• Өнөөдөр 2024-05-19

У.Хүрэлсүх хүссэндээ хүрч, харин Улаанбаатарын утаа эргэн ирлээ

2021-12-15,   714

          Улаанбаатарын утааг арилгасан гавьяатнаа тахин шүтээд, төрийн тэргүүнээрээ залчихаад сууж байтал утаа эргээд ирлээ. Уушги утаагаар хахаж цацаж, урдах зам харагдахгүй “униартаж” байна. Улаанбаатарчууд халдварт тахлаас айж нэгийг, хорт утаанаас айж нэгийг, хоёр амны хаалттай өвлийг туулах хэрэгтэй болох нь. Хорт утааг бууруулах хоёрхон өвлийн настай шийдэл гаргасан У.Хүрэлсүхэд гомдох уу, утааг буурууллаа гэхэд нь баярлаж, хууртаад улсын тэргүүнээрээ залчихсан өөрсдөдөө гомдох уу. 
          У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа утаа л ярьдаг, утаа л бодож сэрдэг байв. Түүхий  нүүрсний хэрэглээг таслан зогсоож, Улаанбаатарын баруун, зүүн захад тус бүр нь 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай хоёр үйлдвэр барьж, улаан шуудайтай сайжруулсан шахмал түлшээр гэр хорооллын айлуудыг хангаж эхэлсэн. Үр дүнд нь 2019, 2020 оны өвөл Улаанбаатарын утаа мэдэгдэхүйц буурч, “20 орчим жил хэний ч гаргаагүй зоримог, ухаалаг шийдэл гаргалаа” гэж хэн хүнгүй У.Хүрэлсүхэд алга ташиж, Улаанбаатарчуудын уушги ч баярласан, үнэн. Гэвч У.Хүрэлсүхийн утаа бууруулах “аугаа” төлөвлөгөө хэрэгжиж байх зуур угаартаж хэдэн арван хүн унтаагаараа хорвоогоос одсон. Утааг бууруулах төлөвлөгөөг үргэлжлүүлэхийн төлөө угаартаж нас барсан хэдэн арван хүнийг “золиос” хийж, өрхөө бүтээсэн, яндангаа салгасан зэргээр өөрсдийг нь буруутан болгосон. Эцэст нь, “Улаанбаатарын утааг 50 хувь бууруулсан” гэх гавьяаг У.Хүрэлсүхэд өгч, энэ гавьяа МАН-ыг угсраа ялалтад хүргэж, У.Хүрэлсүхийг өөрийг нь Улсын тэргүүн болгосон. Харамсалтай, нь түүний хорт утааг бууруулсан “гавьяат” шийдэл хоёрхон өвлийн “настай” байжээ, хорт утаа эргээд ирлээ. Улсын Ерөнхийлөгч болсон хүнд одоо утаа хамаагүй бололтой, мань гавьяатан маань таг чиг. 
          "Утаа арилахгүй, утаатай хэн ч тэмцэж чадахгүй" гэсэн бодол Улаанбаатарчуудад бүгдэд нь байлаа, хэдэн жилийн өмнө. “Утааг бууруулна” гэж улстөрч бүхэн тархи угааж, төсвийн мөнгийг тарамддаг, улс төрийн нам бүхэн “Утааг урт биш богино хугацаана арилгана” хэмээн үлгэрийн амлалт өгч, улсын мөнгийг шамшигдуулдаг, энэ байдал хавтгайрчихсан байсан учраас эцэстээ бид залгаж, ийм бодолтой болчихоод байсан хэрэг. Харин У.Хүрэлсүхийн утаатай тэмцэх төлөвлөгөөнд итгэсэн, өглөө босоход л өтгөн хөшиг татаж байдаг асан утаа сайжруулсан шахмал түлш хэрэглэснээр сиймийж эхэлсэн учраас тэр. Бас утааг бууруулж чадсан юм чинь улсаа ч хөгжүүлж чадна гэж бас л итгэсэн. Харамсалтай нь, бид буруу бодсон бололтой, “утааг арилахгүй юм байна” гэсэн хэдэн жилийн өмнөх хуучин түгшүүр Улаанбаатарчуудын сэтгэхүйд дахиад ноёлж эхэллээ. У.Хүрэлсүх утааг арилгаагүй, гагцхүү улс төрд шат ахих гэж, улсын тэргүүн болох амбицаа биелүүлэх гэж л утаан хөшгийг түр зуур л ярсан юм байна. Тэр түр зуур л утаатай тэмцжээ гэсэн үг.
          У.Хүрэлсүхийг утаатай түр тэмцжээ гэснээ энгийнээр тайлбарлая. Түүний санаачилга, төлөвлөгөөгөөр байгуулсан “Таван толгой түлш” компани өнгөрсөн өвөл сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхдээ барьцалдуулагч бодисын оронд хоёрдугаар гурил ашиглаж байсныг бид олон нийтэд илчилсэн. Учир нь барьцалдуулагч бодис нь урдаас орж ирдэг, зарим тохиолдолд тасарчихдаг учраас ийнхүү гурил, нүүрс хоёрыг хольж, хэвд оруулаад , утаа бууруулагч шидтэй түлш мэтээр хуурч байсан гэсэн үг. Харин энэ өвөл хил хаалттайгаас болж сайжруулсан шахмал түлшний шуудай тасарсан, айлуудаас ашигласан шуудайг нь буцаан авч байгаа мэдээ дуулдаад л байгаа. Өөрөөр бол, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн барьцалдуулагч бодис, сав, шуудай нь бүгд урд хөршөөс шууд хамааралтай буюу У.Хүрэлсүхийн утааг бууруулах тэмцэл нь урт хугацааны төлөвлөгөөгүй, урд хөрш хилээ хаахад л зогсож мэдэх, түр зуурын, аргацаасан үйл ажиллагаатайгаар анх эхэлж л дээ. Мэдээж тухайн үедээ цар тахал гарна, хил байсгээд хаагдаж, нээгдэнэ гэж тооцоолоогүй байх. Тийм ч учраас говиос нүүрсээ, урд хөршөөс бусдыг нь аваад шахмал түлшээ үйлдвэрлээд, утааг бууруулсан гавьяа зүүгээд сууж байж болно гэж тооцоолж л дээ. Гэтэл гэнэт цар тахал дэгдэж, хил гааль хаагдаад утааг бууруулах зууны төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд нь гацаа үүсчихэж. Ердөө л энэ. 

У.Хүрэлсүх хүссэндээ хүрч, харин Улаанбаатарын утаа эргэн ирлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188