• Өнөөдөр 2025-08-13

ХАГАЦАЛ БОЛГОНЫГ СӨРЖ, ҮҮРД ХАЙРЛАНА

2025-08-13,   40

-ГЕНЗЕЛЬ, НАТАША ХОЁРЫН ХАЙРЫН ГУНИГТ ТҮҮХ-
 
       Сэлэнгэ аймгийн Дулаанхаан уулын өвөрт хоёр цагаан чулуу гэрэлтэн оршино. Цас, бороо, нар, салхинд элэгдэх тусмаа цавцайн цайрах хос цагаан чулууны дор ЗХУ-ын баатар Гензель, түүний хайрт бүсгүй Наташа хоёрын алтан шарил үүрд нойрсон буй. Зэрвэсхэн харвал нүдэнд торохооргүй тэр жижигхэн хоёр чулууг 70 жилийн өмнө хэн нэгэн тэдний үнэнч, мятрашгүй хайранд зориулан босгожээ. 
Наташа. Энэ бол миний сонсож байсан хамгийн сайхан орос нэр. Түүнийг давалгаа шиг цолгиун, гүн цэнхэр нүдтэй, нарны цацраг шиг гэрэлт царайтай, сул сүлжсэн өтгөн шаргал үстэй, гуалиг гэж жигтэйхэн нуруулаг эмэгтэй байсан байх гэж төсөөлдөг. Харин түүний хайртай залуу Гензель хэн ч харсан сүрдмээр бадриун сайхан биетэй, охид, бүсгүйчүүдийн зүрх, сэтгэлийг татахаар нүдэнд дулаахан төрхтэй, ер бусын хүчтэй, зоримог эр байсан биз ээ. 
 
    ...Гензель, Наташа хоёр уг нь дайн байлдаангүй, энх тунх цагт эх орондоо бие биедээ хайртай болцгоожээ. Анхны харц, анхны үнсэлт, жаргалтай ирээдүйн талаарх гэгээн мөрөөдлөөр жигүүрлэсэн залуухан хосын бие бие рүүгээ тэмүүлэх хайр цаг хугацаа өнгөрөх тусам ганцхан амьдрах хугацаанд дэндүү ахадхан зовлон, бэрхшээл, тасралтгүй ирэх сорилтуудыг даван туулах хэрэгтэй болж байсан уу гэлтэй. Хайрлах, хамт байхыг хүсэх тусам хясал, тэмцэлтэй учирч байсан тэдний эр зоригтой хийгээд гунигт түүхийг уншигч танд сонирхуулъя.  
 
ЗХУ-ЫН БААТАР ГЕНЗЕЛЬ БОЛОН ВЛАСОВЫН АРМИЙНХАН 
МОНГОЛД ИРСЭН НЬ 
 
       1950-аад оны үед монголчуудын ярианы гол сэдэв “505”-ынхан буюу Власовын армийнхны тухай сэрдхийлгэм хийгээд түгшүүртэй ярианууд байдаг байжээ. А.А.Власов нь ЗХУ-ын өмнөө барьдаг генералуудын нэг. Дэлхийн хоёрдугаар дайнд германчууд Киев хотыг бүслэчихээд, Ленинград руу дайрахад бэлэн болчихсон байсан үе. Тиймээс И.В.Сталин Ленинградын ойролцоох армийг А.А.Власовт даатгасан байдаг. Гэвч тулалдаанд оролцох ёстой Оросын 52, 54, дөрөвдүгээр арми төлөвлөгөөний дагуу дайтаагүй аж. Тэдний учруулсан балгаар Власовынхан урагшилж ч чадахгүй, ухарч ч чадахгүй намагт суун германчуудад олзлогдсон түүхтэй. Гэхдээ генерал А.А.Власов А.Гитлерт “Би Сталины бодлого, үзэл суртлыг эсэргүүцдэг” хэмээгээд 50 мянга гаруй олзны цэргээс бүрдсэн тусгай армийг нь удирдан оросуудынхаа эсрэг гурван жил тулалдсан байдаг. Үүнийг нь мэдсэн И.В.Сталин “Олзлогдсон болон тулаанаас ухарсан цэргүүдийг эх орноосоо урвасанд тооцож, өчиггүй буудаж, хөнөө” хэмээн тушааж байв. А.А.Власов цэргүүддээ “Би та нарыг амьд үлдээхийг хүсэж байна. Бид германчуудад, ер нь хэнд ч бууж өгөөгүй. Дээр нь бас И.В.Сталины харгис үзэл, суртлын эсрэг тэмцэж байгаа юм шүү” хэмээсэн байдаг. Гурван жил гаруйн хугацаанд эх орон, ахан дүүсийнхээ эсрэг тулалдсан А.А.Власовын хэсэг цэрэг оросуудад албаар бууж өгснөөр Власовын арми тэр чигтээ олзлогдон, Оросдоо эргэн иржээ. Ингээд элэг нэгтнүүдийнхээ эсрэг дайтсан армийн генерал А.А.Власовыг 12 албатынх нь хамт шууд дүүжлэн хороож, цэргүүдийг нь Сибирийн чанга дэглэмтэй “Гулаг” шоронд руу илгээсэн байдаг. Тэр шоронд онц аюултай гэмт хэрэгтнүүдийг хорьдог учир хэн ч амьд гардаггүй гэгддэг байж. Тухайн үед БНМАУ-ын удирдагч Х.Чойбалсан И.В.Сталинд А.А.Власовын армийн хоригдлуудаар төмөр зам, нефтийн үйлдвэр бариулах хүсэлт гаргаж, 3000 хоригдол авчирснаар, монголчуудын дунд “505-ынхан” гэх үлгэр домог шиг цуу яриа гарах болжээ. Тийн Монголд хүчээр “цөллөгдсөн” орос хоригдлуудын нэг нь ЗХУ-ын баатар Гензель юм. 
 
