• Өнөөдөр 2026-09-04

Монгол, Буриадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулганд оролцох үеэрээ Алс Дорнодын үзэсгэлэнгийн талбай болон Буриадын павильоноор зочилж, Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн Алексей Самбуевич Цыденовтой уулзан хоёр улсын худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухааны салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улс Бүгд Найрамдах Буриад Улстай хөгжүүлж ирсэн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдөгийг тэмдэглэсэн байна.

Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг гаалийн татвараас хөнгөлөх, чөлөөлөх боломж бүрдсэн. Тус хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Сүхбаатар–Наушки, Алтанбулаг–Хиагт зэрэг боомт чухал үүрэгтэйг Ерөнхий сайд онцлоод, боомтын үйл ажиллагааны чиглэлээр Буриад Улстай хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ.

   Мөн Монгол Улс нүүрсний нөөцөөр баялаг бөгөөд Багануур, Шарын голын уурхайгаас Буриад Улсад нүүрс экспортлох боломжтойг тэмдэглэсэн байна. Буриад Улсын тэргүүн Алексей Самбуевич Цыденов хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийнхээ талаар Ерөнхий сайд Н.Учралд танилцуулж, цаашид хамтран хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцжээ. Бүгд Найрамдах Буриад Улс Монгол Улсын Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул, Булган, Дорнод, Төв, Хэнтий аймагтай идэвхтэй хамтран ажилладаг байна.

   Түүнчлэн энэ онд Улаан-Үд хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулж эхэлсний 35 жилийн ой тохиож байгаа аж.


Монгол, Буриадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188