• Өнөөдөр 2026-09-04

Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ

     Онтарио мужийн Амбан захирагч Эдит Дюмон Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Э.Сарантогосыг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар Элчин сайд Э.Сарантогос Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаа нь ардчилал, хүний эрх зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан Иж бүрэн түншлэлийн хүрээнд өргөжин хөгжиж байгааг тэмдэглэв.Элчин сайд Э.Сарантогос эх орныхоо өнөөгийн хөгжил, өв соёл, үнэт зүйлс, уламжлалыг Канадад сурталчлан таниулахын зэрэгцээ суугаа орны хөгжил дэвшил, онцлогууд, канадын найрсаг ард түмнийг монголчууддаа танилцуулахад онцгой анхаарч байгаагаа тэмдэглэв.

    Амбан захирагч Эдит Дюмон улс хоорондын харилцаа нь зөвхөн улс төрийн түвшний харилцаа, хамтын ажиллагаа төдийгүй хүн хоорондын нөхөрлөл, боловсролын солилцоо, соёл, үнэт зүйлсийг харилцан ойлгон хүндэтгэх явцад улам бүр гүнзгийрдэг болохыг онцлов.Талууд хоёр улс худалдаа, эдийн засгийн харилцаагаа төрөлжүүлэх шинэ боломжуудыг эрэлхийлж буй энэ цаг үед байгалийн нөөц, хөрөнгө оруулалт зэрэг салбарт хамтран ажиллах, бизнесийн хэлхээ холбоог өргөжүүлэх ач холбогдолтой талаар ярилцав. Канадын хамгийн том муж болох Онтарио нь эдийн засгийн харилцаанд чухал байр суурь эзэлдэгийг Элчин сайд тэмдэглээд тус мужтай хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх сонирхлоо нотлов.

   Эдит Дюмон нь Онтарио мужийн 30 дахь Амбан захирагчаар 2023 онд томилогдсон бөгөөд энэхүү нэр хүндтэй албыг хашиж буй анхны франц хэлтэн юм. Тэрээр төрийн алба, түүний дотор боловсролын салбарт 30 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж, Онтарио муж болон Канадын бусад хэсэгт франц хэлтнүүдийг дэмжих, оролцоотой, хүртээмжтэй нийгмийг цогцлоохын төлөө хүчин зүтгэжээ. Онтарио муж нь 1.25 их наяд кад.долларын ДНБ-тэй 16.3 орчим сая хүн амтай муж юм.

 


Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188