• Өнөөдөр 2024-05-05

О.УУГАНБААТАР: Дэлхийн медалиас хоёр ч удаа атгаад алдсан

2023-12-18,   1843

         Нэр хүнд, чансаагаараа олимп, ДАШТ-ий дараа эрэмбэлэгддэг “Бага дэлхийн аварга” хэмээн нэрлэгддэг Токиогийн “Их дуулга” тэмцээнд түрүүлсэн Монголын цорын ганц анхны эрэгтэй жүдочин гэвэл О.Ууганбаатар билээ. Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий тавдугаар байрын шагналт, “Токио 2017” гранд сламын аварга Отгонбаатарын Ууганбаатартай ярилцлаа.

                 -Монголын 81 кг-ын жингийн бөхчүүд их хүчирхэг, дэлхийд дээгүүр барилддаг байсан. Гэтэл ОУХМ Н.Дагвасүрэн, та хоёроос хойш жаахан зогсонг байдалд орчихлоо. Ганц нэг сайн залуучууд байгаа хэдий ч та хоёрын хэмжээнд хүртэл олон улс, тив, дэлхийн тэмцээнд өрсөлдөөн өрнүүлж чадахгүй байгаа. Юунаас болоод монголын 81 кг-ын жингийн бөхчүүдийн амжилт сулараад байна вэ?

-ОУХМ Н.Дагвасүрэн бид хоёр барилддаг байхдаа хооронд их өрсөлдөөн өрнүүлдэг байлаа. Хамтдаа тэмцээнд явахдаа нэг нь нэг хожвол, нөгөөх нь түүнийг нь давуулан  2-3 ялалт авах ёстой гэж хичээж барилддаг байсан. Ер нь өрсөлдөөний дундаас л амжилт гарч ирдэг. Бид хэн нэгнийхээ сул талыг нөхөж, гаргасан алдааг нь давтахгүй байх, түүнийг нь засаж залруулах тал дээр анхаардаг байв. Тэр бүхэн бидний давуу тал байсан болов уу гэж боддог.

Харин одоогийн 81 кг-ын жинд өрсөлдөөн байхгүй болжээ. Ганц шилдэг тамирчин нь гадны тэмцээнд яваад байна. Түүнтэй ижил тэнцүү өрсөлдөөн өрнүүлэх бэлтгэл хангагч байхгүй юм шиг харагддаг. Сайн бэлтгэл хангагч байхгүй тохиолдолд ганц шилдэг тамирчны бэлтгэл унаад, амжилт сулардаг тал бий.

 -Азийн пара спортын наадамд дасгалжуулагчаар ажиллаж байгаа харагдсан. Зодог тайлаад дасгалжуулагчийн ажилд шилжсэн юм уу?

-Пара жүдо бөхийн тамирчидтай сүүлийн зургаан сарын хугацаанд ажиллаж байгаа. Яагаад гэхээр манай эхнэр пара жүдо бөхийн дасгалжуулагч хийдэг юм. Тийм болохоор эхнэртэй тус дэм болж, багшилж байна. Бидний хамтарч ажилласны үр гарч сүүлийн оролцсон  2-3 тэмцээнд пара жүдочид амжилт гаргаад эхэлсэн. Эхнэр бид хоёрын гар нийлсэн, ажлын үр дүн гарч байгаа болохоор сэтгэл ханамжтай, өөдрөг байна. Тэрнээс биш би зодог тайлаагүй байгаа.

 -Дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдаад хожигдож, тавдугаар байрт шалгарч байсан. Тэр үнэхээр харамсалтай байрилдаан байсан шүү?

-2013 онд Бразил Улсын Рио Де Жанейро хотод болсон жүдо бөхийн ДАШТ,  түүний дараа 2017 онд Унгар Улсын Будапешт хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёуланд нь тавдугаар байрт орсон. Тэр үед бэлтгэл их сайн байсан. Багш нар бэлтгэл, сургуулилалтыг маш чанартай хангаж өгсөн. Өөрийн гаргасан алдаанаас болж дэлхийн аваргын медалийн оосроос хоёр удаа атгаад л алдсан. Тэрнээс биш бусдаас болсон, гадны ямар нэгэн нөлөө байгаагүй. Өөрөөсөө болсон болж ДАШТ-д тавдугаар байрт орсон болохоор харамсаад байдаггүй. Гэхдээ яах вэ. Болох ёстой юм жам ёсоороо болсон байлгүй. Түүнд гутраад байхгүйгээр урагшаа харж, өөдрөг хүсэл тэмүүлэлтэй явж байгаа даа.