ГЕНЗЕЛЬ ХААНА НАТАША ТЭНД
 
      Дайны сураггүй энх тайван цагт үеийнхнээсээ зоримог, зөрж өнгөрсөн бүсгүй бүхнийхээ харц, хайрыг булаасан Цэргийн сургуулийн сонсогч Гензель залуусын сэтгэлийг соронзон мэт татсан Сувилагчийн сургуулийн оюутан Наташа хоёр бие биедээ дурлан олон аавын хүү, ээжийн охины зүрхийг шархлуулан үерхсэн байдаг. Тэд амьдралын ямар ч саад бэрхшээлийг нэгнийхээ төлөө даван туулж, үргэлж хамт байхаа амлаж зогссон Гензельд ангид нь бэлэн байдал зарласан тухай мэдээ ирсэн нь дэлхийн II дайны эхлэл байлаа. Сэтгэлт бүсгүйнхээ хацар дээр үнсээд гүйж одсон Гензель тэр чигтээ дайнд мордсон байдаг. Харин Наташа эх орныхоо төлөө шархдаж, бэртсэн цэргүүдэд туслахаар Гензелийн тулаанд орж байгаа хэсэг рүү араас нь очсон байдаг. Дайны халуун цэгт тэд дахин учирч, хүнд хэцүү цагийг хамтдаа туулж байтал Власовын арми германчуудад олзлогдож,  сураггүй болов. Наташа гурван жил хайртай залуугаа амьд мэнд ирнэ хэмээн итгэж, үхэл амьдралын дунд, дайны талбарт сувилагчаа хийсээр байж. Власовын арми нутаг нэгтнүүддээ олзлогдон ирж, Сибирийн шорон руу ачигдсаны дараа Гензель өөрийн хүсэлтээр шоронгийн сувилагч болон араас нь очсоноор тэд дахин уулзсан байдаг. Гачлантай нь, тун удалгүй хоригдлуудыг Монгол руу ачжээ. Гэсэн ч Наташа бууж өгсөнгүй. Ханилан сууж, жаргал амсаагүй ч хайртай залуугийнхаа араас Монгол руу тэр тусмаа Сэлэнгийн Дулаанхаан суманд ирсэн байна. Ид шид эсвэл зүүд гэмээр учрал ерөөлөөр тэд дахин уулзсан нь тэр. 
ГЕНЗЕЛЬ ОРГОСОН НЬ
 
