• Өнөөдөр 2024-03-29

ГАДААД ЯВАХ ГАНЦХАН МӨРӨӨДӨЛТЭЙ БОЛЧИХЛОО, БИД

2022-11-11,   2997

     Эрх баригч намынхан биднийг гадаад явах ганцхан мөрөөдөлтэй болголоо. Бүр, барьж байгаа бодлого, гаргаж байгаа шийдвэр бүрээрээ “Хаашаа ч юм, харь орон руу л яв, амьдрал тэнд л бий” гэж шахаж, шавдуулж, “Мөрөөдлөө биелүүл” гэж ятгалаа. “Яаж ч байсан явах мөрөөдөл тээхгүй юм шүү” гэж тэсэж, “ятгалгад нь орохгүй юм шүү” гүрийж үзлээ, хөөх нь холгүй хавчиж, хяхаад, явахаас өөр ямар ч сонголтгүй болчихлоо. Эцэст нь, бид тэдний хүссэнээр “хилийн дээс давчихвал л сайхан амьдрал бий” гэх итгэлээр ирээдүйгээ төсөөлдөг болж, “гадаад л гарчихвал” гэх ганцхан мөрөөдөл тээх боллоо. “Америк мөрөөдөл” гэж ярьцгаадаг шиг “Монгол мөрөөдөл”-тэй болцгоолоо. Нийтээрээ нэг мөрөөдөлтэй болчихно гэж бодсончгүй явж...
      Гадаад явах ганцхан мөрөөдөлтэй болохоосоо өмнө “эх орондоо хөдөлмөрлөе, эндээ сайхан амьдаръя” гэж их ч үзлээ. Хар жийп хөлөглөж, хүүхдээ гадаадад сургаж, хаусанд амьдардаг, тэрбумын орлоготой төрийн дарга нарт бол Монгол авлигын, аз жаргалын диваажин л байх. Харин бидэнд бол “биелэгдэшгүй даалгав”-ын улс болчихоод байна. Чухамдаа задарсанд нь диваажин, ядарсанд нь "там" болчихоод байна, энэ улс. Ядарсан биднийг явахаас өөр ямар ч аргагүй байдалд оруулж байгаа хэдэн жишээг дурдъя. 
       
     Сар зүтгээд сайндаа сая гаруйхан төгрөгийн цалин авна. Үүрээс үдэш хүртэл өвдөх, өлсөх эрхгүй хөдөлмөрлөсний хөлс нь ердөө энэ. Харин үүнийгээ сарын хэрэгцээндээ хүргэхэд алгебрын зөв томьёо, мөн маш нарийн математикийн ухаан шаардана. Төрд төлөх татвар, шимтгэл, ус, цахилгаан, утасны төлбөр, түлээ, нүүрс, түлш, шатахуун, хүнс, хувцас гээд талийж өгнө. Дээр нь байртай бол ипотек төлдөг, тавилгатай бол лизинг төлдөг байж таарна. Ингээд хасахаар хасахтай гарна. Харин хэтэвчиндээ хэд гурван задгай мөнгөтэй үлдсэн бол задарсан “оффшорчин”. Өдрийн хоолны мөнгөгүй өлсөх, автобусны мөнгөгүй алхах зэрэг бол бидэнд зовлон байхаа больсон. Ядахад, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөр өссөөр. Өнөөх сая төгрөгнөөсөө хоёр тор хүнс авахад тал нь тэр дороо алга болох жишээтэй. Хүнсний дэлгүүр болгон "өрийн хар дэвтэр"-тэй, завсарт нь паспортууд хавчуулаастай. Илчлэг сайтай, витаминлаг хүнсний тухайд яриад ч хэрэггүй, мах, гурил, төмсөө авчихвал "хүнсээ базаачихлаа" гэж сэтгэл ханана. Харин гадаад гарвал, жишээ нь Солонгост очвол сардаа наанадаж л 3.0 сая төгрөгийн цалин авна, сайн яривал 6.0 сая төгрөгийн ч цалин авна. Дусалсан хөлс бүрийг дутаалгүй үнэлж байгаа нь тэр л дээ. Эхний шалтгаан бол энэ. 
       