-Токиогийн “Бага дэлхийн аварга” хэмээх их дуулга тэмцээнд түрүүлсэн Монголын цорын ганц эрэгтэй жүдочин бол та шүү дээ. Жүдо бөхийн эх оронд түрүүлнэ гэдэг бахархалтай зүйл байсан биз?

-Токиогийн гранд слам тэмцээнд Монголынхоо эрэгтэй жүдочдоос анх удаа түрүүлсэндээ баяртай явдаг. Эмэгтэй жүдочдоос М.Уранцэцэг аварга түрүүлсэн байдаг юм. Монгол Улсад жүдо бөх хөгжсөний 50 жилийн ой дээр Токиогийн гранд сламд түрүүлсэн. 2017 оны ДАШТ-д тавдугаар байрт ороод Токиод очсон. Тэр жил бэлтгэл үнэхээр сайн байлаа. Нэг жилд таван гранд слам тэмцээн болдог юм.  2017 онд таван гранд слам тэмцээний  дөрвөн гранд сламаас нь медаль хүртэж байлаа. Багш, дасгалжуулагч нар бэлтгэл сайн тохируулж өгсөн болохоор үр дүн нь гарсан. Даан ч дэлхий аваргаас медаль авч чадаагүй нь жаахан тиймэрхүү байна даа.

 -Токиогийн их дуулгын дөрөвний нэгийн шигшээ барилдаанд ОУХМ Н.Дагвасүрэнг хожоод, аваргын төлөөх барилдаанд Өмнөд Солонгосын Ли Сунхоог ялж, алтан медаль хүртсэн бил үү?

-Тийм ээ, Дагваатайгаа зооны аваргын төлөө барилдаад, Өмнөд Солонгосын бөхтэй аваргын төлөө барилдсан. Токиогийн их дуулгад би хоёр Солонгостой барилдсан юм. Эхний тойргийн барилдаанд Солонгосын бөхийг ялсан.  Тэгээд л нөгөө зооны аварга болсон Солонгосыг хожиж Токиогийн их дуулгын алтан медалийг хүртэж байсан.

-Монголын эмэгтэй жүдочдоос МУГТ М.Уранцэцэг, эрэгтэйчүүдээс таныг хэвтээ барилдаанд хамгийн сайн барилддаг байсан гэдэг. Манай залуу бөхчүүд босоогоос хэвтээ барилдааны залгаас дээр алдаа гаргаад байна уу?

-Босоо, хэвтээ барилдааны залгаас их чухал. Барилдааны цагийн хуваарилалт гэдэг хувь тамирчнаас шалтгаална. Хэвтээ барилдаанд сайн байх нь тухайн тамирчны хичээл, зүтгэлтэй л холбоотой. Тэмцээний дөрвөн минутын барилдааны ядаж нэг минут 30 секундыг нь партерийн хэвтээ барилдаанд авчих юм бол ядралт, цуцалт бага байна шүү дээ. Босоо барилдаанаас үнэлгээ авах гэж маш их хүч, цаг хугацаа зарцуулдаг . Хэвтээ барилдаанд 20-30 секундын дотор өчиг, боолт, даралтаар цэвэр ялалт авах боломжтой. Тийм болохоор партерийн хэвтээ барилдаан хамгийн чухал байдаг.

    

-Ер нь манай 81 кг-ын жингийн бөхчүүдийн хэвтээ барилдааны ур чадвар их сайн байжээ. ОУХМ Д.Нямхүү Ази тивийн аварга болохдоо Японы бөхийг боох мэхээр ялж байсан байх аа?

-Манай 81 кг-ын жинд ОУХМ Д.Нямхүү ах партерийн хэвтээ барилдаанд маш сайн барилддаг байсан. Монголын жүдочдоос хамгийн анх хэвтээ барилдаанаас Японы бөхийг боох мэхээр хожиж байсан нь Нямхүү ах байгаа юм.

-Жүдо бөхөөр хэдэн  жил хичээллэсэн бэ. Анх жүдо бөхийг сонирхон хичээллэх болсон түүхээсээ хуваалцахгүй юу?