     Тэр үед “505-ын”-хныг эх орноосоо урвасан урвагчид учир хүнд хүчир ажилд зүтгэж байгаад үхэх тавилантай, үхсэн ч амины гарзгүй, хэн ч тоохгүй хүмүүс хэмээх ойлголтыг оросууд монголчуудад өгч байлаа. Тэр хэрээр гарсан хэрэг, төвөг болгоныг “505-ын”-хан руу чихэж, ихэвчлэн хэлмэгдүүлдэг байж. Үнэхээр ч тэднийг Монголд авчирсны дараахан төмөр зам дагасан аймаг, сумдад гэмт хэргийн тоо эрс нэмэгдсэн байдаг. Тухайлбал, Дорноговь аймгийн Өргөн суманд оросууд нэгэн эмэгтэйг хүчиндэж, гэрийг нь зэлтэй ботготой нь галдан шатаагаад зугтсан хэрэг гарсан байна. Гэтэл энэ хэргийн буруутныг “505”-ынхан гэж цоллоод зогсохгүй “Хүчин, танхайн хэрэг хийсэн хоригдлуудыг зэрэгцүүлэн зогсоож байгаад харгалзагч нь шууд буудчихсан гэнэ” гэх яриа олны дунд тархсан байна. Үүнтэй залган өөр нэг аймшигтай дээрэмчин оргодол сумын төлөөлөгчийн морийг булааж унаад, айлын хониноос шүүрч аваад уул руу зугтсан. Түүний шивээстэй гарыг авчирвал хүн алсанд тооцохгүй. Харин ч өндөр шагнал өгнө хэмээх яриа хаа сайгүй тарж. Шивээстэй гар гэж тодотгосны учир нь власовчуудыг шоронд ороход нь бусад хоригдлоос ялгахын тулд “505” гэсэн тамга гар дээр нь дарж, тэмдэг тавьсан юм байна. Энэ мэтээр хоригдлууд цаг наргүй, хоол, ундгүй шахам хүнд хүчир ажил зогсолтгүй хийхийн зэрэгцээ байнгын хардлага, үзэн ядалт, хэлмэгдүүлэлт дунд жинхнээсээ “тарчилж” байсан гэдэг. Хоригдлуудад нэг бол хэлмэгдэж үхэх, эсвэл амьсгалаа таттал ажиллахаас өөр сонголт, боломж гэж байсангүй. Иймд Наташа Гензелд уулсаар дамжин явсаар эх нутаг руугаа зугтах арга зааж, Дулаанхаан ууланд бүгэж байхад нь өөрөө очиж уулзаад дараагийн төлөвлөгөөгөө хамтдаа гаргахаар тохирсон байна. Бүх зүйл амжилттай болж, Гензель оргож чаджээ. Одоо Наташад хайртай залуугийнхаа араас аль нэг рот, байлдааны зурвас, гяндан, харь улсын тогтсон хаяг, байршилтай газарт зорин очих бус оргож, зугтаж яваа эр нөхрөө модод, уулсаас хайх хүндхэн ч өмнөхөөсөө ялгаатай нь эрх чөлөөтэй уулзалтууд үлдсэн.  
 
АМЬД Л БАЙВАЛ БИД ЗААВАЛ УУЛЗАНА
 
      Сэлэнгийн таван хаан уулын нэг бол Дулаанхаан. Энэ уулын тахилгатай оргилын зүүн хойно хорь, гучаадхан метрийн зайд том хадан хана бий. Тэнд орогнож, ёроолд нь тогтсон бороо, цасны усаар амь зогоодог байсан олон сайн эрийн нэг нь ЗХУ-ын баатар, хошууч Гензель. Тэр хоёрын хайрын түүхийн эрэлд бид Дулаанхаан уул руу гарсан бөгөөд дээш мацах тусам зам нь хүнд хэцүү болох бөгөөд нэг л эвгүй гишгэвэл халтирч, унаж хөл, гараа бэртээх, цаашлаад амиа алдаж ч мэдэхээр юм. Гэвч Наташа, Гензель хоёрт үүнээс өөр сайхан зам байгаагүй биз ээ. Тэдний хэн хэн нь “Бид амьд л байвал заавал уулзана” гэсэн тэвчээр, хүсэл тээсээр мацдаг, ядарсанаа ч анзаарах сөхөөгүй зүтгэдэг байсан биз ээ. Эрх танхи бүсгүй хүнд дэндүү ахадсан учрал, хувь тавилангийн эзэн Наташа энэ уулын хаа нэгтээ Гензелийг хайн гүйж явахдаа жаргалтай байсан болов уу. Хэчнээн удаа хөвчийн амьтанд бариулах шахаж, эрлийн багийнханд баригдах дөхсөн ч түүний хайр сэтгэл, зориг, тэвчээрийг юу ч зогсоож чадаагүй юм.
 

      ...Тэр үүр дөнгөж хаяарахтай зэрэгцээд уул руу гүйдэг ч үд хэвийх алдад арайхийн товлосон газраа хүрнэ. Болзоот газар дөхөх тусам Наташа унаж, ойчиж бэртэж, гэмтсэнээ мартана. Товлолт газартаа очоод намуухан дуу аялахад нь түүний дуунаар Гензель хаанаас ч юм гарч ирдэг байж. Гензель “Чамайгаа орхиод явчихаж чадахгүй юм. Эх орондоо очоод ч би эсэргүү, ялтан. Энд байсан ч оргодол, босуул. Иймд цаг наашилж, бүх зүйл тайван болтол хоёулаа энэ л янзаараа уулзаж байгаад, боломжит цаг ирэхээр сайхан амьдаръя. Амьд л байвал бид заавал уулзана” гэдэг байж. Тэд ийн зогсохдоо нууцаар уулзаж байгаагаа гэнэт санаж, тэврэлдсэн чигээрээ амьсгаагаа түгжин ойр орчмоо чагнаад өөрсдөөс нь өөр хэн ч байхгүйг, нам гүмийг мэдэрч, тайвширдаг байсан биз ээ. Бие биедээ хайртайгаа улам ихээр мэдрэх тэрхэн мөчийн төлөө, тэврүүлж, үнсүүлж, эрхлээд байгаа мөртлөө санаад л байх, хараад л баймаар нүдний төлөө мөрдлөгө, хавчлага, дарамт бүрээс хэсэгхэн ч атугай чөлөөлөгдөн сэтгэлийн цэнгэл эдэлдэг байсан биз ээ. 

ГЕНЗЕЛЬ АНХ УДАА АЙЛД БУУЖ, ҮНЭНЭЭ ЯРИВ
 
       Гензель оргосноосоо жил гаруйн дараа Улаанбаатар төмөр замын “Орхон-73” өртөөний замчин Дэчингийнд оров. Сахал, үсэндээ баригдсан, гадаа гандаж, хөдөө хөхөрсөн шинжтэй орос орж ирээд “Амархан сайн байна уу” гэж мэндлэхээс бусдаар гэрийн эзэнтэй оросоор ярьжээ. Дэчингийн эхнэр Долгорсүрэн түүнд хоол, цай бэлдэхийн сацуу нөгөө хоёрын яриаг чагнах төдий. Цагаан сар болоод удаагүй байсан учир Гензель бууз жигнүүлж идээд, Дэчинтэй шил архи хувааж уужээ. Гензель өөрийгөө оргосон гэдгээ хэлж, А.А.Власов генералын армийн тэргүүн эгнээнд тулалдаж явсан Гварийн батольоны удирдагч, ЗХУ-ын баатар, хошууч гэдгээ ч ярьж. Бас дээр нь цэргийн нөхөд нь түүнийг Сахалт маойр гэдэг байсныг ч хуучилжээ. Ийн ярьж суусан Гензель “Надад хил давж нутагтаа очих шиг амархан юм алга. Даанч хайрт Наташадаа хоргодоод Монголын уул, хадаар тэнэж амьдарч байна. Яагаад гэвэл энэ эмэгтэй миний төлөө бүсгүй хүнээс гарахааргүй эр зориг, тэвчээр, ухаан гаргаж, бүхнээ надад зориулсан. Орос бүсгүйчүүдийг хайр дурлалдаа үнэнч л гэдэг. Гэхдээ ийм үнэнч хүн байдаг гэдгийг Наташагаасаа мэдэрч, ойлгох тусмаа би уярч, нугарч байна. Намайг байлдаж явахад ч, шоронд зовоход ч, энд ирэхэд ч тэр л дэргэд минь байж, амьд үлдэх, амьдрах утга учир, тэнхээ минь болж байна. Тийм болохоор би энэ зоригт бүсгүйг хүний нутагт хаяад, хар амиа бодоод явчихаж чадахгүй байна. Намайг уулсаар дамжаад нутаг руугаа явлаа гэвэл тэр араас гарч л таарна. Түүнийгээ би тэгж зовоохыг хүсэхгүй байна. Бид цаг, төр сайхан болохоор нутаг руугаа хамтдаа явна. Одоо жаахан л хүлээхэд бүх зүйл сайхан болно” гэсэн байна. Дэчин, Долгорсүрэн нар түүнийг оргодол хэмээн жигшин, зэвүүцэлгүй хүний ёсоор сайхан хандаж, тэрлэг давхарлаж өмсүүлээд идэж, уух юм ганзагалуулаад үдсэн гэдэг. Түүний чин сэтгэлийн энэ яриаг хожим нь тэд хүмүүст ярьснаар Гензель, Наташа хоёрын үнэнч хайр дурлалын түүх олны дунд алдаршсан юм билээ. 
 
