Жилд 350-353 сая тонн хуванцрын хаягдал гардаг гэх тооцоо бий. Үүнийг дундажлаад авч үзвэл өдөрт 1000 тонн хуванцар ямар ч хараа хяналтгүйгээр байгаль эх дэлхийд хаягддаг гэсэн үг. Хуванцрын байгальд шингэж, бүрэн задрах хугацаа нь 400-1000 жил. Энэ хугацаанд хүний бие өвчин үүсгэн олон тооны хортой бодисыг ялгаруулсаар байдаг. Энэ асуудлыг шийдэх хамгийн зөв арга нь дахин боловсруулах билээ. “INMO Studio”-ийн залуус HDPE буюу хоёр дугаарын тэмдэглэгээтэй бүх төрлийн хуванцар хог хаягдлыг дахин боловсруулж өнгө үзэмж сайтай тавилга, цом, түлхүүрийн оосор тэргүүтэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Дахин боловсруулсан гээд өнгө үзэмж, чанар муутай гэсэн үг огтхон ч биш шүү. Тэд саарал хотод өнгө нэмсэн өнгөлөг, удаан эдэлгээтэй бүтээгдэхүүнүүдийг урладаг. Үүгээр ч зогсохгүй тэдний хийсэн бүтээгдэхүүн танд хэрэггүй болсон тохиолдолд тэдэнд дахин хүлээлгэж өгснөөр өөр хэн нэгэнд хэрэгтэй өөр бүтээгдэхүүн болон “мэндэлдэг”. Учир нь, тэдний бүтээгдэхүүнийг 5-10 удаа дахин боловсруулах боломжтой. Хэдэн мянган хуванцрыг байгальд хаягдахаас нь сэргийлж буй залуусын төлөөлөл “INMO Studio”-ийн гүйцэтгэх захирал Д.Нандинтай ярилцлаа.
Цахим хуудас: INMO Studio
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “INMO Studio”-ийн яагаад үүсгэн байгуулахаар шийдсэн юм бэ?
-Манай компанийн үүсгэн байгуулагчийг Б.Тэргэл гэдэг. Найз минь Унгарт суралцаад төгсөх жилдээ буюу 2023 оны өвөл холбогдоод “Хог дахин боловсруулах санаа байна, хамтрах уу” гэж асуусан. Саналыг нь зөвшөөрч дөрөвдүгээр сараас хуванцар хаягдлаа цуглуулж эхэлсэн. Зургадугаар сард Б.Тэргэл ирж, бидний ажил эхэлсэн дээ. “INMO Studio”-д дизайнер, инженерүүдээс бүрдсэн залуус ажилладаг. Бид нийгэмд тулгардаг хог хаягдлыг асуудлыг шийдэх зорилготойгоор нэгдсэн.
-Хуванцар хог хаягдлыг дахин боловсруулахаар нэгдсэн гэхэд хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ. Дэмжиж оролцсон байгууллага бий юү?
-Бид эхэлснийхээ дараа нэлээн олон тэмцээнд оролцсон. Хамгийн анх Нийслэлийн шилдэг стартап шалгаруулах тэмцээнд оролцож, шилдэг төслөөр шалгарсан. Сар хагасын дараа өөрсдийн төслөө танилцуулах зорилготой “MICS 2023” хөтөлбөрт оролцож 130 төслөөс шилдэг 50 төсөлд нь багтан үзэсгэлэнд нь оролцсон. Бид ялж, шилдэг төслөөр шалгарна гэж огт бодоогүй, найдаагүй байсан ч түрүүлсэн. Ингээд харахад хүмүүс үнэхээр зөвөөр хүлээн авч, хог хаягдалтайгаа тэмцэх ёстойг мэдэж байсан. Манай анхны ажил "М-Си-Эс Кока-Кола" ХХК -аас дахин боловсруулсан бүтээгдэхүүн хийлгэх ажил байсан. Мөн Michel & Amazonka брэндийн дэлгүүрийн дотоод заслыг дахин боловсруулсан бүтээгдэхүүнээр хийсэн. Бидний ажлыг үнэлж, хүлээн авч дэмжсэн олон хүн байсан.
-Анх дахин боловсруулсан дахин тавилга хийнэ гэж төлөвлөөгүй, хавтан хийх гэж байсан гэсэн. Энэ үнэн үү?
-Бидний зорилго хог хаягдлыг дпахин боловсруулах үүнийгээ хэрхэн хийх үү гэдгээ их ярилцсан. Бид сүүлийн жилүүдэд 3D хэвлэгч машиныг мэддэг болсон шүү дээ. Тус машины түүхийн эд нь дамартай хуванцар утас байдаг юм. Монголд үүнийг бэлддэг газар байдаггүй учраас манайх дахин боловсруулсан хуванцраар хийдэг больё гэж шийдсэн. Тэр дамартай утас нь нэг килограммтай байдаг мөн түүнийг авах зах зээл нь бага. Тиймээс илүү олон хүнд хүрэх, илүү олон хуванцар дахин боловсруулах бүтээгдэхүүн хийхийг зорьж хавтан шахах машинаа өөрсдөө угсарч, бүтээгдэхүүнүүдээ хийж эхэлсэн.
-Гадаадаас төхөөрөмж оруулж ирэлгүйгээр өөрсдөө зохион бүтээсэн гэсэн үг үү?