-Жүдо бөхөөр анх 2003 оноос хичээллэж эхэлсэн. Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч П.Нямлхагва, миний үеэл ах байгаа юм. Намайг Цонжин Болдогт хөдөө өвөө, эмээгийндээ мал дээр байхад Нямлхагва багш, гавьяат Д.Нармандах ах, Эрка ах нар агаар салхинд гарах гэж ирдэг байлаа. Нэг удаа ирэхдээ гавьяат Д.Нармандах ах “Чи хөдөө малчин хийж байхаар хот руу орж жүдо бөхөөр барилдаач” гэсэн санал тавьсан. Тэр үеэс хойш хорь гаруй жил жүдо бөхөөр тасралтгүй хичээллэж яваа.

             

-Токиогийн олимпод Н.Дагвасүрэн, та хоёрын хэн нэгийг барилдана гэж байсан. Гэтэл С.Моллай аварга барилдсан. Түүнээс хойш Н.Дагвасүрэн, та хоёрын урам зориг, хүсэл, тэмүүлэл жаахан буурчихсан уу?

-Тийм ээ, 2020 оны олимпод барилдана гээд Дагваа бид хоёр их хичээж байсан юм. Бидний хоорондын өрсөлдөөнч сайн байсан. Дагваа 2018 оны Азийн аваргад түрүүлсэн. Би 2019 оны Азийн аваргад түрүүлчихсэн байсан үе. Гэтэл гэнэт л Ираны тамирчин ирж, бид олимпод оролцох боломжгүй болсон. Хүний бэлтгэл хангагч хийх гэж байгаа биш, түүнээс хойш бид ямарч зорилгогүй болчихсон. Тамирчдын гол зорилго олимп, дэлхийн аваргын ноён оргилд хүрэх шүү дээ. Тэр үеэс хойш барилдах эрч хүч, урам зориг суларсан тал бий. Түүний дараагаас амжилт гаргах гэж зорих биш, өөрийнхөө эрүүл мэндэд илүү анхаарч жүдо бөхөөрөө хичээллэх ёстой юм байна гэж бодох болсон.

                                     

-Таныг жүдо бөхийн УАШТ-д хамгийн олон түрүүлсэн гэдэг санагдах юм. Хэдэн удаа УАШТ-д түрүүлсэн бэ?

-Жүдо бөхийн УАШТ-д хамгийн олон түрүүлсэн бөх би бишээ. Улсын аваргад хамгийн олон 9-12 удаа түрүүлсэн  бөхчүүд байдаг. Хамгийн олон түрүүлсэн нь Б.Бат-Эрдэнэ аварга гэдэг байх. Одхүү ах бас олон түрүүлсэн байдаг. Миний хувьд УАШТ-ээс найман алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медальтай.

-Одоо барилдаж буй 81 кг-ын жингийн залуу бөхчүүдийн ур чадварыг ямар аргаар дээшлүүлэх боломж харагдаж байна вэ?

-Ер нь нэг жин дээр чанартай 2-3 өрсөлдөгчид байх ёстой. Өрсөлдөөний дундаас сайн тамирчин гарч ирнэ. Тэгээд л нэг, нэгнийгээ дагаад бүгд хурдан сайжирдаг юм. Манай улсын 60, 66, 73 кг-ын жингийн өрсөлдөөн сайн болохоор ундрага сайтай, олон шилдэг тамирчид төрөн гарч байгаа. Тийм ч учраас тэдний хэн нь ч гадны тэмцээнд яваад сайн барилдаж байна. Харин 81, 90 кг-ын жингийн өрсөлдөөн сул байгаад байгаа юм. Манай жинд Н.Дагвасүрэн гэдэг сайн өрсөлдөгч байсан учраас би сайн барилддаг байсан. Бидний амжилтууд шударга, ширүүн өрсөлдөөний үр дүн болов уу. Бид хоёр гадны тэмцээнд ижил тэнцүү хэмжээнд сайн барилдаж чаддаг байлаа. Хэдийгээр бид дэвжээн дээр өрсөлдөгчид байсан хэдий ч жирийн амьдрал дээр дотно сайн найзууд. Нэг жинд хамтдаа Монгол Улсын нэрийг гаргаж явсан Дагваа найз даа баярлаж явдаг шүү гэдгээ уламжилъя.


О.УУГАНБААТАР: Дэлхийн медалиас хоёр ч удаа атгаад алдсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188