ГЕНЗЕЛЬ, НАТАША ХОЁРЫГ ХӨНӨӨВ
 
            505”-ынхан дунд орчуулагч, тогооч гээд монголчууд олноороо ажилладаг байв. Тэднийг хариуцсан дэд хурандаа мөн монгол хүн. Тэрээр Гензелийн хайрт Наташаг эхнэрээ болгохыг санаархдаг байсан ч түүний оргодол Гензельд хайртайг мэдэх тул яаж ч чаддаггүй байв. Тэрээр нэг удаа Наташад “Хошууч Гензелийг хорих ангиас чөлөөлье. Тэр бол ЗХУ-ын баатар. Та хоёрыг үхлээс өөр юу ч салгаж чадахгүйг бид мэднэ. Чи түүндээ учирлаад дагуулаад ир. Чамд гурав хоногийн чөлөө олгоё” хэмээжээ. Түүнийг хорон санаа сэдэж, өөрийг нь ашиглах гэж байгааг мэдсэн Наташа ямар ч хариу хэлээгүй гэнэ. Үүнд нь хорссон хурандаа хэсэг аялдан дагагчийнхаа хамт Наташаг дарамталж, голын хүйтэн усанд нүцгэн шидэж, тамлан зовоосон байна. Үхлүүт болтлоо зэрэмдэглүүлсэн Наташаг Гензелийг барих эрлийн багийнхан Дулаанхаан ууланд хүргэж, “505-ын” хоригдлыг гарч ирэхийг тушаасан байна. Хайртай бүсгүйгээ тарчлан зовохыг харсан Гензель тэр даруй гарч ирж, хүч үзсэн ч аргагүй хүчин мөхөстөж, баригдсан байна. Цэргүүд Гензелийг модонд хүлж байгаад зодож, тамласан бөгөөд амьд үлдэхгүй гэдгээ ухаарсан Гензель “Би Зөвлөлт эх орны төлөө үнэнчээр зүтгэсэн. Бидний үйл хэрэг мөнхөрч, ард түмэн минь дурсах цаг ирнэ” гэхэд нь буун дуу тас хийсэн юм гэнэ лээ. Дараа нь, өнөөх харгис захирагч Наташаг элдвээр дарамтлан зовоож “Чи энэ хүүрт хайртай хэвээрээ юү” хэмээн заналтайгаар асуухад Наташа “Тийм ээ, би түүнд хайртай хэвээрээ. Харин чам шиг цэвдэг сэтгэлтнүүд биднийг гутаан доромжлох эрхгүй” гэж байсан гэдэг. Халамцуу, омогтой захирагч Наташаг мөн тэнд нь буудан хороосон байдаг. Эрлийн багт хамт явсан орос цэргүүдийн хэн нэг нь “Гензель, Наташа хоёрын цогцсыг Дулаанхаан уулын өвөрт булаад, шарил дээр нь тэмдэг болгон хоёр цагаан чулуу тавьсан юм гэнэ лээ” гэх яриа гарсан ч баттай биш билээ.
Ямартай ч төдийгөөс өдийг хүртэл тэд Дулаанхааны элгэнд үүрд хамтдаа нойрсон байна. Харамсалтай нь, энэ явдал болсноос хэдхэн хоногийн дараа И.В.Сталин нас барж, Н.С.Хрушёвын үе эхэлж, улс төрийн болон цэргийн гэмт хэрэгтэн гэгдэж байсан олон мянган хүнийг цагаатгасны дунд власовчууд багтсан байдаг.  
     Гензель, Наташа хоёрын баяр, гуниг, үхэл, хагацлыг “хуваалцаж” байсан  Дулаанхаан уулнаас буцаж явахдаа тэр хоёрыг энэ ууланд хэрхэн догдолж, хайрлалцаж байсан бол гэж бодох тусам зүрх булгилна. Тэд эцсийн амьсгалаа татартал бие бие рүүгээ тэмүүлсэн ч тэдэнд хамт амьдрах хувь дутсан юм билээ. Хорих ангийнханд баригдалгүй хэдхэн сарыг өнгөрүүлсэн бол тэгтлээ их зовж, шаналж, шархирч байсан мөртлөө юу ч болоогүй юм шиг тэвчиж, тэмцэж явсных нь хэрэг гарч, бусдын адил мөр бүтэн, хайр дүүрэн хамтдаа амьдрах байж дээ гэх харамсал төрнө. Эх орныхоо төлөө эрэлхэгээр тулалдаж, ЗХУ-ын баатар болон мандаж явсан Гензель өөрийг нь төр засаг нь албан ёсоор цагаатгасныг сонсож, хайртай бүсгүйтэйгээ эсэн мэнд нутаг руугаа явсан бол ямар сайхан байх байсан бол гэх бодол зүрхийг минь одоо ч базлуулсаар л...

ХАГАЦАЛ БОЛГОНЫГ СӨРЖ, ҮҮРД ХАЙРЛАНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188