн унтаж амарсан оюутан хичээлдээ илүү төвлөрч, мэдээллийг хурдан шингээж, суралцах чадвар сайжирдаг.
Хүрээллээ зөв сонгох
Их сургуульд шинэ оюутанд хүрээлэл, найз нөхөд хамгийн их нөлөөлдөг. Зөв хүрээлэлтэй байснаар суралцах идэвх, сэтгэл санаа, хувийн хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг.
Таны амжилт, сэтгэл санааны тогтвортой байдал, идэвхтэй байдал нь хүрээлэл тодорхой байдлаар нөлөөлж байдаг.
Сонирхол, зорилго, үзэл бодол ойролцоо хүмүүстэй цагийг өнгөрөөх. Ингэснээр шинэ санаа, туршлага хуримтлуулах боломжтой.
Хичээлээ цагт нь хийх
Их сургуульд сурах үед хичээл, лаборатори, семинар, төсөл зэрэг олон даалгавар зэрэгцэн ирдэг тул хичээлээ цагт нь хийж сурах нь амжилттай суралцах гол үндэс юм. Хойш тавьсан даалгавар стрессийг нэмэгдүүлж, анхаарал төвлөрөлтөд сөрөг нөлөөтэй. Хичээлээ цагт нь хийснээр суралцах идэвхийг нэмэгдүүлж, хичээлийн амжилтыг баталгаажуулдаг. Хичээлээ цагт нь хийж сурах нь зөвхөн амжилттай сурахад төдийгүй, стресс багатай, тогтвортой амьдрахад тусалдаг. Шинэ оюутан та хичээлээ цагт нь хийж, амжилтын замаа бат бөх тавиарай.
Шинийг эрэлхийлэгч байх
Их сургууль бол зөвхөн лекцэд суудаг газар биш, шинэ санаа, туршлага, боломжийг эрэлхийлэх боломжтой орчин. Шинэ оюутан та өөрийгөө хөгжүүлэх дадал, хоббиг бий болгоорой. Их сургуульд шинийг эрэлхийлж, шинэ туршлага хуримтлуулах нь зөвхөн суралцах чадварыг нэмэгдүүлэхээс гадна ирээдүйн карьер, хувийн хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг. Шинэ оюутан та эрэлхийлэл, сонирхолдоо хязгаар тавилгүй суралцаж, өөрийгөө хөгжүүлээрэй.
ШИНЭ ОЮУТАНД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ |
|