      Дараагийн том шалтгаан нь, манай Монголд эхнэр, нөхөр хоёрын хамтын хамгийн том зорилго нь “байртай болох” болчихсон.  Арга ч үгүй юм. Үнэндээ гэр хороололд, дамаа уулын энгэр, жалганы ирмэгт хашаа тойруулж, таван ханат дугуйлаад амьдрах амар биш. Өвлийн өглөө харанхуй, хүйтнийг ч хэлэх үү, амар зүйл олон. Амнаас уур савсаж, угаалтуурын ус зайрмагтчихсан угтах. Үүрээр босож, үнс пургиулан гал ноцоож, жавраа гаргаж суухдаа хөнжилдөө тас шигдчихсэн хүүхдээ хараад “Хаашаа ч яадаг юм, гадагшаа л явъя. Авах мөнгө нь ахиу юм, ядаж байранд оръё” гэж эцэг хүн эрхгүй “мөрөөдөж” эхэлдэг л юм билээ. За тэгээд, залуу хүн байна, гэр хороололд амьдардаг гээд тортог ханхлуулж явахгүй юм сан гэж хэрдээ хэрхэн хичээдгийг, тоостой, торойх ч гэрэлгүй гудамжаар бүдчин “нохой шуугиулан” өгсөж, уруудах хэчнээн холыг, улсын унаа автобусандаа амжиж суух гэж хэрхэн уралддагийг “Гэр хорооллынхны утаа чинь Зайсанд үнэртээд байна” гэж ярвалзаж, ялгаварлаад байгаа Зайсангийн зарим улстөрчид мэдэхгүй л дээ. Тэр тусмаа, төрд насаараа ажилласан, нэг ч хүнийг цалинжуулж үзээгүй атлаа дөрвөн хаус, 12 орон сууцтай гэж ХОМ-доо мэдүүлчихээд, иргэдээсээ ичиж байгаа ч юмгүй, инээгээд явж байгаа дарга нар яаж ч мэдэх билээ.
 
       Түрээсийн байранд амьдрах ч амар биш. Нэг өрөө байр 600 мянга, хоёр өрөө бол дахин үржигдэнэ. Сар зүтгэж олсон цалингийнхаа талаас илүүг түрээсэндээ өгнө, үлдсэнээр нь сардаа яаж хүргэнэ дээ гэх бодол үргэлж дотор харлуулна. Түрээсээ төлөхгүй хэд хоновол “эзэн” утас цохино, удаавал хаалга тогшино. Энэ бүхний эцэст эхнэр нөхөр хоёрын хамтын хамгийн том зорилго нь “байртай болох” болдог юм. Гэхдээ гадаад явахгүй л бол байртай болох залуу насны зорилго бүх насны зорилго байсаар дуусна. Цалингаа хурааж байр авна гэвэл хоёулаа нийлээд ч энэ насандаа байтугай, хойд насандаа зүтгээд барахгүй. Манай төр биднийг байртай болгох боломж гаргаж өгсөн нь ипотек. Хамаатан саднаасаа зээллээд, хөдөө байдаг хэдэн малаа зараад, цалингийн зээлээ тулгаж аваад, хурааснаа нэмээд урьдчилгаа төлбөр “босгож”, улсад тушаагаад ипотекийн зээлд хамрагдана. Хүсэлтээ өгөөд хэдэн сар хүлээсний эцэст бүтвэл аз. Гэхдээ байртай боллоо гээд баярлах бас хэцүү. 20 жил өвдөх, өлсөх, үхэх эрхээ хязгаарлуулна. “Үр хүүхдэдээ өр үлдээчих вий” гэсэн бодол тээж 20 жил хоёр өрөө байрны өр төлнө гэхээр хэн хүний хүсэх зүйл биш. Түүний оронд гадаадад очиж амьдрах, эсвэл гурван жил ч юм уу ажиллаж ирээд байр авах нь арай боломжийн хувилбар. 
     
     Бас нэг том шалтгаан нь бизнес хийх боломж. Хувиараа бизнес хийе, хэдэн хүнийг ажилтай, орлоготой болгоё гээд зүтгэхээр төр гэдэг “мангас”-тай тулалдах хэрэг гарна. Татварын тайлангаа шаардаж, даатгалын шимтгэлээ нэхээд амралтын өдөр ч амар суулгахгүй. Бичиг цаас, тайлан, тооцоо дутуу бол ангаахай шиг амаа ангайгаад, авлига нэхээд суучихна. Тэгэхэд нэг аймгийг байтугай нэг бүсийг тэр чигт нь гурилаар хангадаг том үйлдвэрийн эзэн тэргүүтэй толгой баячууд нь хөөрхий хэдэн хувиараа бизнес эрхлэгчдийн боломжийг булааж, ЖДҮХС-г тоноод байдаг. Больё, ТҮЦ ажиллуулаа ч төрийн цагдаа нь орж ирж тамхийг нь хураагаад, тэгснээ түүгээрээ бусдыгаа “дайлаад” байх. Гуанз ажиллууллаа ч, гуляшнаас нь ганц хялгас олчих гээд байцаагч нар нь байнга орж ирж дарамтална. Ийм байхаар хувиараа бизнес хийе, хөдөлмөрлөе гэж хэн хүсэх вэ, харь орон руу явахыг л мөрөөднө. 
 