- Тийм ээ, өөрсдөө машинаа угсарч бүтээсэн. 10-18 килограмм хуванцар дахин боловсруулж байж нэг хавтан үйлдвэрлэдэг. Нэг шүүгээ хийхэд 8-10 хавтан хэрэглэдэг. Тэгэхээр 200 орчим килограмм хуванцрыг байгальд хаягдахаас нь сэргийлж, дахин боловсруулж, эдэлгээг нь уртасгаж байгаа юм.
-“INMO Studio” бөглөөг дахин боловсруулж бүтээгдэхүүн хийдэг гэж сонссон. Бөглөөнөөс өөр хуванцар ашигладаг уу. Хуванцраа хэрхэн цуглуулдаг вэ?
-Манайх HDPE буюу хоёр дугаарын тэмдэглэгээтэй бүх төрлийн хуванцар хог хаягдлыг дахин боловсруулдаг. Хатуу хуванцар гэж нэрлэгддэг бөглөө, угаалгын нунтгийн сав, тосны сав тэргүүтэй хуванцрууд багтдаг. Энэ хуванцрыг хүмүүс ашигладаг учраас дахин боловсруулсан ч хүний биед сөрөг нөлөөгүй. Хоёрдогч түүхийн эд цуглуулах цэг, гэртээ ангилж, цуглуулдаг хувь хүмүүс болон хамтран ажилладаг байгууллагууд, гоо сайхны брэндүүдээс дахин боловсруулах хуванцраа авдаг. Гоо сайхын бүтээгдэхүүн борлуулдаг компаниуд дэлгүүр дээрээ саваа цуглуулаад өгдөгт нь их талархдаг. Монгол Улсад хогоо булж, шатаалтад оруулдаг гурван хогийн цэг байдаг шүү дээ. Хаягдал хуванцар хөрсөнд булагдсан тохиолдолд 400-1000 жилийн хугацаанд хөрсөндөө шингэхгүйгээр хортой бодис ялгаруулаад үлддэг. Зарим үед хуванцрыг шатаадаг, гэтэл шатаж байгаа хуванцар хортой утаа агаарт гаргадаг.
-Дахин боловсруулсан хуванцраар хийсэн бүтээгдэхүүн хэр бат бөх, удаан эдэлгээтэй байдаг юм бэ?
-Бид дахин боловсруулсан хуванцраар хийсэн гээд өнгө үзэмж муутай, эргээд хог болгох бүтээгдэхүүн хийхийг хүсдэггүй. Хүн хэрэгтэй удаан эдэлгээтэй саарал хотод өнгө нэмсэн бүтээгдэхүүн байлгахыг хүсдэг. Манайхаар нь л загвар сайтай, өнгөлөг бүтээгдэхүүн гардаг. “INMO Studio” гарааны бизнес, одоо л хүмүүст танигдаж эхэлж байгаа учраас илүү л чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой. HDPE буюу хатуу хуванцар нь ер нь бат бөх. Жишээ нь, гадлаа тавьдаг модон сандал бороо, усны нөлөөгөөр элэгдэж, амархан эвдэрдэг. Харин HDPE дахин боловсруулсан хуванцраар хийсэн сандал ус нэвтрүүлэхгүй учраас илүү удаан эдэлгээтэй, гадаа тавихад тохиромжтой.
-“INMO Studio” одоогийн байдлаар хэр олон төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байгаа вэ?
-Манайх байгууллага болон хувь хүний захиалгаар тавилга үйлдвэрлэж байгаа. Маркетингийн бүтээгдэхүүн, цом, хөргөгчийн наалт, түлхүүрийн оосор зэргийг хийдэг. Одоо илүү анхаарч ажиллаж байгаа бүтээгдэхүүн нь гадаа тавих зориулалттай сандал байгаа. Автобусны буудал, явганы хүний зам дагуу байрладаг сандлыг илүү бат бөх, дахин боловсруулсан сандлаар шинэчлэх зорилготойгоор ажиллаж байна. Хамгийн гол нь манай бүтээгдэхүүнийг ашиглахаа больсон тохиолдолд хаяхгүйгээр бидэнд өгвөл би дахин боловсруулах боломжтой. Хуванцрын чанараас хамаараад 5-10 удаа дахин боловсруулах боломжтой.
-“INMO Studio”-ийн дараагийн зорилго, мөрөөдөл юу вэ?
-Бидний хамгийн том зорилго мөрөөдөл Монгол Улс хуванцар хог, хаягдал гаргалгүйгээр дахин боловсруулдаг болоосой гэж хүсдэг. Ирээдүйд зөвхөн гадаад улсад очиж хэрхэн дахин боловсруулах машин угсрах, бүтээгдэхүүн хийх туршлагаасаа хуваалцахыг хүсэж байна. 21 аймагтаа хуванцар дахин боловсруулах аргачлалыг зааж, зөвлөхийг зорьж байгаа.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа, хог хаягдлаа ангилж хаядаг, дахин боловсруулдаг байгальд ээлтэй хүн байгаарай гэж уншигчдадаа уриалж байна.
Д.НАНДИН: INMO STUDIO ХУВАНЦАР ХОГ ХАЯГДЛЫГ ДАХИН БОЛОВСРУУЛЖ ТАВИЛГА ХИЙДЭГ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |