• Өнөөдөр 2024-05-19

ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: Голомттой бүсээс ирсэн хэмээн “гадуурхагдаж”, цаг алдсанаар 10 настай охин амиа алдлаа

2020-12-13,   679

-10 настай талийгаач охины ээж Х.УРАННАВЧ: 22-ын товчооны цаана охин минь амьсгалын аппараттай гурван цаг тарчилсан-

Эргэлт.мн мэдээллийн сайт энэ долоо хоногт төрийн байгууллагуудын хайхрамжгүй үйлдлээс болж амиа алдсан 10 настай охины  харамсалтай хэргийн талаар онцолж байна.
 
Коронавирусийн халдвар дотоодод илэрч, хөл хорио тогтоосноос хойш нэг том хүн, нэг хүүхэд амиа алдлаа. Гэвч тэд дэлхий нийтийг цочроосон цар тахлын халдвараар бус төрийн байгууллагын уялдаа холбоогүй ажил, бусдын хайхрамжгүй үйлдлээс болж хорвоог орхисон. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын II багийн иргэн Б.Пүрэвбаатарын охин 10 настай Н нь тархины цус харвалттай гэх оноштойгоор арваннэгдүгээр сарын 23-нд ЭХЭМҮТ-д хүргэгдэн иржээ. Гэвч эмнэлэгт ирээд хоёр хоногийн дараа охин нас барсан байна. 
 

Гол учир нь охин хөл хорионы дэглэм тогтоосон үед, халдвартай бүсээс ирсэн гэх шалтгаанаар эмнэлгийн тусламж цаг алдаж авчээ.

Талийгаач охины ээж Х.Урантогостой холбогдож уг асуудлыг тодруулахад “Миний охин гэнэт л толгой нь хүчтэй өвдөж, бөөлжөөд сумынхаа эмнэлэгт үзүүлсэн. Тухайн үед эмч нар хордлого гэсэн онош тавьж, рингер, анальгин димедрол тарьсан. Хоёр хоног өвчин нь намдсан чинь гурав дахь хоногийнхоо өглөө гэнэт л орилж босож ирээд толгойгоо савчаад байсан. Дахиад эмнэлэгт хандахад “Мандал сумын эмнэлэгт яаралтай очиж үзүүл” гэсэн. Мандал сумын эмнэлэгт миний охин очихдоо алхаж чадахгүй болж, “Тархины цус харвалт байж магадгүй” гэсэн онош тавьж, нугасны ус аваад Улаанбаатар хот руу явуулахаар болсон. 22-ын товчоонд очиход “Голомттой бүсээс ирсэн” гээд эмнэлэг хүлээж авахгүй гээд биднийг гурван цаг орчим хот руу оруулаагүй. Хүүхдийн маань аппаратны хүчилтөрөгч дуусах гээд байсан учир бид арга ядаад Зүүнхараа руу эргээд буцахаар болсон. Гурван цаг охин минь хүйтэн машинд толгой нь хүчтэй өвдөж, тарчилсан. Гэтэл 
 
Зүүнхараагийн эмнэлгийн дарга “Маш хүнд хүүхэд учраас буцаж ирээд ямар ч найдваргүй” гэж хэлсэн.
 
Тэгээд эмнэлгийн дарга, түргэний эмч гээд ЭХЭМҮТ рүү олон хүн хэл дуулгаж байж арай гэж охиныг минь нийслэл рүү оруулахаар болсон. ЭХЭМҮТ-ийн эмч залгаад “Охиныг чинь эмнэлэгт авч болно гэнэ. Харин таныг 21 хоног тусгаарлана. Үүнийг зөвшөөрч байвал ирж болно” гэхээр нь хүүхдээ аврахын тулд зөвшөөрсөн. Тэгээд бид түргэний тэрэгтэй хот руу нэвтэрч, намайг 25 дугаар эмийн сангийн ойролцоо буулгаад, “... зочид буудалд тусгаарлагд” гээд ганцааранг минь явуулсан. Өнөөх газарт нь яваад очтол “Манайд гурван хятад хүн байгаа учир авахгүй” гэхээр нь эмнэлгийн гадаа алхаад очсон. Охиныг минь Эх нялхсын жижиг өрөөнд ганцааранг нь тусгаарласан байна лээ. Шинжилгээ аваад 24 цаг болсны дараа тасагт шилжүүлж, шинжилгээ авсан гэсэн.
 
Энэ хооронд би эмч нар руу олон удаа залгаж асуухад “Ажилтай байна. Битгий олон дахин залгаад бай. Танай хүүхэд сэхээнд орохооргүй зүгээр байна” гэсэн. Ингэж хэлэхээр нь жаахан уужраад байж байтал маргааш нь эмнэлгээс залгаад “Яаралтай ир” гэхээр нь яваад очиход миний охин ямар ч ухаангүй болчихсон байсан. Арван минут биднийг охинтой минь уулзуулаад “Эмчилгээ хийж байгаа” гэж хэлсэн. Төд удалгүй дахин дуудаад “Хүүхдийн чинь биеийн байдал тун муу байна. Таныг сахиураар авна” гэж хэлээд оруулсан. Сахиураар орж байгаа юм байх гэж бодсон чинь охиноос минь тусдаа олон хүнтэй хамт эмнэлгийн хонгилд тусгаарласан. Гэтэл тэнд хэвтэж байсан хүмүүс намайг “Коронавирус гарсан нутгаас ирсэн хүн холд, яв” гэх мэтээр хэлж хөөсөн. Миний охиныг хүртэл голомттой бүсээс ирсэн гээд ганцааранг нь нэг өрөөнд байлгасан байна лээ. Эмнэлэгт ирээд хоёр хоноод л нас барсан. Үнэхээр гомдолтой байна” гэсэн юм.
 
 
Дэлгэрэнгүйг доорх холбоосоор уншина уу.
 
 

ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: Голомттой бүсээс ирсэн хэмээн “гадуурхагдаж”, цаг алдсанаар 10 настай охин амиа алдлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-13 16:46:13
    Мягмар: Харвасаныг нь мэдэлгүй, тархи нь хөдөлсөн гэж баахан дусал тариа хийсэн Баруунхараагийн эмч нарт мөн зөв оношилж чадалгүй охиноос нугасны ус авч, улам хүндрүүлсэн Зүүнхараагийн эмч нарт, 22-ын товчоон дээр эргүүлд гарч байсан сэтгэлгүй сэтэртнүүдэд, ЭХЭМҮТ-ийн эвэр туурайтай эмч нарт хатуу ХАРИУЦЛАГА тооцох хэрэгтэй. Эмч нар өвчтнийг аварч, гэр бүлүүдэд юугаар ч орлуулшгүй аз жаргал бэлэглэдэг ч үүндээ эрдэж, олон зуун хүний амь авдаг. Үүнийгээ юман чинээнд тооцохгүй, буруугаа бусад руу, эцэг эх рүү нь чихээд өнгөрүүлдэг жишээ олон
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-13 14:11:36
    Эмээ: Харвалттай гээд байхад хөдөлгөж сэгсэрсэн эмчийн үгийг тоодоггүй ээж аав нь бас асуудлын эх ийг тавьжээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188