     Дурдахгүй өнгөрч болохгүй бас нэг том шалтгаан бий. Монголд хүүхэд өсгөх, хүн болгож авах хамгийн хэцүү. Төрөх цагаас нь л хэн нэгэнд авлига өгөх хэрэгтэй болно. Эхнэрээ төрөхөд “эсэн мэнд төрүүлж өгөөрэй” гэж эмчид авлига өгнө. Цэцэрлэгт ороход нь “хүүхдийг маань харанхуй өрөөнд битгий түгжээрэй” гэж авлига өгнө. Өгөхгүй бол хөл гарыг нь хөх эрээн болгочихсон сууж байх. Сургуульд орох нас нь болно, сургалт сайтай, багш нар нь барьж аваад зодчихдоггүй сургуульд оруулах гэж бас л авлига өгнө. Хичээлийн шинэ жил дөхөхтэй зэрэгцээд хувийн сургуулиуд ханшаа өсгөж, улсын сургуулийн захирлууд хамраа сөхнө. Их сургуульд оруулахад авлигын хэмжээ бүр ч ихэснэ. Арай гэж төгсөөд, ажилд ороход, тэр тусмаа төрийн албанд ажилд орох гэхэд нь ахиад л авлига нэхнэ. Бага ангийн багшаар ажилд ороход хүртэл авлига өгөх хэрэгтэй болдог гэхээр л залуус гадаад явъя гээд байгаа юм. Гэхдээ хэн нэг даргын хамаатан, ах дүү, амраг садан бол гадаад явахгүй үлдэж болно. Хэрвээ удамд нь улс төрийн өндөр албан тушаалтан байвал дэд сайд болоход хоёрхон жил л хангалттай. 
       
      Энэ бүхний эцэст эх орондоо хөдөлмөрлөе, хувиараа бизнес хийе, хийж бүтээе гэсэн бүх хүслээ хаяад, “гадаад явъя” гэдэг ганцхан мөрөөдөлтэй болчихлоо, бид. Энд дурдалгүй өнгөрөөсөн шалтгаан, тоочихгүй орхисон зовлон өөр зөндөө бий. Мөнгөгүй бол Монголд өвдөх "эрхгүй". Улсын эмнэлгүүдийн урт дараалалыг хүлээж, ууртай эмч нарыг нь аашыг авлигаар эерүүлж байж сая нэг юм эмчилгээ хийлгэж эхэлнэ. ЭХЭМҮТ-д хүүхдээ үзүүлэхээр цаг авахад сарын дараах цаг өгч байгаа юм. Эмнэлгийн оочерт тааруулж, хүндрэхгүй хүлээж байдаг өвчин гэж байх уу. Цаашилбал, нийт хүн амын талаас илүү нь амьдарч, аж төрж байгаа Улаанбаатар хот л гэхэд үүрээс үдэш хүртэл тасардаггүй тэвчээр шалгасан түгжрэлтэй, урин цагаас бусдад нь хөшиглөж байхад утаа униартай, хар тугалгаар хордсон хөрстэй, хүүхэд тоглох талбайгүй, хөгшид нарлах сандалгүй, барилга битүү шавчихсан, ууланд алхъя гэхээр улстөрчид нь ам болгоныг нь хаусаар дүүргэчихсэн, автобусанд сууя гэхээр жолоочид нь зодуулчих гээд байхаар багтраад, гадаад явах ганцхан мөрөөдөлтэй болчихоод байна. Арай өөр төртэй сөн бол арай өөр мөрөөдөлтэй байх байсан биз. Аль вэ тэр, сайхан амьдруулна гэсэн сонгуулийн амлалтууд...
 
 
 

ГАДААД ЯВАХ ГАНЦХАН МӨРӨӨДӨЛТЭЙ БОЛЧИХЛОО, БИД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-13 20:38:08
    Даагий: Амьдралыг үнэнээр нь бичжээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-11 04:02:30
    .: (Hatuujiltai ehner,) (huwi hunii erkh uureg) Хуц 2 мал минь та 2 тийм сайхан амьдралтай юм байгаа биз эргэн тойрноо нэг хараач та нарын таньдаг хүмүүс бүгдээрээ сайхан амьдарч байна уу. Та нарын хүүхдүүд энэ нийгэмд ийм зовлон үзэн гээд бод их бага хэмжээгээр нийт монголчуудын хэдэн хувь гадаад байгаа билээ хэдэн хувь мөрөөдөж байгаа бол 12 төгссөн бацаан битгий хэл 5д аа орж байгаа хүүхдүүд хүртэл мөрөөдөж байна эргүү малнууд минь худлаа цэцэрхэж нтр
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-10 05:36:57
    Hatuujiltai ehner : Yaduu amidarch bgaa bol burhanaas ugsun huvi zaya chin lterdee kkk. Gadaadad garaad ulgeriin met amidral tiim amar oldohgui shu. Yasan ch gutrangi yum bichdiin kkk zailbal zailaachde kk. Mongolchuud. Heterhii erh yumaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-11 16:30:55
    huwi hunii erkh uureg: wow tsogtbayar nertei mala humus ursdinhu tulu l amidaradag yum hend yalarhad bgan yum be ajil hisen nertei arhidaj tasalna ud hurtel umhi hanhlulad l untad bna tim bj bas tsalin hursengui ch geh shig naad urtu ahadsan busdig dgan duraij alia salbadai shig tansaglaj amidraha bolchih hen ta narig lizenger ur tawin tawin bair sw mashin tereg aw gesin zuger erteh bosod ajilda alhad yaw yadaj erul mended chin tustai unad umhi unertulsen bastai guzeg chin bagasgana tsalin chin hureltsehgui bga bol dawhar ajil hi zalu baihad udurt 4-5 tsag l unthad hangalttai udrin hagasig untj unguruj bj yun amidral hetsu bna ged hutsad bga mal be
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188