-Тоглолтынх нь бэлтгэл ажил ид өрнөж байгаа юм байна. Ямар онцлог, орчинтой тоглолт хийхийг зорьж байна вэ?
-Өргөн хүрээнд болох гэж байгаагаараа өөрөө онцлог болж байна. Мөн сайхан дулаан орчин бүрдүүлж, бүх дуунуудаа дуулахыг хичээн бэлдэж байна даа. Миний уран бүтээлүүд гэрэл гэгээ, сайн сайхан, хайрыг түгээсэн байдаг учир бодож мөрөөдсөн шиг хайраар бялхсан сайхан үдэш байна гэж төсөөлж байгаа. 2019 онд анхны “For you” тоглолтоо хийж байсан. Түүнээс хойш тоглоогүй удаж байгаад энэ намар тоглох гэж байна. Одоо юу хийж бүтээснээ үзүүлнэ дээ.
-Мэдээж уран бүтээлчдийн хувьд хоёр жилд нэг тоглолт хийнэ гэдэг ч юм уу янз бүр төлөвлөдөг юм билээ. Таны хувьд яагаад энэ жил тоглолтоо товлосон бэ?
-Би Ардын жүжигчин С.Жавхлангийн тоглолтыг Дорнодоос аав, ээжийгээ авчраад, хамт үзсэн юм. Дуунуудад нь дуртай. Тэгээд л тоглолтыг нь үзэж суухдаа аавдаа “Хүү нь энэ төв цэнгэлдэхэд тоглоно оо. Их гоё тоглолт хийнэ ээ” гэж амласан. Тэр хамгийн том түлхэц болсон, тэгээд ч уран бүтээлээ хийгээд тоглолт хийгээгүй удчихсан байсан болохоор шийдээд л одоо тоглох гээд байж байна.
-Аав нь тэгэхээр тоглолтыг нь тэсэн ядан хүлээж байгаа юм байна даа. Таны хамгийн том дэмжигч аав, ээж хоёр нь биз дээ?
-Мэдээж тэгэлгүй яах вэ. Аав, ээж минь миний хамгийн том дэмжигч. Миний уран бүтээлд сэтгэгдэл бичнэ, хуваалцаж түгээнэ. Тэд минь өөрсдөө дуучин болох сон гэх хүсэл мөрөөдлийг тээж байсан болохоор хүүхэд нь тэр хүслийг нь биелүүлээд, ард түмэн дууг нь сонсдогт их баяртай байдаг. Тэгэхээр миний хувьд аав, ээжийнхээ хүслээс жаахан ч болов биелүүлж байгаа болов уу гэж боддог.
-Ах нь бас хамтран уран бүтээл хийдэг шүү дээ?
-Тийм ээ. Миний уран бүтээл дөнгөж эхлэхээс эхлээд л хамтарсан хүн бол миний ах. Миний “For you” дууг зохиосон. Нэгнээ сайн мэддэг болохоор нэгэндээ туслаад, санаа бодлоо солилцоод сайхан байдаг.
-Та нэлээд удаж байгаад шинэ уран бүтээлээ хүргэдэг, тэгж гаргасан дуу бүр тань хит болдог шүү дээ. Үүний учир нь удаан дарж, нухдагт байх, тийм үү?
-Тийм ээ. Нэг уран бүтээл хийхээрээ их нухдаг. Хийснээ гаргахгүй байх тохиолдол ч бий.
-“Universe best songs” наадамд та анх оролцож байсан шүү дээ. Уран бүтээлээ хийгээд хэчнээн жил болж байна вэ?
-2010 онд оюутан байхдаа би “Universe best songs”-д орж байсан. Түүнээс хойш сургуулиа төгсөөд, гэр бүлтэй болоод 2012 оноос хойш уран бүтээлээ идэвхтэй хийж эхэлсэн. Энэ хугацаанд 40 орчим дуутай, нэг тоглолт хийсэн байна.
-Яагаад ер нь дуучин больё гэж шийдсэн бэ. Мэдээж тэрхүү шийдвэрийн эхний алхам “Universe best songs” байсан байх?
-Манай гэр бүлийнхэн надад их нөлөөлсөн. Манай гэрийнхэн үргэлж л дуу хууртай холбоотой, ханаар дүүрэн хөгжим өрөөтэй байдаг байсан. Миний бага насанд дуу хуур, хөгжимгүй дурсамж байдаггүй. Тэр бүхэн уран бүтээлч болоход гол түлхэц болсон.
-Дуу хүнд, цаашлаад хүмүүсийн амьдралд их нөлөө тусгалаа өгдөг зүйл шүү дээ. Таны дууг сонсоод өөрчлөгдсөн, магадгүй маргалдсан хосууд эвлэрсэн гэдэг ч юм уу сэтгэгдэл бишгүй ирдэг байх. Уран бүтээлчийн хувьд тэр бүхнийг мэдрэх хамгийн гоё байх?
-Дуу уран бүтээл хүнд нөлөө тусгалаа өгдөг гэдэгт итгэдэг. Миний уран бүтээлийн дор хол байгаа хайртай хүнээ саналаа, эсвэл муудчихаад эвлэрлээ, “Хайр ямар үнэ цэнтэйг энэ дуунаас мэдэрлээ” гэх сэтгэгдэл олон бий. Тэр бүхнээс уран бүтээлч хүн их урам авдаг. Миний хувьд ч үргэлж сайн сайхан бүхнийг дуулж байх сан гэж зорьдог.
-Мэдээж бүх л уран бүтээлээ хайрлаж, хамаг бүхнээ зориулан бүтээсэн байх. Тэдгээрээс таны авьяас, чадварыг хамгийн их сорьсон нь ямар уран бүтээл нь байдаг вэ?
-Ялгаагүй дээ. Гэхдээ “Санахдаа” дуундаа арай илүү хайртай байж магадгүй. Яагаад гэвэл энэ дуугаа эхнэртээ зориулж зохиож байсан. Тийм болохоор миний зүрхэнд илүү нандин байдаг байж магадгүй.
-Дөнгөж сургуулиа төгсөөд уран бүтээл хийхээр зорьж байгаа дүү нартаа зөвлөж, туслах зүйл байдаг болов уу?
-Та энэ жил “My voice” наадмын шүүгчээр ажиллаж байгаа. Уран бүтээлчийн хувьд өөр нэгэн “аялал” болж байгаа болов уу гэж бодож байна?
-Тийм ээ. Их гоё шоу байлаа. Би өөрөө бас “UBS” телевизийн шоунаас гарч ирсэн хүний хувьд, арван хэдэн жил дуулсан туршлагаасаа хуваалцахад их сайхан байсан.
-Таны тоглолтыг хүлээж байгаа, таны дуунд хайртай үзэгчдэдээ хандаж юу гэж хэлмээр байна?
-Илүү олноороо хүрэлцэн ирж, бүх дууг минь түрж дагаж дуулаад, амьдралынхаа сайхан дурсамж, мөчүүдээ эргэн санаж, аз жаргалтай нэгэн үдшийг өнгөрүүлээсэй гэж хүсэж байна.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
ДУУЧИН П.БАЯРЦЭНГЭЛ: Төв цэнгэлдэхэд тоглолт хийнэ гэж аавдаа амласан амлалтаа биелүүлэх гэж байгаадаа баяртай байна |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |